Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0632

 

2023 08 18 128/ШШ2023/0632

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ориент-Инвест ББСБ ХХК /РД: 2737515/,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хооронд үүссэн захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, С.Амаржаргал, иргэдийн төлөөлөгч С.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болохыг тогтоолгох

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг баталсан, тус журам батлагдсанаар нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөгдөж эхэлсэн байна.

2.2. Нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-иас тус журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор тодруулсан, харин нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нийцээгүй журам баталсан... үндэслэлээр маргахгүй болохоо илэрхийлсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар Тогтоолоор батлагдсан "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам нь уг журмыг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал:

3.2. "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ын 2.3.9-д "Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хянуулж бүртгүүлэхээр хүргүүлнэ., 2.5.2-д Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. гэж тус тус заасан.

3.3. Мөн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0327 тоот Магадлалд .. маргаан бүхий 28 дугаар акт гарах үед буюу 2015 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаар тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам хүчин төгөлдөр үйлчилж байсан тул захиргааны байгууллага уг журмыг баримталж хэм хэмжээ тогтоосон акт гаргах үүрэгтэй. гэж үзсэн.

3.4. Дээрх үндэслэлүүдээр уг маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Уг хүчин төгөлдөр бус журмыг хэрэгжүүлснээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-ийн 7.2 буюу "Аж ахуйн нэгж, байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж ... тайланг татварын албанд ирүүлнэ гэсэн заалтыг тус ББСБ болон аж ахуйн нэгжүүд мөрдөх боломжгүй болоод байна.

3.5. Өөрөөр хэлбэл бүх автомашины татвар, төлбөрийг оны эхний хагас жилд 1 удаа бөөнд нь татан төвлөрүүлэхээр хүчин төгөлдөр бус журамд заасан нь аж ахуйн нэгж, байгууллагуудад татвар, төлбөрийн дарамтыг үүсгэж эрх ашгийг зөрчиж байна. Мөн цаашид ч зөрчиж болзошгүй байна. Иймд маргаан бүхий уг журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

 

4. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам" нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. "нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах", Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2. "нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих" гэсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

4.2. Уг журмын зорилго нь Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэсэн бөгөөд энэ нь Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 1 зүйлд заасан хуулийн зорилт, Татварын ерөнхий хуулийн 5.1.1-т заасан "зайлшгүй байх", 5.1.4-т заасан "үр ашигтай байх" зарчимд нийцсэн.

4.3. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 1.2-т "Энэхүү журмыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө", 1.6.3. "Эрх бүхий этгээд" гэж Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагыг" гэж тодорхойлсон бөгөөд тогтоолын 5 дахь хэсэгт баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөсүгэй гэжээ.

4.4. Мөн уг хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө батлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

4.5. Дээрх зохицуулалтаас харахад уг журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд хамаарахааргүй байгаа боловч хурал уг журамд заасан шаардлага, үе шатны дагуу "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам"-ыг баталсан болно. Иймд Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч Ч.Мягмарбазар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Татвар төлөх нь иргэн бүрийн үүрэг юм. Хуулийн дагуу бүх авто машин, тээврийн хэрэгсэл 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө татвараа төлсөн байх ёстой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолоор Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг баталсан, тус журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй талаарх тодорхойлолтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3-2/65 дугаар албан бичгээр ирүүлжээ.

3. Нэхэмжлэгчээс ...захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хэм хэмжээний актын эмхэтгэлд хэвлэгдээгүй журмыг дагаж мөрдөх үүрэггүй, гэвч тус журмаар тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татварыг төлсөөр ирсэн тул хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг шүүхээр тогтоолгоно... гэсэн үндэслэлээр тухайн журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дагаж мөрдөх үүрэггүй бөгөөд уг хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө батлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй, иймд журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгүүлээгүй... гэсэн тайлбарыг гаргаж байна.

5. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж, мөн Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ыг батлахдаа тогтоолын 5 дахь заалтаар Энэхүү тогтоолоор баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөсүгэй гэжээ.

6. Үүнээс үзвэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг бие даан хэлэлцэж, шийдвэр гаргах бүрэн эрхийн хүрээнд Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг баталсан байх ба Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ыг дагаж мөрдөх үүрэггүй байсан болох нь тогтоогдож байна.

7. Харин Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3.-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан.

8. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийг даган мөрдөж эхэлсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжих бүхий л захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргийг баталсан этгээдэд хуулийн тус зохицуулалтаар хүлээлгэсэн байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлээгүй, тус үндэслэлээ ...Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байхад батлагдсан журамд тус хууль үйлчлэхгүй... гэж тайлбарласан байна.

9. Гэвч дээр дурдсанаар Монгол Улсад Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө батлагдсан захиргааны хэм хэмжээний актыг тус хуулийн шаардлагад нийцүүлэх ёстой бөгөөд хуульд нийцүүлэн бүртгэгдээгүй хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор[1] мөн тайлбарлажээ.

10. Иймд хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасныг зөрчиж, маргаан бүхий журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох нь тогтоогдож байна.

11. Ийнхүү тус журмын дагуу татвар хураамж төлдөг нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Иргэдийн төлөөлөгч Ч.Мягмарбазараас Татвар төлөх нь иргэн бүрийн үүрэг юм. Хуулийн дагуу бүх авто машин, тээврийн хэрэгсэл 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө татвараа төлсөн байх ёстой. гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмаа Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээс иргэн, аж ахуйн нэгжүүдийг авто машин, тээврийн хэрэгслийн албан татвар төлөх үүргээс чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.8, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-иас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ