Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2019/00009

 

Я.От-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******үү

Хариуцагч П.Ба-

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Баттулга

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.*******э

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үүгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Я.От- нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Ямпил овогтой От- нь 2006 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр *******э овогтой Ба-тай гэр бүл болсон. Одоо гэр бүлийн уур амьсгал, нөхцөл байдлын хувьд хоорондоо таарамжгүй байдалтай байгаа ба П.Ба- нь гэр бүлд байж болшгүй алдааг удаа, дараа гаргаж байгаа тул эвлэрч хамтран амьдрах боломжгүй болоод байна. Бид 1 охинтой. Охиноо би өөрөө өсгөн хүмүүжүүлнэ. Иймд бидний гэр бүлийг цуцалж өгнө үү. Бидний дундын өмчлөлд байгаа 66 м.кв талбайтай хувийн сууц /25 сая төгрөг/, 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байшин, тавилга, эд хогшлын хамт /100 сая төгрөг/, challenger маркын автомашин /7 сая төгрөг/-ийн үнэтэй. Бидний дундын өмчлөлд байгаа хөрөнгөөс охин бидэнд ногдох хэсгийг хуулинд заасны дагуу хувааж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч П.Ба- нь нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардаж аваад, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Модчин овогт *******ийн Ба- би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 4-26-01 тоотод эхнэр, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг юм. Эхнэр Я.От-тай 2006 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Я.От- нь тус шүүхэд дундын өмчлөлд байгаа эд хөрөнгийг журмын дагуу шийдвэрлүүлж, гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Гэр бүлийн уур амьсгал тааруу, гэр бүлд байж болшгүй алдааг удаа дараа гаргаж байгаа тул эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэл бичжээ. Тэгээд дундын өмчлөлд байгаа хөрөнгийг үйлчилгээний зориулалттай барилга, тавилга эд хогшлын хамт, хувийн сууц, машин гэж бичсэн байна. Би тэр гэр бүлд байж болшгүй алдаа дутагдал гаргаагүй. Ийм хэмжээнд хүртэл алдаа хийгээгүй бөгөөд эхнэр От-ыг өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Хий хардалт, хүмүүсийн илүү дутуу яриаг өлгөн авч, хийсвэрлэн бодож, хардах нь ихэдсэнээс таарамжгүй байдал үүссэн гэж үзэж байна. Өөр ямар шалтгаан байгааг би мэдэхгүй. Өөрөө мэдэх байх. Миний хувьд гэр бүлд агсам согтуу тавьдаггүй, боломжоороо эвтэй амьдрахыг хичээдэг. Цаашдын амьдралын төлөвлөгөө их байлаа. Дундын өмчлөлийн хувьд гарал үүсэл, хэзээ ямар хөрөнгө ямар эх үүсвэрээр үүссэн гээд бүгдийг бичвэл их зүйл болох байх. Яг одоо байгаа хөрөнгийн хувьд бид 2006 онд Их-Уул суманд 2 талын хөрөнгөөр нэг хувийн сууц барьсан байдаг. 2008 онд ааваас 4 сая төгрөг авч хөрөө рам ажиллуулсан байдаг. 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирж хуучин Дэлгэр даргын байшинг худалдан авахад ааваас 8 сая төгрөг авсан байдаг. Их-Уул сумын байшингаа зараад энэ мөнгөтэй нийлүүлж, уг байшинг засварлаж авсан. 2012 онд уг байшингаа аавын урагшаа харсан 4 айлын 2-ыг нийлүүлсэн Амарбаяр гэдэг хүний байшингаар сольсон. 2013 онд аав *******ийн, ах *******ын, манай 3 нийлж аавын өмчлөлийн газар дээр одоогийн шар 2 давхар худалдааны төвийг барьсан. Үүнд манайхаас 16 сая төгрөг орсон байдаг. Ингээд би аавтай аман хэлэлцээр хийж таны гуанз, буудлыг би авъя, урьдчилгаа мөнгө 16 сая төгрөг болог, үлдэгдлийг нь явц дунд өгье гэж тохирсон. Ингээд үүн дээр нэмж би 2,220,000 төгрөг өгсөн байсан ба одоог болтол нэмж мөнгө өгөөгүй. Зээл, гуанзны орлого зэргээс автомашин авсан байдаг. Иймд бидний дундын өмчлөлийн хөрөнгө нь хувийн сууц, автомашин, гуанз буудалд оруулсан 18,220,000 төгрөг зэрэг болно. Энэ хугацаанд бид хэд хэдэн удаа банкнаас зээл авч дундын хэрэгцээнд хэрэглэж байсан. Одоо эхнэр От-ын нэр дээр 12 сая гаран, миний нэр дээр 10-аад сая төгрөгийн зээл байгаа болно. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн хувьд ийм юм. Охиноо өсгөн хүмүүжүүлэх тал дээр би охиноо өсгөн хүмүүжүүлэх бодолтой байгаа. Охиноо анх өргөж авахад 8 сартай байсан ба би ажилгүй гэртээ хардаг байсан учир өөрийн гараар бүх зүйлийг нь бөөцийлж өдийг хүргэсэн. Цаашид ч бүрэн дүүрэн хүмүүжүүлж, сайн хүн болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Өвөө, эмээ, аавын гарын хүүхэд учраас би хэзээ ч өгч явуулахгүй баймаар байна. Цаашдын хүүхдийн хүмүүжил, сургах, сайн хүн болгох эдийн засгийн боломж бүх тал дээр 100 хувь ээжээс нь илүү гэж бодож байна. Үүнийг ч хавь ойрын хүмүүс хэлэх байх. Би охиноо өөрөө өсгөж, сайн сайхан амьдруулж чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Эхнэр От-ын гаргасан нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах хэсгийг үнэхээр тэр хүн шийдсэн бол би зөвшөөрөхөд бэлэн байна гэжээ.

Нэхэмжлэгч Я.От- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...П.Ба- бид 2 тусдаа амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Иймд цаашид энэ хүнтэй эвлэрээд хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.*******гийн тухайд ээжтэйгээ байсан нь илүү дээр байх гэж бодож байна. Учир нь тэрээр эмэгтэй хүүхэд учир томрох тусам нарийн төвөгтэй байдлуудтай тулгарах бөгөөд тэр үеүдэд нь ээж нь эмэгтэй хүнийхээ хувьд зааж зөвлөж байх нь чухал. Нөгөө талаар Б.******* нь 3 настайгаасаа хойш ааваасаа тусдаа, ээжтэйгээ амьдарч байгаа ба одоо аавыгаа бараг танихгүй, ээждээ илүү дассан. Мөн миний тухайд өөрийн гэсэн орон байртай болсон, боломжийн цалин хөлстэй ажил хөдөлмөрийг тогтмол эрхэлдэг, охиноо амьдрах, сурч хүмүүжих бүхий л таатай орчинг бүрдүүлж чадсан. Б.******* нь доороо дүүтэй болсон ба дүүдээ хайртай, түүнтэйгээ тоглож нааддаг. Иймд охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд шүүхээр хуваалгаж, өөртөө болон охиндоо ногдох хэсгийг тодорхойлуулж авмаар байна. Би П.Ба-тай гэр бүл болохдоо хоосон байгаагүй. Аав ээжээс маань миний нэр дээр тодорхой хэмжээний хэдэн мал тасдан өгч, хэрэгцээний зүйлүүдтэй маань явуулж байсан. Мөн би банкны зээлгүй байсан. 10 жил энэ хүнтэй амьдарсны эцэст ямар ч хөрөнгөгүй, харин ч банкны зээлтэй гэрээсээ явсан. 10 жилийн хугацаанд би зүгээр суугаагүй, байнга ажил хөдөлмөр эрхэлж байсан. Иймд хөрөнгийн ногдох хэсгээ авна. Хувийн сууцыг 24,558,700 төгрөгөөр, машиныг 5,500,000 төгрөгөөр, Мандах нэртэй буудал, гуанзны зориулалттай үйлчилгээний төвийг 89,973,400 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Мандах нэртэй худалдааны төвийг хадам аавын өмчлөлийн газар дээр хадам аав *******ийн, хадам ах П.*******ын манай гурав нийлж барьсан талаар маргахгүй. Манайх уг худалдааны төвийг барихад 18,220,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо дээрх барилга 100,000,000 төгрөгийн үнэтэй гэдэгтэй маргах зүйлгүй. Хариуцагчийн зүгээс 35 сая төгрөгийг охин бид хоёрт өгнө гэвэл эд хөрөнгө дээр маргах зүйлгүй... гэв.

Хариуцагч П.Ба- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Я.От- бид 2 тусдаа амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Я.От- нь миний найзтай суугаад, тэдний дундаас хүүхэд нь төрсөн. Угаасаа надтай хамт амьдарч байхдаа миний найзтай холбогдоод, жирэмсэн болчхонгуутаа шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна лээ. Одоо би энэ хүнтэй цаашид эвлэрээд хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Б.*******гийн асрамжийн тухайд Я.От- бид хоёрын ахуй нөхцөл яг адилхан боломжийн. Гэхдээ Я.От- нь өөрөө хүүхэд төрүүлэх боломжтой, хүүхэд нь ч төрсөн байгаа, цаашид ч олон хүүхэд төрүүлэх байх. Харин миний тухайд үргүй, хүүхэдтэй болох боломжгүй. Хагалгаанд ороод эмчилгээ хийлгэвэл үртэй болох магадлал 50 хувьтай, гэхдээ амь насанд эрсдэлтэй гэдэг. Иймд охин Б.*******г миний асрамжинд үлдээж өгнө үү. Хөрөнгийн хувьд хувийн сууц, машинаа хуваалгахад татгалзах зүйлгүй. Харин Мандах гуанз буудлын хувьд манайх уг буудал гуанзыг аав, ах хоёрынхтой нийлж барьсан Мандах худалдааны төвийн өөрт ногдох хэсгээр аавынхтай сольсон. Зөрүү мөнгийг нь алсдаа өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа. Мандах худалдааны төвийг барихад манайх 18,220,000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба одоо уг барилга зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгийн үнэтэй. Иймд Мандах гуанз, буудал аав Д.*******э, ээж С.******* нарын хөрөнгө бөгөөд Я.От- бид хоёрын хувь хэмжээ Мандах худалдааны төвд оруулсан хэмжээгээр тодорхойлогдоно... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Я.От-, хариуцагч П.Ба- нар 2006 онд гэр бүл болж, 2015 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд хамтран амьдарсан эхний он жилүүдэд Завхан аймгийн Их-Уул суманд ажиллаж амьдарч байгаад, 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирсэн. Тосонцэнгэл суманд шилжин ирээд тус сумын 1 дүгээр багт нэг айлын зориулалттай орон сууцыг /Дэлгэр даргын байшин гэх/ 10 сая төгрөгөөр худалдан авсан. Дээрх худалдан авсан байшинг худалдааны төв барих зориулалтаар 2012 онд өөр байшингаар буюу нутгийн хүмүүсийн нэрлэдгээр 4 айлын орон сууцны 2-ыг нийлүүлсэн байшингаар сольж, 2013 оноос эхлэн хариуцагч П.Ба-ын төрсөн ах П.*******ынхтай хамтарч бүх зардлыг эдгээр 2 айл тэнцүү гаргаж, Мандах нэртэй худалдааны төвийг барьж босгосон. Мандах худалдааны төвийг барихад П.Ба-, Я.От- нар 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкнаас 20 сая төгрөгийн зээлийг аваад, уг зээлийг төлж байгаад, тус банкны зээлийн хүү өндөр байсан учраас Я.От-ын нэр дээр Төрийн банкнаас цалингийн зээл хэлбэрээр 2014 оны 11 дүгээр сард 7,200,000 төгрөгийг нэмж зээлдэж аваад Хас банкны зээлийг хаасан. Төрийн банкнаас зээлдэж авсан зээлийн үлдэгдэл төлбөр 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 12,599,000 төгрөг байсан ба уг зээлийн үлдэгдлийг 2017 оны 11 сар хүртэл Я.От- ганцаараа төлж барагдуулсан юм. Мөн гэрлэгчид хамтран амьдарч байхдаа Я.От-ын ах *******уугаас мах бэлтгэх зорилгоор 2014 оны 11 дүгээр сард 10 сая төгрөг зээлж авснаас 8 сая төгрөгийг төлж, 2 сая төгрөгийг төлөөгүй байсныг Я.От- төлж барагдуулсан. Иймд гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд үүсгэсэн дээрхи зээл болон бусад өрийг Я.От- дангаар хариуцан төлөх нь шударга бишээс гадна бусад эд хөрөнгийн адил гэрлэгчдийн хооронд тэнцүү хуваагдах тул Я.От-ын төлж барагдуулсан төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдлийн тал хувь болох 6,299,000 төгрөгийг, иргэн Я.*******уугаас зээлдэж авсан мөнгөнөөс төлөөгүй үлдсэн 2 сая төгрөгийн тал хувь болох 1 сая төгрөг, нийт 7,299,000 төгрөгийг П.Ба-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч П.Ба- нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардаж аваад, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид Тосонцэнгэл суманд 2010 онд шилжиж ирсэн. Ирэхэд нэг айлын хувийн сууц буюу Дэлгэр даргын байшинг аав, ээж хоёр худалдаж авсан байсанд амьдарч эхэлсэн. Бид ирээд энэ хашаанд 2 машины граж л барьсан. Улмаар 2012 онд 4 айлын хоёрыг нийлүүлсэн байраар аав, ээж 2 сольсон. Үүнд Я.От- бид хоёрын оруулсан хөрөнгө тэр 2 машины граж юм. Үүнийг байшингийн эздүүд болон аав, ээж, ах, дүүс бүгд батална. Миний аав, ээж, ах, дүү худлаа ярих хүмүүс биш, би ч биш. 10 сая төгрөгийг аав, ээж өгсөн. Үүн дээр өөрөө ирээд нүүрэлдвэл дээр байх. Мандах худалдааны төвийг барихад ******* ахын манай хоёр л нийлж барьсан гэжээ. Аав, ээж маань хөрөнгө гаргаж, манайх 16 сая төгрөг өгч босгосон барилга юм. Гэхдээ бид хоёр 16 сая төгрөг өгснийхөө оронд тэдний гуанз буудлын ашгийг авч хэрэглэж, зээлээ дарж байсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан тогооч зэрэг хүмүүс гэрчилнэ. Бид өгснөөсөө илүүг авч хэрэглэсэн. Хөгшин 2 хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, улайм цайм тэгж болохгүй байхаа. Энэ тайлбарт Мандах худалдааны төвийн суурин дээр байсан ажиллаж байсан үл хөдлөхийн гэрчилгээ, бас аавын нэр дээр өмчилсөн газар гэдгийг нотлох гэрчилгээний хуулбарыг хавсаргав. Бүхэл бүтэн тухайн үедээ ажиллаж байсан том барилгыг нураачхаад, өмчилсөн газар дээр нь барьчхаад, дээр нь олон сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэж чадна гэдэг энэ хүний хэр худал ярьж байгаагийн нотолгоо мөн. Мөн От- маань өөр хүнтэй суугаад явах үедээ 12 сая төгрөгийн зээлтэй байсан нь үнэн. Би бас 9,500,000 төгрөгийн зээлтэй байсан нь банкны зээлийн түүхээр нотлогдоно. Тэгэхээр 1,500,000 төгрөгийн зээлийн зөрүү байгааг хувааж бодох ёстой. Хадам ахаас зээл авсан гэжээ. Үгүй, би зээл аваагүй. Тухайн үед От- ахынхаа хадгаламжийн мөнгийг Тосонцэнгэл сумын Төрийн банкны депозитыг ихэсгэх төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд авч миний дансанд хийсэн байсан бөгөөд өөрөө бүгдийг ахынхаа данс руу болон бусад хүний данс руу шилжүүлж авсан байдаг нь миний дансны хуулгаас харагдана. Ер нь миний дансыг От- хөтөлдөг байсан. Би гарын үсэг л зурдаг байсан. Гуанз, буудлын орлого миний дансаар дамждаг боловч От- зарцуулдаг байсан. Төрийн банкны захирал байсан хүн шүү дээ. Үүнээс үзэхэд гэрлэгчдийн амьдралын өрийг хувааж үзэхэд 12,000,000-9,500,00=1,500,000-ын 1,250,000 төгрөгийн өрийг нэхэмжлэх үндэслэлтэй юм. Бусад буюу 6 сая төгрөг нь огт үндэслэлгүйгээр өрийг хуваажээ. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлтэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч Я.От- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Ба- бид 2 хоёр тусдаа амьдарч эхлэх үед миний нэр дээр 12.599.000 төгрөгийн цалингийн зээл үлдсэн байсан. Уг зээлд П.Ба- хамтран зээлдэгчээр орсон. Мөн П.Ба-ын нэр дээр 9.500.000 төгрөгийн цалингийн зээл үлдсэн нь үнэн. Уг зээл дээр нь би хамтран зээлдэгчээр орсон. Зөрүүгээр нь тооцоход татгалзах зүйлгүй. Харин гуанз буудлын тухайд манайх Мандах гуанз, буудлыг аваад мах нөөцлөх зорилгоор манай ах *******уугаас 10.0 сая төгрөг зээлж аваад 2 саяыг нь өгөөгүй байсан. Тэгээд намайг П.Ба-аас салахаар ах маань намайг өгснөөр тооцоод уг өрийг хаасан. Иймд тал хувиар нь нэхэмжилнэ. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын зээлийн зөрүүгээр тооцоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Харин От-ын ах *******уугаас зээлсэн зээлийн өрийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь шударга ёсонд нийнэ... гэв.

Хариуцагч П.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Я.От- нь надаас тусдаа амьдарч эхлэх үедээ 12,599,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлд нь би хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Би ч бас 9,500,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Миний зээлд ч бас Я.От- хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Цалингийн зээлүүдийг зөрүүгээр нь бидэнд хуваан хариуцуулахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Харин *******ууд өгөх 2 сая төгрөгийн өр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******уугаас От- нь Төрийн банкны депозитыг нэмэгдүүлэх зорилгоор 10 сая төгрөг авсан байсан ба уг мөнгөнөөс мах бэлтгэж нөөцлөхдөө хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ уг мөнгийг От- буудал, гуанзны орлогоос төлж барагдуулсан гэж хэлж байсан. Иймд би уг мөнгийг төлүүлэх талаар шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С.******* нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *******э, ******* бид өөрсдийн амьдрал ахуй, үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралд нэмэр болох зорилгоор Тосонцэнгэл суманд эзэмшиж буй газар дээрээ анх 2000 оноос гуанз, дэн буудал ажиллуулж эхэлсэн билээ. Улмаар 2006 онд цайны газар болгож 2016 м.кв болгон өргөжүүлсэн билээ. Хуучин цайны газар ажиллуулж байсан, байсан байшиндаа гуанз ажиллуулж байгаад дараа нь дэлгүүр ажиллуулж байсныг ард түмэн мэднэ. 2006 оны 9 дүгээр сард хүү Ба- От-тай гэр бүл болон хуримаа хийж, Их-Уул суманд амьдрах болсон билээ. Энэ үед хүү Ба- Их-Уул сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан ба бэр От- сүүлд тус суманд Монгол шуудан банк нээгдэхээр нягтлангаар ажиллаж байсан. 2007 онд хүү, бэр 2 маань хашаа, байшин барихаар болж биднээс 2 сая төгрөг банкнаас зээл авахуулан Их-Уул суманд хашаа байшин барьсан. 2009 онд Ба- хөрөө рам ажиллуулахаар биднээс 4,500,000 төгрөг Байгалмаа гэдэг хүн дагуулан ирж бэлнээр зээл авч байсан. 2010 онд бэр От- Тосонцэнгэл сумын Төрийн банкинд эрхлэгчээр ажиллах болж, Тосонцэнгэлд ирэхэд нь бид Дэлгэр даргын байшинг авахад нь зориулж Должинжав гэдэг хүнд 10 сая төгрөг өгч байшинг авч өгсөн. Гэтэл удаа дараагийн шүүх хурал дээр худал ярьж, энэ мөнгөнүүдийг бүгдийг нь өгсөн гэж ярьж байна. Холоос яаж ч худлаа ярьж болдог гэж бодоод байх шиг, шүүх дээр ирээд нүүрэлдээд үнэнээ хэлэх байхаа. Бидэнд нэг ч төгрөг өгч байгаагүй, харин ч хоол унд, бүх зүйлээ гуанзнаас идэж бэлэн юман дээр байсан. Ингээд бид 2014 онд ажиллуулж байсан дэлгүүрээ нурааж, 2 давхар шар байшингаа барьсан. Ингэхэд Ба- 18,600,000 төгрөг өгсөн, мөн том хүү ******* 12 сая төгрөг өгч, бид нар 20 сая төгрөг гаргаж 2 давхар шар байшингаа барьсан. Ингэхэд Ба- бидний цайны газар буудлын барилгыг нэр дээрээ бүртгүүлье, барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, үр хүүхэдгүй бид зээл авч эмчлүүлье, гуанзны ашгаар чинь зээлээ төлье гэхэд нь бид үр хүүхдээ эрүүл саруул байж, хүнтэй адил амьдруулахын тулд зөвшөөрсөн билээ. Энэ бол үрээ гэсэн эх, эцгийн сэтгэл байсан. *******э миний нэр дээр өмчлөгдсөн газар дээр, тэгээд ч бэрийг арай ингээд хуураад залилаад хүүгээс минь өөр хүнтэй суугаад явчихна гэж санаагүй. Хүү Ба-ын нэр дээр бэр От- өргөдөл бичээд ороод ирэхээр нь гарын үсэг зурсан юм. Түүнээс биш байшингийн хувьд бидний өмч гэдгийг маргах хүн байхгүй. Биднээр үйлчлүүлж байсан бүх хүн, найз нөхөд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ард түмэн бүгд бидний өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон байшин гэдгийг мэдэх билээ. Ер нь От-, Ба- 2 үнэхээр цайны газрыг нэр дээрээ авах юм бол бидэнд уг байшинг үнэлүүлсэн үнэлгээнээс бидэнд өгсөн гэх 18,600,000 төгрөгийг хасаад зөрүү мөнгийг өгөх ёстой. Хэрэв өгөхгүй юм бол бидний нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгнө үү. Өмнөх шүүх хурал дээр анх хэн барьсантай, хэний хөрөнгө байсантай От- маргахгүй байгаа юм билээ. Зөвхөн 18,600,000 төгрөг өгсөн болохоороо улсын бүртгэлийн гэрчилгээ нь биднийх гэж үзээд байгаа юм билээ. Ичих нүүртэй бөгөөд жаахан юм тооцоолоод үзвэл ахиад ч бидэнд өчнөөн өглөгтэй байгаа. Гуанзны орлого, ашгийг маань авч идээд тансаглаж байсан, өмнөх 4,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг зэрэг баримттай гэрчтэй мөнгө төгрөгөө өгснийг Ба-, От- нараас гаргуулж бидэнд олгуулж өгнө үү. Я.От-, П.Ба- нараас уг буудал гуанз 90 сая төгрөгөөр үнэлэгдсэн тул худалдаа үйлчилгээний барилгад оруулсан 18,600,000 төгрөгийг суутгаад, 71,400,000 төгрөгийг, мөн биднээс зээлж авсан хөрөө рамны 4,500,000 төгрөг, орон сууцны 10 сая төгрөг зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай хүү *******, Ба- нарынх манайхтай нийлж миний өмчлөлийн газар дээр баригдсан байсан дэлгүүрийг нурааж, уг газар дээр нь Мандах нэртэй шинэ худалдааны төв барьсан юм. Худалдааны төв барихад би газраа өгсөн ба мөн 20 гаруй сая төгрөг гаргасан. *******ынх 12 сая орчим төгрөг гаргасан, Ба-ынх 18,220,000 төгрөг гаргасан. Тухайн барилга одоогийн зах зээлийн ханшаар 100 сая төгрөгийн үнэтэй. Мандах худалдааны төвийн дэргэдэх Мандах нэртэй буудал, гуанзыг эхнэр бид 2 өмчилдөг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байсан юм. Гэтэл хүү Ба- эмчилгээнд явахын тулд банкнаас зээл авах хэрэгтэй байна, барьцаа хөрөнгөгүй болчхоод байна гээд Мандах худалдааны төвийн өөрт ногдох хэсгээрээ Мандах гуанз буудлыг сольё гэсэн санал тавьсан. Үлдсэн мөнгийг нь алс нь буудал гуанзны ашгаасаа өгье гэсэн. Эхнэр бид 2 үр хүүхдээ бодоод зөвшөөрсөн. Мандах гуанз буудлыг хүүгийн нэр дээр шилжүүлэх талаар өргөдөл бичиж өгсөн. Гэтэл От-ыг бас бүртгүүлсэн байсан. Одоо энэ хүмүүс нэгэнт гэрлэлтээ цуцлуулаад 2 тийшээ болж, хөрөнгөө хувааж байгаа учир арилжааны гэрээний зөрүү гээд үнэлгээнээс нь Мандах худалдааны төвийг барихад оруулсан хөрөнгө болох 18,220,000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгөө авмаар байна. Мөн 2009 онд хөрөө рам авах зориулалтаар зээлсэн 4,500,000 төгрөгийг, хувийн сууц авах зориулалтаар зээлсэн 10 сая төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөнгө зээлдүүлэхдээ хугацаа тохироогүй, хүү тооцоогүй. Эцэг эхийн үрээ гэсэн сэтгэл байсан учир алсдаа төлье гэсэн нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч зээлдүүлсэн гэв.

Нэхэмжлэгч Я.От- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мандах худалдааны төвийг барихад манайхыг 18,220,000 төгрөг оруулсан гэж байна. Уг барилга баригдаж дуусахаараа үнэ цэнэ нь өсдөггүй юм уу. Би Мандах худалдааны төвийн өөрт оногдох хэсгээрээ л Мандах гуанз буудлыг сольсон гэж ойлгож байгаа. Аавынхаас хөрөө рам авах зориулалтаар 2009 онд 4500,000 төгрөг, мөн хувийн сууц авах зориулалтаар 10 сая төгрөг тус тус авсан нь үнэн. Гэхдээ Их-Уул сумаас Тосонцэнгэл сум руу нүүхдээ хамаг хөрөнгүүдээ зарсан ба олсон орлогоосоо аавын өрийг төлсөн. Харин хэзээ, ямар хэлбэрээр, яаж өрийг барагдуулсан талаараа одоо хэлж мэдэхгүй байна. Эцэг, эх, үр хүүхдийн харилцаа байсан учир нотлох баримт бүрдүүлж аваагүй... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа. Мандах гуанз буудлыг От-, Ба- нар нь Мандах худалдааны төвийн өөрт оногдох хэсгээрээ *******э, ******* нараас арилжиж авсан нь тогтоогддог. Иймд Мандах гуанз, буудлын барилгыг Ба-, От- нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх тул уг хөрөнгөөс Ба-, От-, ******* нарт оногдох хэсгийг тодорхойлж, От-, ******* нарт оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Өр зээлийн асуудлын талаар нэхэмжлэгч өөрөө байр сууриа илэрхийлсэн учир хэлэх зүйл алга гэв.

Хариуцагч П.Ба- нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Мандах гуанз, буудал бол анхнаасаа аав ээжийн хөрөнгө байсан. Манайх Мандах худалдааны төвийг барихад 18,220,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Ийм учраас Мандах гуанз буудлыг бид 18,220,000 төгрөгийн хөрөнгөөрөө арилжиж авсан гэж үзэх үндэстэй. Иймд аавынд шинжээчийн үнэлсэн үнэлгээний зөрүүг өгөхийг зөвшөөрч байна. Мөн 2009 онд хөрөө рам авах зориулалтаар 4,500,000 төгрөг, хувийн сууц авах зориулалтаар 10 сая төгрөгийг аавынхаас зээлсэн ба одоог хүртэл өгөөгүй нь үнэн... гэв.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Модчин овогт *******ийн Ба-, Булнай овогт Ямпилын От- нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.*******г эх Я.От-ын асрамжинд үлдээж, хариуцагч П.Ба-аас охин Б.*******г асрамжиндаа авах талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг нэхэмжлэгч Я.От-, хариуцагч П.Ба- нарт тайлбарлаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг П.Ба-т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Я.От-д даалгаж, хариуцагч П.Ба- нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу охин Б.*******гийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсгүүдэд зааснаар 25-80 ЗАН улсын дугаартай, challenger маркын автомашиныг Я.От-ын өмчлөлд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 4 дүгээр гудамжны 26/3 тоот хаягаар байрлах, 216 м.кв талбайтай, гуанз, буудлын зориулалттай Мандах үйлчилгээний төвийн барилга, эд, хогшил, тавилгын хамт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 4 дүгээр гудамжны 26/1 тоот хаягаар байрлах, 66 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай барилга зэргийг П.Ба-ын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч П.Ба-аас 59,525,832 /тавин есөн сая таван зуун хорин таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.От-д олгож, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ба-аас 1,549,500 /нэг сая таван зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.От-д олгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 5,749,500 /таван сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Я.От-аас 35,570,033 /гучин таван сая таван зуун далан мянга гучин гурав/ төгрөгийг, П.Ба-аас 35,570,033 /гучин таван сая таван зуун далан мянга гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С.******* нарт олгож, гуравдагч этгээдүүдийн шаардлагаас 14,759,933 /арван дөрвөн сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун гучин гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Я.От-аас шүүхийн зардалд төлсөн 694,309 /зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун ес/ төгрөгийг хариуцагч П.Ба-аас гаргуулан нэхэмжлэгч Я.От-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Я.От-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,750 /долоон зуун дөчин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 180,142 /нэг зуун наян мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч П.Ба-аас гаргуулан тус тус нэхэмжлэгч Я.От-д олгож, 91,993 /ерэн нэгэн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ба-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,825 /хоёр зуун тавин зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэгч Я.От-аас, 256,825 /хоёр зуун тавин зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч П.Ба-аас гаргуулан тус тус бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э, С.******* нарт олгож, 73,800 /далан гурван мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан, хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурав/ өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Булгантамирт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийн зарим хэсэг нь Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хууль, Гэр бүлийн хууль болон бусад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 4 дүгээр гудамжны 26/1 тоотод байрлалтай, 66 м2 тайлбайтай, хувийн сууц, 25-80 ЗАН улсын дугаартай Challenger маркийн машин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягт байрлах зочид буудал, цайны газрын зориулалтай 216м2 үл хөдлөх эд хөрөнгүүдийн ногдох хэсгийг шүүх тогтоохдоо хувийн сууц, машин зэргийг адил тэнцүү буюу 3 хуваан тогтоосон атлаа, 216 м2 үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий эд хөрөнгө гэсэн хуульд байхгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийж Д.Ба-, Я.От- нарт хуваасан нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил тэнцүү байна гэж заасантай нийцээгүйгээс гадна, хүүхдийн эрх ашиг болон хүүхэд эцэг, эхийн хэнтэй нь амьдрах байдлыг харгалзан үзээгүй нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн хүүхдийн эрхийн үндсэн зарчмыг тус тус зөрчсөн юм.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн аль үнэлгээтэй хөрөнгөөс охин Б.*******д ногдуулаагүй нь хар хөмсөг гадуур гэгч буюу үрчилж авсан хүүхэд тул цаашид П.Ба-т хамааралгүй гэсэн байдлаар хариуцагч талд үйлчилж, хүүхдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.Шүүх хуралдааны шатанд шүүгч нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулаад нэхэмжлэгчийг нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн шаардлагыг бичээгүй буюу тэтгэлэг нэхэмжлээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөх байна. Учир нь: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбартаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваах болон бусад маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухайгаа тодруулж байсан, мөн охин Б.*******г тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авахуулах хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 29, 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр тус шүүхэд гаргаж байснаар, тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №674 дугаар шүүгчийн захирамжийн хянавал хэсэгт ...(хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож) ... гэж бичсэн зэргээр хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжилсэн болох нь нотлогдоно. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүүхдийн тэтгэлэг ч нэхэмжилсэн нь дээрх бичгийн нотлох баримтаар нотлогдоно, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дунд эд хөрөнгийг хуваах гэсэн шаардлагуудыг хамтруулан шийдвэрлэдэг тул уг шаардлагыг шийдвэрлэх боломжтой, гэхэд, шүүгч тэгвэл ...хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн шаардлагтаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах хэсэгт ногдох хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдөг тул төлөхгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүх хамтруулан шийдвэрлэхээр заасан тухай тайлбарлаж маргахад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг би хэрэглэнэ гээд тэтгэлэг гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй нь хүүхдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, илтээр хариуцагч талд үйлчилсэн түүний эрх ашигт нийцүүлсэн дүгнэлт байсанд гомдолтой.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсноор гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүд зөвхөн П.Ба-ын эзэмшил, ашиглалтанд байж тэрээр гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө буудал, гуанзыг өнгөрсөн хугацаанд бусдад түрээслүүлж, түрээсийн ашиг шимийг эзэг, эхийн хамт хүртэж байгаа, машиныг 2015 оны 10 сараас одоог хүртэл 3 жил гаруй хугацаанд ашиглаж хэрэглэж байсан тул, чанар, аюулгүй байдлын хувьд муутгасан байдлыг харгалзан үзэхгүйгээр Я.От-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэдгээр Я.От-, Б.******* нарт ногдох хөрөнгөд оруулан тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа болно.

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагуудын тухайд:

4. Гэрлэгчид нь хамтын амьдралын эхний он жилүүдэд Завхан аймгийн Их-Уул суманд ажиллаж амьдарч байгаад, 2010 онд Тосонцэнгэл суманд шилжин ирсэн учраас тус сумын 1 дүгээр багт байрлалтай хувийн сууцыг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан ба, уг байшинг 2012 онд худалдааны төв барих зориулалтаар (нутгийн хүмүүсийн нэрлэдэгээр 4 айлын байшингийн 2-ийг нийлүүлсэнээр) өөр байшингаар сольж 2013 оноос эхлэн П.Ба-, Я.От- нарын гэр бүл болон П.Ба-ын ах П.*******ынхтай хамтарч эдгээр 2 гэр бүл нийлж Мандах нэртэй 2 давхар худалдааны төвийг барьж босгосон. Мандах худалдааны төвийг барьж босгосоны дараа гуравдагч этгээгүүд бид хөгширч байна, залуу хүмүүс, та 2 буудал, гуанзыг ав, П.*******ын манай хоёр шинээр барьсан худалдааны төвийг авъяа гэснээр Ба-, От- нар шинээр барьсан худалдааны төвийн өөрсдийн өмчлөх хэсгийг, маргааны зүйл болсон 216 м3 талбайтай буудал, гуанзны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр солих замаар харилцан шилжүүлсэн. Ингэж хөрөнгийг сольж шилжүүлэхдээ зөрүү үнэ тохиролцоогүй болох нь талуудын тайлбараар нотлогддог.

Шүүх дээрхи үйл баримтанд үндэслэн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн юм. Гуравдагч этгээдүүд ... буудал гуанзны зориулалтао 216 м2 талбайтай байшинг Ба-, От- нар авах юм бол уг байшинг үнэлсэн үнэлгээнээс бидэнд өгсөн гэх буюу шинээр барьсан худалдааны барилгад Ба-, От- нарын оруулсан 18.600.000 төгрөгийг хасаад, зөрүү 71.400.000 төгрөгийг гаргуулна гэж нэг дэх шаардлагаа тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хөрөнгө гээд үнийг гаргуулахаар шаардсан юм. Гэтэл шүүх шаардаагүй П.*******, П.Ба- нарын гэр бүл хөрөнгө оруулж, 2012 онд шинээр барьсан худалдааны төвийг өөрөө санаачлан үнэлж, уг үнийг Д.*******э, П.*******, П.Ба-ын гэр бүлүүдэд хувааж, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувааж тодорхойлох зорилгоор хийсэн үнэлгээг Д.*******э, П.******* нарын шилжүүлсэн хөрөнгийн үнэ гэж тодорхойлоод зөрүүг Я.От-аас гаргасан нь шийдвэр хууль ёсны ба, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлсэн гэхэд учир дутагдалтай болсон. Шинээр барьсан худалдааны төвийг шүүх санаачлагаараа үнэ тогтоосноор уг төвд хөрөнгө оруулсан иргэн П.*******ын эрх ашиг хөндөгдөх байдлыг анхаарч үзээгүй.

5.Гуравдагч этгээдүүдийн 2 дахь шаардлага зээлийн гэрээний дагуу 2009, 2010 онуудад П.Ба-, Я.От- нарт зээлдүүлсэн 14.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлан маргахад шүүх ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн хооронд, хүндэтгэн үзэх тодорхой шалтгаантайгаар хугацаагүй байгуулагдсан, Монголчууд эрт дээр үеэс эцэг, эх нь үр хүүхдийнхээ амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлж хөрөнгө бэлэглэх, мөнгө зээлдүүлэхдээ гэрээ хэлцэлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр шилжүүлдэг зан заншилтай байсан... гэх зэргээр хуулийг зориуд зөрчиж хэрэглэн, илэрхий гуравдагч этгээдүүдэд үйлчилж, хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасанд гомдолтойгоос гадна, энэ хэрэг маргааныг мэргэшсэн, шудрага шүүгчээр шийдвэрлүүлсэн эсэхдээ ч эргэлзэж байна.

Энэ хэргийн хариуцагч П.Ба- гуравдагч этгээдүүдтэй нэг ашиг сонирхолтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай болон хариуцагч Я.От-ын тайлбартай харьцуулан үзэж үнэлээгүй. Тухайлбал: Байшин худалдан авах зориулалтаар Д.*******э нараас 8.000.000 төгрөгийг зээлдэж авсаныгаа Их-Уул суманд амьдарч байхдаа бий болгосон хашаа, байшин, хашааны газар, дэлгүүрийн зориултай газар, хөрөө рам зэргийг худалдаад буцаагаад төлсөн, 2.000.000 төгрөгийг нь өөрсдөө төлсөн гэдгээ хариуцагч Я.От- удаа дараагийн тайлбартаа дурдаж, түүний тайлбар гэрч Ш.Должинжавын мэдүүлэгээр нотлогдож байхад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, зөв нөгөө хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн гуравдагч этгээдүүдийн эхний шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, гэрлэгчдийн гэрлэлт цуцлах, эд хөрөнгө хуваах эрх зүйн маргаанд гэрээний харилцаагаар холбогдсон гуравдагч этгээдүүдийг оролцуулсан нь шийдвэрийн зарим хэсэг хууль зүйн үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.

Эдгээр гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтанд 25-80 ЗАН улсын дугаартай challenger маркийн машиныг П.Ба-ын өмчлөлд үлдээж, П.Ба-аас 80.021.399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.От-д олгосугай гэж,

Мөн тогтоох хэсгийн 8 дахь заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Я.От-аас 35.570.033 төгрөгийг гаргуулж гэснийг хэрэгсэхгүй болгосугай гээд, оронд нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр 03-ны өдөр төрсөн, 7 настай Б.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг П.Ба-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх гомдлыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Я.От-, хариуцагч П.Ба- нарын гэр бүлийн 3 өмч байгаа. 66 метр квадрат талбайтай хувийн сууц, 25-80 улсын дугаартай автомашин, Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах 216 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ 3 хөрөнгийн 2 хөрөнгийг анхан шатны шүүх хуваасан 1 хөрөнгийг хуваагаагүй. Бизнес явуулах зориулалт бүхий эд хөрөнгө гээд хуулинд байхгүй нэр томьёо хэрэглээд хуваагаагүй байгаа. Ингэж хуваагаагүй нь Иргэний тухай хуулийн 103 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Дундын өмчийг хуваахдаа хүүхдийг хэнтэй амьдрахыг нь харгалзан үзэх ёстой байхад шүүх харгалзан үзээгүй. Харгалзан үзээгүй нь Хүүхдийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Иргэний тухай хуулийн 25 дугаар зүйлийг харгалзан үзэх ёстой. Хүүхдийг гэрлэгчдийн дундаас гараагүй үрчилж авсан. П.Ба- энэ хүүхдийг үрчилж авсан тул эцэг нь байх хамааралгүй гэсэн байдлаар шүүх хандсанд гомдолтой байна.

Мөн шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг нягталсан. Танайх нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй юм байна гэж шүүгчийн зүгээс асуусан. Би тэтгэлэг нэхэмжилсэн гэж ойлгож байгаа, яагаад гэвэл урьд нь тэтгэлэг гаргуулах талаар гомдлыг шүүхэд удаа, дараалан гаргасан. Шүүхэд тэтгэлэг гаргах шаардлага гэсэн зүйл байдаг. Иргэний хуулинд зааснаар гэрлэлтийн маргааны асуудлыг шийдэхдээ 4 асуудлыг заавал шийддэг. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаан гэсэн асуудлуудыг тодорхой шийдэх талаар Иргэний тухай хуулинд энэ тухай заасан байдаг. Шүүгч хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй юм байна гэж хэлсэн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.

Энэ хэрэг 2015 оны 9 сард иргэний хэрэг үүсгэсэн байхад дунд нь янз бүрийн шалтгаан, шаардлагууд гараад 2019 оны 3 дугаар сард шийдвэрлэгдсэн. Энэ шийдвэрлэх хугацаанд гэр бүлийн дундын 3 хөрөнгийг хариуцагч талын энэ хүмүүс ашиглаж байсан. Машиныг энэ хүмүүс 3, 4 жил ашиглаж байсан учир элэгдэл, хорогдол гарч, чанар аюулгүй байдлын хувьд муудсан байх боломжтой гэж үзээд манайх машиныг авахгүйгээр хариуцагч П.Ба-т үлдээе гэхэд нэхэмжлэгч Я.От-ын нэр дээр машины бичиг баримт байгаа гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага байгаа. Гэр бүлийн гишүүдийн дундын өмч гээд байгаа 216 метр квадрат үл хөдлөх хөрөнгө байдаг. Энэ үл хөдлөх хөрөнгө яагаад нэхэмжлэгчийн хөрөнгө болсон талаар үйл баримтаар тодорхой тогтоогддог. Энэ үл хөдлөх хөрөнгийн талаар яагаад гомдол гаргасан бэ гэвэл. Энэ гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн хажуу талд П.Ба-, түүний ах П.******* нарын гэр бүл хамтраад Мандах худалдааны төвийг барьсан байдаг. Шинээр барьсан худалдааны төвд хариуцагч 18.0 сая төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг П.Ба- хүлээн зөвшөөрдөг. 18.0 сая төгрөгийн хөрөнгөөс гадна урьд нь барилгыг худалдаж аваад худалдааны төв барих зориулалттай байшингаар солиод 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ байшин баригдаад дууссаны дараа хариуцагч П.Ба-аас санал гаргаад сольж авсан. Ингэж солилцоод маргаан гаргаад байгаа 216 метр квадрат үл хөдлөх хөрөнгө гэрлэгчдийн дундын өмч болсон. Өмнө нь гуравдагч этгээд бэлэглэсэн гэж гомдол гаргаад хэрэгсэхгүй болж байсан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлт оруулан миний хөрөнгө гэж гомдол гаргасан нь хэрэгсэхгүй болсон. Гэр бүлийн хөрөнгөд нийтдээ П.Ба- 28.0 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. П.******* тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Ингээд хөрөнгөөс 28.0 сая төгрөгийг шилжүүлж аваад ямар нэгэн зөрүү тохироогүй нь баримтаар нотлогддог. Шүүх энэ хөрөнгө шилжүүлсэн үйл баримтыг уншаад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн. Манай зүгээс буруу ойлгож шийдвэрлэсэн гэж үздэг. Гуравдагч этгээд 216 метр квадрат хэмжээтэй байшинг П.Ба-, Я.От- нарт алдах юм бол уг байшинд бидэнд үйлчилгээний эрх буюу шинээр барьсан худалдааны төвд оруулсан Я.От-, П.******* нарын оруулсан 18 сая 600 мянган төгрөгийг хасаад зөрүү 71400 мянган төгрөгийг нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээд өөрийн хөрөнгө гэж үзээд үнэ тогтоолгохоор шаардсан байхад шүүх энэ хөрөнгө хэдэн төгрөгөөр үнэлэх юм гэж асуусаар байгаад манай нэхэмжлэгч Я.От- /онлайнаар/ 100 сая төгрөгийн эд хөрөнгөөр тогтоосон гэхэд 100.0 сая төгрөгийн хөрөнгө гээд 3 хуваасан. Гэр бүлийн хөрөнгө 216/метр квадрат/ талбайтай хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тогтоохоор үүссэн маргааны шүүхийн шийдвэр учир дутагдалтай болсон. Энэ үл хөдлөх хөрөнгийг шийдвэрлэх талаар шүүхэд гаргасан нотлох баримтыг энэ хэрэгт хамаатай үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж гомдол гаргасан. Хэрвээ тэр үл хөдлөх хөрөнгө 100.0 сая төгрөг гээд аав, 2 хүү гэсэн байдлаар 3 хуваахад П.*******ын эрх ашиг хөндөгдөж байна.

Зээлийн гэрээтэй холбоотой 2 дахь шаардлага байгаа. Зээлийн гэрээнд 10.0 сая төгрөгийн маргаан гардаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч байшинг 2 хүн нийлж барьсан гэж ярьж байна. 3 хүн нийлж барьсан гэж шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө хэлж байсан. Хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн гэж ярьж байна. 2015 онд охин Б.*******г аваад явснаас нь хойш 1 удаа охинтойгоо очиж уулзсан. Дараагийн удаа уулзах гэж очиход уулзуулаагүй зугтсан. Шүүхэд хүүхдийн асрамжийн гомдол гаргаад шүүхийн шийдвэр гартал аавын асрамжид үлдээе гэсэн захирамж гаргуулаад авах гэж очиход ах дүү нартайгаа нийлж элдвээр доромжлон хүүхэдтэй уулзуулахгүйгээр царайг нь харуулаад л буцааж байсан. Хүүхэдтэй уулзуулахгүй байж хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Харин ч аавтай нь уулзуулахгүй байгаа нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Хариуцагч П.Ба-ын өмгөөлөгч Г.Баттулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын гомдолтой холбоотой тайлбар байна. Нэгдүгээрт хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан байдаг. 62-р зүйлд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн бүрдүүлээгүй. Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. 2 дугаарт 216м2 үл хөдлөх хөрөнгийг 2 хүнд хуваасан байна гэж гомдол гаргасан байна. Тухайн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын маргаан ч бий. Бизнесийн зориулалттай гэж шүүх зөв зүйтэй дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129-р зүйлийн 129.3 дахь хэсгийг барьсан нь зөв гэж үзэж байна. Үүндээр ашиг сонирхлыг харгалзан үл хөдлөх хөрөнгийг 2 тэнцүү хуваасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Машиныг 5 сая 500 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч Я.От- гэдэг хүн мөнгөний төлөө хэт их улайрч байна. Энэ хүн зөвхөн мөнгө авна, мөнгө л авмаар байна гэсэн тайлбаруудыг өгсөн байна. 216м2 буудал, гуанзыг газраас нь салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгө, машины хувьд хөдлөх эд хөрөнгө учраас нэхэмжлэгч Я.От-д өгсөн. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдардаг, тийм учраас хөдлөх эд хөрөнгийг /машиныг/ Я.От-д өгч байгаа бол зүйтэй, харин хариуцагч П.Ба-ын хувьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байгаа /үл хөдлөх хөрөнгө байгаа газар/ амьдарч байгаа учраас үүнийг П.Ба-т өмчлөлд нь үлдээгээд зөрүү мөнгийг нэхэмжлэгч Я.От-д гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дараагийн асуудал 3-дагч этгээдийн бие даасан шаардлага, өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3-дагч этгээдийн бие даасан шаардлагын дагуу гомдол бичих эрхтэй юу, үгүй юу гэдэг асуудал, хавтаст хэргийн маттериалтай танилцсан. 3-дагч этгээдийн бие даасан шаардлага нь өөрөө нэхэмжлэгч юм. Гуравдагч этгээдэд гарсан шаардлага дээр эрх олгосон ямар нэгэн нэхэмжлэл тухайн хавтаст хэрэгт байхгүй байна. Тийм учраас өнөөдөр Ц.*******үү итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ шаардлагатай холбоотой гомдол гаргах эрхгүй этгээд юм гэж үзэж байна. Тосонцэнгэл суманд байрлах Мандах гээд худалдааны төвд байгаа П.Ба-, Д.*******э, П.******* нарын хамтран барьсан, энэ тал дээр нэхэмжлэгч, хариуцагч, 3-дагч этгээдүүд маргадаггүй. Тухайн эд хөрөнгийг үнэлсэн 100.0 сая төгрөг дээр маргаагүй. Тухайн үед хэрэгжүүлээгүй, ийм учраас 100.0 сая төгрөгөөр талууд маргаангүй учраас үнэлгээ тогтоох шаардлагагүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр ямар нэгэн байдлаар маргаагүй гэж үзэж байна. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт ...Хамтран ажиллах гэрээний дагуу ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж тухайн заалтыг барьсан нь зөв. Энэ хуулийн дагуу хуваарилна гэж Я.От-, П.Ба- 2-ын хувьд 18 сая 200 мянган төгрөгийн мөнгөн хөрөнгө оруулсан байдаг. 18 сая 200 мянган төгрөгийн хувь оруулчихаад 89.0 саяын үнэтэй гуанз, буудлыг сольж авах гээд байгаа нь хэр шударга юм бэ? Энэ хүмүүс 2001 оноос хойших үйл ажиллагаа явуулсан буудал, гуанзны үл хөдлөхийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, газар өмчлүүлэх гэрчилгээ нь хэр шударга ёсны зарчимд нийцэж байгаа вэ? гэдэг асуудал байна.

Шүүх үүнийг 33.333.333 төгрөгөөр хувааж байгаа нь даварч байна. Үүнийг 18 сая 233 мянган төгрөгөөр хуваагаад тухайн эд хөрөнгийг төлсөн, хувь хөрөнгөөр нь арилжааны гэрээ байгуулсан маргаан байхгүй учир 18.200.000 төгрөгөөр тухайн гуанзыг сольсон байна гэж шүүх үзээд тухайн шийдвэрийн 8 дугаар заалтад өөрчлөлт оруулж 42.950.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

14.500.000 төгрөгийн зээлийн гэрээний 1 дүгээр хавтасны 66 дугаар хуудсанд С.Должинсүрэн 5.0 сая төгрөгийг авсан гэж тэмдэглэсэн байна. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 10 жил байдаг.

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 зэрэг шүүх хуралдаанд орж байна. Энэ 2 хүний ашиг сонирхол нэг байна уу?, нэхэмжлэгч яриагүй зүйлийг, итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байна. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд орохоор бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах хэрэгтэй. Ийм шалтгаанууд байгаа тул нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 8 дугаар заалт, 5 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуанз, буудлаа хөгшрөөд хүүхдүүддээ шилжүүлсэн. Гэтэл энэ 2 хоёр тийшээ гэр бүл слахдаа миний гуанз, буудлыг булаацалдаад байна. Би энэ хоёрт мөнгөний төлөө ийм зүйл хийж байна гэж гомдож байна. Миний эд хөрөнгөд үнэ тогтоолгосон байна. Буудал 90.0 сая төгрөгөөр тогтоогдсон. Би 18.200.000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг та нараас нэхэмжилнэ гэсэн. Анхан шатны шүүхээр 18.200.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гээд байгаа барилгыг бид 3-т/2 хүү/ хуваагаад 33.333.333 төгрөгийн шийдвэр гарсан. 9 жил цуг амьдарчаад миний бүх эд хөрөнгийг авах гээд байна. Цуг амьдарч байхдаа машин, байшин бүх эд хөрөнгөө гэрлэгчид өөрсдийн нэр дээр шилжүүлсэн байсан. Салахдаа манай бэр бид нарт мэдэгдээгүй шөнө яваад өгсөн байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хөрөнгө гэж зүйл ерөөсөө байхгүй. Гуравдагч этгээд миний асуудлыг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх... хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгч Я.От-, хариуцагч П.Ба-, гуравдагч этгээд Д.*******э, С.******* нарт хэргийн материалыг танилцуулаагүй хуралдаан явуулсан.

Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч П.Ба-аар охин Б.*******г тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авахуулах хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргаж байснаар, мөн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 674 дугаартай шүүгчийн захирамжийн хянавал хэсэгт (хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож) гэж бичсэн, мөн 2-р хавтаст хэргийн 150-151-р хуудсанд нэхэмжлэгч Я.От-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үү нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа гаргасныг шүүх шийдвэрлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан ...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэснийг зөрчсөн байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын үнэд 70.200 төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь : Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг гаргуулах хэсэгт ногдох хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдөхөөр зохицуулсан байна.

Мөн шүүх Тосонцэнгэл сумын Дархан-Уул 1-р багийн 4 дүгээр гудамжны 26/3 тоот байршилтай үйлчилгээний зориулалттай 216 мкв талбайтай үл хөдлөх гэр бүлийн хөрөнгийг хуваахдаа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ...гэр бүлийн 1 гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил тэнцүү байна ...гэж хуульчилсан байна. Охин Б.*******гийн Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудад заасан эрхийг зөрчиж түүнд хувьд оногдох хөрөнгийг нь хуваагаагүй байна.

Түүнчлэн шинээр баригдсан Мандах нэртэй 2 давхар хуралдааны төвийн барилгын үнийг шүүх өөрийн санаачлагаар үнэ тогтоож шийдвэр гаргасан нь буруу байна.

Мөн иргэн П.******* нь Мандах үйлчилгээний худалдааны төвд хэчнээн төгрөгний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй байхад Д.*******э, П.Ба- нарын гэр бүлийн адил хэмжээгээр хөрөнгийг хувааж үнийг нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.От-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үүгийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Я.От-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******үүгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Я.От- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 471.400 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.НАМХАЙДОРЖ