Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2019/00224

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2019/00224

Тосонцэнгэл сум

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... оршин суух Х овогт Б.Б, Т овогт Э.Ж нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ... тоотод оршин суух З овогт О.Э-д холбогдох Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл /онлайнаар/, хариуцагч О.Э, иргэдийн төлөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хайрханы өвөр гэдэг газарт мал маллаж амьдардаг, уг газар нь Тосонцэнгэл сумын төвөөс 3 км орчим зайтай байдаг бөгөөд сумын төвд нэг гэр маань байдаг. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө төвийн гэрээсээ 10 цагийн орчим хөдөөний гэртээ очоод малаа бэлчээрт нь гаргах гээд хашаатай хонь руугаа очтол нэг хар саарал өнгийн зүстэй нохой хашаан дотор хэд хэдэн хонийг бариад шархдуулсан, нэг хонийг хазаад байж байсан. О.Эын нохой манай хониноос 33 толгой хонийг барьж шархдуулснаас 15 хонь үхсэн, дараа нь 2 хонь нэмж үхсэн. Үлдсэн 16 хониноос 4 төлөгний хүзүү нь мултарч мурийсан бөгөөд мал эмнэлгээс эм тариа авч хийсэн, мөн өвс тэжээл авч тэжээсэн. Тухайн хонинууд нь бэлчээрт гарах ямар ч боломжгүй байсан учраас тэр орой нь сумын төвд байдаг гэртээ очиж эхнэртээ хэлсэн. Тэгээд тэр нохойг хайгаад байсан чинь О.Эын нохой болохыг нь дараа мэдсэн. Энэ талаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг дарга Б.Даваахүүд хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилтан, багийн засаг дарга нар байж байгаад нохойг устгуулсан. Энэ байдлаа О.Эд хэлсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймд О.Эаас хохирол болох 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөр 07 цагаас 07 цаг 30 минутын үед сумын төвд байдаг гэртээ ирж надад түлээ мод хагалж өгөөд буцаад очиход манай хонины хашаа нь эвдэрчихсэн 33 толгой малыг барьж шархадуулсан байсан. Шархдуулсан 33 толгой хонины 15 толгой нь эм хонь байсан. Шархадсан хонио тэжээхээр нэг боодол өвсийг 9000 төгрөгөөр тооцоод 80 ширхгийг 630,000 төгрөгөөр авсан. Малын эмийн сангаас эм тариа авч шархадсан малаа эмчилсэн. Малын эмийн сангаас авсан эм тарианы зарлагын баримт болон малын эмчийн тодорхойлолт зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би тэр өдөр тухайн үйл явдлыг мэдээгүй байж байтал манай нөхөр 20 цагийн орчимд гэртээ ирээд хонио бариулчихлаа гэхээр Чи яагаад энэ тухайгаа хэлсэнгүй гэхэд шувуу оволзоод тал хонь нь уул руу гарчихсан түүний араас яваад, шархадсан хонио янзлаад утасгүй болохоор хэл дуулгаж чадсангүй гэсэн. Хариуцагч О.Эын нохой нэг төлөгний хүзүүг тас татаад байж байхад нь манай нөхөр орилоход тэр нохой хашаа даваад зугтахаар өвөлжөөний баруун тал руу нохойг хөөчхөөд араас нь дурандаад үзэхэд О.Эын наад талын эзэнгүй хашаа руу орохыг харсан байсан. Тэр үед О.Эын нохой гэдгийг мэдээгүй. Манай нөхөр орой сумын төвийн гэртээ ирээд одоогоор 10-иад хонь үхчихлээ. Үхээгүй хонийг багтах хэмжээгээр гэртээ орууллаа гэсэн. Тэгээд хүн гуйгаад эм тариа авч шархдсан малаа эмчилсэн. 2-3 хоногийн дараа цагдаад мэдэгдсэн болохоор өвсний хашаанд хийсэн байсан хониныхоо зургийг дарсан. Багийн засаг дарга болон цагдаагийн албан хаагч нар О.Эын нохойг устгасан. Нохойны болон хонины толгойнд галзуу өвчний шинж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар явуулахад нохойноос галзуу өвчин илэрсэн харин манай хонины толгойноос галзуу өвчний шинж тэмдэг илрээгүй. Гэвч мал эмнэлгийн эмч малд галзуу өвчний нууц үетэй байдаг хүнсэнд хэрэглэх боломжгүй гэсэн. Хэрэв мал эмнэлэг устга гэвэл устгана гэж бодож байгаа. Нэхэмжлэлээ гаргахдаа хууль зүйн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авахад шүүх тодорхой бус асуудлыг шийдвэрлэдэггүй нийлүүлээд бич гэхээр нь амьд байгаа 12 хониныхоо үнийг нийлүүлээд бичсэн. Амьд байгаа 12 хонины үнийг нэхэмжилж байгаа шалтгаан нь хариуцагчаас малыг малаар нь сольж өгөх болов уу гэж бодсон.

Тиймээс хариуцагч Эаас 1 ширхэг төлгийг 70.000х19=1,330,000 төгрөг, 1 эм хонийг 100,000х14=1,400,000 төгрөг, 1 боодол өвсийг 9,000х80=720.000 төгрөг, эм тарианд 175,500 төгрөг зарцуулсан тул хариуцагч О.Эаас нийт 3.625.500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч О.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул багийн засаг дарга Б.Д, Дархан-Уул багийн иргэн Б.Б нар манай гэрт ирж танай нохой Б.Бын хонийг барьсан учраас устгаж шинжилгээнд явуулна гэсэн. Би 10 гаруй жил тэжээсэн нохойгоо устгуулахгүй, манай нохой хөдөө малаа манаад байж байдаг, манай нохой танай хонийг барих ёсгүй, та нар юугаар нотлох юм бэ?, манай нохой түүхий мах иддэггүй, болгож чанасан мах иддэг гэж хэлсэн боловч тоогоогүй. Тэгээд манай нохойг хашааны гадна алаад толгойг нь цавчаад аваад явсан. Нэхэмжлэгч Б.Б нь Г гэдэг хүнтэй ээлжилж малаа хардаг. Өөрсдөө сумын төвд орж ирж хонодог, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мал дээрээ байдаг гэртээ хоноогүй өглөө нь 10 цагт очиход л ийм үйлд явдал болсон байсан. Малаа хараа хяналтгүй орхисноос ийм зүйл болсон. Би нохойгоо 2006 оноос хойш тэжээж эхэлсэн, 12 жил малаа харуулж тэжээж байсан. Нохойны бичиг баримт, татвар төлж байсан талаарх баримт хэрэгт байгаа. Миний нохой хонь барьж идэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Үнэхээр манай нохой тэдний хонийг барьсан гэдгийг юугаар нотолж байгааг ойлгохгүй байна. Шалгаж нотлоогүй байж манай нохойг буудаж алдсанд гомдолтой байгаа. Б.Бын хонь руу 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нохой орсон гэх боловч 3 дугаар сарын 01-ний өдөр багийн засаг даргадаа хэлсэн, 3 дугаар сарын 03-ны өдөр цагдаад мэдэгдсэн байдаг. Тухайн үед нь тэр дор нь цагдаад мэдэгдэж шалгуулаагүй. Б.Б хонь барьсан нохойг харсан гэсэн атлаа зүсийг нь хар саарал, саарал, шар саарал гэх мэтээр өөр өөр хэлдэг. Манай нохой 2013 онд гэрчилгээ авахдаа 7 настай, 2018 онд 12 настай хөгшин нохой байсан, хонь барих ямар ч чадвар байхгүй. Манай хүүхдүүдийг хичээлдээ явахаар сургууль руу дагаад яваад байдаг учраас өглөө голдуу уяатай байдаг. Манай нохойг алуулснаас хойш өөр айлын хоттой хонь руу нохой дайраад байна гээд сумын захиргаанаас ажил зохион байгуулж байсан. Тэгээд ч би Б.Бын хонийг манай нохой барьсан гэж бодохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нар нь хариуцагч О.Эаас Нохойд хазуулж үхсэн, шархадсан хонины үнэ болон эм тариа, өвс худалдан авахад зарцуулсан мөнгө буюу эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний нохой мал барьдаггүй тул Б.Б, Э.Ж нарын эд хөрөнгөд хохирол учруулаагүй... гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол /хх 5/, ...Малчин Б.Бын үхсэн 12 хонь /нохойд уруулсан/, ВО52 өвчнөөр өвчилсөн нохойд уруулсан гэх шархтай 3 хонь, ВО52 өвчний шинж тэмдэгтэй 1 нохойг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр устгаж дээжийг лабораторид илгээсэн... гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ВО52 өвчин гарсантай холбоотой мал, амьтан устгасан акт /хх 6/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн засаг даргын тодорхойлолтууд /хх 8-9/, мөн сумын хөдөлмөр нийгмийн халамжийн мэргэжилтний тодорхойлолт /хх 7/, эмийн сангаас эм тариа, өвс худалдан авсан талаарх тодорхойлолтууд /хх 10-12/, ХААН банк, төрийн банк дахь Б.Бын харилцах дансны хуулга /хх 13-14/, нохойд хазуулаад үхсэн, гэмтсэн гэх хонины болон хашаа руу орж байгаа нохойны гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх 15-19/, Завхан аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /хх 33-36/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д, А.Д, Э.О, С.О нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, А.Д-ын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, шүүх хуралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт 2 ширхэг зэргийг тус тус гаргаж өгсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр гэрч Л.Б, А.Д, Э.О, Б.С, Б.Д, Б.О, М.Н, Д.Х, Ж.Г, Д.А нараас мэдүүлэг авч, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60-61/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мал эмнэлэг, Үржлийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07-02-311/05 дугаартай албан бичиг, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07-02-311/54 дугаартай дүгнэлт /хх 64-66/ зэрэг нь хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шар, хар халтар нохойны гэрэл зургийн үзүүлэлт /хх 69/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж оруулах ажиллагааг явуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 70-72/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/7/7 дугаартай тодорхойлолт /хх-91/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/163, 1/164, дугаартай албан тоот /хх-93, 96/, Тосонцэнгэл сум дахь онцгой байдлын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн илтгэх хуудас, Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгаас Идэр багийн иргэн О.Эын 7 настай, саарал зүстэй, монгол үүлдрийн нохойд гэрчилгээ олгож, 2013 оны хураамж 5000 төгрөг хураан авсан талаар тэмдэглэсэн 2013 оны гэрчилгээ, хариуцагч О.Эын нохойтойгоо хамт авахуулсан фото зураг, СD 2 ширхэг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Х, Н.Ж, С.Н, С.С, Г.А нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын малын хашаанд нь байсан мал луу амьтан орж, хонийг хазаж, шархдуулж гэмтэл учруулсан үйл баримт нь нэхэмжлэгч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан бичиг, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ВО52 өвчин гарсантай холбоотой мал, амьтан устгасан акт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

Харин 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын малын хашаанд нь байсан мал руу орж, хонийг барьж, шархдуулж гэмтэл учруулсан амьтан нь хариуцагч О.Эын эзэмшлийн нохой болох нь нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч нарын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан ...Намайг өглөө хоттой мал руугаа очиход хашаан доторх малнаас нэг хонины хүзүүнээс нохой зуучихсан байдалтай байсан. Хар нохой хашааны гадаа. Саарал нохой хашаан дотор байсан. ...Намайг орилоход тэр нохой зугтаад манай гэрийн баруун тийшээ явсан. Би нохойны араас цаад талын гуу жалга хүртэл дагаж яваад орхисон. Нохойг Эынх гэдгийг дараа мэдсэн. ...Хар нохой хашааны гадна, саарал нохой малын хашаанд байсан учраас саарал нохойг миний хонийг хазсан гэж бодож байна... гэсэн тайлбар,

 

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан ...Намайг ирэхэд нэг саарал нохой хонины хашаанд нэг төлөг барьчихсан байхыг үүдэн хоймрын зайтай газраас харсан. Хашааны гадна талд өөр нохой байгаагүй. Тэр нохой хашаа даваад явчихаар нь жоохон хөөж байгаад хаячихаад дурандахад О.Эын наад талын эзэнгүй хашаа руу орсон. Тэр нохой тарган, гулжигнаж явдаг байсан. Хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа хийсэн зурагт авагдсан нохойнуудын зургийн 2 дахь эгнээний 2 дахь зурагт авагдсан нохой манай мал руу орсон нохой байна. ...Эын нохойг 2 дугаар сарын 28-ны өдөр устгахад анх харсан. Манай эхнэр лүү Ганхуяг утасдаад нохойг олчихлоо гэж хэлсэн байдаг. Би хөдөөнөөс төв орж ирээд эзэнгүй хашаа руу очтол ногоон хашаан дотор манай хонийг барьж байсан нохой байсан... гэсэн тайлбаруудаас үзэхэд түүний хоттой мал руу хэдэн нохой орж малыг хазсан, уг нохой нь хариуцагч О.Эын эзэмшлийн нохой мөн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн гэрч Г.Хын ...Г, Б хоёр нь малаа нийлүүлж ээлжээр хариулдаг. Б нь малаа хашаанаасаа гаргаад цааш тууж байгаа нь манай гаднаас харагддаг. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн орчимд Б нь мал руугаа явж байна гээд манай гэрт орж ирсэн. Б нь манайхаас гараад гэрийнхээ наахан талд очиж яваад өөрийнхөө малыг харсан бололтой муухай дуу гаргаад орилоод байсан. 4-5 цагийн үед Б нь малаа хотлуулчихаад буцаад сумын төв рүү алхаад явж байхаар нь би дуудаж Чи өглөө яагаад орилоод байсан бэ гэхэд Манай хоттой хонь руу чоно юм уу, нохой юм уу мэдэхгүй амьтан ороод 40 гаруй хонийг хазаад гэмтээсэн, 2-3 хонийг хашааны гадна талд гаргаад идчихсэн байна гэж хэлсэн... гэсэн /хх 77/, гэрч Л.Болорсувдын ...2018 оны 02 дугаар сарын үед Б ах над руу утсаар яриад Ахынх нь хонь луу нохой орсон юм шиг байна. Баахан хонь барьсан байна. Чоно бол арай ингэмээргүй юм. Эм тариа аваад хүрээд ир... гэсэн /хх 75/, гэрч Э.Оын ...2018 оны 02 дугаар сарын 25-ны үед Баянтэс сумаас Б ахын төвд байдаг гэрт ирэхэд Б ах манай хонь руу нохой ороод хонь барьсан байна гэж ярьсан. ...Б, Домий, Хуягаа гурав хоорондоо ярихдаа энэ хавиар хар, саарал зүстэй хоёр нохой айлын мал бариад яваад байна. Тэр нохой тэжээлийн фонд хавиар байдаг нохой гэж ярьж байсан. Буутай явахаар зугтчихдаг. Бид чулуу модоор хөөдөг гэж байсан. Яг хэний нохойн талаар яриагүй... гэсэн /хх 76/, гэрч Ж.Г ...Би Бын хоньтой өөрийхөө хонийг нийлүүлээд ээлжилж хариулдаг байсан. Хас-Очирын хонийг барьснаас хойш хоёроос гурван хоногийн дараа Б.Быг хотонд хонио хариулахаар очиход Б Манай хонь руу урд шөнө нохой ороод гучаад хонь барьчихсан байна гэж хэлсэн тэр үед 27-28 хонь хазуулчхсан байдалтай арай үхээгүй байсан. Чухам ямар амьтан барьсныг би мэдэхгүй, хараагүй. Хын хонь хариулж байсан малчин залуу, Б, О бид дөрөв хонь бариад байгаа нохойг О.Эын нохойтой төстэй харагдаж байсан болохоор тэдний нохой хонь барьсан байж магадгүй гэж бодоод Эын хашаанд очсон. Тэднийд очиход тэдний нохой уяатай байсан. Тэгэхэд Б манай хоттой хонь руу орсон нохой мөн байна гэж хэлсэн. Харин Хын хонийг барьсан нохойтой төстэй юм гэж хэлчихээд би мал руугаа явчихсан юм. Би Бын эхнэртэй утсаар ярьж нохойг олчихлоо гэж хэлээгүй. Харин Бтай утсаар ярьж Тэжээлийн складны урд талд хойшоо харсан ногоон хаалга руу нэг саарал нохой орж байна. Хас-Очирын хоёр хонийг барьсан нохойтой төстэй нохой байна гэж хэлсэн... гэсэн /хх 88-90/, гэрч А.Дын ...Хуягаа бид хоёр хонио бэлчээж байхад манай хонь луу хар, саарал нохой дайрахаар нь очиход саарал нохой нь манай 2 хонь барьчихсан байсан. Тэр нохойг хэнийнх болохыг мэдээгүй. Харин дараа Б хонийг барьсны дараа Эын нохойг Бын мал руу дайрсан нохой байна гэж Б, Х нар ярилцаад цагдаад мэдэгдсэн... гэсэн /хх 115/ мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж няцаагдаж байх ба Б.Бын малын хашаанд байсан мал руу чоно, нохойны аль нь орж хонийг хазаж гэмтээсэн болох нь тодорхойгүйн дээр хазсан гэх нохойг хариуцагч О.Эын өмчлөлийн буюу эзэмшлийн нохой болохыг хангалттай нотолж чадаагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэгт таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зургийг нэхэмжлэгч нар нь уг зургийг таньж олуулах ажиллагаанд ашигласан зураг биш солигдсон байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа учраас нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан атал нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд уг таньж олуулах ажиллагаанд ашигласан гэх гэрэл зураг дээрх гэрч Д нохойг устгахад өөрийн утсаар авсан гэх хариуцагч О.Эын хашааны үүдэнд авахуулсан нохойны гэрэл зургийн үзүүлэлтийг манай малыг барьсан нохой мөн гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл таниулж байгаа 3 нохойны зургийг өөр өөр газарт авч уг фото зургуудаар таниулсан бөгөөд О.Эын нохойг түүний хашааны үүдэнд байлгаж байгаад авсан зургаар таниулж байгаа нь таньж байгаа хүн болох Б.Б өмнө нь О.Эын гэрт очиж байсан, уг зургийг авах үед багийн засаг дарга Б.Д болон бусад хүмүүсийн хамт тэнд өөрөө байсан учраас уг нохойг О.Эын нохой гэж мэдэх бүрэн боломжтой юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д Нэхэмжлэгч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тайлбарлаж, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг өөрөөр нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр Хайрханы өвөр хэсгээр нохой малруу дайрсан, Б.Б болон бусад айлын мал хазаж гэмтээсэн улмаар мал үхсэн, энэ талаар нутгийн оршин суугчид гомдол гаргасны дагуу сумын ЗДТГ болон Онцгой байдлын хэлтэстэй хамтарч нохой устгах, эрэн хайх ажиллагаа явуулж байсан болох нь тус тус тогтоогдож байх боловч мал руу дайрсан, мал хазсан нохой нь хэний өмчлөл, эзэмшлийн нохой болох нь тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч О.Э нь манай нохой хонь хариулдаг хоточ нохой, 2013 онд нохойдоо гэрчилгээ авахад 7 настай байсан, 2018 онд 12 настай хөгшин нохой болох нь нохойны гэрчилгээ, 2009 онд нохойтойгоо авахуулж байсан гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар нь няцаалт хийсэн, эс зөвшөөрч нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын хариуцагч О.Эаас Гэм хорын хохирол 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу нэхэмжлэгч нарын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн хөлс болох 20.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нараас гаргуулан Хүрэл бэрс ХХК-ийн ХААН банк дахь 5495458707 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х овогт Б.Б, Т овогт Э.Ж нарын хариуцагч Зовогт О.Эаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3,625,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 20.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б, Э.Ж нараас гаргуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ӨЛЗИЙХИШИГ

ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ

Д.БАЙГАЛМАА