Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0412

 

                                                Г.Б, Ш.М нарын

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т,

Нэхэмжлэгч: Г.Б, Ш.М,

Хариуцагч: Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга,

Гуравдагч этгээд: Д.С,

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ш.М, гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 112/2022/0033/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б, Ш.М нар нь Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилохыг даалгах, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Быг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6 дугаар заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиолдолд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах, 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Б, Ш.М нараас Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилохыг даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Быг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6 дугаар заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиолдолд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах, 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “гуравдагч этгээд Д.С-ийн “М” ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн нийт хугацааг эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаалд ажилласан хугацаа гэж дүгнэх үндэслэлгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хүний ажилласан хугацааг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээр дүгнэхгүй бөгөөд Д.С нь “М” ХХК-ийн захирлаар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, “М” ХХК нь 2012 оноос Зүрхний хэт авиа оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг хийх тусгай зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл, санхүү, татварын тайлан тушааж байсан талаарх баримтууд, Эрүүл мэндийн газрын бүртгэл зэргээр нотлогдож байхад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээр дүгнэж буй нь үндэслэлгүй. Д.С нь “М” ХХК ийн захирлаар ажиллаж байсан тул өөрөө өөртэйгөө хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр ажилласан хугацаанд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.1.8-д “эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримтыг ТУЗ-д ирүүлэхээр” заасан бөгөөд нотлох баримт гэдгийг зөвхөн нийгмийн даатгалын дэвтэр гэж тайлбарлаж буй нь хэт өрөөсгөл байна. Иймд Д.Сэг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан “Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” гэх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг буруу үнэлсэн, бодит байдалд нийцэхгүй байна.

3.2. Шүүхийн “Д.Сэг эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн гэж дүгнэхгүй” гэх дүгнэлт нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журамтай нийцэхгүй байна. Учир нь сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх зааварт “эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх” гэх хуулийн шаардлагыг хэрхэн хангасан талаар үнэлэх арга зүйг “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцсан байдлыг 4 хүртэл оноогоор үнэлэхдээ эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр богино хугацааны сургалтад суралцсаныг илтгэх баримт бичиг, эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын мэргэших сургалтад хамрагдсан мэргэшлийн үнэмлэх, түүнтэй дүйцэхүйц баримт бичгийг тус тус үндэслэхээр заасан тул “гуравдагч этгээдийг эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн гэж дүгнэхгүй” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

3.3. “Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилохыг даалгаж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд нийцэхгүй. Учир нь Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн чухам аль хэсэгт заасан шийдвэр болох нь тодорхой бус, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зөвхөн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгогдсон сонгон шалгаруулалт хийх эрхийг шүүх өмнөөс нь хэрэгжүүлж Ш.Мыг шалгарсан болохыг тогтоож буй нь хуульд нийцэхгүй байна.

Ш.Мыг Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан заасантай нийцэхгүй байна. Учир нь уг маргааны хувьд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гараагүй, эс үйлдэхүй хууль болохыг тогтоогоогүй тохиолдолд Ш.Мыг Нэгдсэн эмнэлгийн захирлаар томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

3.4. Иймд 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч, хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилохыг даалгаж” шийдвэрлэсэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

            3.2. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулж, гуравдагч этгээд Д.С-ийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор нэгдсэн эмнэлгийн захирлаар томилсон нь хуульд нийцээгүй, анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, уг тогтоолыг хүчингүй болгожээ.

            3.3. Тодруулбал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан зэрэг шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.1.7, 5.1.8-д зааснаар дээр дурдсан шаардлагуудыг хангасан болохоо хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрээр нотлохоор байна. Гуравдагч этгээдийн тухайд энэ шаардлагыг хангаж байгаа болохоо баримт, тайлбараар бүрэн нотолж чадаагүй бөгөөд түүний “... “М” ХХК-ийн захирлаар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, “М” ХХК нь 2012 оноос Зүрхний хэт авиа оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан” гэх баримт, тайлбараар энэ шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

            3.4. Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн байх шаардлагыг хангахаар хуульд тодорхой заасан, “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.1.6-д зааснаар энэ хуулийн шаардлагыг боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт нотлох боломжтой, энэ тохиолдолд Д.С-ийн эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, энэ талаар төрийн албан хаагчийн анкетад бичигдээгүй тул энэ шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна. Харин Ш.Мы тухайд Удирдлагын академийн нийгмийн удирдлагын менежерийн 1,5 жилийн сургалтад хамрагдсан болох нь баримтаар тогтоогдож, энэ шаардлагыг хангасан байхад хариуцагч Д.С, Ш.М нарын оноог ижилхэн 8 оноогоор үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй, ойлгомжгүй байна.

            3.5. Дээрх байдлаар Д.С хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул шүүх түүнийг нэгдсэн эмнэлгийн захирлаар томилсон 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ш.Мыг хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж, сонгон шалгаруулалтад 61 оноо авсныг харгалзан түүнийг шалгаруулалтад шалгарсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тодорхойлсноор нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар томилсон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

            3.6. Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байхад Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулж шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй” гэх боловч тус зөвлөлийн зөвлөлийн дарга төлөөлөх эрхтэй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

            3.7. Мөн “... үзлэг оношилгоо хийсэн талаарх баримтыг шаардсан бол өгөх боломжтой байсан, ... шүүх зөвлөлийн эрх хэмжээнд халдаж, сонгон шалгаруулалтын үнэлгээг хийсэн, шүүхийн хянах хүрээ хязгаараас хэтэрсэн, ... Ш.Мы тухайд хариуцагч шаардагдах захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гараагүй, хууль бус эс үйлдэхүйг тогтоогоогүй” гэх боловч хэргийн оролцогч өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, ийнхүү гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд шүүх нэгэнт Д.С-ийг томилсон 06 дугаар тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэж, хүчингүй болгосон, Төлөөлөн удирдах зөвлөлийн үнэлгээг харгалзаж Ш.Мыг томилох нь холбогдох хуулийг зөрчихгүйн дээр энэ тохиолдолд хариуцагч Ш.Мыг хууль, журамд заасны дагуу үнэлж, томилоогүй эс үйлдэхүйг 06 дугаар тогтоолоор гаргасан гэж үзнэ.

3.8. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.С-ийн өмгөөлөгч Э.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН         

                        ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН