Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00108

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ, М.Цогт-Очир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,
Шүүгдэгч Ч.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борхууд овогт Чулуунбаатарын Отгонбаярт холбогдох эрүүгийн 201606000263 дугаартай, 132/2017/0031/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн Цагдаагийн газар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Борхууд овогт Чулуунбаатарын Отгонбаяр /РД: ГЮ76072277/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Дондогийн булаг” гэх газарт 47-37 УНӨ улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөрийн эгнээндээ явж байсан 31-05 БУЛ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, М.Гантулгын биед хүнд гэмтэл учруулж, зорчигч Н.Батбаяр, Р.Мөнхбаяр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ч.Отгонбаярын өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би жижүүрт гарчихаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 10 цагт ажлаасаа буусан. Тэр үед эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан учраас харьж цай, шөл хийж өгчихөөд өдөр 13 цагаас эргүүлд гараад 18 цагт буугаад харьсан. Тэгээд Дондогийн булагийн хойшоо байдаг найзындаа очиж эхнэртээ шөлний хонь гаргаж авч ирэх гээд явсан. Намайг “Цочиртын гүүр” өнгөрөөд явж байхад харуй бүрий болсон байсан. “Дондогийн булаг” даваад тойрдог хэсэг дээр урдаас машин ирж явсныг харсан. Тэгээд уруудаад явж байтал урдаас гэнэт мотоциклтой хүн гарч ирсэн. Ямар ч гэрэл дохио, хойд талын номерийн гэрэл байгаагүй. Яг тулж ирж харсан тэгээд тормоз гишгээд урьд гарсан саадыг зайлуулахын тулд эсрэг урсгал руу дарахад эсрэг урсгалаас ирж явсан портер машинтай мөргөлдсөн. Тухайн үед юу ч мэдэлгүй ухаа алдсан байсан. Нэг сэрээд машины хаалгыг онгойлгоод буух гэтэл бууж чадахгүй байсан. Тэгээд ар нуруугаараа газар унасан. Газар хэвтээд нөгөө машиныхаа хүнийг хартал жолооч нь машинаасаа цээжин бие нь гарсан байсан. Машины гэрэлд хартал Гантулга ах байсан. Бид 2 хоёулаа хоёр талд хэвтчихээд босож чадахгүй байсан. Машин зогсоох гээд газар хэвтчихээд гараараа даллаад зогсоорой гэхэд ерөөсөө машин зогсохгүй байсан. Тэгээд дахиад ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдэхэд хүмүүс ирчихсэн, Онцгой байдлынхан намайг машинд суулгаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: Би талийгаач Мөнхбаярын дүү бөгөөд хохирогчоор оролцож байна. Миний ахын ар гэрт үлдэж байгаа хүмүүс дандаа өнчин хүмүүс үлдэж байгаа. Ах маань зундаа ажил хийж эд нарыгаа тэжээж оюутан охиныхоо 4 жилийн сургалтын төлбөрийг төлдөг байсан. Оршуулгын зардал 5000000 төрөг, оюутан охины сургалтын төлбөр 9000000 төгрөг нийт 14000000 төгрөг нэхэмжилж байна. Отгонбаяраас 2000000 төгрөг авсан гэх мэдүүлэг,
Хохирогч М.Цогт-Очирын өгсөн: Манай ах барилгын ажил хийдэг байсан. Талийгаач Мөнхбаяр, Батбаяр нартай цуг ажиллаж байгаад Сайхан орж адуу авчирна гээд явсан. Тэгээд замдаа осолд орсон. Энэ ослоос болж манай ах олон гэмтэл авсан бөгөөд нэг хөл нь 3, нөгөө хөл нь 4 хугарч зарим яс нь үүрээд байхгүй болсон. Одоо болтол хэвтэрт байгаа. Өөрөө сахарын өвчтэй болохоор эдгэрэх боломжгүй гэсэн. Нийт эмчилгээний зардалд 47110563 төгрөг нэхэмжилж байна. Отгонбаяр эмчилгээний зардалд ганц ч төгрөг төлөөгүй гэх мэдүүлэг,
201606000263 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Н.Баттулгын өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүү Пүрэвсайхан над руу утсаар яриад “Дондогийн булаг”-ийн дээр осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэтээс 23 цагийн үед Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд ах ирээгүй байсан ба цагдаа нар хэргийн газар луу явсан байна гэж хэлсэн. Ахыг эмнэлэг дээр авчираагүй байсан болохоор газар дээрээ нас барсан байна гэдгийг мэдсэн. Тэнд 30 минут хүлээгээд онцгой байдлын газраас машин гаргуулаад хэргийн газарт очсон. Хэргийн газрын хамгаалалтанд авсан цагдаа нар үзлэг хийж байсан бид нарыг оруулаагүй. Тэнд нэг Портер машины урд хэсэг нь онгорхой өөдөөс нь “гранд марк 2” маркийн цагаан өнгийн машин байсан. Мөн урд хэсэг нь чихэгдсэн байдалтай байсан. Талийгаач маань Булган сумын 6а хэсгийн 8-13 тоотод амьдардаг байсан ба 21-17 насны 3 хүүхэдтэй юм. ...” гэх мэдүүлэг /хх-н 59-60-р тал/, Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед гэртээ байж байхад аав, дүү нар гэрт ирж Мөнхөө ах чинь осолд ороод өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт ирэхэд моорогт хийчихсэн байсан. Талийгаач болон Батбаяр, Гантулга нар барилга дээр бригад болж ажилладаг хүмүүс юм. Тэр өдөр Сайхан сумаас морь авчирахаар явсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-н 39-40-р тал/, Хохирогч М.Гантулгын өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Батбаяр, Мөнхбаяр нарын хамт Сайхан сумаас хонгор зүсмийн морь ачаад Булган сум руу гарсан. Би машин барьж явсан. Асфалтан зам руу ороход 60-70 км цагийн хурдтай явсан ба өөдөөс миний урсгал руу машин орж ирэхээр нь би машиныхаа рулийг хааш нь ч дарах боломжгүй мөргөлдсөн. Осолд орсон байхад Отгонбаяр намайг “Ганаа ахаа та юу” гэхээр нь би “хэн бэ?” гэхэд “Отгонбаяр байна аа” гэж хэлж байсан. Уг машин нь манай дүү Цогт-Очирын нэр дээр байдаг ба би дүүгээсээ морь аваад ирье гээд гуйж авсан байсан. Тухайн үед гадаа замын нөхцөл байдал хэвийн байсан боловч гэгээ тасарч харанхуй болсон байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тэр машин их хурдтай явсан ба хажуугаар зөрөх нь гэтэл миний машины явсан замын эгнээгээр орж ирээд осол болсон” гэх мэдүүлэг /хх-н 80-81-р тал/, Гэрч Ш.Өлзийбаярын өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 40 минутын үед Дондогийн булаг гэх газарт явж байхад портер маркийн машин дээр хүмүүс оччихсон байсан. Тэгээд хажуугаар нь явж байтал хүмүүс буугаад ирээч гэхээр нь буухад цагаан өнгийн гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл портерийн кабин руу урсгал сөрж ороод мөргөсөн байсан. Дотор нь 2 хүн кабинд хавчуулагдсан гарах боломжгүй байсан. Мөн портерийн жолооч кабины төмөрт хөл нь хавчуулагдсан цээж хэсэг нь газар налаад унасан байдалтай байсан. Тэнд байсан хүмүүс татаж гаргая гээд мөргөсөн цагаан машиныг портероос салгах гэсэн боловч дийлээгүй. Тэнд явж байсан бас нэг машинаас олс ашиглаж байгаад хоёр машиныг татаад салгасан. Тэр машинд зүс таних цагдаад ажилладаг Отгоо гэх залуу байсан. Портер машин дотор мөн зүс таних Батбаяр, Гангаа, Мөнхөө гурав байсан. Удалгүй онцгой байдлаас хүмүүс ирж портерийн жолооч талын кабины хэсгийг тэлж онгойлгон Гангаагийн хөлийг салгаж авсан. Түүний дараа голд нь сууж байсан Мөнхөөг тэлэгч багаж ашиглан татаж гарган авсан ба хөлнөөс нь их хэмжээний цус гарсан харагдсан. Сүүлд нь Батбаярыг кабины хаалгыг таслагч, тэлэгч багаж ашиглан гаргасан. Тухайн үед Хутаг-Өндөр сумын эмч замаар явж байгаад тэр гурвын хөлийг онцгой байдлын алба хаагчтай нийлж байгаад хугархай хөлийг тэгш болгодог зориулалтын багажаар хөлийг нь бэхэлсэн...” гэх мэдүүлэг/хх-н 44-45-р тал/ Гэрч Г.Баярсайханы өгсөн: “...Би тэр үед Булган орох ажилтай “Дондогийн булаг” орохын наана засмал дээр 31-05 БУА, Улаанбаатарын дугаартай марк-2 маркийн машин хоёр урд урдаасаа мөргөлдчихсөн онцгой байдлын аврагчид ирчихсэн портер дотор байсан хүмүүсийг гаргаж байсан. Марк-2 маркийн машины жолооч гэрэлгүй мотоцикль урд явж байсныг харалгүй хойноос нь мөргөөд тэгээд эсрэг урсгал руу ороод портертой мөргөлдчихлөө гэж ярьж байсан. Нөгөө машины хүмүүстэй юм яриагүй” гэх мэдүүлэг /хх-н 68-р тал/ Гэрч Н.Амгаланбаатарын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 17-ны едөр би үхрээ туугаад явж байхад Булган чиглэлээс суудлын жижиг тэрэг хурдтай гарч ирээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ миний зүүн тохойг шүргээд гарсан. Тухайн үед аль хэсгээр шүргэсэн болохыг мэдээгүй би согтуу жолооч байна гэж бодоод өнгөрсөн. Тэр машин цааш ойролцоогоор 100 метр орчим яваад өөдөөсөө ирж явсан хөх өнгийн портер машинтай мөргөлдсөн. Тэр портер машин өөрийнхөө эгнээндээ аажуухан явж байсан, харин нөгөө жижиг тэрэг эсрэг урсгал руу ороод тэр машинтай мөргөлдсөн. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би ямар нэгэн байдлаар бэртээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би осол болсон газрыг зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх-н 56-58, 59-60-р тал/ Гэрч Д.Цэнгэлийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16-17 цагийн үед манайд цэнхэр, ногоон өнгийн портертой 3 залуу ирсэн. Тэгээд Түвшингийн өгчихөөрэй гэсэн хонгор зүсмийн үрээг барьж машиндаа ачаад аваад явсан. Тухайн үед манайд ороогүй, нэг залуутай нь юм ярихад бага зэрэг архи уучихсан байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/, Гэрч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дондогийн булаг гэх газарт гэртээ байж байхад явуулын хүн орж ирж хоол идэж байхдаа “Түлүүгийн давааны наад талд авто аваар гарсан байна, Могойтор гэж хүний хүүхэд Гангаа явж байсан” гэж ярихыг нь сонссон” гэх мэдүүлэг /хх-53 тал/, Гэрч Ж.Батзаяагийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр, Сайхан сумын хил залгаа газар байрлах "Дондогын булаг" гэх нэртэй газрын орчим надтай хамт ажилладаг байсан буюу Хөгжимт жүжгийн театрт тайзны эрхлэгч хийдэг байсан Батбаяр нь Гангаа, Мөнхөө гэдэг хүмүүсийн хамт портер машинтай Булган аймгийн төврүү явж байгаад осолд орж нас барсан хэрэг гарсан. Тухайн үед би хамт ажилладаг хүн маань нас барсан учир ажил явдалд нь оролцсон. Энэ ажил явдлын үед талийгаачийн эхнэр Нангиа осол болох үеэр мотоциклтой хүн урдуур нь орсон гэсэн яриа байна гэж ярьж байсан. Тухайн осол болох үед цагдаад ажилладаг Отгонбаяр гэдэг цагдаа талийгаачийн сууж явсан машины өөдөөс ирж мөргөөд осол гаргасан байсан. Тэгээд би Нангиа эгчийн ярихыг тухайн үед сонсоод өнгөрсөн. Гэтэл Дондогийн булаг гэдэг газраас манай төрсөн эгч Мөнхжаргал энэ яриаг сонссоны маргааш нь аймгийн төвд орж ирээд манай нутгийн Амгалан ах осол болох үед мотоциклтой үхэрт явж байгаад таарсан юм байна лээ гэж ярьсан. Ингэж ярьсны дараагаар Амгалан ах манай эгчид тэр осол болох үед мотоциклтой малд явж байгаад таарсан. Би тэр асуудалд чинь холбогдчих юм биш биздээ. Яасан эвгүй юм бэ гээд санаа нь зовоод ярьсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/, Гэрч Т.Одончимэгийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт байрлах "Дондогийн булаг" гэх нэртэй газар өөрийн эзэмшлийн дэлгүүртээ сууж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд “портер, жижиг тэрэг 2 мөргөлдсөн байна, маш яаралтай түргэн болон онцгой байдал дуудаарай” гэж хэлэхээр нь дуудлага өгсөн. Удалгүй эмч ирсэн, хэргийн газарт би очоогүй” гэх мэдүүлэг /хх-63-64 тал/, Яллагдагч Ч.Отгонбаярын өгсөн: “...Би зам тээврийн ослын хэргийн улмаас шалгагдаж байгаагаа мэдэж байна. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би жижүүрээс буугаад хэв журмын эргүүлд ажиллаж байгаад 18 цагийн үед гэртээ ирээд эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан учраас шөлний хонинд Сайхан сумын “Долоогийн даваа”-нд байдаг найзынхаасаа авах гээд явсан юм. 47-37 УБӨ улсын дугаартай өөрийн марк-2 машинаар “Дондогийн булаг”-ийн наана гүүр орох гээд тойрог хэсгийг өнгөрөөд явж байхад машины гэрэл урдаас туссан. Тэгээд гэрлийн гялбаанд ороод хэсэг явсан. Гэнэт миний явж байсан эгнээнд мотоциклтой хүн гэрлийн гялбаанаас гарч ирсэн. Хойно нь улсын дугаар болон гэрэл харагдаагүй нэг дээлтэй хүн л унаад явж байсан. Би машиныхаа баруун талаар тэр хүнийг мөргөх шиг болоод замын зүүн тал руу зайлуулж дараад буцаад эгнээндээ орох гээд дарах хооронд л урдаас ирж байсан машинтай мөргөлдчихсөн. Яг мөргөлдсөний дараа хэсэг хугацаанд юу болсоныг мэдээгүй. Тэгээд ухаан ороод хөлөө гишгэх гэсэн чинь гишгэгдэхгүй болохоор нь гараараа суудлын бүсээ тайлаад машинаас буугаад зогсож бас алхаж чадахгүй болохоор нь машинаа түшээд хэсэг суусан. Тэгсэн чинь мөргүүлсэн машины хүмүүс хоорондоо ярьж эхлэхээр нь би өөрийнхөө нэрийг хэлсэн нөгөө машиныг танил Гангаа ах жолоодож явсан. Би 60 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Яг хурдаа бол хараагүй эргэлт өнгөрч байсан болохоор тийм хурдтай бол яваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 164-167, 163-171-р тал/ Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн №77 тоот 1. Талийгаач Н.Батбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл, элэг, дэлүү задрал, дотуур хурц цус алдалт. /1500 мл/ дотор эрхтний доргилт, зүүн дунд чөмөг, зүүн, баруун шилбэ ясанд хугарал, нүүр мөчдийн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Н.Батбаяр нь элэг, дэлүү задрал, дотор эрхтний доргилт, зүүн дунд чөмөг, зүүн, баруун шилбэ ясанд хугарал, гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ. Нас бараад 12-16 цаг болсон байх магадлалтай байна гэх дүгнэлт /хх-н 67-68-р тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн №78 тоот 1. Талийгаач Р.Мөнхбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний 4-р нугаламын их биеийн хугарал, нугас тасрал, баруун дунд чөмөг, баруун шилбэ, зүүн дунд чөмөг, элэгний эдийн цус хуралт, элэгний дунд холбоосны цус хуралт, нүүр мөчдийн зулгаралт, дух, зүүн шагайн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Р.Мөнхбаяр нь цээжний 4-р нугаламын их биеийн хугарал, нугас тасрал баруун дунд чөмөг, баруун шилбэ, зүүн дунд чөмөг, элэгний эдийн цус хуралт, элэгний дунд холбоосны цус хуралт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Нас бараад 12 орчим цаг болсон байх магадлалтай байна гэх дүгнэлт /хх-н 76-77-р тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн №14 тоот 1. М.Гантулгын биед, зүүн тохойн үений мултрал хугарал 2 шилбэний ил хугарал баруун дунд чөмөгний доод булууны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ, гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 129-130-р тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 сарын 22-ний өдрийн №384 тоот 1. Ч.Отгонбаярын биед зүүн 5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн өвдөгний зүсэгдсэн шарх, дух, шанаа, зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ, гэмтэл авсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтэнд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-н 131-132-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын сарын 11-ний өдрийн №9351 тоот 1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Батбаярын гэх хөх өнгийн куртик, хөх өнгийн судалтай цамц, хар ногоон өнгийн өмд, бор өнгийн хос гутал, хар хөх өнгийн хос оймс Р.Мөнхбаярын гэх юүдэнтэй ногоон өнгийн куртик, хар хөх өнгийн судалтай ноосон цамц, саарал өнгийн футболка, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар саарал енгийн ноосон дотуур өмд, шоотой дотоож, хагас түрийтэй өвлийн хос гутал, тогтоолд дурьдаагүй бор өнгийн хос оймс, хар өнгийн хос оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 2. Н.Батбаярын гэх хөх өнгийн куртик, хөх өнгийн судалтай цамц, хар ногоон өнгийн өмд, бор өнгийн хос гутал, хар хөх өнгийн хос оймс Р.Мөнхбаярын гэх юүдэнтэй ногоон өнгийн куртик, хар хөх өнгийн судалтай ноосон цамц, саарал өнгийн футболка, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар саарал өнгийн ноосон дотуур өмд, шоотой дотоож, хагас түрийтэй өвлийн хос гутал, тогтоолд дурьдаагүй бор өнгийн хос оймс, хар өнгийн хос оймсон дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Жич: Тогтоолд дурьдсан Н.Батбаярын хар өнгийн дотоож шинжилгээнд ирээгүй болно гэх дүгнэлт /хх-н 110-р тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн №57 тоот 1. Жолооч Чулуунбаатар овогтой Отгонбаяр нь В ангилалын 1084003 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. Жолооч Могойтар овогтой Гантулга нь В ангилалын 217559 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. 2. Жолооч Могойтар овогтой Гантулга нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 А “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ч.Отгонбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний 8.2 дахь заалт "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Уг тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 4. Уг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Ч.Отгонбаярын эсрэг урсгал сөрсөн буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-н 115-116-р тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-21 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-61-73, 78-81 тал/, шүүгдэгч Ч.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /хх-163-171 тал/, түүний урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх-174- тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтууд /хх-182-184 тал/, хохирогч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-192-250, 266-268 тал/ зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ч.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Булган аймгийн төвөөс тус аймгийн Сайхан сумын “Долоогийн даваа” гэх газар нутаглах найзынхаасаа “шөлний хонь” авч ирэхээр өөрийн эзэмшлийн 47-37 УНӨ улсын дугаартай, “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хутаг-Өндөр сумын нутаг “Дондогийн булаг” гэх газарт эсрэг урсгалд өөрийн эгнээндээ явж байсан 31-05 БУЛ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Гантулгын биед хүнд гэмтэл учруулж, зорчигч Н.Батбаяр, Р.Мөнхбаяр нарын амь насыг хохироосон үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэл, эд зүйлд хийсэн үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-24 тал/, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Э.Мөнх-Эрдэнэ, М.Гантулга /М.Цогт-Очир/, Н.Баттулга нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-36-43тал/, гэрч Ш.Өлзийбаяр /хх-44 тал/, Г.Баярсайхан /хх-48 тал/, Д.Цэнгэл /хх-51 тал/, Ц.Оюун-Эрдэнэ /хх-53 тал/, Ж.Батзаяа /хх-54-55 тал/, Н.Амгаланбаатар /хх-56-60 тал/, Т.Одончимэг /хх-63-64 тал/ нарын хэрэг үйл явдлын талаар өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Отгонбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь “эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.2 дахь “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан болсоныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №57 тоот дүгнэлт, талийгаач Н.Батбаяр нь элэг, дэлүү задрал, дотор эрхтний доргилт, зүүн дунд чөмөг, зүүн, баруун шилбэ ясанд хугарал, гэмтлийн улмаас хурц цус алдаж, талийгаач Р.Мөнхбаяр нь цээжний 4 дүгээр нугалмын их биеийн хугарал, нугас тасрал, баруун дунд чөмөг, баруун шилбэ, зүүн дунд чөмөг, элэгний эдийн цус хуралт, элэгний дунд холбоосны цус хуралт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж тус тус нас барсан болохыг тогтоосон, мөн хохирогч М.Гантулгын биед зүүн тохойн үений мултрал хугарал, 2 шилбэний ил хугарал, баруун дунд чөмөгний доод булууны ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн №77, 78 тоот, 2016 оны 12 сарын 21-ний өдрийн №14 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Отгонбаярын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Ч.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 2 хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан байх ба хохирогчийн эмчилгээний зардал болон талийгаач нарыг оршуулах, буяны зан үйлтэй холбогдож гарсан зардал, бусад гэм хорын хохирлыг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэвэл; 1. Хохирогч М.Гантулга /М.Цогт-Эрдэнэ/-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд; хэргийн 192-193 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд хууль ёсны нотлох баримтын дагуу “Эм Би Эс Мед” ХХК-ийн нэхэмжлэл болон кассын орлогын ордероор нэхэмжилсэн 6900000 төгрөг /хх-290, 292 тал/, “Монгол хьюндай” эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр 6814983 төгрөг /хх-291 тал/, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр 1539477 төгрөг /хх-293 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн төлбөр 8124342 төгрөг /хх-294 тал/, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөр 8163000 төгрөг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар/, нийт 31541802 төгрөгийг гаргуулахаас шүүхийн шатанд төлсөн 500000 төгрөгийг хасч, 31041802 төгрөгийг гаргуулахаар, 2. Хохирогч Н.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагын тухайд: хэргийн 212 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаас талст бөөний худалдааны төвийн 3 ширхэг, орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарын баримтууд засвартай, мөнгөн дүн тодорхойгүй, балалсан зэргээр нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй бөгөөд хууль ёсны нотлох баримтын дагуу “Мөнгөн зул” буяны үйлчилгээний 350000 төгрөг, Идэрбаялагийн зарлагын баримтын 21800 төгрөг, Номингийн зарлагын баримтын /1554000₮+486000₮/ 2040000 төгрөг, нийт 2411800 төгрөгийг гаргуулахаас мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1500000 төгрөгийг хасч 911800 төгрөгийг гаргуулахаар, 3. Хохирогч Р.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: хэргийн 195, 198 дугаар талд авагдсан орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбарын баримтаар бусдын нэрийн өмнөөс нэхэмжилсэн нийт 163800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэргийн 195-196, 266 дугаар талын ард талд авагдсан “Сод монгол групп” ХХК-ийн болон бусад НӨТ-ийн баримт болон шаардах хуудас нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй бөгөөд хэргийн 199-210 дугаар талд авагдсан нотлох баримтаар 1111540 төгрөг, хэргийн 266-268 дугаар талд авагдсан нотлох баримтаар 5433850 төгрөг, нийт 6545390 төгрөгийг гаргуулахаас мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2000000 төгрөгийг хасч, 4545390 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэж, хохирогч М.Гантулга /М.Цогт-Эрдэнэ/, Э.Мөнх-Эрдэнэ нар нь шүүхийн хэлцээгүй орхисон эмчилгээний төлбөр, оюутны сургалтын төлбөр зэрэг гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.Отгонбаярт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэсэгчлэн төлж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ч.Отгонбаяр нь бага насны хүүхэд болон түүний гэр бүлийн О.Уранчимэг нь төрөхийн хүндрэлээс баруун, зүүн гарын мэдрэлийн ширхэг дарагдаж, баруун гарын мэдрэл чөлөөлөх хагалгаанд орж байнгын эмчийн хяналтад байгаа, энэ гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч биеийн байдал муу байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Улаанбаатар” архины 0.5 литрийн шилийг устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Борхууд овогт Чулуунбаатарын Отгонбаярыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил, зургаан сарын хугацаагаар хасч, хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярт оногдуулсан хоёр жил, зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Улаанбаатар” архины 0.5 литрийн шилийг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисс /шүүгчийн туслах Б.Цогзолмаа/-д даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаяраас нийт 36498992 /гучин зургаан сая дөрвөн зуун ерэн найман мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Цогт-Эрдэнэ /М.Гантулга/-д 31041802 /гучин нэгэн сая дөчин нэгэн мянга найман зуун хоёр/ төгрөгийг, хохирогч Э.Мөнх-Эрдэнэд 4545390 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга гурван зуун ер/ төгрөгийг, хохирогч Н.Баттулгад 911800 /есөн зуун арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч М.Гантулга /М.Цогт-Эрдэнэ/, Э.Мөнх-Эрдэнэ нар нь шүүхийн хэлцээгүй орхисон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Отгонбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД