Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

2019       04         04                                    53

 

 

А-ы нэхэмжлэлтэй хариуцагч

О аймгийн Ж Сумын

бүрэн дунд сургуульд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00183 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус сургуулийн захирал Т.Оюунтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажилд орж байсан болно. Би ажлаа өнөөдрийг хүртэл сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд алдаа дутагдал гаргаж байгаагүй юм. Гэтэл надад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сургуулиас хөдөлмөрийн гэрээг цуцалж цаашид сунгахгүйг гэсэн мэдэгдэл өгсөн болно. Тус мэдэгдэлд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 9.1.3, хөдөлмөрийн гэрээний 14 1.3. 14.1.6 гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэжээ. Миний сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 14.1.3, 14.1.6 гэсэн заалтууд байдаггүй бөгөөд ямар үндэслэлээр ямар утгатай мэдэгдэл өгснийг би ойлгохгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр мэдэгдэлд дурдсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх мэдэгдэл дээр үндэслээд О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\30 дугаартай тушаалаар намайг ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь хуулийн хүрээнд үндэслэл муутай тушаал гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн мэтээр дурдсан нь буруу юм. Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байх бөгөөд ямар үндэслэлээр давтан гаргасан гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\30 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул А- намайг ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сургуулийн үйлчлэгч ажилтай А- нь 7 дугаар сард жижүүр Доржсүхийн ээлжийн амралттай байх хугацаанд жижүүрийн үүрэг гүйцэтгэж, ээлжинд гарч байсан. 7 дугаар сарын 19-ний 16 цаг 30 минутад жижүүрийн ажил хүлээж авах ёстой байсан гэтэл 18 цаг 15 минутад согтуу ирж өдрийн ээлжийн жижүүр Б.Оюунцэцэгийг орой гарч өгсөнгүй бие өвдлөө гэж худал хэллээ гэж агсарч, ажил үүрэг гүйцэтгэх чадваргүй согтуурсан байсан тул захирал өрөөндөө дуудаж сануулаад энэ хүнийг амрааж өөр хүн жижүүрт гаргах үүрэг даалгаврыг нярав А-д өгсөн. Үүргийн дагуу үйлчлэгч О-г оройн жижүүрт гаргаж, А-г амраасан. Үүнийг жижүүрийн дэвтэрт Ж миний бие тодорхой тэмдэглэсэн. Ингээд захирал сануулах арга хэмжээ авч өөрт нь анхааруулж, ажилчдын хурал хийж танилцуулсан. А- нь өөрөө тодорхой мэдэж байгаа учраас мэдэхгүй байх үндэслэлгүй. Манай сургууль шинэ ажилтан авахдаа туршилтын 6 сарын хугацаанд түр гэрээгээр ажилд авдаг. Иймд захирал Н 4 дүгээр сарын 19-нд тушаал гарч ажил хүлээн авсан. Өмнөх захирал гэрээний хугацаа дуусгавар болох өдөр Л.Атарсайхныг шууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийж ажилд авсныг мэдээгүй учраас гэрээ сунгахгүй гэсэн мэдэгдэл өгсөн байна. А- нь 10 дугаар сарын 15-нд хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж биед нь халдах оролдлого үзүүлж Монгол улсын Боловсрол , Соёл шинжлэх ухаан спортын сайдын А/476 /ЕБС-ын орчин дахь хүүхэд хамгааллын бодлого/, Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын эрсдэлийг үнэлэх/. БСШУС-ын сайдын А/239 журмын 3.5.4, 5.1 дахь заалтыг зөрчсөн. 2б ангийн сурагч н.Анармөнхийн ээж н.Эрдэнэчимэг сургуулийн захиргаанд өргөдөл гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж ээж н.Эрдэнэчимэг, үйлчлэгч А- нарыг байлцуулан болсон явдлыг тодруулж захиралд уламжилсан гэжээ.

Нэхэмжлэгч А- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэхэмжлэгч миний бие нь тус сургуульд үйлчлэгчийн ажилтай байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул үүнтэй холбогдуулж шаардлага гаргасан ба, одоо ажилгүй байсан хугацааны цалин буюу 2 сарын цалин 371.016 төгрөг нийт 742.032 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч А- 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр 1 сар 14 хоногоор дахин нэмэгдүүлээд 556.524 төгрөгөөр буюу нийт 3 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин /742.032 төгрөг + 556.524 төгрөг/ нийт 1.298.556 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.Нямдаваа нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

А нь тус сургуульд 2018 оны 04 дүгээр сарын 20-нд үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, /сахилгын зөрчлийг давтан гаргасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ Монгол улсын Засгийн газрын 01 албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоол, сургуулийн дотоод журмын 9.1.3-ийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болно. Иймд А-ы нэхэмжилсэн цалин болох 742.032 төгрөгийг нөхөж олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00183 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А /регистрийн дугаар: ФВ82082600/-ыг О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуульд үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.298.556 төгрөгийг О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас /70.200+35.715/ 105.915 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н давж заалдсан гомдолдоо:

О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн 01 албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоол, сургуулийн дотоод журмын 9.1.3-ийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3-д заасныг үндэслэн “сахилгын зөрчил давтан гаргасан” учир А-ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн билээ. Нэхэмжлэгч А- нь сургуулийн захирлын 2018 оны 07 дугаар 23-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/15 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан байсан. Дээрх сахилгын арга хэмжээ авагдсан тушаалын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нь ажлаа гүйцэтгэж байхдаа хүүхэд загнаж, ёс зүйн зөрчил гаргасан болох нь сургуулийн захиргаанд Эрдэнэчимэг гэх иргэнээс гаргасан өргөдөл, уг өргөдлийн дагуу сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ө/46 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, тухайн асуудлыг шалгасан Орхон аймгийн Жаргалант сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн мөрөөр ажилласан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх сануулах арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж маргасан, нэхэмжлэгч нь дээрх байдлаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан байхад анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй асуудлаар “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалд ажилтан сахилгын ямар зөрчил гаргасан, зөрчлийг хэзээ илрүүлсэн, хэрхэн яаж тогтоогдсон талаар дурдаагүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хүчин төгөлдөр тушаалд нэхэмжлэгчээс маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэснийг нэхэмжлэлийн хүрээнээс хальсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- нь О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч А- нь О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захиргаатай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд оржээ.

О аймгийн Ж Сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Засгийн газрын 01 тоот албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоол сургуулийн дотоод журмын 9.1.3-т заасан холбогдох заалт хөдөлмөрийн гэрээний 5.1., 5.3 дахь заалт, ажлын хэсгийн шийдвэр зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогч тушаалдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгч А-ыг захиргааны санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж маргасан боловч тушаалдаа хөдөлмөрийн сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан болохыг тодорхой заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчилийг давтан гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай болно.

Ажил олгогч нэхэмжлэгч А-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбар гаргаж мэтгэлцэж буй боловч 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар сахилгын сануулах арга хэмжээ авагдсан талаар баримт хэрэгт авагдсан боловч А- хэзээ ямар зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авагдсан болохыг тушаалд заагаагүй, тухайн тушаалыг нэхэмжлэгч А-д гардуулан өгсөн, мэдэгдсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч арга хэмжээ авагдсан талаар мэдээгүй гэсэн тайлбар өгсөн зэргээс үзэхэд А-ыг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил тодорхой, тушаалд заасан үндэслэлтэй нийцэж байх ёстой.

Анхан шатны шүүх тухайн ажилтны гаргасан зөрчлийг тодорхой баримтаар дурдан нотлохгүйгээр арга хэмжээ авах боломжгүй, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч энэхүү байдлыг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан ажилтан тушаалтай танилцах, сахилгын зөрчлийг хэдийд гаргасан, ямар нотлох баримтаар нотлогдсон болохыг шууд олж мэдэх боломжтой байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч А-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 69, 128 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллагын давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                         С.УРАНЧИМЭГ