Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/02043

 






 

 

 

2019 оны 08 сарын 16 өдөр    

     Дугаар 184/ШШ2019/02043

          Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:........................., ............хаягт байрлах, “С” ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:................, ............................., .............., …............оот хаягт байрлах, “Г........” ХХК /РД:......../-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,140,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.        

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК нь “Г” ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 17,150,000 төгрөг. Ингээд гэрээний дагуу 2015 оны 10 сарын 22-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 5,000,000 төгрөгийг хариуцагч талд төлж, ажлыг 2015 оны 11 сарын 06-ны өдөр дуусгах байсан. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн аж ахуйн хашааны бетон суурьтай төмөр хашааг барьж гүйцэтгэх байсан. Тухайн ажлыг 14 хоногийн дотор дуусгах байсан боловч ажил гүйцэтгэгч нь ажлаа бүр огт эхлээгүй. Ингээд 2015 оны 11 сарын 23-ны өдөр хариуцагч талаас “...тоног төхөөрөмж эвдэрсэн, технологийн горимд алдаа гарснаас бетонон бүтээгдэхүүн чанаргүй гарч байгаа тул үйлдвэрлэлээ 2016 оны 04 сар хүртэл зогсоохоос өөр аргагүй боллоо, гэрээний хугацааг сунгаж өгнө үү...” гэдэг хүсэлт тавьсан. Ингээд 2016 оны 04 сар болсон ч ажлаа хийлгүй алга болсон. Бид өөрсдийн хөрөнгөөр тухайн ажлаа хийж цаад байгууллагадаа хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал нь 5,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан боловч ажлаа хийгээгүй учраас гэрээний 6.1-д заасны дагуу гүйцэтгэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,1 хувийн алданги тооцож төлнө гэж заасны дагуу 2015 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш 2019 оны 01 сар хүртэл бодоход 20,000,000 төгрөг гарч байгаа. Гэвч манай талаас зөвхөн 5,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 2,500,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Бид анх 2017 оны 06 сард хариуцагчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эхний удаад мэдэгдэх хуудсыг гардаж аваад дараа нь хаягандаа байхгүй гэдэг тодорхойлолт ирсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж 2018 оны 03 сард эрэн сурвалжлах шийдвэр гарч 2018 оны 10 сард бидэнд хариу өгсөн байгаа. Ингээд 2019 онд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд бидэнд маш их хэмжээний хохирол учирсан учраас 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх н.О гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. н.О нь анх манай компанийг тендерт оруулж ажил гүйцэтгүүлэхээр болсон. 2015 онд н.О бидэнтэй уулзаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн аж ахуйн газрын бетонон хашаа барих ажлын санал тавьсан. Гэтэл н.О нь танай компани тендерт шалгарах боломжгүй учраас “С” ХХК дээр ажлаа аваад танайх туслан гүйцэтгэгчээр ажиллаач гэсний дагуу бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа болох 5,000,000 төгрөгийг н.О гэдэг хүнээс бэлнээр авсан. Түүнээс биш “С” ХХК-ийн данснаас мөнгө шилжсэн зүйл байхгүй 5,000,000 төгрөгийг хүлээн авсанд маргаан байхгүй. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгээгүй. Манай үйлдвэрийн горимд цан цохиж бүтээгдэхүүн маань гологдол ихтэй гарч байсан учраас ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй. н.О нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хийсэн учраас гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй“ гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 06 сарын 04-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нь “С” ХХК-ийн захирал гэх н.О болон “Г” ХХК-ийн захирал нар нь 2015 оны 10 сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээний нийт үнийн дүн нь 17,150,000 төгрөг байсан. Уг гэрээний дагуу бид ажил гүйцэтгэх гэсэн боловч боломжгүй болоод гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж өгнө үү гэдэг хүсэлтийг 2015 оны 11 сарын 23-ны өдөр “Монгол шуудан” ХХК-иар н.О гэдэг хүний хаягаар явуулсан. Уг хүсэлтийн утга нь гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэдэг утгатай байсан. Бид “С” ХХК-ийн захирал нь н.О гэдэг хүн гэж ойлгож түүнтэй харилцаж байсан. Энэ тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа. Ингээд н.О-той харилцаж 1,140,000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг төмөр бетонон хашааны суурийг “ТЭЦ-4”-ийн урд талын хашаанд буулгасан. Одоог хүртэл тэр хашаанд байж байгаа. Ингээд бид ажлаа гүйцэтгэх боломжгүй болоод 5,000,000 төгрөгийг буцааж төлсний дараа очиж авахаар ярилцаж байсан. Ингээд ярилцаж байгаад тухайн суурийг авах гэхэд өгөхгүй өнөөдрийг хүрсэн юм. Тухайн үед “С” ХХК нь тухайн тендерийг манайд өгнө гэж байсан боловч манай компанийг туслан гүйцэтгэгчээр оруулж гэрээ байгуулсан. Тухайн үед манай байгууллага 5,000,000 төгрөгийг авсан боловч дараагийн санхүүжилт хэзээ хийгдэх нь тодорхойгүй байсан. Мөн 5,000,000 төгрөг нь суурийг хийхэд хүрэлцэхгүй, мөн манай тоног төхөөрөмж эвдэрсэн, санхүүгийн нөхцөл байдлаас болоод ажил гүйцэтгэж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань 2015 оны 10 сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, 18 ширхэг, нэгж үнэ нь 63,330 төгрөгийн үнэлгээтэй суурийн төмөр блокын үнэ болох 1,140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Хэрэгт ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Уг гэрээнд магадгүй нэхэмжлэгч компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, дан ганц захирал Н.Б гэсэн гарын үсэг зурагдсан байсан бол өмнөөс нь өөр хүн гарын үсэг зурсан, захирлын зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэж болох байсан.  Гэтэл тухайн гэрээн дээр 2 талын тамга тэмдэг дарагдаж, гарын үсэг зурагдсан байгаа. Мөн хариуцагч талаас “С” ХХК-д хандан ирүүлж байсан “...ажлын хугацааг хойшлуулж өгнө үү...” гэх утгатай 2015 оны 11 сарын 23-ны өдрийн “Г” ХХК-ийн албан бичиг зэргээс харахад “С” ХХК-тай гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Мөн өнөөдөр хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт дээр 5,000,000 төгрөгийг төлье гэдэг мессеж хүртэл байгаа. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь н.О гэдэг хувь хүнтэй гэрээ байгуулсан гэж андуураад байх шиг байна. н.О гэдэг хүн нь манай компанид менежер ажилтай хүн байсан. Манай ажилтантай харьцаад явж байсан. н.О нь гэрээг авчирч хариуцагчаар гарын үсэг зуруулсан байж болно. Ажил гүйцэтгэх гэрээн дээр тус компанийн үүсгэн байгуулагч, ганц гишүүн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Б гэдэг хүн гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарсан байгаа учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй. Мөн тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй. Мөн хариуцагч талаас нэхэмжлээд байгаа 18 ширхэг суурийг манай компанид ч юм уу, манай компанийн хашаанд ч юм уу буулгаж хүлээлгэж өгсөн асуудал байхгүй. Хэрэгт авагдсан фото зураг дээр 18 ширхэг суурь гэж харагдахгүй байна. Тэгээд ч хашаанд биш, хашааны гадна талд нь байгаа гэдэг нь харагдаж байгаа. Хэний, хаана байгаа хашааны гадна, дотно байгаа нь тодорхойгүй зураг авчраад тэрнийхээ үнийг нэхээд байгаа нь өөрөө ойлгомжгүй юм. Ажлыг огт хийгээгүй гэдэг нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ зураг дээрх бетон суурь эвдэрсэн асуудал байгаа бол ажлаа хийхгүй, түүнийгээ авахгүй байснаас болсон байх. Бүтээгдэхүүн нь 75 хувийн гологдолтой гарч байгаа талаараа манайд ирүүлсэн албан бичигтээ тодорхой бичсэн байдаг. Түүнээс биш “С” ХХК хүлээж аваад, манайх хашаандаа хадгалсан буруутай үйлдэлээс болж хариуцагчид 18 ширхэг суурийн хохирол учирсан гэж үзэхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор 18 ширхэг суурь нь нэг бүрийн 63,330 төгрөгийн өртөгтэй, нийт 1,140,000 төгрөгийн үнэтэй болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“С” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, “Г ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,140,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргав.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь “...“Г ” ХХК-тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр бетон суурь бүхий хашаа бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч хариуцагч ажлыг гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрт өгсөн 5,000,000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 6.1-т зааснаар гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй учир хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

“Г ” ХХК нь “...нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.д гэрээнд гарын үсэг зураагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул 7,500,000 төгрөгийг төлөхгүй” гэж маргав.

 

“С” Х ХК нь Ажил гүйцэтгэх гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г “Г” ХХК тай 2015 оны 10 сарын 21-ний өдөр байгуулсан байна. 

Гэрээний 1.1, 2, 3.1, 5.1 дэх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь бетон суурь бүхий хашаа бариулж хөлс төлөх үүргийг, хариуцагч хашааг 14 хоногийн хугацаанд, барьж гүйцэтгэн, хөлсийг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Өөрөөр хэлбэл нэг тал нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг зохих этгээдийн буюу захиалагч “С” ХХК-ийн захирал Н.Б-ын зөвшөөрөлгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэмээн хариуцагч маргах боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд “С” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан, 1 хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчтай, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Б болох нь баримтаар нотлогдов. Түүнчлэн гэрээ нь захиалагч болон гүйцэтгэгч компанийн регистр бүхий тамгаар баталгаажсан, мөн гүйцэтгэгч “Г ” ХХК нь 2015 оны 11 сарын 23-ны өдөр н.О-т бус “С” ХХК-д хандан гэрээний хугацаанд өөрчлөлт оруулахыг хүсэн албан тоот ирүүлж байжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Гэрээний 2.3, 2.4-т зааснаар ажил гүйцэтгэх хугацаа 2015 оны 10 сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоног буюу 2015 оны 11 сарын 06-ны өдөр ажлыг гүйцэтгэж дуусган үр дүнг захиалагчид шилжүүлэхээр  тохиролцжээ. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй, ажлын үр дүнг шилжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шаардлага гаргасан байна.

Хариуцагч “Г ” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг хүлээн авсан, мөн  гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байхаар заасан ба нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг 2015 оны 11 сарын 22-ны өдрөөс тооцоход 2018 оны 11 сарын 22-ны өдрөөр дуусгавар болохоор байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 04 сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн баримт хэрэгт тус тус авагдсан тул мөн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Урт хугацааны гэрээнд ажил гүйцэтгэх гэрээ хамаарах тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирол болох 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5, 205 дугаар зүйлийн 205.1-т нийцсэн байна.

Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т “гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх”-өөр харилцан тохиролцсон байх ба алданги нь хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн боловч нотолгоо шаардахгүйгээр хохирлоо гаргуулах эрх зүйн харилцаанд оролцогчдод олгосон боломж мөн юм. Нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Г” ХХК-иас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

“Г” ХХК нь “С” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 18 ширхэг суурийн төмөр блокын үнэ болох 1,140,000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба “С” ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, 18 ширхэг суурийг хүлээлгэн өгөөгүй, 18 ширхэг байсан эсэх, нэг бүр нь 63,330 төгрөгийг үнэтэй болох нь нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэх хэсэгт дүгнэсэн тул давтан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар 18 ширхэг суурийн блокын үнэ 1,140,000 төгрөг шаардсан ба дээрх шаардаад байгаа 18 ширхэг суурийг “С” ХХК-д хүлээлгэн өгсөн эсэх, хүлээлгэн өгсөн бол хэзээ, хаана, ямар баримтаар хүлээлгэн өгсөн болох, нэг бүрийн үнэ нь 63,330 төгрөг болох нь нотлогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шаардлагаа баримтаар нотлоогүй болно.

Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,050 төгрөгөөс 254,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,190 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 134,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Г ” ХХК-иас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,140,000 төгрөг гаргуулах тухай “С ” ХХК-д холбогдох “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,050 төгрөгөөс 254,860 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,190 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.УРАНЗУЛ