Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 783

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00549/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. хот, .. дүүрэг, .. хороо, . тоотод байрлах К ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш.ш.г.е газрын харьяа .... аймаг дахь Ш.ш.г.г-... дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Ш.ш.г.г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч К ХХК-ийн захирал Б.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Булган нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой .. хот, ..дүүрэг, 20 дугаар хороо, .., Хүнсчдийн 3-10 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201033261 дугаартай, 32 м.кв квадрат талбайтай бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, .. \18103\ гудамжны ТЗ-81 тоотод байрлах улсын бүртгэийн Ү-2201036054 дугаартай 346 м урттай төмөр замын зориулалттай барилгын хамт битүүмжлэн хурааж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөрөнгө үнэлэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 39-з тойргийн Ч.Жазира нь “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэн үнэлгээний дүнг 3.344.869.383 төгрөгөөр тодорхойлсон. Энэхүү үнэлгээтэй 2019.5.15-ны өдөр танилцсан болно. Гэвч манай компанийн зүгээс уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, манай үнэ цэнэтэй эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Манай компанийн 346м салаа төмөр замыг 2009 онд барьж ашиглалтад орсныг 1956 онд ашиглалтад орсон хэмээн элэгдлийг буруу тооцсон байна. Энэхүү 346 м төмөр зам нь нурмаг ачаа буух тусгай зориулалтын өндөрлөсөн зам юм. Үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн манай компанийн эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар нь бодитойгоор, шударгаар үнэлээгүй байгаагаас үүдэж манай компанийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд манай хөрөнгийг 3.344.869.383 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хууль бус гэж үзэж байгаа тул тус компанийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн гол шаардлага бол К ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн объектыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэлүүлсэн байгаа. Ашид билгүүн ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээ гаргасан байгаа. Тэгэхээр энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үүний үндэслэл нь К ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр нь бүхэл бүтэн объект байгаа. Гэтэл үүнийг хасаж үнэлсэн. Юуг нь хассан бэ гэхээр Төмөр зам үнэлүүлсэн, газрын хэмжээг үнэлүүлсэн, үйлдвэрийн зөвхөн үйлчлэх хэсгийг үнэлсэн байгаа, бетон зуурмагийн үйлдвэр гэдэг нь олон зүйлээс бүрдсэн байдаг. 160 м/кв урттай, төмөр хашаагаар хүрээлэгдсэн, дотроо 2 давхар дүнзэн байшинтай, 97,8 м/кв талбайтай барилга байгаа, мөн энэ үйлдвэрийг усаар хангаж байдаг 40 м гүний цахилгаан насостой худаг байсан үүнийг үнэлээгүй, энэ үйлдвэрийг цахилгаанаар хангах 250 киловаттын цахилгаан трансформатор байгаа, энэ хөрөнгийг үнэлэлгүй орхисон, үнэлгээ гаргасан төмөр замын 346 м салаа төмөр зам 2009 онд барьсан байгаа, энэ төмөр замыг үнэлсэн компани 1956 онд баригдсан гэж элэгдлийг олон жилээр тооцож үнийг илт бууруулж үнэлсэн байгаа, энэ төмөр зам нь жирийн нэг төмөр зам биш 2009 онд баригдсан илүү их зардал гаргаж байж баригдсан төмөр зам байгаа, энэ төмөр замыг тухайн үеийн ханшаас илт доогуур үнэлсэн байгаа. Энд огт үнэлэгдээгүй байгаа. 2 давхар барилга 160 метр кв талбайтай, цахилгаан трансформатор, 40 м гүний цахилгаан насостой худаг, эргэн тойрон барьсан төмөр хашаа зэргийг огт үнэлээгүй байгаа. Тийм учраас үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Сандагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жазира нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаартай шийдвэрээр “К ХХК, “Түшиг уул” ХХК-аас 2.292.880.000 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “К” ХХКомпани, “Түшин Уул” ХХКомпани нь шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан .. хот, ..дүүрэг, 20 дугаар хороо, .., хүнсчдийн 3-10 тоот хаягт байрлах 32м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033261 дугаартай үйлдвэрийн барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ..ын 18103 гудамж Т3-81 тоот дахь 346м урттай, Эрхин улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай төмөр зам, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Монгол транс ХХКомпаний зүүн талд байрлах 34,715м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18070094\03 тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 18070094 тоот тогтоолоор “Ашид билгүүн” ХХКомпанийг шинжээчээр томилсон байна.

 “Ашид билгүүн” ХХКомпани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 3.344.869.386 төгрөгөөр тогтоосон талаар 2019 оны 5 дугаар сарын 13 ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 5 дугаар сарийн 15-ны өрийн 03\1345, 03\1346 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. “К” ХХКомпаний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо ..ын  18103 гудамж, Т3-81 тоот дахь 346 метр урттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай төмөр замын гаргахдаа төмөр замын мэргэжилтнүүдтэй биечлэн хийсэн ярилцлага, зөвлөгөө, судалгааны ажлуудын үр дүнг харьцуулан судалж манай улсад өнөөгийн байдлаар 1 метр төмөр замын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагын үр дүнд салаа төмөр зам 1 метрийн үнэ цэнийг 1,000,000 төгрөг байх үндэслэлтэй гэж үзсэн ба төмөр замын үнэлгээг гаргахдаа тухйн үеийн элэгдэл шинж байдлыг харгалзан үзээгүй болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчний тайлбар зэргээс харагдаж байгаа бөгөөд шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа шүүхийн шинжилгээний тухай, хөрөнгийн үнэлгээний тухай, хөрөнгийн үнэлгний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанд: Төлбөр төлөгч К ХХК, Түшиг Уул ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан .. хот Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, .., Хүнсчдийн 3-10 тоот хаягт байрлах 32 м/кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033261 дугаартай үйлдвэрийн барилга, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо ..ын 18103 гудамж ТЗ-81 тоот дахь 346 метр урттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай төмөр зам, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Монгол транс ХХК-ийн зүүн талд байрлах 34,715 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцаанд тавьсан хөрөнгүүд байгаа, үүнийг манайх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18070094/03 тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18070094/03 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж энэхүү үнэлгээг гаргасан байгаа. Ашид билгүүн компани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнийг 3,344,869.386 тогтоосон талаар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/1345, 03/1346 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо ..ын 18103 гудамж ТЗ-81 тоот дахь 346 метр урттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201036054 дугаартай төмөр замын үнэлгээг гаргахдаа төмөр замын салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн хийсэн ярилцлага, зөвлөгөө, судалгааны ажлуудын үр дүнг харьцуулан судалж манай улсад өнөөгийн байдлаар 1 метр төмөр замын өртөг хэдэн төгрөг байх боломжтойг тооцон үнэлсэн ба төмөр замын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагын үр дүнд салаа төмөр зам 1 метрийн үнэ цэнийг 1,000,000 төгрөг байх үндэслэлтэй гэж үзсэн ба дээрх төмөр замын үнэлгээг гаргахдаа тухайн үеийн элэгдэл шинж байдлыг харгалзан үзээгүй нь үнэлгээний тайлан зэргээс харагдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээчийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч К ХХК нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Хас банкны нэхэмжлэлтэй К ХХК, Түшиг-Уул ХК-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2 978 290 137 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид эвлэрч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 685 410 137 төгрөгөөс татгалзаж, 2 292 880 000 төгрөг болгосныг хариуцагч нар нь тохиролцсон хуваарийн дагуу буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 438 576 000

төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 438 576 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 438 576 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 438 576 000 төгрөгөөр тус тус төлөхөөр, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээр дурдсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Хас банк ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 372 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 57 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 18070094/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 18070094/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төлбөр төлөгч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Үгийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн албан бичигт нэр бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 16 тэрбум төгрөгөөр үнэлж санал ирүүлснийг төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрч барьцаа хөрөнгүүдэд шинжээч томилуулах санал ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18070094 дугаартай тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг томилжээ.

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Хүнс трейд ХХК-ийн зүүн талд байрлалтай, 34715 мкв талбайтай, газар эзэмших эрхийг 2 452 201 437 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Хүнсчдийн 3-10 тоот, 32 мкв талбайтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 546 667 946 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, .. 346 м урттай, төмөр замыг 346 000 000 төгрөгөөр нийт 3 344 869 383 төгрөгөөр тус тус үнэлж үнэлгээний тайлан ирүүлснийг төлбөр төлөгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханд 2019 оны 5 дугаар сарын 14, 15, К ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/1345 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайлантай танилцаж 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлийг ... К ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг тасалж үнэлсэн, өөрөөр хэлбэл бүхэл бүтэн комплекс хөрөнгүүдээс 97,8 мкв талбайтай 2 давхар барилга, усаар хангагдсан цахилгаан насостой худаг, цахилгаан трансформатор зэрэг эд хөрөнгүүдийг үнэлээгүй орхигдуулсан, 346 м урттай салаа төмөр замыг 1956 оных гэж хэт доогуур үнэлсэн гэж тодорхойлсон болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиролдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг орхигдуулж үнэлсэн талаарх гомдлоо дээрх хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтанд гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, дээрх гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяалалд хамаарахгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Ашид билгүүн ХХК нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хэт багаар үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээл дээр өөрийн санал болгосон үнээр худалдагдаж байгаа гэдгээ нотолж чадаагүй, энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар ирүүлсэн гэрэл зургууд, цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээнүүд, электрон тоолуур тавих зөвшөөрөл, Монгол банкнаас зарласан ханшны лавлагаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд гомдол гаргагчийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханд шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой талаар утсаар мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч Ч.Жазира нарыг саналыг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч К ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА