Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 31

 

М.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 132/2017/0101/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   М.Э

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолтой М.Э-д холбогдох 17150000620008 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Э-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..., урьд ял шийтгэлгүй, ..., Х овогт М-ын Э.

   Шүүгдэгч М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт иргэн С.Я-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор:

Хөшөөт овогт М-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Э нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдолдоо: “...Уг шийдвэрийг зөвшөөрч байх боловч хөдөөгийн малчин бидний хувьд намрын ажил, өвс хадлан, өвөлжөө хаваржаагаа засаж янзлах гээд маш их ажил байдаг түүнийг нь өрхийн тэргүүн би зохицуулах ажил байдаг. Энэ байдлыг маань харгалзан Сум дундын шүүхийн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийдвэрийг торгох ялаар өөрчилж өгнө үү. Торгуулийн арга хэмжээнд ч анхаарч хөнгөлж өгнө үү…” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Шүүгдэгч М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Их-Арц гэх газарт иргэн н.Ням-Очирын гэрт хохирогч С.Я-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжин тус газарт өшиглөж биед нь “зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

хохирогч С.Я, гэрч Д.Д, С.Б нарын мэдүүлэг /хх 8-9, 11, 12/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 225 дугаартай дүгнэлт /хх 15/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч М.Э нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан,

хохирогч С.Я нь “…миний бие учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй” гэсэн /хх 45-46/ зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй байхад анхан шатны шүүх Х.М-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол “санаатай” учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна.

Иймд шүүгдэгч М.Э-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “…санаатай…” гэснийг хасч,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх…” гэснийг “…450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох…” гэж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай …” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгч М.Э-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

              ШҮҮГЧИД                                                            Ц.ТУЯА         

                                                                                             С.УРАНЧИМЭГ