Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1772

 

 С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02043 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГХ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1 140 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь “ГХ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг хариуцагч талд төлж, ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгах байсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн аж ахуйн хашааны бетон суурьтай төмөр хашааг барьж гүйцэтгэх байсан. Тухайн ажлыг 14 хоногийн дотор дуусгах байсан боловч ажил гүйцэтгэгч нь ажлаа бүр огт эхлээгүй. 2016 оны 4 дүгээр сар болсон ч ажлаа хийлгүй алга болсон. Бид өөрсдийн хөрөнгөөр тухайн ажлаа хийж цаад байгууллагадаа хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал нь 5.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан боловч ажлаа хийгээгүй учраас гэрээний 6.1-д заасны дагуу гүйцэтгэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувийн алданги тооцож төлнө гэж заасан боловч манай талаас зөвхөн 5.000.000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 2.500.000 төгрөгийн алданги, 7.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 7.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх н.Очир гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Ч.Очир нь анх манай компанийг тендерт оруулж ажил гүйцэтгүүлэхээр болсон. 2015 онд Ч.Очир бидэнтэй уулзаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн аж ахуйн газрын бетонон хашаа барих ажлын санал тавьсан. Гэтэл Ч.Очир нь танай компани тендерт шалгарах боломжгүй учраас “С” ХХК дээр ажлаа аваад танайх туслан гүйцэтгэгчээр ажиллаач гэсний дагуу бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа болох 5.000.000 төгрөгийг Ч.Очир гэдэг хүнээс бэлнээр авсан. Түүнээс биш “С” ХХК-ийн данснаас мөнгө шилжсэн зүйл байхгүй. 5.000.000 төгрөгийг хүлээн авсанд маргаан байхгүй. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй. Манай үйлдвэрийн горимд цан цохиж бүтээгдэхүүн маань гологдол ихтэй гарч байсан учраас ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй. Ч.Очир нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хийсэн учраас гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “ГХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нь “С” ХХК-ийн захирал Ч.Очир болон “ГХ” ХХК-ийн захирал нар нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээний нийт үнийн дүн нь 17.150.000 төгрөг байсан. Уг гэрээний дагуу бид ажил гүйцэтгэх гэсэн боловч боломжгүй болоод гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж өгнө үү гэдэг хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол шуудан” ХХК-иар Ч.Очир гэдэг хүний хаягаар явуулсан. Уг хүсэлтийн утга нь гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэдэг утгатай байсан. Бид “С” ХХК-ийн захирал нь Ч.Очир гэдэг хүн гэж ойлгож түүнтэй харилцаж байсан. Энэ тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Ингээд Ч.Очиртой харилцаж 1.140.000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг төмөр бетонон хашааны суурийг ТЭЦ 4-ийн урд талын хашаанд буулгасан. Одоог хүртэл тэр хашаанд байж байгаа. Ингээд бид ажлаа гүйцэтгэх боломжгүй болоод 5.000.000 төгрөгийг буцааж төлсний дараа очиж авахаар ярилцаж байсан. Мөн 5.000.000 төгрөг нь суурийг хийхэд хүрэлцэхгүй, мөн манай тоног төхөөрөмж эвдэрсэн, санхүүгийн нөхцөл байдлаас болоод ажил гүйцэтгэж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, 18 ширхэг, нэгж үнэ нь 63.330 төгрөгийн үнэлгээтэй суурийн төмөр блокны үнэ болох 1.140.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хэрэгт ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Уг гэрээнд магадгүй нэхэмжлэгч компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, дан ганц захирал Н.Батболд гэсэн гарын үсэг зурагдсан байсан бол өмнөөс нь өөр хүн гарын үсэг зурсан, захирлын зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэж болох байсан. Гэтэл тухайн гэрээн дээр 2 талын тамга тэмдэг дарагдаж, гарын үсэг зурагдсан байгаа. Мөн хариуцагч талаас “С” ХХК-д хандан ирүүлж байсан “...ажлын хугацааг хойшлуулж өгнө үү...” гэх утгатай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ГХ” ХХК-ийн албан бичиг зэргээс харахад “С” ХХК-тай гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Мөн өнөөдөр хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт дээр 5.000.000 төгрөгийг төлнө гэдэг мессеж хүртэл байгаа. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас нэхэмжлээд байгаа 18 ширхэг суурийг манай компанид ч юм уу, манай компанийн хашаанд ч юм уу буулгаж хүлээлгэж өгсөн асуудал байхгүй. Хэрэгт авагдсан фото зураг дээр 18 ширхэг суурь гэж харагдахгүй байна. Хэний, хаана байгаа хашааны гадна, дотно байгаа нь тодорхойгүй зураг авчраад тэрнийхээ үнийг нэхээд байгаа нь өөрөө ойлгомжгүй юм. Энэ зураг дээрх бетон суурь эвдэрсэн асуудал байгаа бол ажлаа хийхгүй, түүнийгээ авахгүй байснаас болсон байх. Бүтээгдэхүүн нь 75 хувийн гологдолтой гарч байгаа талаараа манайд ирүүлсэн албан бичигтээ тодорхой бичсэн байдаг. Түүнээс биш “С” ХХК хүлээж аваад, манайх хашаандаа хадгалсан буруутай үйлдлээс болж хариуцагчид 18 ширхэг суурийн хохирол учирсан гэж үзэхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор 18 ширхэг суурь нь нэг бүрийн 63.330 төгрөгийн өртөгтэй, нийт 1.140.000 төгрөгийн үнэтэй болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ГХ” ХХК-иас 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1.140.000 төгрөг гаргуулах тухай “С” ХХК-д холбогдох “ГХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325.050 төгрөгөөс 254.860 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 134.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.190 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ГХ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх зорилгоор 2015 оны ажил гүйцэтгэх гэрээнд зурагдсан захирал н.Ганболдын гарын үсэг мөн эсэхийг тодруулах зорилгоор шинжлүүлэх хүсэлт гаргасан атал хүсэлтийг хүлээн аваагүй. Хавтаст хэрэгт дээд шүүхийн хашаанд байгаа нийт 18 хашааны суурийн 18 ширхэг суурийн зургийг нотлох баримтын шаардлага хангаж өгсөн атал нотлогдохгүй байна гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “ГХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1.140.000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бетон суурь бүхий хашаа бариулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ГХ” ХХК нь бетон суурь бүхий хашааг 14 хоногийн хугацаанд барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “С” ХХК нь уг ажлын хөлсөнд 17.150.000 төгрөгийг  төлөхөөр харилцан тохиролцсон, ажлын хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөгийг хариуцагч “ГХ” ХХК-д шилжүүлсэн зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 5-7/

 

Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг зохих этгээдийн буюу захиалагч “С” ХХК-ийн захирал Н.Батболдын зөвшөөрөлгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч  хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд “С” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Батболд байх бөгөөд тэрээр бичгээр хийсэн гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 3, 11, 13 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдсон байна.

 

Түүнчлэн, хариуцагч “ГХ” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “С” ХХК-д гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг хүргүүлж, уг албан бичигт урьдчилгаа 5.000.000 төгрөгийг авсан талаар дурдаж байсан тул гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар одоо маргаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.  /хх-ийн 8 /

Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГХ” ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын  03-ны өдөр шүүхэд гаргаж байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан болохыг шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн хариуцагч “ГХ” ХХК-аас урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар болон гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүйд гомдол гаргасан байна.

 

Хариуцагчийн, шинжээч томилж нэхэмжлэгч компанийн захирал Н.Батболдын гарын үсэг мөн эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх “Н.Батболд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь нотлогдсон” гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь “...өөрийн компанийн суурийг ШЕЗ-ийн аж ахуйн хашаанд буулгасан. Ингээд манай компаниар хийлгэхгүй болж бид аваачсан хашааны сууриа авах гэхэд Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал н.Очир өгөхгүй гэж хэлээд өдий хүргэсэн...” гэж тайлбарлаж, 18 ширхэг төмөр бетонон хашааны суурийн үнэ 1.140.000 төгрөгийг нэхэмжилж хэргийн 108, 109 дүгээр талд авагдсан гэрэл зургуудийг ирүүлсэн боловч эдгээр гэрэл зургууд нь дангаар нотлох баримт болохгүй, 18 ширхэг төмөр бетонон хашааны суурь байгаа гэх газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч “ГХ” ХХК нь “С” ХХК-тай  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд “С” ХХК-ийн захирал Н.Батболд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, төмөр бетон хашааны суурийн  үнэ 1.140.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ба холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй тул шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 860 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ                                         

                                               ШҮҮГЧ                                             Т.ТУЯА                                                                                                    

                                                                                                      Н.БАТЗОРИГ