Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00106

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч М.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөшөөт овогт Мягмарын Энхболдод холбогдох 132/2017/0101/Э индекстэй, эрүүгийн 17150000620008 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөшөөт овогт Мягмарын Энхболд /РД:ГМ81052918/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Энхболд нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт иргэн С.Ягааныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээ/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхболд мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр айлын найранд очиход Ягаан гуай сууж байсан. Тэгээд жаахан халамцаад “муусайн гуйлгачингууд” гэх мэтээр үглээд эхэлсэн чинь авгай нь намайг “дуугүй суу гэж хэлээдэх” гэсэн. Тэгэхээр нь би Ягаан гуайд “таныг дуугүй бай гэж эхнэр чинь хэлж байна” гэсэн чинь үгэнд нь ороогүй, хүн бүр рүү үсчээд байснаа над руу дайчр давшлаад доромжлоод эхэлсэн. Тэгэхээр би хажуунаас өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300000 төгрөг төлсөн, хохирогч санал гомдолгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
17150000620008 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч С.Ягааны өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р багийн нутаг “Их арц” гэх нэртэй газарт тус багийн Ням-Очирынх хурим хийсэн юм. Уг айлд цайллаганд ороход манай багийн иргэд ихэнх нь ирчихсэн архи дарс, хоол унд идэж уугаад сууж байсан би ч тухайн үед архи уучихсан халамцуу байсан. Тухайн үед М.Энхболд нь надаас юм асуугаад байхаар нь “хуцаад бай, чамд хамаагүй” гэтэл миний зүүн хавирган тус газарт хөлөөрөө өшиглөж миний хавиргыг гэмтээсэн юм. Урд нь М.Энхболд нь намайг удаа дараа буюу 2 удаа зодож байсан, энэ удаа 3 дахь удаагийн явдал байгаа юм. Урд өмнөх болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, одоо л хандаж гомдол гаргаж байна гэх мэдүүлэг /хх-8-9 тал/, Гэрч Д.Даваагийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р багийн нутаг “Их арц” гэх нэртэй газарт тус багийн Ням-Очирын хуриманд гэр бүлийн хүний хамт очсон юм. Тэднийд 2-3 цаг болж байхад М.Энхболд нь ирж бид идэж, уугаад юм яриад сууж байтал манай нөхөр Ягаан халамцуухан амандаа үглэж, “Энхболдыг гуйлгачин манай Мааньтынхан Хөшөөтийхнийг бодвол баян” гэж хэлэхээр нь би “дуугуй бай, гэртээ харья” гэж байтал Энхболд цээжинд нь өшиглөхөөр нь “миний дүү боль” гэж хэлэхэд миний үгэнд орж больсон. Тэгээд би Ягааныг аваад гэр рүүгээ явж байтал миний хавирга хугарчихсан юм шиг байна өвдөөд байна гэхээр нь гэртээ авчирч унтуулаад өглөө нь эмчид үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-10-11 тал/, Гэрч С.Баттөмөрийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р багийн нутаг “Их арц” гэх нэртэй газарт тус багийн иргэн Ням-Очирынх хуримаа хийж манай голын Ягаан, Даваа, Баярсайхан нартай би хамт очсон юм. Уг найран дээр идэж, уугаад юм яриад сууж байтал Ягаан ах нэлээн халамцуухан болсон байсан. Тухайн үед амандаа юм яриад үглээд байсан гэсэн, удалгүй Энхболд миний хажуугаар Ягаан ахыг өшиглөтөл цээжээ дараад эвхэрсэн. Эхнэр нь удалгүй аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-12-13 тал/, М.Энхболдын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд байх Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл 3 дугаар багт байх С.Ягаан гэх айл хурим хийж байхаар нь очсон намайг очиход Ягаан, Батбаяр, Ягаан ахын эхнэр нар байсан. Тэгээд хуриманд очоод сууж байхад С.Ягаан ах нь “гуйлгачин, чам шиг гуйлгачин энд байхгүй” гээд хуруу гараараа чичлээд доромжлоод байхаар нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээс шууд гарч явсан ба дахиж эргэж орж ирээгүй, тэр чигтээ явсан юм. Бид хоёрын дунд өөр ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Тухайн үед ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх- 20 тал, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ¹225 тоот: 1. С.Ягааны биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 15 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21-23 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Энхболд нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт Ням-Очирын хуриман дээр С.Ягааны “гуйлгачин, чам шиг гуйлгачин энд байхгүй” гэснээс үүдэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа өшиглөж 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий С.Ягааны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч С.Ягаан, гэрч Д.Даваа, С.Баттөмөр нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ¹225 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Энхболдыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Энхболдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч эмчилгээний зардалд 300000 төгрөгийг төлсөнөөр хохирогч С.Ягаан санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч М.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Хөшөөт овогт Мягмарын Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Энхболдыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Энхболд нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсугэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД