Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2019/00008

 

Б.Ба-, Э.Жа- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ба-

Э.Жа-

Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч. Э.Баасандэмбэрэл

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Э.Жа-гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ба- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хайрханы өвөр гэдэг газар мал маллаж амьдардаг, Тосонцэнгэл сумын төвөөс 3 км орчим зайтай бөгөөд сумын төвд нэг гэр маань байдаг юм. Урд орой нь малаа хашаанд нь хашиж хонуулаад 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн үед малаа бэлчээрт нь гаргах гээд хашаатай хонь руугаа очтол О.Энх-ын нохой манай амьжиргааны эх үүсвэр болсон хониноос 33 толгой хонийг барьж шархдуулсан байсан. Би сумын төвөөс алхаж очсон бөгөөд намайг очиход нэг хар саарал өнгийн зүстэй нохой хашаан дотор хэд хэдэн хонийг бариад шархдуулсан байдалтай, хашааны гадна талд нэг нохой хэвтэж байсан. Тухайн үед 15 хонь үхсэн, дараа нь 2 хонь нэмж үхсэн. Үлдсэн 16 хониноос 4 төлөгний хүзүү нь мултарч мурийсан бөгөөд мал эмнэлгээс эм тариа авч хийж байгаа боловч одоог хүртэл тэжээж байна. Тухайн хонинууд нь бэлчээрт гарах ямар ч боломжгүй байгаа. Тэгээд орой нь сумын төвд байдаг гэртээ очиж эхнэртээ хэлсэн. Тэгээд тэр нохойг хайгаад байсан чинь О.Энх-ын нохой болохыг нь мэдсэн. Энэ талаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг дарга Б.*******үүд хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд Цагдаагийн байгууллагын ажилтан, багийн засаг дарга нар байж байгаад нохойг устгуулсан. Энэ байдлаа О.Энх-д хэлсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд О.Энх-аас гэм хорын хохирол болох 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Э.Жа- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2018 оны 2 дугаар сарын 25-ны өглөө манай нөхөр эрт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ирээд түлээ хагалчихаад 10 цагийн үед малаа бэлчээхээр хөдөө байдаг гэрлүүгээ явсан юм. Орой нь 20 цагийн үед гэртээ ирээд малруу нохой орж олон хонь барьсан талаар надад хэлсэн. Би тэр үед нялх биетэй, гэрээс гарах боломжгүй байсан учраас газар дээр нь очиж үзээгүй. Манай нөхрийг очиход саарал зүсмийн нохой ороод хонийг хазчихсан байсан гэсэн. Тэгээд 02 сарын 25-ны орой 20 цагийн үед дүү *******оо руу яриад хөдөө хамт явсан. Өглөө нь ийм үйл явдал болсон, манай нөхөр өдөржин үхэх гэж байсан хонинуудыг ганцаараа тусгаарлаж бэлчээрт гарах чадвартай хонийг бэлчээрт нь гаргасан. Ямар зүстэй нохой байсныг асуухад саарал нохой байсан, тухайн үед утасгүй учраас ар гэрлүүгээ ярих боломжгүй байсан гэж хэлсэн. Тэр орой 20 цагийн үед гэртээ ирээд дүү *******оо руу залгаад манайд хүрээд ир, манай хонийг саарал нохой хазчихсан байна, манай цаад талын тэжээлийн фондны хашаа руу саарал нохой орсон тэр нохой байж магадгүй гэж байсан. Дараа нь эзнийг олсон, тэр нохой О.Энх-ын нохой байсан гэсэн. Тухайн үед 33 хонь нохойд хазуулсан, 17 хонь нь тэр дороо үхсэн, 16 хонь амьд үлдсэн байснаас сүүлд нь 4 хонь дахиад үхсэн, одоо 12 хонь үлдээд байгаа боловч түүний мах сүү зэргийг хүнсэнд хэрэглэж болохгүй учраас 1 жилийн хугацаанд хараад дахин шинжилгээ хийлгэн, шаардлагатай гэвэл устгуулах ёстой учраас энэ 12 хонины үнийг бас нэхэмжилж байгаа юм. Иймээс нийт 19 тооны төлгөн хонийг 70,000 төгрөгөөр, 14 эм хонь 100,000 төгрөгөөр үнэлж, хонины үнэ 2.730.000 төгрөг, 80 боодол өвсийг 9,000 төгрөгөөр тооцож 720.000 төгрөг, Нарны эхэр ХХК, болон Нэрс эмийн сангаас амбицлин тариа, өмхий ногоон тос зэрэг эм тарианд 175,500 төгрөг зарцуулж нийт 3.625.500 төгрөгөөр хохироод байна. Иймд дээрх хохирлоо О.Энх-аас нэхэмжилж байна... гэв.

Хариуцагч О.Энх- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул багийн засаг дарга Б.*******үү, Дархан-Уул багийн иргэн Б.Ба- нар манай гэрт ирж танай нохой Б.*******ын хонийг барьсан учраас устгаж шинжилгээнд явуулна гэсэн юм. Би 10 гаруй жил тэжээсэн нохойгоо устгуулахгүй, манай нохой хөдөө малаа манаад байж байдаг, манай нохой танай хонийг барих ёсгүй, та нар юугаар нотлох юм бэ?, манай нохой түүхий мах иддэггүй, болгож чанасан мах иддэг гэж хэлсэн боловч тоогоогүй. Тэгээд манай нохойг хашааны гадна алаад толгойг нь цавчаад аваад явсан. Та нар ингэж болдог юм уу арай дэндэж байгаа юм бишүү гэж би хэлсэн. Өөрөө тэжээж 10 гаруй жил малаа, хотоо мануулж байсан нохойгоо хашаандаа нүдэн дээрээ буудуулж толгойг нь тас цавчуулаад авахуулах хэцүү байсан. Нэхэмжлэгч Б.*******а нь ******* гэдэг хүнтэй ээлжилж малаа хардаг. Өөрсдөө сумын төвд орж ирж хонодог, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мал дээрээ байдаг гэртээ хоноогүй өглөө нь 10 цагт очиход л ийм үйл явдал болсон байна. Малаа хараа хяналтгүй орхисноос ийм зүйл болсон. Би нохойгоо 2006 оноос хойш тэжээж эхэлсэн, 12 жил малаа харуулж тэжээж байсан. Нохойны бичиг баримт, татвар төлж байсан талаарх баримт хэрэгт байгаа. Миний нохой хонь барьж идэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Үнэхээр манай нохой тэдний хонийг барьсан гэдгийг юугаар нотлож байгааг ойлгохгүй байна. Шалгаж нотлоогүй байж манай нохойг буудаж алдсанд гомдолтой байгаа. Б.*******ын хоньруу 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нохой орсон гэх боловч 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг даргадаа хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн байгаа. Яагаад тухайн үед нь тэр дор хэлж ярьж шалгуулаагүй юм бэ?, тэгээд Б.Ба- хонь барьсан нохойг харсан гэсэн атлаа зүсийг нь янз бүрээр, өөр өөр хэлдэг, хар саарал, саарал, шар саарал гэх мэтээр өөр өөр хэлдэг. Манай нохой 2013 онд гэрчилгээ авахдаа 7 настай, 2018 онд 12 настай хөгшин нохой байсан, хонь барих ямар ч чадвар байхгүй. Манай хүүхдүүдийг хичээлдээ явахаар сургуульруу нь дагаад яваад байдаг учраас уяатай байдаг. Манай нохойг алуулснаас хойш өөр айлын хоттой хоньруу нохой дайраад байна гээд сумын захиргаанаас ажил зохион байгуулж байсан. Тэгээд ч би Б.*******ын хонийг манай нохой барьсан гэж бодохгүй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ба-, Э.Жа- нарын нэхэмжлэлтэй хариуцагч О.Энх-д холбогдох Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ба-, Э.Жа- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ба-, Э.Жа- нараас шинжээчийн ажлын хөлс болох 20.000 төгрөгийг гаргуулж, Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шинжээчийн ажлын хөлс болох 20.000 төгрөгийг Хүрэл бэрс ХХК-ийн ХААН банк дахь ******* тоот дансанд төлөхийг нэхэмжлэгч Б.Ба-, Э.Жа- нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Жа- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Жа- би Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 26-нд гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгч нар нь хонийг хазсан гэх нохойг хариуцагч О.Энх-ын өмчлөлийн буюу эзэмшлийн нохой болохыг хангалттай нотолж чадаагүй, нэхэмжлэгч Б.Ба- нэхэмжлэлдээ хар саарал зүстэй, залуу нохой байсан гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нохойтойгоо авахуулсан зураг дээрх шар халтар зүстэй нохойг хоньруу орсон нохой мөн байна гэж зааж нохойны зүсийг хэд хэдэн удаа зөрүүтэй хэлсэн, ... зураг дээрх шар халтар нохойг өөрийн хоттой хоньруу орж хазаж гэмтээсэн нохой гэж шууд заах байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь мал амьтныг зүслэхэд тухайн мал амьтаны зүс нь цул биш өвөрмөц зүстэй байх тохиолдолд тухайн хүний харсан өнцөг, харааны болон өнгө ялгах чадвар зэрэг онцлогоос шалтгаалж ялгаатай нэрлэх боломжтой.

Мөн бид 2018 оны 03 дугаар сарын 03-нд хоттой хонь руу нохой орж 30 гаруй хонь барьсан талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Улмаар гэмт хэргийн талаар мэдээллийг Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Т.Лхагварагчаа шалгаж холбогдох гэрч асууж, таньж олуулах ажиллагаа хийж, холбогдох шинжилгээ хийгдсэн байдаг.

Дээрх ажиллагаагаар Б.*******ын мэдүүлгээс гадна гэрч Э.Отгонбаяр, Х.Бадам-Очир, И.Должинжав, Э.Отгонбаяр нарын мэдүүлгүүдэд саарал нохой хонь барьж байхыг харсан, саарал нохой хүзүүвчтэй бөгөөд тэжээлийн фонд хавиар явж байсан, мөн О.Энх-ын хашаанд байсан нохой мал барьсан нохой мөн байсан талаар мэдүүлсэн байдаг.

Мөн Мал эмнэлэг үржлийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны 311/05 дугаартай албан бичигт ...үхсэн хонь, устгасан нохойноос дээж авч мал эмнэлэгийн лабораторид хүргүүлж шинжлүүлэхэд галзуу өвчин илэрсэн

Түүнчлэн гэрч Ажирахгүй мэдүүлэхдээ ... саарал зүсмийн нохойг О.Энх-ын хашаанд устгасан ... миний харснаар соёо нь том, биеийн байдал зэргийг ажиглахад залуу нохой бололтой байсан. Ойролцоогоор 8, 9 настай нохой болов уу гэж бодсон. Тэнд байсан хүмүүст шүд, соёог нь гаргаж харуулаад шүд соёоны байдлыг харахад хөгшин нохой биш байна шүү гэж хэлсэн гэсэн байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд эдгээр баримтуудыг гарган өгч, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага нь эдгээр баримтуудаар нотлогдож байгааг тайлбарласан боловч эдгээр нотлох баримтуудад шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

2. Анхан шатны шүүх шийдвэртээ ... хариуцагч 2013 онд нохойдоо гэрчилгээ авахад 7 настай байсан, 2018 онд 12 настай хөгшин нохой болох нь нохойны гэрчилгээ, 2009 онд нохойтойгоо авахуулж байсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна, энэ талаар нэхэмжлэгч няцаалт хийсэн эс зөвшөөрсөн нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Хариуцагчийн энэ тайлбар нь гэрч Ажирахгүйн мэдүүлгээр няцаагддаг, харин ч 2013 онд нохойдоо гэрчилгээ авахад нохой нь 7 настай байсан эсэх нь эргэлзээтэй байдаг.

3. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ ... таниулж байгаа 3 нохойны зургийг өөр өөр газарт авч уг фото зургуудаар таниулсан бөгөөд О.Энх-ын нохойг түүний хашааны үүдэнд байлгаж байгаад авсан зургаар таниулж байгаа нь таньж байгаа хүн болох Б.Ба- нь өмнө нь О.Энх-ын нохой гэж мэдэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: таньж олуулах ажиллагаанд Б.*******ыг байх үед авсан гэж тайлбарласан зурагнаас өөр зураг байсан. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд ... Б.Ба-ас ямар содон шинж тэмдэгээр нь уг нохойг таньж байгааг тодруулахад: хар сортой саарал нохой байсан, боривоо хавчсан аймхай бололтой нохой байсан гэх шинжээр таньсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх таньж олуулах ажиллагаанд ашиглаагүй зургийг тайлбарласан бөгөөд нохойны зургийг О.Энх-ын хашааны үүдэнд авсан учраас Энх-ын нохой гэж мэдэх бүрэн боломжтой гэж субьектив хийсвэр дүгнэсэн.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Халтарынд намайг 4 цагийн үед орсон гээд байгаа нь худлаа. Би 8 цагийн үед гэртээ харьсан, шархтай хонь малаа янзалж байгаад. Халтарын гэр манай гэр хоёрын хооронд хол зайтай учир 4 цагийн үед би Халтарынд байгаагүй гэв.

Нэхэмжлэгч Э.Жа- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай нөхөр нэхэмжлэл гаргасан. Манай нөхөр хөдөө байдаг учраас миний бие Цагдаагийн байгууллагаас бүх нотлох материалыг цуглуулж шүүхэд авч ирж өгсөн. Нохой таниулах ажиллагаанд би оролцоогүй, манай нөхөр оролцсон. Шүүхийн шийдвэртэй танилцахад манай нөхөрт таниулсан хариуцагч О.Энх-ын нохойны зураг нь хашааных нь үүдэнд авахуулсан зураг нь биш байсан гэсэн. Тэгээд би шүүхэд өгсөн байсан зургийг нөхөртөө авч ирж үзүүлэхэд зураг солигдсон байна гэж надад хэлсэн гэв.

Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагаа дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хонийг хазсан гэх нохойг хариуцагч О.Энх-ын эзэмшлийн нохой болохыг хангалттай нотолж чадаагүй, нэхэмжлэгч Б.Ба- нь нэхэмжлэлдээ хар саарал үстэй залуу нохой байсан гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нохойтойгоо авахуулсан зураг дээрх шар халтар нохойг хонь руу орсон нохой мөн байна гэж зааж, нохойны зүсийг хэд, хэдэн удаа зөрүүтэй хэлсэн нь тухай нохойг шууд зааж байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

Хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд байгаа зургийн өнгөний контрас нь алдагдсан, эффект орчихсон тухайн зургийг хүн хараад шар халтар нохой гэж болохоор зураг байгаа. Гэтэл нохойны гэрчилгээн дээр саарал зүстэй нохой гэж бичсэн. Тийм зураг үзүүлээд энэ нохой мөн үү гэхэд нэхэмжлэгч бол ерөнхий байдлаар нь энэ нохой мөн байна гэж хэлэхэд шар халтар нохойг саарал зүстэй нохой гэж хэллээ гэсэн байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч О.Энх- манай нохой нь хонь хариулдаг нохой 2013 онд гэрчилгээ авахад 7 настай байсан 2018 онд 12 настай хөгшин нохой болох нь гэрчилгээ, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч няцаалт хийсэн, эс зөвшөөрсөн нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: гэрч Ажрахгүйн мэдүүлэгт саарал зүстэй нохойг О.Энх-ын хашаанд устгасан, нохойны шүд хурц, урд соёоны дээшээ гарсан хэсэг нь ойролцоогоор 2.5 сантиметр урт байсан, биеийн байдлыг харахад залуу нохой байсан, тухайн үед би тэнд байсан хүмүүст шүд соёог нь гаргаж харуулаад хөгшин нохой биш байна шүү гэж хэлж байсан гэх гэрчийн мэдүүлэг. Энэ мэдүүлгээр нохой хөгшин учраас хүн гүйцэхгүй байсан гэх тэр тайлбар няцаагдаж байна. Энэ байдлуудаас харахад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, дүүрэн бодитой үнэлээгүй, шийдвэр гаргахдаа нэг талыг хэт баримталсан гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ таньж олуулах ажиллагааны үед 3 өөр нохойн зургийг нэхэмжлэгч Б.Ба-д харуулахад хариуцагч О.Энх-ын хашааны өмнө авсан тухайн нохойн зургийг зааж таньсан нь эргэлзээтэй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ба- нь таньж олуулах ажиллагааны үед ашигласан хавтаст хэрэгт авагдсан зургаас өөр зураг байсан. Тухайн үед таньж олуулах ажиллагаа явуулах үед бор өнгийн дээлтэй очсон байсан бол, одоо хавтаст хэрэгт авагдсан зургаас өөр өнгийн дээлтэй зураг байсан. Нэхэмжлэгч Б.Ба- нь тухайн үед би баруун гараараа зааж байсан гэдэг. Тэгээд зааж байгаа зургаас харахад зүүн гарын долоовор хуруугаар зааж байдаг. Нэхэмжлэгч Б.Ба- хэлэхдээ ийм зураг байгаагүй царай төрөх нь тодорхой харагдаж байсан, бүгд наашаа харж байгаа зураг байсан гэдэг. Тэгээд хашааны гадаа авахуулсан зургийг хэзээ хавтаст хэрэгт орсон талаар нэхэмжлэгч Э.Жа- асуухад 2018 оны 04 сард прокуророос тогтоол авахаар прокурор Ганзоригтой уулзсан байдаг. Тухайн уулзах үедээ би тэр зургийг авчихсан явж байгаад ийм нохой байсан гэж үзүүлэхэд наад зургаа надад өгчих гээд авч үлдсэн байдаг. Нохой таниулж олуулах ажиллагаа нь 2018 оны 03 дугаар сард болоод өнгөрчихсөн.

Шүүх хуралдааны явцад хариуцагч О.Энх- нь манай нохойг гадаа явж байхад нь хашааны үүдэн дээр зургийг нь авсан гэх зүйлийг ярьсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан зураг нь хашааруугаа орж байгаа нохойн зураг байгаа болохоос биш, хариуцагчаар нохойг бариулж байгаад авахуулсан зураг биш байсан. Таньж олуулах ажиллагаанд О.Энх- нь огт оролцоогүй.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх тэрийг нь авч хэлэлцээгүй. Тухайлбал: саарал нохой хонь барьж байхыг нүдээр хараад салгаж байсан, дараа нь тэр нохой айлын хашаанд байхыг хараад таньсан гэрч *******ын мэдүүлэг, Отгонбаярын мэдүүлэг, тухайн үед нэхэмжлэгч Б.Ба-ас гадна машинтай хажуугаар нь явж байсан 3 малчин нохойг мал барьж байхыг харсан байдаг. Мөн шинжилгээгээр хариуцагч О.Энх-ын нохой галзуу өвчинтэй байсан нь тогтоогдсон. Хазуулсан хониноос өвчин илрээгүй тухайн мал эмнэлгийн тасгаас ирүүлсэн албан бичиг байдаг. Хариуцагч О.Энх- нь буруугаа хүлээгээд эмийн сангаас эм авч өгсөн, эм, тарианд 248.000 төгрөг өгсөн талаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд байгаа. Анхан шатны шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч нарын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж үзээгүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтуудыг шүүх авч хэлэлцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх... хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэргийн 120-р хуудсанд Б.Ба-, Э.Жа- нарын нэхэмжлэлтэй О.Энх-д холбогдох гэм хорын хохирол 3.625.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 48 дугаартай захирамж гаргахдаа ...шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан, Б.Өлзийхишиг нарыг томилж, шүүх хуралдаан даргалагчаар Ж.Отгонхишигийг томилжээ.

Гэвч шүүгч Б.Уртнасан нь энэ хэрэгт миний нөхөр Б.Саруул-Эрдэнэ Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажилладаг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн учир миний бие хуулинд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж сум дундын Ерөнхий шүүгч Ж.Отгонхишигийн нэр дээр хүсэлт гаргажээ. /Хэргийн 124-р хуудас/

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Отгонхишиг шүүгч Б.Уртнасан хуулинд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй учир шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг томилж өгнө үү гэж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1/90 дугаартай албан бичиг явуулжээ. Албан бичгийн хариуд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Балжиннямыг оролцуулахыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4/32 тоот албан бичгээр мэдэгджээ.

Гэтэл хавтаст хэргийн 127-р хуудсанд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Отгонхишиг 52 дугаартай захирамжаар шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан шүүгч Б.Уртнасанг шүүх бүрэлдэхүүнд томилж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн орлон гүйцэтгэгчийн 52 дугаартай захирамжаар томилогдоогүй шүүгч Б.Өлзийхишиг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.Ба-, Э.Жа- нарын нэхэмжлэлтэй О.Энх-д холбогдох гэм хорын хохирол 3.625.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан ...хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Жа-гийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Э.Жа-гийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.Жа- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72.958 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.НАМХАЙДОРЖ