Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 187

 

“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга,

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурванзагал, Чойбалсан

сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “А и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0058 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурванзагал, Чойбалсан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “А и” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0058 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “Ашигт малтмал, газрын тосны газраас ирсэн 8/7726 дугаар албан бичгийн “Кадастрын зураг зүйн сангаас шүүж үзээд А и ХХК-ийн NE-026811 тоот өргөдлийн талбай нь газрын тосны хайгуулын 18 дугаар талбайтай бүхэлдээ давхцаж байна... 18 дугаар талбайд Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар тогтоолоор Э П А ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан” гэснийг үндэслэсэн байна. Гэтэл Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэдэг.

4. Мөн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар “бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай”-г Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар бүртгүүлдэг.

5. Монгол Улсын хэмжээнд улсын газар нутгийн нийт 40 хувийг бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд өгч, хайгуулын ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгдсэнээр шууд тусгай хэрэгцээнд ордоггүй бөгөөд заавал Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар Засгийн газраас тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гарч байж тусгай хэрэгцээнд авдаг. Тэгэхээр Засгийн газар Э П А ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь тусгай хэрэгцээнд авсан гэсэн үг биш юм.

6. Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар энэхүү зүйл хүчингүй болсон боловч маргаан бүхий актын хувьд хэрэглэгдэх үндэслэлтэй/ гэсний дагуу Дорнод аймгийн Засаг дарга төрийн захиргааны байгууллагын мэдэгдлийг хүлээн авч нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч “дэмжихгүй” санал өгсөн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Мөн Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэр, тогтоол буюу санал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу гарсан байх тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

10. Хэдийгээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар тогтоолоор “Э П А” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан газрын тосны хайгуулын 18 дугаар талбайтай бүхэлдээ давхцаж байгаа нь уг газрыг “улсын тусгай хэрэгцээнд авсан” гэх шууд үндэслэл болохгүй ч Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

11. Түүнчлэн дээрх бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2009 оны 238 дугаар тогтоолоор байгуулсан тул “бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэдэг” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т заасан гомдол үндэслэлгүй.

12. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0058 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ