Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00107

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Д.Баяраа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Х.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Хүрэлбаатарын Мөнхцэцэгт холбогдох 132/2017/0102/Э индекстэй, эрүүгийн 171506000154 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Хүрэлбаатарын Мөнхцэцэг /РД:ЧГ87021001/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Баярааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Мөнхцэцэгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 418000 төгрөг төлсөн, нотлох баримтын дагуу хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Баяраагийн өгсөн: 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш 6-7 цагийн үед үхрээ сааж байтал Мөнхцэцэг нөхөртэйгээ хоёулаа ирсэн. Мөнхцэцэг түрүүлж бууж ирээд “юу юу гэнээ” гээд л миний нуруу руу өшиглөсөн, тэгээд бостол шууд зуурч үсдээд намайг унагаад дороо хийж нүд ам руу зодсон. Хадмууд дээр очьё, чи хэлсэн зүйлээ хэл гээд аав, ээж хоёр дээр нь очсон. “Бид хоёрын яриа тоглоом байсан гэж хэлээрэй” гэж машинд тохирсон, түүнийг нь аав, ээжид нь хэлж байхад бас ирээд намайг зодсон. Миний уур хүрээд зууралдаж ноцолдсон. ...Тэгээд би Эрдэнэт орж үзүүлчихээд, Мөнхцэцэгийг надтай уулзаж учраа олж уучлалт гуйх байх гэсэн чинь шүүх цагдаад өг гэсэн. Эмчилгээ хийлгэсэн, хувийн эмнэлгээр явсан. 10 хоногийн эмчилгээний төлбөр 300000 төгрөг, зураг авахуулсаны 100000 төгрөгийн төлбөр, өөр бусад зардлууд гарсан. Одоогийн байдлаар 518000 төгрөг авсан. Би бие сэтгэлээр маш их хохирсон, яс үндэс, гарал үүсэл, хэл амаар доромжлогдож байна. Нүдэнд гэмтэл учирсанаас хагалгаанд орох шаардлагатай болсон энэ зардлаа гаргуулна, маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,
171506000154 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Д.Баяраагийн өгсөн: “Манайх Булган аймгийн Бүрэгхангай суманд мал маллан оршин суудаг бөгөөд манайхтай ойролцоо Сайжрах, Мөнхцэцэг гэдэг эхнэр нөхөр хоёр байдаг юм, энэ айл нь нэг том охинтой дахиж хүүхэд гараагүй айл юм. Сайжрах гэдэг хүний эхнэр Мөнхцэцэг нь 2016 оны хавар 4 сарын үед надруу утсаар залгаад “надад танилцах царайлаг залуу олж өгөөч, би хүүхэдтэй болмоор байна, Сайжрах бид хоёр зохицсон, ойлголцсон байгаа” гэж ярьсан, ингэж ярьсаныхаа дараа “гайгүй хүн олдох шинж байна уу” гэж манай гэрт орж ирж надаас асуусан тухайн үед би түүнд хандан “наадах чинь дараа нь хачин юм болно шүү, тэгээд ч танд надад танилцуулчих хүн амьтан байхгүй” гэж хэлсэн. Энэ талаар би хэн нэгэн хүнд юм яриагүй өөртөө хадгалаад явж байсан чинь Сайжрах ирээд “чи манай эхнэрт нөхөр олж өгөх гэж байгаа гэсэн үү” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ, чиний эхнэр чинь л тийм юм яриад явж байсан” гэж хэлсэн чинь яваад өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой манай гэрт Сайжрах, Мөнхцэцэг хоёр ирээд “чи яасан их хүн доромжилдог хүн бэ” гэж хэлээд үсдэж аваад дээр дарж сууж байгаад хоёр гараараа миний нүүрлүү 5-6 удаа цохиж авсан, ингээд хадам аав ээж хоёрт хүртэл худлаа юм ярьсан байна, одоо очиж худлаа гэж хэл гээд машиндаа суулгаад Ядам гэх айлд очсон. Тэнд Ядам болон түүний эхнэр Цэнд-Аюуш, Хайдав, Цагаанаа гэх хүмүүс байсан. Машинаас буухад тэр хүмүүс бүгд гэрийнхээ гадаа байсан. Тэдгээр хүмүүст хандан “танай бэр чинь өөрөө л над дээр ирээд танилцах залуу олж өгөөч, би хүүхэдтэй болмоор байна” гэсэн гэдгийг нь хэлсэн чинь Мөнхцэцэг дахин намайг үсдэж аваад дээр дарж суугаад хоёр гараараа 8-9 удаа толгойруу цохиж, газарт хэвтэж байхад 3-4 удаа өшиглөсөн. Дараа нь намайг гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-30-31 тал/, Гэрч Я.Сайжрахын өгсөн: ...Тухайн өдөр Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “Цоохор морьт” гэх газарт нутаглах өөрийн аав Ядамын гэрт өглөө 10 цагийн үед очсон юм. Тэгэхэд Д.Баяраа нь надтай хэрүүл маргаан хийж “танай эхнэр чинь надаас нөхөр олж өг” гээд гуйж байсан гээд “муу сайн гуйлагачингууд” гээд байсан. Тэгээд би гадуур явж байгаад орой 17 цагийн үед гэртээ хариад эхнэр болох Х.Мөнхцэцэгт “чи яагаад Баяраагаас нөхөр олж өг гээд гуйгаад явсан юм бэ” гэж асуухад эхнэр Мөнхцэцэг “тийм зүйл яриагүй” гээд бидний хооронд жаахан хэрүүл маргаан гарсан. Тэгээд бид 2 маргааныг таслах гээд бэр Д.Баяраагийнд очиход Д.Баяраа үхрийнхээ зэлэн дээр үнээгээ саагаад сууж байсан. Эхнэр бид 2 машинтай Баяраа дээр яваад очиход эхнэр машинаас буугаад Баяраатай маргалдаж “чи эхнэр нөхрийн дунд яагаад яс хаяад байгаа юм бэ” гэж хэлээд хоорондоо ноцолдож зууралдаад авсан юм гэх мэдүүлэг /хх-33 тал/, Гэрч Д.Цагаанцоожийн өгсөн: ...Тухайн өдөр Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг “Цоохор морьт” гэх газарт нутаглах хадам аав Ядамын гэрийн гадаа 18 цагийн үед Мөнхцээцг, Баяраа нарыг маргалдаж байхыг сонссон. Яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-34 тал/, Х.Мөнхцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Сайжрах үдээс хойш 17 цагийн үед гэртээ ирэхдээ надад хандаж “чи Баяраагаас хүүхэд гарахгүй байна нөхөр олж өгөөч гээд гуйж явсан байна” гэж хэлсэн. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болж бид маргааныг таслахын тулд Баяраа дээр очиж учраа олохоор Баяраагийн гэрийн гадаа нь очсон юм. Гэтэл Баяраа үнээгээ саагаад зэлэн дээрээ сууж байсан. Баяраад хандаж би “чамаас би хэзээ нөхөр олоод өгөөч гэж гуйсан юм бэ” гэж хэлэхэд Баяраа “чи тэгэж хэлсэн хүнийг яадаг юм, гуйлгачин пизда нар минь” гээд байсан. Тэгэхээр нь “би чамаас юу гуйсан юм бэ” гэхэд чи надаас “нөхөр гуйсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоорондоо барьцалдаж аваад Баяраа миний нурууруу өшиглөж, цээж рүү гараараа цохисон.Тэгэхээр нь би Баяраагийн шанаа хэсэг рүү нэг удаа, дух руу нь нэг удаа нийт 2 удаа гараараа цохьсон юм гэх мэдүүлэг /хх-52, 60 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ¹167 тоот: 1. Д.Баяраагийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн баруун нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх 15 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ¹816 тоот: 1. Шинжээч эмч О.Нансалмаагийн №167 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. Д.Баяраагийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн бус үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 44-45 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл /хх-1 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх-5 тал/, хохирогчийн эмчлүүлсэн баримт, өвчний түүх /хх-13-28 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55, 58 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт гэртээ нөхөр Сайжрахын чи Баяраагаас “хүүхэд гарахгүй байна, нөхөр олж өгөөч гээд гуйж явсан байна” гэснээс үүдэлтэй үүссэн гэр бүлийн маргааны явцад Д.Баярааг нүүрэн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Баяраа, гэрч Я.Сайжрах, Д.Цагаанцоож нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ¹167, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ¹816 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Мөнхцэцэгийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд шүүгдэгч Х.Мөнхцэцэгийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Мөнхцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хэргийн 13-22 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудыг үнэлээд шүүгдэгч Х.Мөнхцэцэгээс нийт 558100 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлаас бусдын нэрийн өмнөөс нэхэмжилсэн 15300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд 518000 төгрөг, шүүх хуралдааны явцад 40000 төгрөгийг, нийт 558000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч Х.Мөнхцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шарнууд овогт Хүрэлбаатарын Мөнхцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Мөнхцэцэгийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсугэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан 558000 /таван зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Мөнхцэцэг төлсөнг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15300 /арван таван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Баяраа нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД