Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

2019        04         04                                      51

 

 

А-гийг нэхэмжлэлтэй, хариуцагч

“М” ХХК, захирал Од

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00209 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийг нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М” ХХК, захирал Од холбогдох,

“Д” төвийн дулаан, цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээлгэх, бохир, цахилгаан, холбооны шугамуудыг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулан, үерийн даланг сэргээж өгөх, дулааны шугам даган бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон “Э” ОНӨХК-ийн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлийг бүрэн хийж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагчийн өмгөөлөгч Т, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А- нь Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт "Д" авто засварын үйлчилгээ явуулдаг. Уг Д төвийн баруун хойно 2016 оноос М ХХК нь 60 м2 талбай бүхий газарт өөрийнхөө компанийн үйлчилгээний барилгыг барьж эхлэхдээ “Д” төвийн өмчлөлийн инженерийн шугам сүлжээн дээгүүр зам талбай засаж эхэлсэн. Ингэж зам талбай засахдаа газрын хэвлийг засах зорилгоор 2-З метр зузаан хайрга асган нягтруулснаас манай төвийн инженерийн сүлжээ болох дулаан, цэвэр ус, бохир, цахилгаан, холбооны шилэн кабель зэрэг нь засвар үйлчилгээ хийх боломжгүй болсон төдийгүй үерийн далангүй болсон. Дээрх ажлаа “Ботгон жин” ХХК-тай гэрээ байгуулж хийсэн бөгөөд “Д” төвийн шугамыг зөөн байршуулахдаа мэдэгдэлгүй, уг дулааны усны шугамыг “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн нөхцөлтэй гэрээ хийсэн байсан. 2017 оны намар “М” ХХК-д хандан "... манай дулааны шугам дээр зам талбай барихгүй байх, үер усны даланг стандартын шаардлагын дагуу хийж өгөх, цахилгааны кабелын асуудлыг шийдэх тухай бичгээр хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч зохих байгууллаас зөвшөөрөл авч, мэргэжлийн байгууллагаар ажлаа гүйцэтгүүлж байгаа” гэсэн хариуг өгч эс хүлээн авсан. Ингэж бидний хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулж манай барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байна. Иймд:

1. 3охих зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа барилгын болон зам талбайн ажлыг бүрэн зогсоож барилгын илүү баригдсан хэсгийг буулгах замаар манай дулаан цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээх,

2. Манай бохир, цахилгаан, холбооны шугамууд нь засвар үйлчилгээ хийх боломжгүй байгааг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх,

3. Манай байгууллагын үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулан үерийн даланг сэргээж өгөх,

4. 2018 оны 07 дугаар сарын 17-нд болсон борооны үер дулааны шугам даган бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон "Эрдэнэт ус" ДТС-ын ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлтийг бүрэн хийж өгөхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн захирал О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр барилга барьж зам талбай засаж эхэлсэн гэжээ. Би тухайн үед мэргэжлийн болон зохих зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл, техникийн нөхцөл авч 3 давхар бүхий 7,8x7,8 мкв талбай бүхий эмнэлгийн барилгыг эхлүүлсэн. Миний хувьд мөн л барилга барих эрх бүхий байгууллагаар барилгыг бариулсан бөгөөд иргэн "Д” ХХК-ийн надад тавьсан хууль бус шаардлагад тухай бүрт нь хариуг өгч байсан билээ. Манай барилгын хувьд “Д” авто засварын төвийн цэвэр ус, дулаан, цахилгаан болон холбооны шугамын үйл ажиллагааг тасалдуулаагүй бөгөөд би 2015 онд нэг бүр нь 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий хаалтууд, шугам хоолойг нь шинээр сольж өсгөн. Барилгын тухай хуульд зааснаар техникийн нөхцөл авсан тухайн байгууллага өөрөө цахилгаан холбоо, дулааны болон, цэвэр усны шугам хоолойг солих, түүнээс гарах зардлаа хариуцах ёстой. Би харин ч техникийн нөхцөлөө авч түүний шугам татахад 2017 онд өөрөөсөө дахин 5 сая төгрөгийн хоолой бусад материалыг гаргаж нийтдээ 10 сая төгрөгийг эдний байгууллагад зарцуулсан. Иймээс дээрх тавьсан шаардлагуудыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00209 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-д холбогдох, Д төвийн дулаан, цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээлгэх, бохир, цахилгаан, холбооны шугамуудыг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулан үерийн даланг сэргээж өгөх, дулааны шугам даган бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон "Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлтийг бүрэн хийж өгөхийг даалгуулахыг хүссэн А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч А-г нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй гэсэн. Хариуцагч тал А- нэхэмжлэгч биш гэж мэтгэлцэж маргаагүй. А- өөрөө, уг объектийг өмчилдөг гэрчилгээтэй, уг объектод аав А ах Э нар авто засварын үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарласан. Үүнтэй хариуцагч тал маргаагүй. Нэхэмжлэгч “М” ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд Од 63м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг газар дээрээ барилга барьсан гэдгийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй гэжээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь О гэдэг хувь хүн дээр гарсныг тухайн үед мэдээгүй. Харин барилга барьсан гэдэг дээр маргалдах шаардлагагүй энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхой байгаа тул ийнхүү тодорхойлсон нь ойлгомжгүй. 63м2 газраасаа илүү талбайд барилга барьсан энэ нь манай инженерийн шугам дээгүүр баригдсан гэдгийг нэхэмжлэгч нотлох баримт ирүүлээгүй. Гэтэл энэ талаар шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч 63м2 байх ёстой барилга шатаагүй тул 8м2 илүү газарт шат гаргаж 72м2 болгосон, гэж хариулсан тайлбарыг шүүх юу гэж үзсэн талаар огт дүгнээгүй орхисон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн МХУБ-ийн дүгнэлт, Эрдэнэт-Ус ДТС ТӨХК-ны ажлын хэсгийн актыг эргэлзээтэй гэж үзсэн хариуцагч тал харин уг нотлох баримтыг эсэргүүцэж мэтгэлцээгүй байхад шүүх эргэлзээгээ дүгнэлтэнд тодорхой бичигдсэн битүүмжлэл хийгдээгүй, ил задгай орхисон гэсэн нөхцөлийн шалтгаантай холбоотой байгааг ойлгохыг хүсээгүй. Эрдэнэт Ус ДТС ТӨХК-ын ажлын хэсгийн дүгнэлтийг юунд үндэслэж гаргасан нь нотлогдоогүй дээрх улсын байцаагчийн дүгнэлт ажлын хэсгийн актыг эргэлзээгүй дахин нотлохгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн нь ойлгомжгүй. Ажлын хэсгийн актыг гаргахдаа юуг үндэслэсэн нь (х.х-ийн 12-р тал) хуулийн заалт технологийн заалтыг бичсэнээс тодорхой байгаа нь ажлын хэсгийн актыг хариуцагч тал эсэргүүцэж зөвшөөрөхгүй гэж мэтгэлцээгүй. Энэ албан шаардлагуудыг хэрхэн үнэлж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр үндэслэл муутай өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ХХША нь мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Хариуцагч тал мэтгэлцээгүй байхад, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг хэрхэн үнэлсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн алдаа байна. Иймд хэргийг ХХША-ны журмыг зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А- хариуцагч “М” ХХК-ийн захирал О-д холбогдуулан “Д” төвийн дулаан, цэвэр усны шугамыг хуучин хэвэнд нь оруулж сэргээлгэх, бохир, цахилгаан, холбооны шугамуудыг хуучин байдалд нь буцаан сэргээж ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, үерийн даланг тэгшлэн зам барьсан байдлыг болиулан, үерийн даланг сэргээж өгөх, дулааны шугам даган бохир ус орж ирснээс үүссэн хохирлыг барагдуулж Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч болон “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу засвар шинэчлэлийг бүрэн хийж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...өөрийн эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл, техникийн нөхцөл авч 3 давхар эмнэлгийн барилгыг эхлүүлсэн… 2015 онд нэг бүр нь 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий хаалтууд, шугам хоолойг нь шинээр сольж өсгөн, 2017 онд өөрөөсөө дахин 5 сая төгрөгийн хоолой бусад материалыг гаргаж нийтдээ 10 сая төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад зарцуулсан тул тавьсан шаардлагуудыг биелүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.  

Нэхэмжлэгч А- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М ХХК-ийн захирал Од холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба шүүх тус компаний захирал Од холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар  түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулсан байна.

Шүүх нэхэмжлэгч А- нь “...уг хөрөнгийн өмчлөгч мөн эсэх Диагнастик төвийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдоогүй, ...тухайн газар нь иргэн О-ын нэр дээр бичигдэж олгогдсон ба М ХХК-ийг ямар үндэслэлээр хариуцагчаар татагдсан нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй байна.

Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч Ты гаргасан “...тус шүүхийн №142/ШТ2018/00106 дугаартай иргэний хэргийг авч судлуулах” тухай хүсэлтийг хангаж улмаар уг хэргийг шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан атлаа уг хэргийг шүүхэд ирүүлээгүй  /судалсан баримтыг хэрэгт хавсаргасан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй баримт  хэрэгт авагдсан/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Эрдэнэт-Ус ДТС ХХК-ийн ажлын хэсгийн акт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнөх улсын байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн акт зэрэг баримтыг эргэлзээтэй өөрөөр хэлбэл “...мэргэжлийн хяналтын улсын байцаагч бохир усны худаг, шугамын угсралтын ажлыг юунд үндэслэн дүгнэсэн болох, борооны ус орсон гэсэн нь эргэлзээтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ