Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00018

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч: Л.М

Хариуцагч: Г.Т-д холбогдох,

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М би Г.Т-эд зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээнд 2018-10-12-ны өдөр зээлж 2018-11-01-ний өдөр эргүүлэн 15 сая төгрөг болгон авахаар гэрээ байгуулсан боловч Г.Т- нь одоог хүртэл өгөөгүй. Иймд Г.Т-ээс 15 сая төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Мээс 10 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүү 50 хувь болон алданги 10 хувь гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 10 дугаар сард мөнгө зээлсний дараа ажлаасаа халагдаж, ажилгүй болсон. Ажилд орвол өөрийн цалин хөлс, орлогоороо мөнгийг төлнө. Л.Мээс зээлсэн 10 сая төгрөгийг төлнө, харин зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Г.Т-ээс 12,100,000 төгрөг гаргуулан Л.Мэд олгож, нэхэмжлэлээс 2,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Л.Мээс төлсөн 232,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Т-ээс 208,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 208,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 232.6 дахь заалтыг төсөөтэй хэрэглэж, мөн хуулийн 281.1, 282.1 дэх заалтыг баримтлан алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алданги 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт заасан 12,100,000 төгрөгөөс 2019-06-20-ны өдөр 6 сая төгрөг, 2019-06-21-ний өдөр 4 сая төгрөг нийт 10 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 2,100,000 төгрөгөөс алдангид төлөх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

       Л.М 2019-01-08-ны өдөр Г.Т-эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  14,700,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...2018-10-12-ны өдөр 10,000,000 төгрөг зээлүүлж буцааж аваагүй тул уг мөнгийг хүү 1,000,000 төгрөг, алданги 3,700,000 төгрөгийн хамт авна...” гэж маргасан байна.

        Г.Т- нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...10.000.000 төгрөгийг төлнө...бусад шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэжээ.

       Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,100,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 12,100,000 төгрөг гаргуулан, үлдэх 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

       Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш нийт 10,000,000 төгрөг төлсөн...шийдвэрт заасан алданги төлөхгүй...” гэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг Г.Т-эд 2018-10-12-ны өдрөөс 2018-11-01-ний өдөр хүртэл сард 50% хүүтэй зээлүүлэхээр гэрээгээр тохирчээ.

       Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. 

       2. Л.М нь хариуцагчид 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.   

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Г.Т- гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч буцааж төлөөгүй тул шүүх хариуцагчаас уг мөнгийг гаргуулсан нь зөв, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.

       3. Талууд 2018-10-12-ны өдрийн зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч гэрээний дагуу хүү шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийн зөрчөөгүй гэж үзнэ.

      Хариуцагч 10,000,000 төгрөгийг сард 50% хүүтэй зээлсэн, 2018-10-12-ны өдрөөс 2018-11-01-ний өдөр хүртэл 19 хоногт хүүд 3,166,654 төгрөг төлөхөөр  /5,000,000:30=166,666 төгрөг нь нэг хоногийн хүү бөгөөд 19 хоногийн хүү нь 3,166,654 төгрөг/ тохирсон гэж үзэхээр байна.

       Л.М нь зээлийн хүүг гэрээний дагуу бус, харин түүнээс бага хэмжээгээр буюу 1,000,000 төгрөг шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй тул шүүх хариуцагчаас хүү гаргуулсан нь зөв болжээ. 

       Нэхэмжлэгч зээлийн хүүд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх хүүд 1,100,000 төгрөг гаргуулсан байх бөгөөд үүнд хариуцагч гомдол гаргаагүй тул шийдвэр, магадлалын энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

       4. 2018-10-12-ны өдрийн зээлийн гэрээний 3-т хугацаа хэтэрсэн хоног тутам алданги төлөхөөр заажээ. 

      Талууд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийг зөрчөөгүй болно. 

      Хариуцагч нь 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсгийн “...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр...” буюу 2018-11-01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019-01-08-ны өдөр хүртэл 61 хоногоор тооцож шаардах эрхтэй байна.

      Алдангийг үндсэн зээл, хүүгийн нийлбэрээс бус, зөвхөн 10,000,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход 3,050,000 төгрөг /10,000,000 төгрөгийн 0,5% нь 50,000 төгрөг, 50,000х 61 хоног= 3,050,000 төгрөг/ төлөх үүрэг хариуцагчид үүсэхээр байна.

       Л.М нь гэрээгээр тохирсон алдангийг бага хэмжээгээр тооцож шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

       5. Хариуцагч хяналтын гомдолдоо “...2019-06-20-ны өдөр 6 сая төгрөг, 2019-06-21-ний өдөр 4 сая төгрөг нийт 10 сая төгрөгийг төлсөн...” гэсэн нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, улмаар алдангийг багасгах, хасах үндэслэлд хамаарахгүй байна.

       Г.Т- нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулсан бол холбогдох баримтыг гаргаж, 12,100,000 төгрөгөөс хасуулан нэхэмжлэгчтэй тооцоо хийхэд энэ тогтоол саад болохгүй.

       Хоёр шатны шүүх хэрэгт буй нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00182 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 208,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                              Б.УНДРАХ