Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2022/0033/З |
Дугаар | 112/ШШ2023/0038 |
Огноо | 2023-08-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 112/ШШ2023/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.А, гуравдагч этгээд Н.Т ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Б нарын хооронд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Б.А /цахимаар/, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дүгнэлтийн шаардлага:
1.1. Дүгнэлт гаргагч Б.Г аймгийн Засаг даргын Тамгын газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсаарнь 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг шивж илгээгээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын газар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч бүртгэсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хянасан байна.
2.3. Прокуророос дээрх материалыг хянан үзээд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Б.Аын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 39 дүгээр прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Б.А нь Н.Т ХХК нь 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаж, е-balance.mof.gov.mn цахимд шивж, илгээгээгүй гэх 01 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.Бд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Бы холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Цахим санхүүгийн тайланд санхүүгийн тайлангаа шивж илгээгээгүй баримтын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд холбогдогч Ц.Бы Санхүүгийн тайланг цахимаар ирүүлэх хугацааг анзааралгүй явж байгаад хоцорсон байна. Зээл авах гээд материалаа бүрдүүлээд өгөх гэтэл тайлан шивэх хугацааг мэдлээ гэх мэдүүлэг, Цахим санхүүгийн тайланд санхүүгийн тайлангаа шивж илгээгээгүй баримтын хуулбар зэргээс үзэхэд холбогдогч Ц.Б нь Н.Т ХХК-ний нягтлан бодогч албан тушаалтай ба Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үйлдсэн болох тогтоогдож байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад шийтгэл оногдуулахдаа Ц.Бд 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан байх ба холбогдогч Ц.Б нь Н.Т ХХК-г төлөөлж зөрчил үйлдсэн байх тул Н.Т ХХК-д шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Мөн эрх бүхий албан тушаалтан Б.А нь холбогдогч Ц.Б-ыг Н.Т ХХК-д нягтлан бодогч албан тушаалтай хүн мөн эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй зөрчлийн эцсийн холбогдогч хэн болохыг эцэслэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Б.А-ын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
3.2 Харин Хяналтын прокурор Б.Г-ийг ээлжийн амралттай байх хугацаанд томилогдсон хяналтын прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэдэг үйл явдлыг ярьж байна. 1.25 нь болохоор ерөнхий нягтлан бодогч хууль ёсны үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. 1.6 нь болохоор аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд нь харилцагч санхүүгийн байгууллагад цахимаар хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол гэдэг ийм 2 өөр ойлголт байж байгаа. Гэвч сая эрх бүхий албан тушаалтны тайлбарлаж байгаа тайлбарын хувьд бол 1.25-ыг үндэслээд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн юм гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чинь нэг бүлэгт заагдсан 2 өөр төрлийн зөрчил байхад нэг зөрчлийг нь удирдлага болгоод нөгөө зөрчлөөр нь шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэдэг тайлбар тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрвээ Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25-д заасны дагуу шийтгэл оногдуулсан бол шийтгэлийн хуудсан дээр бас энэ талаар дурдах ёстой байсан. 1.25-аар шийтгэл оногдуулах ёстой байсан. Гэвч шийтгэлийн хуудсан дээр 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээд энэ хуулийн тусгай ангид заасны дагуу шийтгэл оногдуулна гэж заасан. Харин Н Тнь хуулийн этгээд мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Н Т ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг болох нь мөн тогтоогдож байгаа. Үйлдсэн зөрчлийн хувьд бол Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д заасан зөрчил үйлдсэн байна гэдэг дээр маргаагүй. Оногдуулж байгаа шийтгэлийн хувьд эрх бүхий албан тушаалтан хуулийг хэрэглэхдээ аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангаа цахимаар хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хувь хүн дээр нь шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийтгэл болсон байна гэж үзэж байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн прокурорын дүгнэлтийг дэмжиж тайлбар гаргаж байна гэв.
3.3. Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа и баланс системд ирүүлэх хуулийн хугацаа нь 02 дугаар сарын 10-ны дотор шивж илгээх ёстой байсан. Тэгээд Н Т ХХКнь тайлангаа хоцроосон гээд өөрөө ирсэн. Тайланг нь и баланс системээс шүүж үзэхэд тайлангаа шивж илгээгүй байсан тул Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авах ёстой гэдгийг танилцуулаад танай нягтлан бодогч хэн гэдэг хүн байна гэхэд манайх одоо нягтлан бодогч байхгүй. Би өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажиллангаа давхар хийдэг гэж надад тайлбарласан. Тэгэхээр нь Зөрчлийн тухай хуулийн дагуу нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод санхүүгийн тайлангаа хоцроосон бол 400000 төгрөгөөр торгодог гэж танилцуулж, хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар 400000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан байгаа. Би системээрээ ороод тайлангаа баталгаажуулж өгдөг. Аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайд нягтлан бодогч аваад цалинжуулахад хүндрэлтэй гэдгийг бүх байгууллагууд мэддэг.
Мөн ковидын үе давхацсан байсан. Тэгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад явах боломжгүй гэдэг. Сая манайх шинэ системд орсон. Уг систем дээр гүйцэтгэх захирал нь нягтлан бодогчоо давхар хийх боломжтой гээд давхар бүртгэгдэж байгаа. Сая шинэ систем хагас жилээр нэвтэрсэн. Өмнө нь эрхээ надаас авдаг байсан бол одоо шинэ систем дээр захирал нь эхлээд нэвтэрч ороод нягтлан бодогчдоо эрхийг нь өгдөг. Өгсөн эрхээр нь нягтлан бодогч орж тайлангаа гаргана. Мөн систем дээр гүйцэтгэх захирал нь өөрийгөө нягтлан бодогч гэж бүртгэх юм бол ялгаа байхгүй хүлээж авна. Тэгэхээр давхар хийх боломжтой. Хуулиараа тэгж заагаагүй ч гэсэн журмаараа зөвшөөрлийг нь олгочихсон байгаа. Тийм учраас систем дээр ороод гүйцэтгэх захирлаа хийж ч болно нягтлангаа ч хийж болно. 2 давхар бүртгэгдэхээр систем нь алдаа заахгүй шууд хүлээж авах боломжтой болсон. Гол системд захирлын эрхээр заавал нэвтэрч орно. Дараа нь нягтлан бодогчоо бүртгэж эрх олгоно. Хэрвээ албан ёсоор нягтлан бодогч авч ажиллуулаагүй бол өөрийнхөө регистрийн дугаараар нягтлан бодогч дээрээ давхар бүртгэж болдог. Тэгээд нягтлан бодогчийн эрхээр нэвтэрч тайлангаа илгээнэ. Гүйцэтгэх захирал дээр тайлан илгээх эрх байдаггүй гэв.
3.4. Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний тухайд манай байгууллага 2022 оны 2 дугаар сард байгуулагдсан, шинэ аж ахуйн нэгж юм. Татвар, нийгмийн даатгалд тайланг гаргадаг гэдгийг би ерөнхийдөө ойлгодог. Харин санхүүгийн тайлан гаргадгийг мэддэггүй байсан. Ийм учраас тайлангаа хоцроочихсон юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Аын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гээс гаргасан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.А 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсаар Н Т ХХК-ний нягтлан бодогч Ц.Б д 400000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
3. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Н Т ХХКнь 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг шивж илгээгүй гэх зөрчлийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д “аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж зааснаар шийтгэл оногдуулсан байна.
4.Хавтаст хэргийн материалд “2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Ц.Бы иргэний үнэмлэхний хуулбар, e-balance.mof.gov.mn санхүүгийн тайлангаа шивж илгээгүй зураг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудас, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 100000 төгрөг, 300000 төгрөгөөр торгууль төлсөн 2 баримт” зэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал авагдсан байна.
5. Холбогдогч Ц.Б “Санхүүгийн тайланг цахимаар хүргүүлэх хугацааг анзааралгүй явж байгаад хоцроосон байна. Зээл авах гээд материалаа бүрдүүлээд өгөх гэтэл тайлан шивэх хугацааг мэдлээ ...эхний жилдээ тайлан өгч байна. Татварт л тайлан өгдөг гэж бодсон хууль журмаа уншиж судалж мэдэж авна. Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаар ойлголт байхгүй байна. Санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэйг мэдэж авлаа” гэсэн мэдүүлгээр санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй. Харин шийтгэл оногдуулахдаа Ц.Бд 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, оногдуулж байгаа шийтгэлийн хувьд эрх бүхий албан тушаалтан хуулийг хэрэглэхдээ аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангаа цахимаар хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байхад хувь хүн дээр нь шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийтгэл болсон байгаа талаар прокурор дүгнэлт бичсэн.
6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахаар заасан.
7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг” хэлнэ, Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.6-д “аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” тохиолдолд хуулийн этгээдэд дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зохицуулсан байхад хүнийг буюу Н Т ХХК-ний нягтлан бодогч Ц.Быг 400000 төгрөгөөр торгосон байгаа нь тухайн зөрчилд шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэхгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Аын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.22 ...дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтаар зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэлээ.
9. Мөн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Энэ тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор шууд тухайн аж ахуйн нэгжийг торгоно гэж ойлгохгүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...эрхээ надаас авдаг байсан бол одоо шинэ систем дээр захирал нь эхлээд нэвтэрч ороод нягтлан бодогчдоо эрхийг нь өгдөг. Өгсөн эрхээр нь нягтлан бодогч орж тайлангаа гаргана. Мөн систем дээр гүйцэтгэх захирал нь өөрийгөө нягтлан бодогч гэж бүртгэх юм бол ялгаа байхгүй хүлээж авна. Тэгэхээр давхар хийх боломжтой ...тийм учраас систем дээр ороод гүйцэтгэх захирлаа хийж ч болно нягтлангаа ч хийж болно. 2 давхар бүртгэгдэхээр систем нь алдаа заахгүй шууд хүлээж авах боломжтой болсон. Гол системд захирлын эрхээр заавал нэвтэрч орно. Дараа нь нягтлан бодогчоо бүртгэж эрх олгоно. Хэрвээ албан ёсоор нягтлан бодогч авч ажиллуулаагүй бол өөрийнхөө регистрийн дугаараар нягтлан бодогч дээрээ давхар бүртгэж болдог. Тэгээд нягтлан бодогчийн эрхээр нэвтэрч тайлангаа илгээнэ. Гүйцэтгэх захирал дээр тайлан илгээх эрх байдаггүй” гэсэн тайлбараас үзэхэд санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ аж ахуйн нэгжийн удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нарын хэнээс нь шалтгаалж биелүүлээгүй болохыг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Аын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 39 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ