Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                  Б.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ

                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий Х201509072576 дугаартай талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0129 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг тус тус үндэслэн “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий Х201509072576 дугаартай талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0129 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг тус тус үндэслэн...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг үндэслэн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 128/ШШ2017/0879 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 221/МА2018/0129 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Хэргийн товчлол: 2015.09.10-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектор бүхий Х201509072576 дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж NE-026238 дугаарт бүртгүүлсэн. 2015.09.16-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /Хуучнаар/ Төв аймгийн засаг даргад мэдэгдэл хүргүүлэх тухай 6/7216 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг.

4. 2015.10.07-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны “...малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, малын бэлчээр нутаг орж байгаа учраас дэмжихгүй...” дугаар 05 тоот тогтоол, 2015.10.08-ны өдөр Төв аймгийн Баян сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “...тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжээгүй...” дугаар 15 тоот тогтоол, 2015.10.14-ний өдөр Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдааны “...Газрын тухай хуулийн 6.2.1, 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4.2 дахь заалтуудыг удирдлага болгон...дэмжихгүй...” тэмдэглэл, 2015.10.16-ны өдөр Төв аймгийн Засаг даргаас 01/1327 тоот “Дэмжээгүй” тухай албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Үүнд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол хавсаргагдаагүй байдаг.

5. 2015.11.03-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгч “С” ХХК-д аймгийн Засаг даргын дэмжээгүй саналыг танилцуулсан байдаг.

6. 2015.12.14-ний өдөр “С” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 12/1 тоот албан бичгээр “...хуулийн дагуу өргөдлийн бүртгэлийг хянан үзэж шийдвэр гаргаж өгөх...”-ийг хүссэн. 2017.01.11-ний өдөр “С” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 017/1 тоот албан бичгээр “...хуулийн дагуу өргөдлийн бүртгэлийг хянан үзэж шийдвэр гаргаж өгөх...”-ийг хүссэн. 2017.01.20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар нь “С” ХХК-нд 7/494 албан бичигтээ “...дэмжээгүй санал ирүүлсэн байх тул танай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №017/1 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...”, 2017.06.21-ний өдөр “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7/494 тоотоор манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэнд гомдол гаргасан.  2017.06.23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар нь “С” ХХК-нд 2/4419 албан бичгээр “...танай гомдлыг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...”, 2017.07.24-ний өдөр “С” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд:

7. Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектор бүхий Х201509072576 дугаартай талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “С” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

8. Гомдол гаргах нь: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 128/ШШ2017/0879 тоот шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг Өдрийн сонингийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 041 дүгээр дугаарт нийтлүүлэх зэрэг ажиллагаа хийх зэргээр нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хянах ажиллагаа явуулж байсан...” гэжээ. Дээр дурьдсанчлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “С” ХХК-нд аймгийн Засаг даргын дэмжээгүй саналыг 2015 оны 11 сард танилцуулснаас хойш өргөдөл гаргагч манай компанид 2017 оны 02 дугаар сард сонсох ажиллагаа явуулах хүртэл нь удаа дараа бичгээр хандаж байхад хариу өгөхгүй хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7/494 албан бичигтээ “...дэмжээгүй санал ирүүлсэн байх тул танай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №017/1 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэж шийдвэр гаргахгүй байх талаараа тов тодорхой илэрхийлсэн байсан. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн сонингийн зарыг үндэслэж манай өргөдлийг шийдвэрлэж байсан мэтээр нотлох баримтуудыг хооронд нь хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тайлбарлаж үнэлээгүйд гомдолтой байна.

9. Түүнчлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн бичгээр гаргасан хариу тайлбартаа өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа талаар дурдаагүй байх бөгөөд харин ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг хангаагүй тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хариу тайлбар ирүүлж байсан болно.

10. Мөн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “... энэ бүх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай удаа дараа уулзаж, тодруулж байсан гэх тайлбар,...’’ гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааны талаар хариуцагчийг шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөөс өмнө огт дуулаагүй байсан бөгөөд харин өргөдлийг маань шийдвэрлэж өгөөч ээ гэдэг үүднээсээ удаа дараа очиж уулзаж байсан гэх амаар гаргасан тайлбарыг шүүх сонсох ажиллагааны талаар мэдэж байсан мэтээр ташаа ойлгож шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

11. Мөн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...шүүхийн маргаантай байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн өргөдлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэслэн шийдвэрлээгүй байгаагаа илэрхийлсэн,...” гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар зэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 9 дүгээр cap хүртэл хариуцагч манай өргөдлийг шийдвэрлэж байгаа, дуусаагүй гэдэг талаас нь огт тайлбарлаж мэдэгдэж байгаагүй байдаг. Харин Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөгдөж эхэлснээр сонсох ажиллагааг нийт ашигт малтмалын газарт байгаа шийдвэрлэгдээгүй өргөдлийг сонсох ажиллагаа хийнэ гэж зар тавьснаас өөр бусдаар ажиллагаа хийгээгүй өөрсдөө ч энэ талаар орхигдуулсан гэдэг нь харагддаг.

12. Хэрэв тийм биш байсан бол 2015 оноос 2017 он хүртэл бүтэн 2 жил яагаад шийдвэр гаргахгүй явсан юм бэ? 2017 оны 02 дугаар сараас сонсох ажиллагаа явуулсан юм бол яагаад 2017 оны 7 дугаар cap хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл 5 cap сонсох ажиллагааны шийдвэр гараагүй юм бэ? Үнэхээр сонсгох ажиллагааг 2017 оны 02 дугаар сараас хийж эхэлсэн юм бол яагаад 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн манай компанид ирүүлсэн албан бичигтээ, мөн захиргааны хэрэг үүсгэснээс хойш хариу тайлбартаа яагаад энэ талаараа дурдаагүй юм бэ гэсэн олон олон асуултууд урган гарч ирж байхад шүүх энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна. Мөн шүүх сонсох ажиллагаа хийгдэж үргэлжилж байгаа талаарх баримтыг хариуцагчаас гаргуулалгүй зөвхөн 2017 оны 9 дүгээр сарын тайлбар, сонингийн зарыг үндэслэн нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

13. Анхан шатны шүүх дээрх гурван үндэслэлээр “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “С” ХХК-ийн өргөдлийг ямар нэг байдлаар шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг хангалттай нотолж байна” гэжээ. Гэтэл захиргааны байгууллагын шийдвэр, сонсох ажиллагаа гэдэг хуульд зааснаар тодорхой хугацаатай байх ёстой байтал 2015 оны 9 дүгээр сард гаргасан өргөдөл 2017 оны 6 дугаар cap хүртэл шийдвэрлэгдэх боломжгүй гэсэн хариу өгч байснаа, шүүхэд хэрэг үүсээд ирэхээр гэнэт 2 сарын дараа шийдвэр гаргах үйл ажиллагаа үргэлжилж байна гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 221/МА2018/0129 тоот магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хянавал хэсэгт “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс аймгийн Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдлээс болж...” гэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага буюу шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байна гэдгийг хянавал хэсэгтээ дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хангаж шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүйд гомдолтой байна.

15. Мөн магадлалын Хянавал хэсэгт “...шүүх нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм...” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 1-р шаардлага буюу хариуцагчийн шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйн талаар хариуцагчийн нотлох баримтгүй, шүүхээс хангалттай нотлох баримт бүрдүүлж шийдвэрлээгүй дүгнэлтийг гаргасан атлаа нэхэмжлэгчийн 2-р шаардлагад болон түүнтэй холбоотой нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хууль /Тухайн үед дагаж мөрдөгдөж байсан/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тусгасан байдаг.

16. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг.

17. Гэтэл дээр дурдсанчлан малчдын бэлчээр газар хамрагдаж байгаа гэсэн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол биш тэмдэглэлийг үндэслэж ирүүлсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах дотоод заавраа үндэслэж шийдвэрлэх эрх нь нээлттэй байхад шүүх энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

18. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

20. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “...Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий хайгуулын талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээ, нөөцөд авагдаагүй, өөр хайгуулын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалгүй болох нь тогтоогдож байхад Төв аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр татгалзсан санал хүргүүлсэн...” гэж, хариуцагчаас “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоотоор NE-026238 өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн...Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тус тус маргажээ.

21. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-нд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоот албан бичгийн хавсралтаар ирсэн 14 дугаартай “Ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байна” гэсэн саналыг танилцуулсан, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэрэгт дурдагдсан байх бөгөөд уг “Дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч компани  харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, “С” ХХК нь “...аймгийн Засаг даргын саналыг хянаж үзэж, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргуулах тухай” өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/1, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17/01 дүгээр албан бичгээр тус тус гаргасныг хариуцагч хянан үзээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7/494 дүгээр албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус тус зөв дүгнэсэн байна.

22. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл хэрэв Засаг дарга “Дэмжихгүй” санал өгвөл хариуцагч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм.

23. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ... хариу өгөх...” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай”, Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 05 дугаар тогтоолоор “Хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжихгүй тухай” санал тус тус гаргасныг үндэслэн аймгийн Засаг дарга дэмжихгүй санал өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

24. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад Засаг даргын санал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар тухайлан олгоогүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  “...малчдын бэлчээр газар хамрагдаж байгаа гэсэн Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоол биш тэмдэглэлийг үндэслэж ирүүлсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах дотоод заавраа үндэслэж шийдвэрлэх эрх нь нээлттэй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

25. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна. 

26. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0129 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН