Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 88

 

“К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00549/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 783 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

          “Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний  хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “К-” ХХК-иас:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн 3-10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201033261 дугаартай, 32м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэр, Сонгино хайрхан дүүрэг 20 дугаар хороо толгойт /18103/ гудамжны ТЗ-81 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай 346м урттай төмөр замын зориулалттай барилгын хамт битүүмжлэн хурааж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөрөнгө үнэлэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 39-з тойргийн Ч.Ж- нь “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэн үнэлгээний дүнг 3.344.869.383 төгрөгөөр тодорхойлсон. Энэхүү үнэлгээтэй 2019.05.15-ны өдөр танилцсан. Гэвч манай компанийн зүгээс уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, манай үнэ цэнэтэй  эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Манай компанийн 346м салаа төмөр замыг 2009 онд барьж ашиглалтад орсныг 1956 онд ашиглалтад орсон хэмээн элэгдлийг буруу тооцсон байна. Энэхүү 346м төмөр зам нь нурмаг ачаа буух тусгай зориулалтын өндөрлөсөн зам юм. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн манай компанийн эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар нь бодитойгоор шударгаар үнэлээгүйгээс үүдэж манай компанийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд манай хөрөнгийг 3.344.869.383 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хууль бус гэж үзэж байгаа тул тус компанийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Сандагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж- нараас:

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаартай шийдвэрээр “К-” ХХК, “Түшиг уул” ХХК-иас  2.292.880.000 төгрөг гаргуулж Хас компанид олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “К-” ХХК нь “Түшиг уул” ХХК нь шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт хүнсчдийн 3-10 тоот хаягт байрлах 32м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033261 дугаартай үйлдвэрийн барилга Сонгино хайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойтын 18103 гудамж, ТЗ-81 тоот дахь 346 метр урттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай төмөр зам, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо, Монгол транс ХХК-ийн зүүн талд байрлах 34.715м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18070094/03 тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18070094 тоот тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. “Ашид билгүүн” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 3.344.869.386 төгрөгөөр тогтоосон талаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/1345, 03/1346 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. “К-” ХХК-ийн өмчлөлийн Сонгино хайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойтын 18103 гудамж, ТЗ-81 тоот дахь 346м урттай эрхийн улсын бүртгэлийг Ү-2201036054 дугаартай төмөр зам гаргахдаа төмөр замын мэргэжилтнүүдтэй биечлэн хийсэн ярилцлага, судалгааны ажлуудын үр дүнг харьцуулан судалж манай улсад өнөөгийн байдлаар 1м төмөр замын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагын үр дүнд салаа төмөр зам 1 метрийн үнэ цэнийг 1 сая төгрөг байх үндэслэлтэй гэж үзсэн ба төмөр замын үнэлгээг гаргахдаа тухайн үеийн элэгдэл шинж байдлыг харгалзан үзээгүй болох нь үнэлгээний тайлан, тайлбар зэргээс харагдаж байгаа бөгөөд шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай, хөрөнгийн үнэлгээний тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “К-” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайхан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх гомдол нь ШШГТХ-ийн 122 дугаар зүйлд заасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяалалд хамаарахгүй байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. “Ашид билгүүн” ХХК нь үнэлгээ хийхдээ газрын эрх, бетон, зуурмагийн үйлдвэр төмөр замыг үнэлсэн ба үнэлгээний тайлангийн 4 дэх хэсэгт үнэлгээний зүйлийн шинж чанар, тодорхойлолтын талаар тусгахдаа “.....К- компанийн үйлдвэрийн хэсэгт БНСУ-д үйлдвэрлэсэн .... иж бүрэн үйлдвэр байна. Үйлдвэрийн хэрэгцээт усыг талбай дахь гүний худгаас хангадаг. Салаа төмөр зам нь 1956 онд ашиглалтад орсон газартай тэгшилж 2.2м бетон гулдмайгаар өндөрлөсөн суурьтай модон дэртэй төмөр зам байна гэжээ. Гэтэл энэ иж бүрэн үйлдвэрийг үнэлэхдээ үйлдвэрийг цахилгаанаар хангадаг 6000 вольтын шугамтай 450м.кв-ын цахилгаан гүйдлийн трансформатор, усаар хангадаг 40м гүний цахилгаан усны насос бүхий худгийг огт үнэлээгүй байсан. Төмөр замыг үнэлэхдээ 2009 онд ашиглалтад орсныг нь 1956 онд ашиглалтад орсон гэж 53 жил ашигласан мэтээр элэгдлийг буруу тооцсон. Энэхүү төмөр замыг газрын түвшнээс  2,2 м өндөр бетон  краказаар далан барьж байгуулсан байхад энгийн өндөрлөөгүй төмөр замын үнэлгээгээр хэт доогуур үнэлсэн болохоор дахин үнэлүүлэх гомдол гаргасан байхад нэхэмжлэгч нь энэ талаар нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч “К-” ХХК Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдол үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гомдлыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх гомдол гаргагч “К-” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханы үнэлгээний компани зээлийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур бага үнэлсэн гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаартай захирамжаар Хас банкны нэхэмжлэлтэй “К-” ХХК-нд холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Энэхүү захирамжаар хэргийн хариуцагч “К-” ХХК  2.292.880.000 төгрөгийг тодорхой хугацааны дотор нэхэмжлэгч Хас банкинд төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг захирамжид дурдсан барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүрэг 20 дугаар хороо,Толгойт, Хүнсчидийн 3-10 тоот хаягт байрлах,  32м/кв талбайтай үйлдвэрийн барилга, СХД-ийн 20 дугаар хороо, Толгойт- 18103 дугаар гудамж, ТЗ-81 тоотод байрлах 346 метр төмөр зам, СХД-ийн 20 дугаар хороо Монгол транс ХХК-ний баруун талын  Петровис ХХК-ий ШТСын хойно байрлах 13091 м/кв талбайтай газар эзэмших эрх, СХД-ийн 20 дугаар хороо, Хүнс трейд ХХК-ий зүүн талд орших 34.715 м/кв талбайтай газар эзэмших эрх, Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт орших 61 м/кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан суманд орших 61.421,5 м/кв талбайтай газар эзэмших эрх, Ашигт малтмалын 8207А дугаартай  тусгай зөвшөөрөл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталж хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГазар-445 дугаар нээлттэй хорих анги нь шүүгчийн дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан болох нь анхан шатны шүүхийн  шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 372 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, захирамжийн дагуу бичигдсэн 57 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн ШШГГазрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18070094/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 209 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18070094/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 39 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18070094 дугаартай шинжээч томилсон тухай тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь ШШГГазар 445 дугаар нээлттэй хорих анги анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож, тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчиний саналыг үндэслэн тогтооно” гэж зааснаар төлбөр төлөгч К- ХХК, төлбөр авагч Хас банкнаас үнийн санал авчээ.

Төлбөр төлөгч “К-” ХХК  зээлийн барьцаанд буй Үйлдвэрийн зориулалттай 3 га газар, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 цагт 120 м/ куб бетон зуурмаг зуурах хүчин чадалтай, компьютерын удирдлагатай бетон зуурмагийн үйлдвэр, БНХАУ-д үйлдвэрлэсэн Хово маркийн авто машин дээр суурилсан 8.м/куб зуурмаг зөөх зориулалттай 8 ширхэг авто миксер, 600КВт-ын хүчин чадалтай эрчим хүчний под станц, Дулаан, ус хангамжийн 1 км шугам, Оффисын барилга, Нурмаг ачаа буулгах зориулалттай өндөрлөсөн, тусгай зориулалтын салаа төмөр замын 346 м инженерийн барилга байгууламж зэргийг 16 тэр бум төгрөгөөр үнэлж саналаа ирүүлжээ.

Төлбөр төлөгчийн энэхүү үнийн саналыг төлбөр авагч Хас банк хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн шинжээч томилуулж, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ШШГГазарт ирүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь ШШГГазар 445 дугаар нээлттэй хорих анги нь талуудын ирүүлсэн үнийн саналыг үндэслэн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзэн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар  дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг  шинжээчээр томилон оролцуулж болно”, 55 дугаар зүйлийн 55.2.2-т “ “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж тус тус зааснаар шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон байх бөгөөд үнэлгээ хийсэн компани нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан хөрөнгүүдийг нийт 3.344.869.383 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайлангаа 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч К- ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж, 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “ Талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоолуудыг үйлдэхдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаартай захирамжаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан 7 төрлийн  үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүд, тусгай зөвшөөрөл болон  төлбөр төлөгчөөс шинжээчээр үнэлүүлэхээр ирүүлсэн 8 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээс 2 үл хөдлөх эд хөрөнгө 1 газар эзэмших эрхийг тасалж үнэлүүлэхээр тогтоол үйлдсэн нь төлбөр төлөгч буюу гомдол гаргагчийн эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болоход юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.1-д “ Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно”, 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 86 дугаар зүйлийн 86.1-т “Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий эд хөрөнгө нь дагалдах зүйл байна” гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан хөрөнгө буюу үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон үйлдвэрийн барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хэрэгсэл болох үйлдвэрийг цахилгаанаар хангах 6000 вольтын шугамтай,450 кв-ын цахилгаан гүйдлийн трансформатор, усаар хангагдсан цахилгаан насостой 40 метр гүний худаг зэрэг дагалдах хэрэгслийн хамт үнэлэгдэх ёстой бөгөөд үйлдвэрийн барилгыг дагалдах хэрэгслийн хамт үнэлэх нь тухайн объектын үнэ цэнийг тодорхойлох эдийн засгийн ач холбогдолтой байх тул энэ талаар гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Үйлдвэрийн барилга, түүнд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай дагалдах хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг цогцоор нь үнэлүүлэхээр   тогтоолд тодорхой тусгаагүй нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнэлгээг  бодитой тогтоох боломжгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл үнэлгээ хийлгэх объектыг цогцоор нь үнэлгээ хийлгүүлэхээр тодорхой асуулт тавьж тогтоол үйлдээгүй, ШШГГазар буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д шинжилгээ хийлгэх тухай тогтоолд “шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заасныг ШШГГазар хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх эдгээр зөрчлүүд баримтаар нотлогдсоор байхад хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг үнэлэхдээ учир дутагдалтай үнэлсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд гомдол гаргагчийн зээлийн барьцаанд байгаа, шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан  үл хөдлөх эд хөрөнгүүдийг тасалж үнэлүүлсэн, үйлдвэрийн барилгыг үнэлэхдээ усаар хангагдсан цахилгаан насостой гүний худаг, цахилгаан трансформатор зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг цогцоор нь үнэлэлгүй орхигдуулсан, 2009 онд ашиглалтад орсон өндөрлөсөн 346 метрийн урттай төмөр замын байгууламжийг үнэлэхдээ 1956 оных гэж хэт доогуур үнэлсэн гэх давж заалдсан гомдол нь үндэслэл бүхий байх тул давж заалдсан гомдлыг хангаж, ШШГГазрын үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч “К-” ХХК-ий ШШГазрын үнэлгээг хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдлыг хангаж,  Шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтын

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “К-” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус зааснаар ШШГазрын үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гомдол гаргагчаа давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                             

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                                                   ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      Л.АМАРСАНАА