Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 90

 

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00754/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж,  Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 796 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-эд холбогдох

"Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Э.Б- давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие 2016 онд Э- овогтой Б-тэй танилцаж гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 9 дүгээр сарын 11-нд хүү Н- төрсөн. Төрөөд эмнэлгээс гарч эцэг, эх болох Э.Б-ийн ээж, аавтайн амьдарч хүүгээ 4 сартайд нь Э.Б-тэй таарч тохирохгүй болоод хүүгээ аваад өөрийнхөө аав, ээж дээрээ ирсэн. Э.Б-тэй амьдарч байх хугацаанд гэр бүлээ батлуулж байгаагүй. Ингээд салаад нэг жил болох хугацаанд хүү бид хоёр зэрэг өвдөөд байнга эмнэлгээр явсаар өдий хүрлээ. Э.Б-ээс ямар ч дэмжлэг авч байгаагүй. 2018 оны зун хүү Н-ыг миний аав болох О-ийн нэр дээр үрчлүүлэх өргөдлийг Дархан-Уул аймаг, Хонгор сумын захиргаанд өгч байсан. Асуудал шийдэгдэхгүй нэг жил гаруйн хугацааны дараа татгалзсан хариу ирсэн. Хүүгийн аав болох Э.Б- нь өөрийн ээж С-тай ирж Дархан-Уул аймаг, Хонгор сумын захиргаанд бүрдүүлэх бичиг баримт өгч байсан. Б-ээс тусдаа байх хугацаандаа О- миний бие нь хүү Н-тай аав, ээж дээрээ. Э.Б- нь шинээр гэр бүл зохиосон. Одоо хүү маань 1 нас 9 сартай. Би өөрөө ХААИС-ийн 3 дугаар курсийн оюутан. Хүү Н- нь аав, ээж 2 дээр амьдардаг. 2017 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн хүү Б.Н-ын төрсөн эцэг Э.Б- мөн болохыг тогтоож, Э.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... О.О- бид хоёр үерхэж байх хугацаанд хүү Б.Н- 2017 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн. Хүүг төрсний дараа 5 сар хүртэл нь хамтдаа байсан. Хүү Б.Н-ыг О.О- болон ар гэрээс нь үрчлэн, овог солиулахыг удаа дараа шаардаж байсан. Бид уг саналыг харгалзан үзэж 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хонгор сумын Тамгын газрын нийгмийн ажилтанд овог солиулах, үрчлүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл гаргаж өгсөн. Бид өргөдлийн хариуг гарахыг хүлээж байтал 7 дугаар сарын 19-нд О.О- сум дундын шүүхэд хүүхэд үрчлэх асуудалд татгалзсан хариу ирсэн гэж худал мэдүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд бид аймгийн Хүүхэд хөгжлийн төвийн дүгнэлт, Хонгор сумын засаг даргын захирамж 2019 оны 7 дугаар сарын 29-нд гарсныг үндэслэн хүү Н- нь Д.О-д үрчлэгдэж байгаа учраас О.О- надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардах эрхгүй гэж үзэж татгалзаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 796 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Н-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Э.Б-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 38.708 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 31,492 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Б-ээс нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Б- давж заалдсан гомдолдоо:

            Иргэний хэргийн хариуцагч Э.Б- миний бие нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Бид хүүг төрснөөс хойш 5 сарын хугацаанд хамт байсан нэртэй боловч О.О- нь байн байн гэрлүүгээ гүйгээд явчихдаг байсан. О.О- нь надаас салсныхаа дараа аав ээжийн хамтаар хүүгийн овог солиулахыг удаа дараа шаардаж хэл ам хийж шахсаар байгаад надаар хүсэлт бичүүлж аваад хүү Н-ыг өөрийн аав ээждээ үрчлүүлж өгөхөөр болж тэд хууль дүрмийн дагуу үрчлэлт хийж аваад үрчлэлттэй холбоотой Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019 оны 07-р сарын 29-ний өдрийн 155 тоот захирамж гарсан. Гэтэл О.О- нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байсан. Шүүхэд иргэний хэрэг үүсгэгдсэнээс хойш О- нь Хонгор сумын Засаг даргад үрчлэлтийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргаж уг өргөдлийн дагуу Хонгор сумын Засаг даргын 2019 оны 08-р сарын 16-ны өдрийн 160 дугаартай үрчлэлтийг хүчингүй болгосон захирамж гарч энэ захирамж нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны оны 08-р сарын 26-ны өдөр хүргэгдэж ирсэн байна. Энэ захирамжийн талаар 2019 оны 08-р сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдсэн. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргасан, мөн хуулийн 57.2-т заасан этгээд /хүүхэд үрчлэхийг хориглосон/ болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно ... гэж заажээ. Мөн үрчлэлтийг шүүх журмаар хүчингүй болгох хуульд заасан хэдхэн тохиолдол байдаг юм байна. Түүнээс хэн дуртай нь үрчилж авна, үрчилж авахаа болилоо гээд дураар аашлаад байдаггүй юм байна. Хуулиас дээгүүр чадамжтай засаг даргын захирамж гэж байхгүй. Тиймээс Хонгор сумын Засаг даргын 160 дугаартай захирамж нь хууль бус, анхан шатны шүүхийн шийдвэр нь энэ хууль бус захирамжид үндэслэгдэн гарсан учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч О.О- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            ...Э.Б- хүү бид хоёртой холбоогүй болоод жил гаран болсон. Хүүгээ ээж аавдаа үрчлүүлэх тухай шийдвэрээ өөрчлөхөөр өргөдөл гаргаж өгөн. Хүүхэд үрчлэлтийн талаар аймгаас дүгнэлт гарсан боловч иргэний бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй болохоор хүчингүйд тооцож болно. Хүүхэд үрчлүүлэх тухай 2019 оны 155 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон гэсэн бичиг хийж өгсөн. Иймд үрчлэлтийн талаарх асуудал хууль журмын дагуу явагдсан гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.О- 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Н-т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүнтэй холбоотой нотлох баримт болох хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхэд эрүүл бойжиж байгааг нотлох эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Э.Б- хариу тайлбар болон татгалзалдаа хүү Б.Н-ыг О.О-ийн аав  Д.О- болон ээж Б.Нямсүрэн нарт үрчлүүлсэн тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч хүүхэд үрчлүүлсэн талаарх үйл баримтыг маргаагүй боловч хүүхэд үрчлүүлсэн тухай Хонгор сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж энэ талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалбал хэргийн 28 дугаар талд Хонгор сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 155 тоот захирамж байх бөгөөд  уг захирамжаар ...тус сумын 3 дугаар багийн иргэн Б- овогтой Н-ыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Шарнууд овгийн Д-ийн О- эх Боржигон овгийн Б-ын Н- нарт  үрчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ захирамжийн дагуу иргэний баримт бичгийг хууль журмын дагуу өөрчилж гэрчилгээ олгохыг улсын бүртгэгчид  үүрэг болгосон байна. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгосон эрх хэмжээний дагуу сумын Засаг дарга захирамж гаргаж Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмаар хүүхэд үрчлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэжээ.

Хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудлыг нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэл Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан  шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч хүүхэд үрчлэх асуудлыг Засаг дарга шийдвэрлэх боловч үрчлэлтийг хүчингүйд тооцох асуудлыг шүүх шийдвэрлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан хүүхэд үрчлүүлэх тухай Хонгор сумын Засаг даргын 155 тоот захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын 160 тоот захирамжийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Учир нь сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай асуудлыг Засаг даргын орлогч шийдвэрлэсэн нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжийг түүний шатлан удирдах доод албан тушаалтан хүчингүй болгох эрх хэмжээг түүнд хуулиар олгоогүй.

            Мөн хүчин төгөлдөр үрчлэлтийн асуудлыг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүйд тооцох тухай асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зохицуулсан байх бөгөөд энэ талаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэл бүхий байна.

            Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлах явцад дараах үйл баримт тогтоогдсон байна.

Үүнд: Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 19-нд шүүхэд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргахдаа хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон хүүхдийн эсэн мэнд бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт  зэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ бичиг баримтуудад хүүхэд нь эцэг Э.Б-ээр овоглогдсон байна.

Хэргийн 28-44 дүгээр хуудсанд хариуцагч Э.Б-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн хүүхэд үрчлэлттэй холбоотой бичгийн нотлох баримтууд авагдсан байх бөгөөд нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснээс хойно буюу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд үрчлүүлэх тухай засаг захиргааны шийдвэр гарсан байна.

Иймд шүүх Э.Б- болон О.О- нарыг хүү Н-ын эх эцэг байж түүнтэй холбоотой эрх үүргийн хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий  этгээд биш гэж үзэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн  /цаашид хуулийн гэх / 21.1-д хүүхэд төрснөөр  эцэг эх хүүхдийн хооронд  эрх үүрэг үүснэ.

Хуулийн 35.1, 38.1-д заасны дагуу  эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч  хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3- д зааснаар “тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэнээр  эх эцгийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно.

Харин хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар үрчлэн авсан эцэг эх нь  төрсөн эцэг эхийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ.

Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана гэж хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан нь хүүхэд үрчлэгдсэн бол үрчлүүлсэн эцэг эхээр тэжээн тэтгүүлэх эрхээ алдах тухай зохицуулалт юм.

Иймд хүү Н-ын үрчлэлт хүчин төгөлдөр байгаа энэ нөхцөлд түүний биологийн эх О.О- нь нэхэмжлэл гаргаж биологийн эцэг Э.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин үрчлэлт хүчингүй болсон тохиолдолд хүүхдийн эх эцгийн аль нэг нь хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, О.О-ийн хариуцагч Э.Б-эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 31.500 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                    

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ   

                                                       ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ