Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 144

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Д.Ба-, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, АА- ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Ба-т холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлтэд 5.600.218 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: АА- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: АА- ХХК *******, ******* чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төслийн шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхээр 77-22ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ба-тай харилцан тохирч 2018 оны 10 сарын 04-нд Ачаа тээвэрлэлтийн гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан. АА- ХХК тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Д.Ба-т ажлын урьдчилгаа хөлс 3.000.000 төгрөг, ажлын талбайд ирэх замын зардал 238.000 төгрөгийг дансаар шилжүүлж, мөн түүнийг ажиллах хугацаанд нийт 1.186.500 төгрөгөөр үнэлэгдэх 565 л дизель түлш олгосон. Ажлын явцад компаниас түлш олгож, ажил бүрэн дууссаны дараа түлшний нийт үнийг тухайн жолоочийн хөлснөөс суутгах зарчмаар ажилладаг. Тус компаниас Д.Ба-т олгосон урьдчилгаа, замын зардал, дизель түлшний үнийн дүнд нийт 4.424.000 төгрөг байна. Гэтэл Д.Ба- нь 2018 оны 10 сарын 09-ний өдрөөс 10 сарын 17-ны өдөр хүртэл 9 өдөр ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлээгүй, мөн 2018 оны 10 сарын 18-ны өдөр 116л дизель түлш аваад ажил огт гүйцэтгээгүй ажлын талбайг орхиж явсан. Үүний улмаас АА- ХХК-ны үйл ажиллагаа болон эд хөрөнгөд дараах хохирол учирсан.

1. ...Д.Ба-ын гүйцэтгэсэн ажил нь тус компаниас түүнд олгосон урьдчилгаа хөлсөнд дүйцээгүй, мөн компаниас авсан дизель түлшний тооцоогоо дуусгаагүй ажил хаяж явснаас АА- ХХК-д 1.650.218 төгрөгийн хохирол учирсныг төлүүлэх

2. ...хариуцагч 9 өдөр ажиллахдаа хамгийн ойр буюу 1км-2км зайд явж байсан хэрнээ 10 сарын 15, 16,17-с бусад 6 өдөр ажиллахдаа 16-с доош удаа явж дутуу ачилт хийснээр гэрээнд заасан шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлээгүй. Иймээс Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 13-т зааснаар А талын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10% буюу 1.200.000 төгрөгийн торгуулийг гэрээнд зааснаар төлүүлэх

3. ...гэрээний 5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу бараа материалыг заасан газар хүргээгүй, гэрээг зөрчсөн гэж үзэж тээвэрлэж буй материалын үнийн дүнг 5 дахин бодож 2.000.000 төгрөгийн торгуулийг гэрээнд зааснаар төлүүлэх

4. Мөн Д.Ба- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлыг орхиж явсан учраас тус компани дахин өөр тээврийн жолооч ирүүлж замын ажлыг гүйцэтгүүлэх шаардлага үүссэн. Дараагийн жолооч ирэх замын зардалд 250.000 төгрөг, мөн хариуцагчид холбогдох энэхүү маргаанд хууль зүйн туслалцаа авахад 500.000 төгрөгийг тус тус зарцуулсныг хариуцагчаас гаргуулах. Хариуцагч Д.Ба- нь дээр дурдсанчлан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцагчаас нийт 5.600.218 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ба- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* манай гэрт ирээд надтай уулзахдаа надад манай компани *******, ******* чиглэлийн 167 км хатуу хучилттай зам хийж байгаа энэ ажилд шороо зөөх ХОВО машинтай жолооч хэрэгтэй байна. 1 сарын хугацаатай гэрээ байгуулна, ажлын нийт хөлс 15.000.000 төгрөг өгнө , түүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг нь өгнө. Аймгаас ******* орох, *******ос аймаг орох түлшийг манайх даана, 15.000.000 төгрөгнөөс ажил гүйцэтгэхэд ашигласан түлшний үнийг хасаад ажлаа хийж дууссаны эцэст тооцоогоо хийнэ гэсэн ажлын санал тавьсан. Ингээд би 2018.10.09-ний өдрөөс эхлэн ******* сумын хатуу хучилттай замын ажил дээр ажилласан. Нийт 136 удаа шороо буулгаж 565л түлш авсан байдаг. Би ажил хийхдээ авсан 565л түлшийг 2100 төгрөгөөр тооцоход 1.186.500 төгрөг болсон. Харин би хийсэн ажлынхаа үнэлгээг тооцоход гэрээний нийт үнэ болох 15.000.000 төгрөгийг сарын 30 өдөртөө хуваахад миний нэг өдрийн ажлын хөлс 500.000 төгрөг болж байна. Учир нь бидний хооронд байгуулсан гэрээнд ирисийн тоо заагаагүй учраас нийт гэрээний үнээс 1 өдрийн ажлын хөлсөө бодож олох нь зөв гэж үзэж байна. Ингээд нэг өдрийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг нийт бүтэн ажилласан өдөр болох 9 өдрөөрөө үржүүлэхэд нийт хийсэн ажлын хөлс 4.500.000 төгрөг болж байна. Үүнээс ажил хийх хугацаанд компаниас авсан түлшний үнэ болох 1.186.500 төгрөгийг хасч тооцоход 3.313.500 төгрөг болж байна. Үүнээс урьдчилгаа 3.000.000 төгрөгийг нь би компаниас авсан учраас би энэ компанид мөнгө төлөх биш харин АА- ХХК надад 313.500 төгрөг төлөх ёстой юм. Надад гэрээний дагуу хариуцлага тооцож байна гээд баахан торгууль мөнгө нэхсэн байна. Үүнийг бас үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь надтай Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан атлаа хуульд зааснаар дагалдах бичиг үйлдээгүй, мөн Иргэний хуульд зааснаас дээгүүр өндөр торгууль алданги төлөхөөр гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд гэрээний дагуу тооцоогоор би уг компанид өргүй бөгөөд харин ч би 313.500 төгрөгний авлагатай байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АА- ХХК болон хариуцагч Д.Ба- нар нь 2018 оны 10-р сарын 04-ний өдөр 1 сарын хугацаатай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу АА- ХХК-иас хариуцагч Д.Ба-т 3.000.000 төгрөгний урьдчилгаа олгосон мөн ажилд гарахад шаардлагатай дизель түлшийг ажиллаж байх хугацаанд нь өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 10-р сарын 18-ны өдөр ажлаа орхиж явсан. Ажилласан 9 өдрийн хөлсийг нь тооцоод үзэхэд 2.774.282 төгрөг болж байгаа юм. Компаниас хариуцагчид олгосон замын зардал болон урьдчилгаа, түлш зэргээс үзэхэд 1.652.218 төгрөгний зөрүү гарч компани энэ хэмжээний мөнгөөр хохирсон байгаа юм. Мөн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулаад өөр жолооч ажиллуулах, өдөрт гүйцэтгэх ажлыг хийгээгүй учраас гэрээний дагуу торгууль тооцно гэж тохиролцсон байсан учраас торгуулийн мөнгө тооцогдож нийт 5.600.218 төгрөгийг нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нэхэмжлэлийн шаардлагын 3 дугаар хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Ба-аас ачаа тээвэрлэлтийн гэрээний 5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу бараа материалыг заасан газарт хүргээгүй гэрээг зөрчсөн гэж үзэж материалын үнийн дүнг 5 дахин ихэсгэж 2.0 сая төгрөг төлүүлье гэж байсан шаардлагаа өөрчлөөд 9 өдөр ажиллаж байхдаа компаниас хэрэглэж байсан 566 литр түлш байдаг үүнээс хэрэглэгдээгүй 116 литр түлшний үнэ гаргуулахаар нэхэмжлэлдээ гаргасан байсан үүнийгээ болиод хэрэглээгүй үлдсэн байсан 116 литр түлшээ хасаад 449 литр түлшний 942.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилж байна. Мөн гэрээний дагуу үнийн дүнг тав дахин бодохоо больж нийт нэхэмжлэлийн шаардлага маань 4.544.118 болж байгаа юм. Нэг литр түлшээ 2100 төгрөгөөр бодож гаргасан байгаа гэв.

 

Хариуцагч Д.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******, ******* гэдэг хоёр залуу 2018 оны 10-р сарын 03-нд манай гэрт ирж надтай уулзсан. *******ос ******* ортол 1 сарын хугацаатай сарын 15.0 сая төгрөгний цалингийн гэрээтэй ачаа тээвэрлээд өгөөч гэсэн. Тэгээд би надаас өөр манай аймгаас явах жолооч байхгүй юм уу гэхэд дөрөв, таван жолооч байгаа гэж байсан. Тухайн үед Завхан аймгийн ******* сумд ажиллаж байсан жолооч ирээгүй байсан учраас аймгийн төвөөс машин олдохгүй байна гэсэн. Тэгээд би тухайн үед ажил багатай байсан учраас зөвшөөрсөн. Би 2018 оны 10-р сарын 04-нд гэрээ хийгээд 10-р сарын 07-нд А.******* захирал бид хоёр аймгаас гараад замдаа Завхан аймгийн Тэлмэн сумд хоноод маргааш нь буюу 10-р сарын 08-нд ажлын талбай дээрээ ирсэн. Өөр машин явах байсан боловч засвартай байгаа учраас араас ирнэ гэж байсан. Надтай хамт Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайн жолооч Балсан гэдэг хүн цаанаас ирээд бид хоёр ******* дээр уулзаад 2018 оны 10-р сарын 09-ний өдрөөс эхлэж ажилдаа 14-18 зарим өдрүүдэд 21 рейс хийж байсан. Ингээд энэ компани хоёр машинтай үйл ажиллагаагаа эхэлсэн. Намайг очоод 2 хонож байхад манай аймгаас Сэрээтэр гэдэг жолооч ирсэн. Хөвсгөлийн Мөрөн хотоос Даангай гэдэг жолооч ирээд 4 машин ажиллаж эхлүүлсэн. Би энэ компанид 9 хоног ажиллахдаа хамгийн их рейс хийсэн байсан. Миний машин нэг цаг ч саатаагүй ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дээр харагдаж байгаа. Тэнд Хятадын 6 машин манай 2 машин нэг схэм дээр ачихдаа ч очерлоод буулгахдаа ч очерлодог байсан. Өдөрт бодитоор 14, 15 рейс хийх боломжтой байсан. Сарын 15.0 сая төгрөгөө 30 хоногтоо хуваагаад өдрийн 500.000 төгрөг болж байна гэж бодсон, тэр хүмүүс бас зөвшөөрсөн тэрнээс түлшээ хасна гэсэн. Тэгээд 9 хоног ажиллахад 4.500.000 төгрөг болсон тэрнээс 566 литр түлш хэрэглэсэн нь 566 литр түлшээ 2100 төгрөгт үржүүлээд 1.188.600 төгрөг болсон. Ажилаа хаях шалтгаан маань 2018 оны 09-р сарын 24-нд аймгийн төвд Солонгос эмч нар ирээд эхнэр маань хөлний судасны хагалгаанд орсон юм. Дараа нь намайг замд гарах үед хотын 3 дугаар эмнэлэгт үзүүл гэсэн юм байна лээ. Тэгээд үзүүлсэн чинь 2018 оны 10-р сарын 22-нд хагалгаанд орохоор боллоо гэсэн. Тэр үед А.******* захирал гадарлаж байсан. Би хажууд нь утсаар ярьж байсан. Тэгээд хагалгаанд ороход би зайлшгүй явах шаардлагатай болсон. Би 2018 оны 10-р сарын 18-нд А.******* захирал руу Хөвсгөлийн жолооч Даангай гэдэг хүний эхнэрийнх нь утсаар ярьсан. Мөнгө нэмж өгвөл хөлсний жолооч олоод явлаа гэсэн. Гэтэл тийм юм байхгүй гэхээр нь би хугацааг нь харчаад явсан нь үнэн. Энэ компаниас 3.0 сая төгрөг авсан нь үнэн. Би 3.0 сая төгрөгнийхөө ажлыг хийсэн гэж бодож байгаа. Нэг машин явахын төлөө энэ компаний үйл ажиллагаа алдагдалд орохгүй. Миний араас хоёр машин ирэх байсан намайг ажиллаж байсан ч энэ хоёр машин ирэх байсан. Тэнд маш хүйтэн байсан. Дан бүрээстэй уранхай цоорхой нэг гэр байсан орж унтахын аргагүй байсан. Би тавь гарч байгаа хөгшин хүн машиндаа арав хоносон доороосоо даараад хоолой маань өвдсөн байсан. Тогооч гэж байхгүй хоол унд хэцүү байсан. Дараа нь Хөвсгөлийн жолооочийн эхнэр нь ирж хоол ундны хувьд арай гайгүй болсон. Нөхцөл байдал бол газар дээрээ ийм байсан. Үлдсэн хоёр машины хөлсийг одоо хүртэл энэ компани өгөөгүй байгаа юм байна лээ. Тухайн тухайн харьяаны шүүхэд өгсөн байгаа гэсэн. Тэр үед портор ч олдохгүй байхад нь би салхийг нь хагалаад ажиллаж байхад баярлаж л байсан. Тэгээд намайг ар гэрийн гачигдалтай байхад над дээр учир зүггүй ийм их мөнгө нэхэмжилж байгаад нь би маш их гомдолтой байгаа. Би 3.0 сая төгрөгөө өгөөд дээр нь ахиад 2, 3 сая төгрөг төлнө гэдэг нь арай ч байж болохгүй асуудал байхаа. Эрхэм шүүгч та энэ хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Ямар үндэслэлээр энэ их мөнгийг нэхээд байгаа юм бэ? гэрээн дээр нэг сарын хөлс нь 15.0 сая төгрөг юм чинь өдрийн хөлс нь 500.000 төгрөг байна гэж ойлгогдохоор гэрээнд тусгаж өгчөөд нэхэмжлэлийн шаардлага дээрээ буулгасан шороог метр квдратыг нь 1000 төгрөгөөр бодоод тооцсон байх юм. Тэгээд бага үнийн дүн гаргаад энэ хүн 1.346.700 төгрөгний ажил хийсэн байна гэж нэхэмжлэлээ гаргасан байна. Их мөнгө нэхээд байгаа гэрээний заалтуудыг харахаар Иргэний хуулийн анзтай холбоотой зүйл заалтыг зөрчсөн байгаа юм. Арав дахин нугалж төлнө, тав дахин нугалж төлнө гээд заагаад өгсөн нь Иргэний хуульд зохицуулагааагүй хүчин төгөлдөр бус гэрээ хийчихээд энэ их мөнгийг нэхэж байна. Өмгөөлөгч Э.******* гэдэг хүн хуулийн этгээдийг төлөөлж байгаа гэтэл А.******* гэдэг хувь хүний төлөөлөх итгэмжлэл хийлгээд хуулийн этгээдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл байгууллагын эрх бүхий этгээдийн тамга тэмдэг, албан бланкаар байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог. Байгууллагыг бүрэн төлөөлж байгаа юм уу, хагас төлөөлж байгаа юм уу, ямар хуулийн хүрээнд төлөөлөх юм бэ гэдгийг нь байгууллагын итгэмжлэлээр олгодог. Нотариатаар итгэмжлэл хийлгэж байна гэдэг нь зөвхөн хувь хүнийг л төлөөлөж байгаа юм. Хуулийн этгээдийг төлөөлнө гэдэг нь тусдаа асуудал юм. ИХШХШ тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасан байдаг. Хувь хүн буюу А.*******ыг төлөөлж байгаа төлөөлөгч хүн байгууллагыг төлөөлөөд АА- компаний өмнөөс нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх үү, компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн үү, өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна гэдэг нь харагдаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АА- ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь хариуцагч Д.Ба-аас Ачаа тээвэрлэх гэрээ-ний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 5.600.218 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 4.544.118 төгрөг болгосон болох нь түүний ...нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад хариуцагч Д.Ба-аас ачаа тээвэрлэлтийн гэрээний 5-р зүйлийн 3-т заасны дагуу бараа материалыг заасан газарт хүргээгүй гэрээг зөрчсөн гэж үзэж иатериалын үнийн дүнг тав дахин ихэсгэж 2.000.000 төгрөг төлүүлье гэж байсан шаардлагаа өөрчлөөд 9 өдөр ажиллахдаа компаниас авсан 566 литр түлшнээс хэрэглээгүй үлдсэн байсан 116 литр түлшээ хасаад 449 литр түлшний 942.900 төгрөг гаргуулахаар багасган өөрчилж байна. Нэг литр түлшээ 2100 төгрөгөөр бодож байна гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 4.544.118 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ...Д.Ба- нь 9 өдөр ажиллахдаа нийт 2713.5 метр куб шороо буулгасан. Үүнийг явсан километрээр нь тооцоход нийт 2.774.282 төгрөг болж байна. Компаниас урьдчилгаанд 3,0 сая төгрөг, замын зардалд 328.000 төгрөг өгсөн, хариуцагч компаниас 1.186.500 төгрөгний түлш авсан гээд нийт 4.424.000 төгрөг болж байна. Д.Ба-ын гүйцэтгэх ёстой байсан боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 1.650.212 төгрөг /1.649.218 гэж өөрөөр тайлбарласан/, тээвэрлэлтийн гэрээний 5.13-т зааснаар 10 хувийн торгуулийн төлбөрт 1.200.000 төгрөг, 449 литр түлшний үнэ 942.900 төгрөг, ажил хаяж явснаас дараагийн жолооч ирсэн замын зардалд 238.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны 500.000 төгрөг, ингээд 4.530.618 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Ба- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... шороо зөөх Хово машинтай жолооч хэрэгтэй гэсний дагуу 1 сарын ажлын хөлс 15.000.000 төгрөг байхаар, 15.000.000 төгрөгнөөс ажил гүйцэтгэхэд ашиглах түлшний үнийг хасаж тооцохоор, урьдчилгаанд 3.000.000 төгрөг авахаар, аймгаас ******* орох, *******ос аймаг орох зардлыг компани даахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд би компаниас нийт 565 литр түлш авч, 136 удаа шороо буулгасан. 565 литр түлшээ литрийг нь 2100 төгрөгөөр тооцоход 1.186.500 төгрөг болж байна. 15.000.000 төгрөгийг сарын 30 өдөртөө хуваахад миний 1 өдрийн цалин 500.000 төгрөг болж байна. Би 9 өдөр ажилласан учир 4.500.000 төгрөг болж байна. Үүнээс ажил хийх хугацаандаа компаниас авсан түлшний үнэ болох 1.186.500 төгрөгийг хасч тооцоход 3.313.500 төгрөг болж байна. Үүнээс урьдчилгаанд авсан 3.000.000 төгрөгийг хасахаар би уг компанид өргүй, харин ч 313.500 төгрөгний авлагатай байна гэж тайлбарлан маргаж байна.

АА- ХХК ба Д.Ба- нарын хооронд 2018 оны 10-р сарын 04-ний өдөр Ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 7-д тээвэрлэлтийн үнэ болон малтлагын үнэ гэсэн хэсгийн 01-рт шороо /хаягдал шороо болон хаягдал чулуу/ гээд түрээс гэсэн ойлголтыг оруулж, түрээсийн хугацаа 2018 оны 10-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэл, түрээсийн үнэ: 1 сарын 15.000.000 төгрөг, түрээсэлж буй техникийн талбайд орох, талбайгаас буцах зардлыг А тал хариуцна, урьдчилгаа 3.000.000 төгрөг өгнө гэж заажээ.

Хэдийгээр уг гэрээ нь А тал, Б тал гэсэн талуудтай,Ачаа тээвэрлэлтийн гэрээ гэж нэрлэгдсэн байгаа ч гэрээний үндсэн шинж, хэлбэр зохицуулж буй харилцаанаас дүгнэхэд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй өөрөөр хэлбэл зам барихад хэрэгтэй байгаа шороог нэг газраас нөгөө газарт хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж ба ажиллах хүчийг авч ажиллуулж, ажиллах хүч нь тухайн ажлыг гардан гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажилдаа хөлс авч, ажлын үр дүн нь зам барихад шаардлагатай овоолсон шороо байна гэж дүгнэв.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч Б тал нь ямар нэгэн зүйл хийж гүйцэтгэсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба хариуцагч Б талын зөөсөн шороог компаны зүгээс хүлээн авч бүртгэл хөтлөж байсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил 1 сарын 15.000.000 төгрөгний үнэлгээтэй байснаас компани Д.Ба-т 3.000.000 төгрөгний урьдчилгаа өгсөн, компаниас 565 литр түлш авч 9 өдөр ажиллахдаа 136 удаа рейс хийж шороо буулгасан, компаниас авсан түлшээ ажлынхаа хөлснөөс хасч тооцохоор тохиролцсон байсан, 1 литр түлшийг 2100 төгрөгөөр тооцож байсан зэрэг үйл баримтууд нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...Д.Ба- нь 9 өдөр ажиллахдаа нийт 2713.5 метр куб шороо буулгасан. Үүнээс 1 км зайд 1346,7 метр куб шороо буулгасан үнэлгээг километр тутамд 1000 төгрөгөөр тооцож 1.346.700 төгрөгний ажил, 2 км зайд 1.366.8 метр куб шороо буулгасныг километр тутамд 1270 төгрөгөөр тооцоход 1.735.836 төгрөгний ажил гүйцэтгэсэн. Түүний гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцоход нийт 2.774.282 төгрөг /татвар тооцогдсон/ байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Монгол ЛЗ зам гүүр ХХК нь АА- ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас ******* ******* чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын шороо тээвэрлэх гэрээг байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар АА- ХХК нь иргэн Д.Ба-ыг туслан гүйцэтгэгчээр оролцуулж мөн түүнтэй гэрээ байгуулсан байна.

АА- ХХК буюу ажил гүйцэтгэгч компани нь захиалагч буюу Монгол ЛЗ зам гүүр ХХК тай байгуулсан гэрээний 7-гийн 1-д тээвэрлэлтийн үнэ болон малтлагын үнийг тооцохдоо ...метр куб бүрийн үнэ эхний 1 км-д 1000 төгрөгөөр, км нэмэгдэх бүрт 270 төгрөгөөр нэмэгдэхээр заасан байгаа мөртлөө туслан гүйцэтгэгч Д.Ба-тай байгуулсан гэрээндээ энэ талаар тодорхой заалт оруулаагүй, гэрээний 1-р зүйлд тээвэрлэлтийн хэмжээ куб метрээр тооцоолон бодно гэж заасан байгаа ч 1 километрт метр кубээ хэрхэн тооцоолохыг тодорхой заагаагүй, захиалагч, ажил гүйцэтгэгч 2-ын хооронд байгуулсан дээрх гэрээг Д.Ба-д танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд туслан гүйцэтгэгч Д.Ба-ын хувьд өөрийнх нь гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл хэрхэн тооцогдох талаар ямар ч төсөөлөлгүй байсны дээр талууд энэ талаар гэрээндээ тодорхой заагаагүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал захиалагч талтай байгуулсан гэрээний дагуу түүнтэй адилхан байдлаар туслан гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэсэн байхыг шаардах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Д.Ба-ын буулгасан шороог метр кубээр, явсан километрээр тооцож, компаниас авсан түлшинд харгалзуулж түүний гүйцэтгэх ёстой байсан боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзэн 1.650.212 төгрөг /1.649.218 гэж өөрөөр тайлбарласан/ нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн гэрээний 5-ийн 12-т зааснаар Б тал 8 аас 1 км-ийн хооронд ачааг тээвэрлэх ба 8 км зайнд ажлын цагийн турш 16-20 явна. Км-ийн зай багасах бүрт явах тоог нэмэгдүүлэн ажиллахаар тохиролцсон байгаа хэдий ч Д.Ба- өдөрт 16-аас доош удаа рейс хийж байсан бөгөөд үүнийг тэрээр Тэнд Хятадын зургаан машин манай хоёр машин нэг схэм дээр ачихдаа ч очерлоод буулгахдаа ч очерлодог байсан. Өдөрт бодитоор 14, 15 рейс хийх боломжтой байсан. Өдөрт 20 удаа рейс хийнэ гэж амаар хэлж байсан. Гэтэл бодит байдал дээр яагаад ч 20 удаа рейс хийх боломжгүй байсан. Би 2, 3 рейсээр илүү явж байсан нь наад хүснэгтээс харагдах байх. Хамгийн их ачдаг нь би байсан. Би энэ компанид 9хоног ажиллахдаа хамгийн их рейс хийсэн байсан. Миний машин 1 цаг ч саатаагүй ажиллаж байсан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч компаны зүгээс рейс дутуу хийснийг гэрээнд заасан шаардлагыг бүрэн гүйцэт биелүүлээгүй, А талын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувь буюу 1.200.000 төгрөгийн торгуулийг Д.Ба-аас гаргуулахаар шаардаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт 10 хувь буюу 1.200.000 төгрөгний торгуулийг хэрхэн бодож нэхэмжилж буй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ...1 сарын 15 сая төгрөгний үнэлгээтэй байснаас 3 сая төгрөгийн урьдчилгааг хасаад 12 сая төгрөг болж байна. 12 сая төгрөгний 10 хувь нь 1.200.000 төгрөг болж байгаа юм ингэж бодож гаргасан гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт торгуулийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоохоор зохицуулжээ. Гэтэл нийт үнийн дүнгийн 10 хувиар торгууль тооцохоор гэрээнд зааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Д.Ба-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр биш нийт үнийн дүнгээс урьдчилгааг хасаад гарсан дүнгээс тооцож нэхэмжилж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцэхгүй гэж үзэв.

Мөн гэрээний 5-ийн 13-т зааснаар Б тал А талын тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу өдөрт 16-20 рейс явахгүй байгаа тохиолдолд эхний удаа Б талд А тал сануулахаар дараагийн удаа 10 хувиар торгууль төлүүлэхээр заасан байна. Гэтэл Б талд сануулсан талаарх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгаагийн зэрэгцээ тухайн үед жолооч нарын явсан рейсийг бүртгэж байсан бүртгэлээс харахад хамгийн олон удаа рейс хийж байсан жолооч нь 77-22 ЗАН дугаартай жолооч Д.Ба- /дунджаар 15-12 удаа/ байсан байх ба 55-88 ХӨҮ дугаартай, 99-04ЗАА дугаартай, 79-74 ХӨҮ дугаартай автомашинууд түүнээс доош удаа /дунджаар 14-6 удаа/ рейс хийж байсан болох нь харагдаж байна.

Гэрээнд ажлын хөлсийг 15.000.000 төгрөгөөр, гэрээний хугацааг 2018 оны 10-р сарын 05-ны өдрөөс 2018 оны 11-р сарын 05-ны өдөр хүртэл байхаар түрээсэлж буй техникийн талбайд орох, гарах зардлыг компани хариуцан урьдчилгаанд 3.000.000 төгрөг өгч, тээвэрлэлт хийж байх үед гарах эрсдэлийг тээвэрлэгч хариуцахаар тохиролцсон байна. Ажлын хөлсийг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 1 сард 15.000.000 төгрөг, 1 хоногт 500 мянган төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. Ингээд 9 хоног ажилласан гэж үзэхээр Д.Ба- компаниас 4.500.000 төгрөгний ажлын хөлс авахаар байсан байна. Үүнээс талууд ажлын хөлснөөс түлшний үнийг хасахаар тохиролцсон байсан учир компаниас авсан түлшний үнэ 1.186.500 төгрөгийг хасахаар 3.313.600 төгрөг гарч байна. Д.Ба- нь компаниас ажлын урьдчилгаанд авсан 3.000.000 төгрөгийг үүнээс хасч тооцох нь зүйтэй байна.

Хариуцагчийн компаниас авах ёстой байсан 9 хоногийн ажлын хөлсөнд компаниас авсан түлшний үлдэгдлийг хасч тооцож байгааг ингэж харилцан тооцогдох зүйлс мөн гэж үзэж Д.Ба-ын хамгийн сүүлд авсан 116 литр түлшийг ажлын хөлснөөс хасагдсан гэж үзэв.

Хариуцагч Д.Ба- нь дээрх ажлыг гүйцэтгэхдээ өөрийн эзэмшлийн 77-22 ЗАН дугаартай Е ангиллийн хүнд машин механизм болох Хово маркийн автомашинаар гүйцэтгэж байсан ба дээрх автомашин нь зах зээлийн өртөг өндөртэй, техник сэлбэг эвдэрсэн тохиолдолд засварын үнэлгээ болон сэлбэгийн өртөг өндөр, харьцангуй бага өртгөөр их ажил гүйцэтгэдэг өндөр үзүүлэлттэй техник учир түүний ажлын хөлс түрээсийн төлбөр харьцангуй өндөр хийгддэг зэргийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс АА- ХХК-ны ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба үүнийгээ компаны зүгээс 238.000 төгрөгөөр өөр жолооч ирүүлж Д.Ба-ын дуусгаагүй ажлыг дуусгуулсан гэдэг үйл баримтыг нотлоно гэжээ. Гэтэл 2018 оны 10-р сарын 18-ны өдөр компаны данснаас нийт 13 удаа гүйлгээ хийгдсэн байх ба эдгээр гүйлгээнүүд нь хэн гэдэг жолоочид ажлын хөлс өгч хаана ажил гүйцэтгүүлсэнг хангалттай нотлохгүй гэж үзлээ.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Нөгөөтэйгүүр хууль зүйн туслалцаа авах эрх нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх бөгөөд шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн компаны сонголт байх тул хууль зүйн туслалцаа авахад компаниас зарцуулсан 500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн АА- ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компаны үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг автомашины сэлбэгийн худалдаа гэсэн байх ба туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй гишүүдийн тоо-2 гэсэн байгаагийн зэрэгцээ АА- ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд нэхэмжлэл гаргасан, компаны тамга тэмдэг, лого бүхий албан ёсны баримт бичгээр түүнийг итгэмжлээгүй, нотариатчаар хийлгэсэн итгэмжлэлд итгэмжлэгч Б.*******, итгэмжлэгдэгч Э.******* гээд гарын үсэгнүүд зурагдсан компаны тамга дарагдсан байгаа хэдий ч Б.******* нь АА- ХХК-ныг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй, компаны захирал гэж тайлбарлаж байгаа ч компаны гэрчилгээ болон бусад баримтаар нотлогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар АА- ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ба-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болон үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс компанид учирсан хохиролд нийт 4.543.118 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.600 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ