Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0006/з |
Дугаар | 221/MA2017/0443 |
Огноо | 2017-06-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 221/MA2017/0443
2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2017/0443 | Улаанбаатар хот |
М.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор М.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.2, 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэгч М.Гэрэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Гэрэлмаа давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд эмнэлгийн лист буюу өвчтэй байхад хууль бус тушаал гарсантай холбогдуулж гаргасан гэтэл шүүгч уг эмчийн магадлагаа хууль журмын хүрээнд олгогдсон эсэх эргэлзээтэй дээр нэхэмжлэгч энэ тухайгаа байгууллагын захиргаанд мэдэгдээгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өвчтэй байсан талаар захиргаандаа мэдэгдсэн ба актаа ажилд орохдоо авчирсан байдаг
2. Шүүгч нь үндэслэх хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д хамааралгүй гэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай уг хуульд “орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол” нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана”
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.Гэрэлмаагаас “Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.
Анх Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ажилд авах тухай” 199 дүгээр тушаалаар М.Гэрэлмааг Төрийн захиргааны удирдлагын газарт Захиргаа, хүний нөөцийн туслах ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр, үүний дараа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” 14 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд томилж, ийнхүү томилохдоо түүний ажлын байрны тодорхойлолтыг батлахгүйгээр өөр бусад мэргэжилтнүүдийн эрхэлж байсан зарим чиг үүргийг шилжүүлэх замаар ажиллуулж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Уул уурхайн яамыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгож, бүтэц, орон тооны хязгаарыг 78 байхаар тогтоож, зохион байгуулалтын үйл ажиллагааны бүтцийг шинэчилж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/11, Б/13 дугаар тушаалуудаар ажлын байрны орон тооны хязгаарыг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газрын сургалт, нийгмийн баталгаа, хамтын хэлэлцээр, салбарын шагнал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог хасч, тухайн ажлын байрны чиг үүргийг шинэ бүтцээр батлагдсан орон тоонд буюу ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн чиг үүрэгт хамааруулсан, үүнийг үндэслэн нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан бөгөөд хариуцагч албан тушаалтны Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 /батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох/-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрээ үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчид 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн, анх төрийн албанд орохдоо нийтэд зарлагдсан албан тушаалд сонгон шалгаруулалтын журмаар сонгогдож томилогдоогүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Эдгээр асуудлаар анх тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд ... сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж зааснаар ажилд ороогүй, ажлын байрны сул орон тоонд бус шинээр орон тоо бий болгох замаар орсон, төрийн байгууллагад ажиллаж байгаагүй зэрэг нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах болон мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангахгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР