| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0363/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 497
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат, Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 360 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 201724000163 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 390 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ял дээр 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 7 сар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Урдүй овогт Д-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох”, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Жолооч зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг болгон өөрчилж, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр, Д.Тунгалаг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н гаргасан гомдолдоо “Д.Б нь өөрийн эзэмшлийн “Хюндай Старекс” загварын 58-48 УНЭ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад миний нөхрийг мөргөж, амь насыг нь бүрэлгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгааг эс хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр 100 гаран кг жинтэй, 170 гаран өндөртэй хүн энэ намхан машин доор ороод чирэгдээд явсан гэдэгт одоо хүртэл эргэлзсээр байна. Үр хүүхэд, эхнэр бидний бодлоор Д.Б талийгаачийг машиндаа суулган авч яваад хээр аваачиж дайрч алчихаад зориудаар осол болгосон гэж боддог. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад энэ талаар өмгөөлөгч нар удаа дараа гомдол гаргаж байсан ч прокурор, мөрдөн байцаагч авч хэлэлцээгүй болно. Хэрвээ мөрдөн байцаалтын ажиллагаанд бидний хүссэн зүйлүүдийг шалгаад явсан бол энэ хэрэг ийм ээдрээ түвэгтэй байдлаар бидэнд ойлгомжгүй байх ёсгүй байсан. Анхан шатны шүүхээс Д.Б-д бага ял оногдуулсныг давж заалдах шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь бас л ойлгомжгүй байна. Талийгаач тийм муу муухай хүн байгаагүй. Үр хүүхэд, хань ижилдээ халамжтай хувийн хэдэн малаа бусдаас илүү авч явдаг хүн байсан. Гэтэл бидний хайртай халамжит хань, түшиг тулгуурыг маань ямар нэгэн ойлгомжгүй байдлаар алсан хүнд 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Талийгаачийн хань ижил, үр хүүхдүүд бидэнд хайртай аав, халамжит ханийнхаа амийг мөнгөөр худалдахыг хүсээгүй, харин энэ хүнд тохирох зүйл, хэсгээр ял оногдуулж өгөхийг хүсч байна. Өнөөдрийг хүртэл ар гэрийнхэн бид энэ хэргийг зам тээврийн хэрэг гэж үзэхгүй. Иймд миний эргэлзээг тайлж, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Прокуророос шүүгдэгч Д.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Б-гийн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ослын газрыг орхиж явсан үйлдэл нь тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Д.Б хохирогчийг мөргөж унагаснаа мэдээгүй байх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй байна. Харин хавтаст хэрэгт тусгагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, гэрч М.Н, Я.Т, Н.С, Ч.Ө нарын болон шүүгдэгч Д.Б-гийн өөрийнх нь мэдүүлгээр тэрээр осол гарсан газарт байгаагүй, тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, ослын талаар цагдаагийн байгууллага, түргэн тусламжийн төвд дуудлага өгөөгүй, ослын газрыг орхиж явсан болох нь нотлогддог.
Хэдийгээр тэрээр осол гарсан болохыг мэдээгүй гэж мэдүүлдэг боловч үүнийг нь өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн осол гарсныг ямар учраас мэдээгүй талаараа тайлбарлаж чадаагүй болно. Хэрэв тээврийн хэрэгслийн үзлэг, шинжилгээгээр түүний машины доод хэсгээс талийгаачийн цус илрээгүй бол тэрээр мөн л би дайраагүй гэх байсан. Д.Б нь өөрөө энэ талаараа ч мөн мэдүүлдэг. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, гагцхүү шүүгдэгч Д.Б-гийн мэдүүлэгт үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Г.Н нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо түүний нөхрийг Д.Б нь санаатай алсан гэж үзсэн бөгөөд энэ нь үндэслэлтэй байх боломжтой юм. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн субъектив санаа нь гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл нь “хүнийг санаатай алах” гэмт хэргийн субъектив санаа сэдэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд эргэлзээтэй байхад мөрдөгч, прокурор хэргийн үнэн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эрдэнэт хүний амь нас хохирсныг, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, маргаж байгаа зэргийг харгалзан үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгч Д.Б-ийн согтуурлыг шалгаагүй, шинжээчийн дүгнэлтээр согтуурлын зэрэг тогтоогдоогүй байхад согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр хэлсэн саналдаа “Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Б-г зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Мөн шинжээч нар шүүгдэгч хохирогчийг машинаар дайрах биш мөргөх үйлдэл хийсэн гэж дүгнэсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дугаар заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ. Харин энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн болон осол гаргасан газрыг зориуд орхин зугтаасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухахй хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Д.Б-г 2017 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б-г дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэнээс гадна торгох ялыг халсан байхад хууль буцаан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Мөн 2015 оны Эрүүгийн хуульд согтуурсан, мансуурсан үед тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон бол онцгойлон хүндрүүлэн үзэхээр хуульчилж энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэгтэй адил хэмжээний ял шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байтал давж заалдах шатны шүүх зөвтгөж, засалгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан “ял хөнгөдсөн, хэргийн зүйлчлэлийг хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх” тухай гомдлуудыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 360 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН