Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00183

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

        Дугаар 142/ШШ2019/00183

Орхон аймаг

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж сумын бүрэн дунд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагчийн төлөөлөгч Н, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус сургуулийн захирал Т.Оюунтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажилд орж байсан болно. Би ажлаа өнөөдрийг хүртэл сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд алдаа дутагдал гаргаж байгаагүй юм. Гэтэл надад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сургуулиас хөдөлмөрийн гэрээг цуцалж цаашид сунгахгүйг гэсэн мэдэгдэл өгсөн болно. Тус мэдэгдэлд дурьдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 9.1.3, хөдөлмөрийн гэрээний 14 1.3. 14.1.6 гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэжээ. Миний сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 14.1.3, 14.1.6 гэсэн заалтууд байдаггүй бөгөөд ямар үндэслэлээр ямар утгатай мэдэгдэл өгснийг би ойлгохгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр мэдэгдэлд дурьдсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээрх мэдэгдэл дээр үндэслээд Жсумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\30 дугаартай тушаалаар намайг ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа болно. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь хуулийн хүрээнд үндэслэл муутай тушаал гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн мэтээр дурьдсан нь буруу юм. Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байх бөгөөд ямар үндэслэлээр давтан гаргасан гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд Жсумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б\30 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа ба тус тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул А намайг ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч миний бие нь тус сургуульд үйлчлэгчийн ажилтай байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул үүнтэй холбогдуулж шаардлага гаргасан ба, одоо ажилгүй байсан хугацааны цалин буюу 2 сарын цалин 371,016 төгрөг нийт 742,032 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Шаардлагаа 1 сар 14 хоногоор дахин нэмэгдүүлээд 556,524 төгрөгөөр буюу нийт 3 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин /742,032 төгрөг + 556,524 төгрөг/ нийт 1,298,556 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Аы ажилд буцаан тогтоолгох шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

1.Сургуулийн үйлчлэгч ажилтай А нь 7 дугаар сард жижүүр Д-ийн ээлжийн амралттай байх хугацаанд жижүүрийн үүрэг гүйцэтгэж, ээлжинд гарч байсан. 7 дугаар сарын 19-ны 16 цаг 30 минутад жижүүрийн ажил хүлээж авах ёстой байсан гэтэл 18 цаг 15 минутад согтуу ирж өдрийн ээлжийн жижүүр Б.Оюунцэцэгийг орой гарч өгсөнгүй бие өвдлөө гэж худал хэллээ гэж агсарч, ажил үүрэг гүйцэтгэх чадваргүй согтуурсан байсан тул захирал өрөөндөө дуудаж сануулаад энэ хүнийг амрааж өөр хүн жижүүрт гаргах үүрэг даалгаврыг нярав Ш.д өгсөн. Үүргийн дагуу үйлчлэгч Ц.Отгонцэцэгийг оройн жижүүрт гаргаж, А амраасан. Үүнийг жижүүрийн дэвтэрт Ш. миний бие тодорхой тэмдэглэсэн. Ингээд захирал сануулах арга хэмжээ авч өөрт нь анхааруулж, ажилчдын хурал хийж танилцуулсан. А нь өөрөө тодорхой мэдэж байгаа учраас мэдэхгүй байх үндэслэлгүй.

2.Манай сургууль шинэ ажилтан авахдаа туршилтын 6 сарын хугацаанд түр гэрээгээр ажилд авдаг. Иймд захирал Н 4 дүгээр сарын 19-нд тушаал гарч ажил хүлээн авсан. Өмнөх захирал гэрээний хугацаа дуусгавар болох өдөр а-г шууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийж ажилд авсныг мэдээгүй учраас гэрээ сунгахгүй гэсэн мэдэгдэл өгсөн байна.

3.А нь 10 дугаар сарын 15-нд хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж биед нь халдах оролдлого үзүүлж Монгол улсын Боловсрол , Соёл шинжлэх ухаан слортын сайдын А/476 /ЕБС-ын орчин дахь хүүхэд хамгааллын бодлого/, Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогын эрсдлийг үнэлэх/. БСШУС-ын сайдын А/239 журмын 3.5.4, 5.1 дахь заалтыг зөрчсөн. 2б ангийн сурагч Н-н ээж Р сургуулийн захиргаанд өргөдөл гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдаж ээж Р, үйлчлэгч А нарыг байлцуулан болсон явдлыг тодруулж захиралд уламжилсан гэжээ.

Хариуцагч нь нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: А ньтус сургуульд 2018 оны 04 дүгээр сарын 20-нд үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, /сахилгын зөрчлийг давтан гаргасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ Монгол улсын Засгийн газрын 01 албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоол, сургуулийн дотоод журмын 9.1.3-ийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болно.

Иймд Аы нэхэмжилсэн цалин болох 742,032 төгрөгийг нөхөж олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А нь хариуцагч Жсумын бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ж сумын бүрэн дунд сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуульд үйлчлэгчээр ажиллах болсон байна.

Ийнхүү А нь дээрх ажлыг хийж байгаад Жсумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 01 албан даалгавар, Засгийн газрын 258 дугаар тогтоол, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3-ийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан байна. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс цуцалж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс цуцлах тухайгаа ажилтан Ад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд нь буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдсны дараа давтан зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд “Үйлчлэгч А нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул сануулах арга хэмжээ авсугай” гэсэн байх бөгөөд, ажилтан нь сахилгын ямар зөрчил гаргасан, зөрчлийг хэзээ илрүүлсэн, хэрхэн яаж тогтоогдсон талаар дурьдаагүйгээс гадна уг тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3с, хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3с-д “ Сургуулийн байранд архидан согтуурсан буюу ажилдаа согтуу ирсэн, ажлын цагаар гадуур согтуу сэлгүүцсэн, ажлын байранд архидах боломж олгосон бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх заалтад “ Ажлын байранд ажлын ба ажлын бус цагаар согтуурсан, ажилдаа согтуу ирсэн, бусдад согтуурах боломж олгосон, ажлын цагаар ажлын байрнаас гадна согтуурч ажил тасалсан, өөр байгууллага орон нутагт томилолтын хэлбэрээр ажил гүйцэтгэх үед мөн хамаарна”  гэсэн байх бөгөөд дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг захирагааны санаачлагаар шууд цуцлахаар заасан байна.

Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний эдгээр заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1,131.1.1 сахилгын зөрчил ногдуулах заалтыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд баримталсан байх боловч ямар зөрчил гаргасан талаар дурьдаагүй атлаа сануулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

Мөн дээрх тушаалыг нэхэмжлэгч Ад танилцуулж тушаалын хувийг гардуулж өгсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн Жсумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар Аыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалт,байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1,5.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөлөхдөө түүний гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тушаалд дурьдаагүй байна.

Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан ажилтан болон уг тушаалтай танилцсан ямар ч этгээд тухайн хүн сахилгын зөрчлийг хэдийд гаргасан, ямар нотлох баримтаар нотлогдсон болохыг шууд олж мэдэх боломжтой байх ёстой.

Гэтэл тухайн ажилтны гаргасан зөрчлийг тодорхой баримтаар дурьдаж нотлохгүйгээр арга хэмжээ авах боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч энэхүү байдлыг бичгийн баримтаар нотлож чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч А Жсумын бүрэн дунд сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 3 сар 14 хоног буюу нэг сард ажлын 21.5 хоногоор тооцоход  / 21,5х3 сар =64,5 хоног, 64,5+14 = 78,5 хоног ажилгүй байсан байх бөгөөд, нэхэмжлэгчийн 1 сарын 371,016 төгрөгийн үндсэн цалинг ажлын 21,5 хоногт хуваан нэг өдрийн цалин 17,256 төгрөгийг тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 1,298,556 төгрөгийг Жсумын бүрэн дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Чонос овогт Даваасүрэнгийн Атарсайхан /регистрийн дугаар: ФВ82082600/-ыг Жсумын бүрэн дунд сургуульд үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,298,556 төгрөгийг Жсумын бүрэн дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Ад олгосугай.

3.Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас /70,200+35,715/ 105,915 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН