Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205/МА2019/00010

 

АА- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн

төлөөлөгч: Э.Баасандэмбэрэл

хариуцагчийн өмгөөлөгч: Э.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АА- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

АА- ХХК Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төслийн шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 77-22ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.*******тай харилцан тохирч 2018 оны 10 сарын 04-нд Ачаа тээвэрлэлтийн гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан. АА- ХХК тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Д.*******т ажлын урьдчилгаа хөлс 3.000.000 төгрөг, ажлын талбайд ирэх замын зардал 238.000 төгрөгийг дансаар шилжүүлж, мөн түүнийг ажиллах хугацаанд нийт 1.186.500 төгрөгөөр үнэлэгдэх 565 л дизель түлш олгосон. Ажлын явцад компаниас түлш олгож, ажил бүрэн дууссаны дараа түлшний нийт үнийг тухайн жолоочийн хөлснөөс суутгах зарчмаар ажилладаг. Тус компаниас Д.*******т олгосон урьдчилгаа, замын зардал, дизель түлшний үнийн дүнд нийт 4.424.000 төгрөг байна. Гэтэл Д.******* нь 2018 оны 10 сарын 09-ний өдрөөс 10 сарын 17-ны өдөр хүртэл 9 өдөр ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлээгүй, мөн 2018 оны 10 сарын 18-ны өдөр 116л дизель түлш аваад ажил огт гүйцэтгээгүй ажлын талбайг орхиж явсан. Үүний улмаас АА- ХХК-ны үйл ажиллагаа болон эд хөрөнгөд дараах хохирол учирсан.

1. ...Д.*******ын гүйцэтгэсэн ажил нь тус компаниас түүнд олгосон урьдчилгаа хөлсөнд дүйцээгүй, мөн компаниас авсан дизель түлшний тооцоогоо дуусгаагүй ажил хаяж явснаас АА- ХХК-д 1.650.218 төгрөгийн хохирол учирсныг төлүүлэх

2. ...хариуцагч 9 өдөр ажиллахдаа хамгийн ойр буюу 1км-2км зайд явж байсан хэрнээ 10 сарын 15, 16,17-с бусад 6 өдөр ажиллахдаа 16-с доош удаа явж дутуу ачилт хийснээр гэрээнд заасан шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлээгүй. Иймээс Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 13-т зааснаар А талын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10% буюу 1.200.000 төгрөгийн торгуулийг гэрээнд зааснаар төлүүлэх

3. ...гэрээний 5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу бараа материалыг заасан газар хүргээгүй, гэрээг зөрчсөн гэж үзэж тээвэрлэж буй материалын үнийн дүнг 5 дахин бодож 2.000.000 төгрөгийн торгуулийг гэрээнд зааснаар төлүүлэх

4. Мөн Д.******* гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлыг орхиж явсан учраас тус компани дахин өөр тээврийн жолооч ирүүлж замын ажлыг гүйцэтгүүлэх шаардлага үүссэн. Дараагийн жолооч ирэх замын зардалд 250.000 төгрөг, мөн хариуцагчид холбогдох энэхүү маргаанд хууль зүйн туслалцаа авахад 500.000 төгрөгийг тус тус зарцуулсныг хариуцагчаас гаргуулах. Хариуцагч Д.******* нь дээр дурдсанчлан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцагчаас нийт 5.600.218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... ******* манай гэрт ирээд надтай уулзахдаа надад манай компани Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай зам хийж байгаа энэ ажилд шороо зөөх ХОВО машинтай жолооч хэрэгтэй байна. 1 сарын хугацаатай гэрээ байгуулна, ажлын нийт хөлс 15.000.000 төгрөг өгнө , түүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг нь өгнө. Аймгаас Сонгино орох, Сонгиноос аймаг орох түлшийг манайх даана, 15.000.000 төгрөгнөөс ажил гүйцэтгэхэд ашигласан түлшний үнийг хасаад ажлаа хийж дууссаны эцэст тооцоогоо хийнэ гэсэн ажлын санал тавьсан. Ингээд би 2018.10.09-ний өдрөөс эхлэн Сонгино сумын хатуу хучилттай замын ажил дээр ажилласан. Нийт 136 удаа шороо буулгаж 565л түлш авсан байдаг. Би ажил хийхдээ авсан 565л түлшийг 2100 төгрөгөөр тооцоход 1.186.500 төгрөг болсон. Харин би хийсэн ажлынхаа үнэлгээг тооцоход гэрээний нийт үнэ болох 15.000.000 төгрөгийг сарын 30 өдөртөө хуваахад миний нэг өдрийн ажлын хөлс 500.000 төгрөг болж байна. Учир нь бидний хооронд байгуулсан гэрээнд ирисийн тоо заагаагүй учраас нийт гэрээний үнээс 1 өдрийн ажлын хөлсөө бодож олох нь зөв гэж үзэж байна. Ингээд нэг өдрийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг нийт бүтэн ажилласан өдөр болох 9 өдрөөрөө үржүүлэхэд нийт хийсэн ажлын хөлс 4.500.000 төгрөг болж байна. Үүнээс ажил хийх хугацаанд компаниас авсан түлшний үнэ болох 1.186.500 төгрөгийг хасч тооцоход 3.313.500 төгрөг болж байна. Үүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг нь би компаниас авсан учраас би энэ компанид мөнгө төлөх биш харин АА- ХХК надад 313.500 төгрөг төлөх ёстой юм. Надад гэрээний дагуу хариуцлага тооцож байна гээд баахан торгууль мөнгө нэхсэн байна. Үүнийг бас үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь надтай Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан атлаа хуульд зааснаар дагалдах бичиг үйлдээгүй, мөн Иргэний хуульд зааснаас дээгүүр өндөр торгууль алданги төлөхөөр гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд гэрээний дагуу тооцоогоор би уг компанид өргүй бөгөөд харин ч би 313.500 төгрөгний авлагатай байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

АА- ХХК болон хариуцагч Д.******* нар нь 2018 оны 10-р сарын 04-ний өдөр 1 сарын хугацаатай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу АА- ХХК-иас хариуцагч Д.*******т 3.000.000 төгрөгний урьдчилгаа олгосон мөн ажилд гарахад шаардлагатай дизель түлшийг ажиллаж байх хугацаанд нь өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 10-р сарын 18-ны өдөр ажлаа орхиж явсан. Ажилласан 9 өдрийн хөлсийг нь тооцоод үзэхэд 2.774.282 төгрөг болж байгаа юм. Компаниас хариуцагчид олгосон замын зардал болон урьдчилгаа, түлш зэргээс үзэхэд 1.652.218 төгрөгний зөрүү гарч компани энэ хэмжээний мөнгөөр хохирсон байгаа юм. Мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулаад өөр жолооч ажиллуулах, өдөрт гүйцэтгэх ажлыг хийгээгүй учраас гэрээний дагуу торгууль тооцно гэж тохиролцсон байсан учраас торгуулийн мөнгө тооцогдож нийт 5.600.218 төгрөгийг нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нэхэмжлэлийн шаардлагын 3 дугаар хэсэгт заасны дагуу хариуцагч Д.*******аас ачаа тээвэрлэлтийн гэрээний 5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу бараа материалыг заасан газарт хүргээгүй гэрээг зөрчсөн гэж үзэж материалын үнийн дүнг 5 дахин ихэсгэж 2.0 сая төгрөг төлүүлье гэж байсан шаардлагаа өөрчлөөд 9 өдөр ажиллаж байхдаа компаниас хэрэглэж байсан 566 литр түлш байдаг үүнээс хэрэглэгдээгүй 116 литр түлшний үнэ гаргуулахаар нэхэмжлэлдээ гаргасан байсан үүнийгээ болиод хэрэглээгүй үлдсэн байсан 116 литр түлшээ хасаад 449 литр түлшний 942.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилж байна. Мөн гэрээний дагуу үнийн дүнг тав дахин бодохоо больж нийт нэхэмжлэлийн шаардлага маань 4.544.118 болж байгаа юм. Нэг литр түлшээ 2100 төгрөгөөр бодож гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.*******, ******* гэдэг хоёр залуу 2018 оны 10-р сарын 03-нд манай гэрт ирж надтай уулзсан. Сонгиноос Нөмрөг ортол 1 сарын хугацаатай сарын 15.0 сая төгрөгний цалингийн гэрээтэй ачаа тээвэрлээд өгөөч гэсэн. Тэгээд би надаас өөр манай аймгаас явах жолооч байхгүй юм уу гэхэд дөрөв, таван жолооч байгаа гэж байсан. Тухайн үед Завхан аймгийн Нөмрөг сумд ажиллаж байсан жолооч ирээгүй байсан учраас аймгийн төвөөс машин олдохгүй байна гэсэн. Тэгээд би тухайн үед ажил багатай байсан учраас зөвшөөрсөн. Би 2018 оны 10-р сарын 04-нд гэрээ хийгээд 10-р сарын 07-нд А.******* захирал бид хоёр аймгаас гараад замдаа Завхан аймгийн Тэлмэн сумд хоноод маргааш нь буюу 10-р сарын 08-нд ажлын талбай дээрээ ирсэн. Өөр машин явах байсан боловч засвартай байгаа учраас араас ирнэ гэж байсан. Надтай хамт Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайн жолооч Балсан гэдэг хүн цаанаас ирээд бид хоёр Нөмрөг дээр уулзаад 2018 оны 10-р сарын 09-ний өдрөөс эхлэж ажилдаа 14-18 зарим өдрүүдэд 21 рейс хийж байсан. Ингээд энэ компани хоёр машинтай үйл ажиллагаагаа эхэлсэн. Намайг очоод 2 хонож байхад манай аймгаас Сэрээтэр гэдэг жолооч ирсэн. Хөвсгөлийн Мөрөн хотоос *******ай гэдэг жолооч ирээд 4 машин ажиллаж эхлүүлсэн. Би энэ компанид 9 хоног ажиллахдаа хамгийн их рейс хийсэн байсан. Миний машин нэг цаг ч саатаагүй ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дээр харагдаж байгаа. Тэнд Хятадын 6 машин манай 2 машин нэг схэм дээр ачихдаа ч очерлоод буулгахдаа ч очерлодог байсан. Өдөрт бодитоор 14, 15 рейс хийх боломжтой байсан. Сарын 15.0 сая төгрөгөө 30 хоногтоо хуваагаад өдрийн 500.000 төгрөг болж байна гэж бодсон, тэр хүмүүс бас зөвшөөрсөн тэрнээс түлшээ хасна гэсэн. Тэгээд 9 хоног ажиллахад 4.500.000 төгрөг болсон тэрнээс 566 литр түлш хэрэглэсэн нь 566 литр түлшээ 2100 төгрөгт үржүүлээд 1.188.600 төгрөг болсон. Ажилаа хаях шалтгаан маань 2018 оны 09-р сарын 24-нд аймгийн төвд Солонгос эмч нар ирээд эхнэр маань хөлний судасны хагалгаанд орсон юм. Дараа нь намайг замд гарах үед хотын 3 дугаар эмнэлэгт үзүүл гэсэн юм байна лээ. Тэгээд үзүүлсэн чинь 2018 оны 10-р сарын 22-нд хагалгаанд орохоор боллоо гэсэн. Тэр үед А.******* захирал гадарлаж байсан. Би хажууд нь утсаар ярьж байсан. Тэгээд хагалгаанд ороход би зайлшгүй явах шаардлагатай болсон. Би 2018 оны 10-р сарын 18-нд А.******* захирал руу Хөвсгөлийн жолооч *******ай гэдэг хүний эхнэрийнх нь утсаар ярьсан. Мөнгө нэмж өгвөл хөлсний жолооч олоод явлаа гэсэн. Гэтэл тийм юм байхгүй гэхээр нь би хугацааг нь харчаад явсан нь үнэн. Энэ компаниас 3.0 сая төгрөг авсан нь үнэн. Би 3.0 сая төгрөгнийхөө ажлыг хийсэн гэж бодож байгаа. Нэг машин явахын төлөө энэ компаний үйл ажиллагаа алдагдалд орохгүй. Миний араас хоёр машин ирэх байсан намайг ажиллаж байсан ч энэ хоёр машин ирэх байсан. Тэнд маш хүйтэн байсан. Дан бүрээстэй уранхай цоорхой нэг гэр байсан орж унтахын аргагүй байсан. Би тавь гарч байгаа хөгшин хүн машиндаа арав хоносон доороосоо даараад хоолой маань өвдсөн байсан. Тогооч гэж байхгүй хоол унд хэцүү байсан. Дараа нь Хөвсгөлийн жолооочийн эхнэр нь ирж хоол ундны хувьд арай гайгүй болсон. Нөхцөл байдал бол газар дээрээ ийм байсан. Үлдсэн хоёр машины хөлсийг одоо хүртэл энэ компани өгөөгүй байгаа юм байна лээ. Тухайн тухайн харьяаны шүүхэд өгсөн байгаа гэсэн. Тэр үед портор ч олдохгүй байхад нь би салхийг нь хагалаад ажиллаж байхад баярлаж л байсан. Тэгээд намайг ар гэрийн гачигдалтай байхад над дээр учир зүггүй ийм их мөнгө нэхэмжилж байгаад нь би маш их гомдолтой байгаа. Би 3.0 сая төгрөгөө өгөөд дээр нь ахиад 2, 3 сая төгрөг төлнө гэдэг нь арай ч байж болохгүй асуудал байхаа. Эрхэм шүүгч та энэ хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Ямар үндэслэлээр энэ их мөнгийг нэхээд байгаа юм бэ? гэрээн дээр нэг сарын хөлс нь 15.0 сая төгрөг юм чинь өдрийн хөлс нь 500.000 төгрөг байна гэж ойлгогдохоор гэрээнд тусгаж өгчөөд нэхэмжлэлийн шаардлага дээрээ буулгасан шороог метр квдратыг нь 1000 төгрөгөөр бодоод тооцсон байх юм. Тэгээд бага үнийн дүн гаргаад энэ хүн 1.346.700 төгрөгний ажил хийсэн байна гэж нэхэмжлэлээ гаргасан байна. Их мөнгө нэхээд байгаа гэрээний заалтуудыг харахаар Иргэний хуулийн анзтай холбоотой зүйл заалтыг зөрчсөн байгаа юм. Арав дахин нугалж төлнө, тав дахин нугалж төлнө гээд заагаад өгсөн нь Иргэний хуульд зохицуулагааагүй хүчин төгөлдөр бус гэрээ хийчихээд энэ их мөнгийг нэхэж байна. Өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл гэдэг хүн хуулийн этгээдийг төлөөлж байгаа гэтэл А.******* гэдэг хувь хүний төлөөлөх итгэмжлэл хийлгээд хуулийн этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл байгууллагын эрх бүхий этгээдийн тамга тэмдэг, албан бланкаар байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог. Байгууллагыг бүрэн төлөөлж байгаа юм уу, хагас төлөөлж байгаа юм уу, ямар хуулийн хүрээнд төлөөлөх юм бэ гэдгийг нь байгууллагын итгэмжлэлээр олгодог. Нотариатаар итгэмжлэл хийлгэж байна гэдэг нь зөвхөн хувь хүнийг л төлөөлөж байгаа юм. Хуулийн этгээдийг төлөөлнө гэдэг нь тусдаа асуудал юм. ИХШХШ тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасан байдаг. Хувь хүн буюу А.*******ыг төлөөлж байгаа төлөөлөгч хүн байгууллагыг төлөөлөөд АА- компаний өмнөөс нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үү, компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн үү, өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна гэдэг нь харагдаж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар АА- ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс компанид учирсан хохиролд нийт 4.543.118 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.600 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч АА-ь ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл би Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийг 2019.04.17-нд гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд 2018 оны 10 сарын 31-нд гаргасан нэхэмжлэлдээ талуудын дунд байгуулагдсан Ачаа тээвэрлэлийн гэрээ-ний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 5.600.218 төгрөгийг хариуцагч ******* овогтой *******аас гаргуулахаар шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь шүүх шийдвэртээ талуудын дунд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэсэн атлаа хөлс тооцох аргачлалыг үнэлэхдээ Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөхтэй холбоотой зохицуулалтад үл нийцэх байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэлд АА- ХХК буюу ажил гүйцэтгэгч компани нь захиалагч буюу Монгол ЛЗ зам гүүр ХХК-тай байгуулсан гэрээний 7-гийн 1-Д тээвэрлэлтийн үнэ болон матлагын үнийг тооцохдоо "... м.куб бүрийн үнэ эхний 1км-д 1000 төгрөгөөр, км нэмэгдэх бүрт 270 төгрөгөөр нэмэгдэхээр заасан байгаа мөртлөө туслан гүйцэтгэгч Д.*******тай байгуулсан гэрээндээ энэ талаар тодорхой заалт оруулаагүй, гэрээний 1-р зүйлд тээвэрлэлтийн хэмжээ куб метрээр тооцоолон бодно гэж заасан байгаа ч 1 км зайд метр кубээ хэрхэн тооцоолохыг тодорхой заагаагүй, захиалагч, ажил гүйцэтгэгч 2-ын хооронд байгуулсан дээрх гэрээг Д.*******д танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан.

Талууд гэрээ байгуулах үед АА- ХХК-ны захирал ******* 1 м.куб шороог 1км зайд 1000 төгрөгөөр, 2-километрээс хол зайд 1270 төгрөгөөр тооцож хөлс төлнө гээд явсан зам болон холбогдох бүртгэлээ хөтөлж байх талаар амаар хэлсэн байдаг. Энэ тооцооллоор гэрээний дагуу ажиллахад өдөрт 20(удаа)X20(м.куб) X 1270 (төг)= 508.000 төгрөг, нэг сарын хугацаанд 508.000X30 (хоног)=15.240.000 төгрөг буюу 1 сарын ажлын хөлсийг талууд 15 сая төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Хатуу хучилттай зам барих ажлын захиалагч Монгол ЛЗ зам гүүр ХХК нь тухайн зам дээр ажиллаж байгаа бусад туслан гүйцэтгэгч компаниудтай мөн энэ үнээр ажил гүйцэтгүүлдэг бөгөөд тогтсон жишиг үнэ болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Мягмардоржийн мэдүүлгээр давхар нотлогддог.

Гэтэл эдгээр нөхцөл байдал, нотлох баримтуудыг үл харгалзан анхан шатны шүүхээс АА- ХХК буюу ажил гүйцэтгэгч компани нь захиалагч буюу Монгол ЛЗ зам гүүр ХХК-тай байгуулсан гэрээгээ хариуцагчид танилцуулсан баримт байхгүй гэж дүгнэсэн нь хуульд тусгагдаагүй нөхцөл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ ажлын хөлсийг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 1 сард 15.000.000 төгрөг 1 хоногт 500.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. Ингээд 9 хоног ажилласан гэж үзэхээр Д.******* компаниас 4.500.000 төгрөгний ажлын хөлс авахаар байсан байна Хариуцагч Д.******* нь дээрх ажлыг гүйцэтгэхдээ өөрийн эзэмшлийн 77-22 ЗАН дугаартай хүнд машин механизм Хово машинаар гүйцэтгэсэн ... өндөр үзүүлэлттэй техник учир түүний ажлын хөлс түрээсийн төлбөр харьцангуй өндөр хийгддэг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгч түүнд тохирох хөлс төлөх хуулийн зохицуулалттай байтал ажил гүйцэтгэгч хэд явах, ямар ажил гүйцэтгэсэн эсэх ажлын үр дүн нь хамаагүй өдөрт л 500.000 төгрөгний хөлстэй байдаг гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Дээрх дурдсанчлан ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх аргачлалтай холбогдох маргаанд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Мөн ажил гүйцэтгэх явцад зарцуулсан 565 литр түлшний үнийг Д.*******т олгогдох ажлын хөлстэй харилцан тооцож хөлснөөс хасагдсан гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

АА- ХХК хариуцагч Д.*******т ажлын урьдчилгаа хөлс 3.000.000 төгрөг төлсөн, ажил гүйцэтгэх явцад нийт 565 литр түлшээр (1.186.500 төгрөгний үнэ бүхий) хангасан. АА- ХХК нь гэрээний дагуу нийт 4.186.500 төгрөгт дүйцэх үүрэг гүйцэтгэсэн.

Хариуцагч Д.******* 565 литр түлш авч 9 өдөр ажиллахдаа 136 ресс хийж үүнээс 1 км зайд 1346.7 м.куб шороог зөөсөн буюу 1.346.000 төгрөгний ажил, 2км зайд 1.366.8 м.куб шороог зөөсөн буюу 1.735.836 төгрөгний нийт 2.774.282 төгрөгний хөлстэй дүйцэх ажил гүйцэтгэсэн. Хариуцагч гэрээний хугацаа дуусаагүй байхад ажил хаяж явахдаа түлшний тооцоогоо хийж дуусгаагүй байдаг.

АА- ХХК-аас хариуцагчид олгосон урьдчилгаа хөлс, олгосон түлшний үнийн хамт нийт 4.186.500 төгрөгөөс түүний гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох хөлс 2.774.282 төгрөгийг хасч зөрүү 1.412.218 төгрөгийг хариуцагчаас гаргуулж компанийг хохиролгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож хариуцагч Д.*******аас 1.412.218 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04 өдрийн 144 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан. АА- ХХК болон хариуцагч Д.******* нарын дунд байгуулагдсан хоёр талын хэлцэл нь ачаа тээвэрлэлтийн гэрээ нэртэй зарим зүйлд түрээс гэдэг үг орсон байгаач шороог нэг цэгээс нөгөөд тээвэрлэж буулгаж үр дүн гаргаж байгаа нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарч байгааг шүүх тогтоож эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон. Тус гэрээний дагуу хөлс төлөх асуудлыг дүгнэхдээ Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээнд холбогдох заалтыг хэрэглээгүй зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 04-нд байгуулагдсан гэрээнд тээвэрлэлтийн метр кубээр тооцоолон бодно гэж заагаад метр куб дутамын үнийг амаар тохирсон байдаг. Гэрээний нийт үнийн дүн 15 сая төгрөгт зөөх шорооны метр куб тутмын үнэ, өдөрт явах рессийн тоо гэрээний 30 хоногийн хугацаа зэрэгт үндэслэж гаргасан байгаа. Ажлын нэг өдрийн хөлс 500.000 төгрөг байдаг зөөсөн шороо ажлын үр дүн хамааралгүй байдаг гэсэн хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Талууд зөөх шорооны метр куб тутмын хөлсийг тусгайлан гэрээнд заагаагүй байна гэж үзэх тохиолдол ажил гүйцэтгэх гэрээний хөлс тооцох журмыг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар буюу жишиг үнэлгээний жагсаалтаар жагсаалт байхгүй бол тухайн зах зээлийн дундаж үнэлгээрээ хөлс бодох зохицуулалттай байгаа. Тухайн ажил явагдаж байгаа хатуу хучилттай зам барих төслийг авсан ерөнхий захиалагч Монгол ЛЗ зам гүүр компани туслан гүйцэтгэгч АА- ХХК-тай байгуулсан гэрээ нь шороо зөөж тээвэрлэх тухайн үеийн хөлсийг тодорхой заасан. Тус гэрээний 7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 метр куб шорооны 1 километр зайд 1000 төгрөгөөр, 2 километрээс дээш бол 1270 төгрөгөөр тооцно гэсэн байгаа. Энэ үнэлгээ нь ерөнхий захиалагч компанийн туслан гүйцэтгэгч компаниудтай шороо зөөх хөлс тогтоосон дундаж үнэ байгаа юм. Түүнчлэн 1 тэвш буюу 20 метр куб шороог зайнаас нь хамаарч 20.000 25.000 төгрөгөөр зөөж байсан талаар гэрч Мягмардоржийн мэдүүлэг дундаж үнэ 1 километр зайд 1000 төгрөг 2 километрээс дээш зайд бол 1270 төгрөгөөр зөөж байсан нь давхар нотлогдож байгаа. Хариуцагч өөрөө хөтөлж гарын үсгээр баталгаажуулсан бүртгэлээс нь харахаар жолооч нар өдөр болгон явснаа бүртгэдэг байсан нь нотлогдож байгаа. 9 өдөр ажиллахдаа 136 ресс явж 1 километр зайд 1346.7 метр куб шороог, 2 километр зайд 1366.8 метр куб шороог зөөж 2.774.280 төгрөгний хөлстэй ажил гүйцэтгэсэн. Харин компанийн зүгээс урьдчилгаа 3.000.000 төгрөг төлж мөн 1.186.500 төгрөгийн үнэ бүхий 565 литр түлш олгосон ажил гүйцэтгэхэд зарцуулагдах түлшийг нэгдсэн журмаар компани олгож хөлсийг олгохдоо түлшний үнийг нь хасаж тооцоо хийхээр талууд тохиролцсон байгаа. Хариуцагч 9 өдөр ажиллахдаа түлшний тооцоогоо хийхгүй ажлыг орхиж явсан. Иймээс урьдчилгаа хөлс болон түлшний үнэ нийт 4.186.500 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 2.774.280 төгрөгийг хасаж зөрүү 1.412.218 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс ажлын үр дүнгээр биш нэг өдөр л 500.000 төгрөгний хөлс авч шороо зөөсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэх хууль зүйн эх сурвалжгүй тайлбар өөрөө бусад баримтаар нотлогдоогүй түүнийг шууд үндэслэж шүүх шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулж үзээгүй нотлох баримтын үндсэн дээр биш зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан байна. Иймээс Иргэний хууль болон гэрээний дагуу хариуцагчаас 1.412.218 төгрөгийг гаргуулж хуулийн этгээдийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхнаасаа нэхэмжлэлийнхээ үндэслэл болон шаардлагыг удаа дараа өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дотор нь өөрчилж байсан.

Хариуцагч ******* нь 77-22 ЗАН гэх Е ангиллын ХОВО маркийн машинаар ******* гэдэг хүнтэй ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс эхлэн 9 хоног Сонгино сумд шороо ачиж буулгах гэрээ хийсэн байдаг. АА- компани болон Д.******* нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа 3 сая төргөгийг авч тухайн өдөр өдрийнхөө ресс хийх бензинийг хийж ажилласан байдаг. Тухайн ачаа тээвэрлэлтийн гэрээнд нийт 1 сарын цалин хөлс 15 сая төгрөг байна гэж тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд хөлс тооцоогүй учраас үндсэн захиалагч Монгол ЛЗ зам гүүр, АА- компаниудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнд метр квадратыг нь тооцож ажлын хөлсийг бодохоор заасан байгаа тийм учраас Д.*******, АА- компанийн хооронд метр квадратаар тооцох аргачлалаар тооцно гэдэг. Тэгтэл Д.*******, ******* нарын хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд нэг сарын хөлс 15 сая төгрөг байна гэж тооцсон. Мөн Монгол ЛЗ зам гүүр компанитай АА- компанийн байгуулсан гэрээг Д.*******т огт танилцуулаагүй. Гомдлоо дурдахдаа нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч метр квадратаар тооцно гэж амаар тохиролцсон гэж хэлж байна гэтэл амаар огт тохиролцсон юм байхгүй гэж хариуцагчийн тайлбар болон өмнөх шүүх хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гэж байгаа. Гэтэл ачаа тээвэрлэлтийн гэрээнд 1 сарын хөлс 15 сая төгрөг байна гээд тохиролцсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөр компанитай байгуулсан гэрээний ажлын хөлсийг тооцох аргачлалаар Д.******* гэдэг хүнээс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Эндээс харахад 1 сард 15 сая төгрөгийн ажил хийх юм бол 30 хоног огт амралтгүй өдөр болгон ажиллахаар заасан байгаа. 15 сая төгрөгөө 30 хоногтоо хуваахаар 1 хоногийн 500.000 төгрөг байгаа юм. Үүнийгээ ажилласан 9 хоногтоо үржүүлэхээр 4.500.000 төгрөгийн ажил хийсэн байгаа юм. Компаниас авсан 1.186.500 төгрөгийн бензинийг хасахаар 3.313.500 төгрөг болсон үүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг авсан учраас Д.******* нь АА- компаниас 313.500 төгрөгийн авлагатай гэж үзэж болохоор байгаа. Өдөрт явах рессийн хувьд гэрээнд заагаад өгчихсөн байгаа өдөрт 16-аас 20-н ресс хийнэ гэж заасан. ******* гэдэг хүн АА- компанийг төлөөлж гэрээ байгуулчхаад Сонгино сум руу эхний удаа хамт оччихоод Улаанбаатар хотруу яваад талбай дээр хяналт муутай ажиллаж байсан. 9 хоногийн хугацаанд хамгийн олон удаа ресс хийсэн 77-22 ЗАН гэсэн улсын дугаартай ******* гэдэг жолооч байнга 16-аас 21 удаа ресс хийж байсан. Бусад жолооч нар хамгийн дээд тал нь 16 удаа ресс хийж байсан байдаг. Хариуцагч тал ачаа тээвэрлэлтийн гэрээнд үнийн дүнгээ тохирчихсон метр куб шорооны үнээр тооцно гэсэн заалт байхгүй байхад хөндлөнгийн этгээдтэй байгуулсан гэрээнийхээ заалтыг тулгаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхнаасаа нэхэмжлэлийнхээ үндэслэл болон шаардлагыг удаа дараа өөрчилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дотор нь өөрчилж байсан.

Хариуцагч ******* нь 77-22 ЗАН гэх Е ангиллын ХОВО маркийн машинаар ******* гэдэг хүнтэй ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс эхлэн 9 хоног Сонгино сумд шороо ачиж буулгах гэрээ хийсэн байдаг. АА- компани болон Д.******* нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа 3 сая төргөгийг авч тухайн өдөр өдрийнхөө ресс хийх бензинийг хийж ажилласан байдаг. Тухайн ачаа тээвэрлэлтийн гэрээнд нийт 1 сарын цалин хөлс 15 сая төгрөг байна гэж тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд хөлс тооцоогүй учраас үндсэн захиалагч Монгол ЛЗ зам гүүр, АА- компаниудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнд метр квадратыг нь тооцож ажлын хөлсийг бодохоор заасан байгаа тийм учраас Д.*******, АА- компанийн хооронд метр квадратаар тооцох аргачлалаар тооцно гэдэг. Тэгтэл Д.*******, ******* нарын хооронд байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд нэг сарын хөлс 15 сая төгрөг байна гэж тооцсон. Мөн Монгол ЛЗ зам гүүр компанитай АА- компанийн байгуулсан гэрээг Д.*******т огт танилцуулаагүй. Гомдолдоо дурдахдаа нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч метр квадратаар тооцно гэж амаар тохиролцсон гэж хэлж байна гэтэл амаар огт тохиролцсон юм байхгүй гэж хариуцагчийн тайлбар болон өмнөх шүүх хурлын тэмдэглэлд дурдагдсан байгаа. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гэж байгаа. Гэтэл ачаа тээвэрлэлтийн гэрээнд 1 сарын хөлс 15 сая төгрөг байна гээд тохиролцсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөр компанитай байгуулсан гэрээний ажлын хөлсийг тооцох аргачлалаар Д.******* гэдэг хүнээс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Эндээс харахад 1 сард 15 сая төгрөгийн ажил хийх юм бол 30 хоног огт амралтгүй өдөр болгон ажиллахаар заасан байгаа. 15 сая төгрөгөө 30 хоногтоо хуваахаар 1 хоногийн 500.000 төгрөг байгаа юм. Үүнийгээ ажилласан 9 хоногтоо үржүүлэхээр 4.500.000 төгрөгийн ажил хийсэн байгаа юм. Компаниас авсан 1.186.500 төгрөгийн бензинийг хасахаар 3.313.500 төгрөг болсон үүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг авсан учраас Д.******* нь АА- компаниас 313.500 төгрөгийн авлагатай гэж үзэж болохоор байгаа. Өдөрт явах рессийн хувьд гэрээнд заагаад өгчихсөн байгаа өдөрт 16-аас 20-н ресс хийнэ гэж заасан. ******* гэдэг хүн АА- компанийг төлөөлж гэрээ байгуулчхаад Сонгино сум руу эхний удаа хамт оччихоод Улаанбаатар хотруу яваад талбай дээр хяналт муутай ажиллаж байсан. 9 хоногийн хугацаанд хамгийн олон удаа ресс хийсэн 77-22 ЗАН гэсэн улсын дугаартай ******* гэдэг жолооч байнга 16-аас 21 удаа ресс хийж байсан. Бусад жолооч нар хамгийн дээд тал нь 16 удаа ресс хийж байсан байдаг. Хариуцагч тал ачаа тээвэрлэлтийн гэрээнд үнийн дүнгээ тохирчихсон метр куб шорооны үнээр тооцно гэсэн заалт байхгүй байхад хөндлөнгийн этгээдтэй байгуулсан гэрээнийхээ заалтыг тулгаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болон талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг эрх зүйн талаас нь зөв тодорхойлоогүй тул давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч АА- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол болох нийт 5.600.218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.544.118 болгон багасгаж өөрчилсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд АА- ХХК нь Монгол ЛЗ зам гүүр ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Тосонцэнгэл сумын дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын шороо тээвэрлэх гэрээг байгуулсан байна.

Дээрх гэрээний үүргээ биелүүлэхийн тулд АА- ХХК нь хариуцагч Д.*******тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх нэр бүхий гэрээ байгуулжээ.

Гэрээгээр хариуцагч Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сарын 15.000.000 төгрөгний хөлстөй нэг сарын хугацаатай өөрийн 77-22 ЗАН дугаартай автомашинаар хөлслөгчийн заасан газарт шороог ачиж, буулгахаар харилцан тохиролцож, хариуцагч Д.******* хөлсний урьдчилгаанд 3.000.000 төгрөг авахаар тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл, нөхцөл, хөлс тохирсон хэлбэр, талуудын тайлбар зэргээс харахад нэхэмжлэгч АА- ХХК, хариуцагч Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг, харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Дээрх хоёр гэрээний яллагдах гол шинж бол гэрээний зүйл байдаг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхад хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байдаг.

Иймд маргааны үйл баримтаас харахад талуудын тохиролцоо нь нэг газраас нөгөө газарт шороо зөөх ажил үйлчилгээ гэж үзэх нь илүү тохиромжтой байх тул зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хөлсөөр ажиллах гэрээ нь тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болохоор Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасан байна.

Гэвч хариуцагч Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 9 өдөр ажиллаж байгаад эхнэр хөлний хагалгаанд орох болсон гэсэн шалтгаанаар ажлаа орхин явсан байх бөгөөд энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Д.******* нь гэм буруутай үйлдлээрээ гэрээний үүрэгээ зөрчсөн болох нь тогтоогдвол гэрээний нэг тал болох АА- ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд зааснаар Д.*******аас гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

Гэтэл нэхэмжлэгч байгуулага нь Д.******* нь гэм буруутай үйлдлээрээ гэрээг цуцлахад хүргэсэн гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж, шүүхэд хангалттай нотолж чадаагүй, мөн гэрээ цуцлагдсанаас байгууллагад хэрхэн хохирол учирсан болон нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасан гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол шаардах боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Харин анхан шатны шүүх хариуцагч Д.******* нь 9 өдөр ажилласан ажлын хөлсөнд 3.000.000 төгрөгийг компаниас авах эрхтэй гэж гэрээнд заасан нийт дүнгээр өдрийн хөлсийг тооцож, дүгнэсэн хирнээ хуулийн ямар зүйл, заалтад үндэслэн, Д.******* нь ажлын хөлсөө авах эрх үүсч байгааг тодорхой дүгнэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалж, болохоор байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт ...эсхүл талуудын хууль ёсны эрх ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр заасан байх ба тэрээр гэнэт эхнэрээ хагалгаанд орно гэснийг сонсоод нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид мэдэгдэж, явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалснаас өмнө нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолоо алдвал түүнийг нэгэн адил цуцалж, 205 дугаар зүйлд заасан журмаар талууд хэлцлийн дагуу шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаах үүрэгтэй байна.

Гэвч хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэгдсэн ажил үйлчилгээг ажиллуулагч нэгэнт хүртсэн тул гэрээ цуцлагдснаар өмнө нь гүйцэтгэгдсэн үүргийн биелэлт ач холбогдолоо алдахгүй тул уг гүйцэтгэл цуцлагдахгүй ажиллагч нь гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч АА- ХХК нь хариуцагч Д.*******т урьдчилгаанд өгсөн гэх 3.000.000 төгрөг нь түүний 9 хоногийн ажлын хөлсөнд тооцогдохоор байгааг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэсэн байх тул үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Монгол улсын Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар... гэснийг ...Монгол улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР