Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205/МА2019/00013

 

Н.Мө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Бүрэлдэхүүнд: шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Алтангэрэл

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн иргэн Ойн домог овогт Надмидын Мө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Мө- миний бие 1974 онд Дөрвөлжин сумд төрж өссөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд 2011 оноос хойш жолооч, мужаанаар тасралтгүй 8 дахь жилдээ үр бүтээлтэй, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчилгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр 2019 оны 02 сарын 18-нд хууль бусаар халагдсан. Б. Амаржаргал нь 2017 оны хавар захирлаар томилогдон орж ирэнгүйтээ надад сануулах арга хэмжээтэй цуг цалин хасаж сахилгын шийтгэлийг давхардуулан авсан ба ажлаас хална гэж шахалт үзүүлж байсан. Тэгээд би амралтаа аваад 2017 оны 08 сарын сүүлээр ажилдаа орохоор ирэхэд энэ машинд чинь хоёр дугуй болон жижиг сажиг юмнууд авсан гэснээ эднийг авсан мөнгийг чиний цалин дээрээс суутган авна. Чиний 8 сарын цалинг бүтэн ажилсанаар нь гаргасан гээд надаас 100000 төгрөгийн цалинг дээрхи сэлбэгэнд суутган авсан. 2018 оны амралтын мөнгө 316,000 төгрөг гарсанаас 270,000 төгрөгийг өгөөгүй, зөвхөн 47000 төгрөг өгсөн, ажлаас халагдахаас 4 хоногийн өмнө амралтын мөнгөө авье гэж нягтланд хэлэхэд захирал суутга гэсэн гэж хэлсэн. Тэгээд захиралаас энэ талаар тодруулахад таниас нягтлан суутган авсан гэхээр нь нягтлан суутган авах эрхтэй юм уу гэхэд нягтланд тийм эрх байгаа гэсэн. Мөн 2018 оны 8 сарын сүүлээр ажилдаа орохоор ирэхэд бас л машинд аккумлятор авсан, таны цалинг 8 сард бүтэн гаргачихье гэхэд нь би зөвшөөрөөгүй ажилласан хоногийн мөнгөө л авна гээд зөвхөн ажилласан хоногийн мөнгөө авсан. 2018 оны 09 сарын эхээр миний бие өвдөөд Дөрвөлжин сумын эмнэлэгт хэвтээд халуун буурахгүй байсан тул Улаанбаатар хотын улсын эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 10 сарын 14-нд Дөрвөлжинд ирж 16-ны үед ажилдаа орсон. Манай эхнэр сургуулийн тогоочоор ажилладаг бөгөөд намайг хотод байхад захирал чамайг галч хий эсвэл ажлаа өг гэсэн гэж надад ярьсан. 2018 оны 10 сарын 16-ний үед ажилдаа оронгууд таны ажлын байр байхгүй болсон ба нэгэнт таны ажлын байр байхгүй болсон юм чинь захирлын хувьд та манай сургуульд одоо байгаа ажлын байр болох галчийн ажлын байранд ажилла гэсэн санал тавьсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, эрүүл мэндийн хувьд хүнд хүчир ажил хийх боломжгүй, хагалгаанд ороод ирсэн, бас элэг муу гэдгээ хэлсэн. Түүнээс хойш галчийн байрыг л удаа дараа санал болгоод байсан. Би эрүүл мэндийн хувьд галчаар ажиллах боломжгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Ажлаас халагдахаас 2, 3 хоногийн өмнө захирал надруу яриад машинд чинь юу эвдэрсэн юм гэхээр за би ороодохье гээд захирал дээр ороод чагтан гол хугарсан, масло их идэж байгаа гэсэн.

Тэгтэл захирал бөхийн тэмцээний хүүхдүүд аймаг руу авч явах гэсэн бололтой биеийн тамирын багштай цуг сууж байсан ба яасан олон юм нэхдэг юм, байнга юм нэхэж байх юм гээд уурлаад байсан. Тэр үед би тэгээд яах ёстой юм бас л цалингаараа хийх ёстой байсан юм уу гэсэн. Тэгсэн хална гэж хэлэхээр нь та орсон цагаасаа хойш хална гээд байсан юм чинь халах тушаалаа одоо гаргачих гэсэн. Тэгсэн 1 дэх өдөр халах тушаал гаргана гэсэн. Тэгээд нэг дэх өдөр бичиг хэрэг захирлын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал өгсөн. Энэ тушаалд сайдын тушаалыг үндэслэж удаа дараа галчийн ажлын байрыг санал болгосон ч ажиллаагүй, мөн мужаан жолоочийн ажлын байр хасагдсан гэсэн шалтгаанаар чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай сургуулийн орон тоо 2018 онд 40 байсан, 2019 онд 41 болж харин ч эсрэгээрээ нэмэгдсэн. Би хоёр оюутан хүүхэдтэй ажлаас үндэслэлгүй халагдаж эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд орж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Долгорсүрэн би Н.Мө-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдх иргэний хэргийн хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 03 сарын 15-ны өдрийн А/07 тоот тушаалаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул доорхи хариу тайлбарыг гаргаж байна.

Н.Мө- нь Дөрвөлжин сумын дунд сургуулийн захирлын 2012 оны 09 сарын 20-ны өдрийн 25 тоот тушаалаар тус сургуулийн жолооч, мужааны ажилд томилогдсон байна. Түүнийг ийнхүү томилохдоо Сангийн сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалын 2-р хавсралтын 4-р хэсгээр баталсан. Сумын суурь боловсролын сургууль 1-9-р ангитай 10-12 бүлэгтэй сургуульд хамрагдах хэсгийн 8-р заалт буюу мужааны албан тушаалыг 0,5 орон тоотой буюу хавсран гүйцэтгүүлж болохоор орон тоо баталсаны дагуу түүнийг мужаан, жолоочийн албан тушаалд томилсон байна. Мөн Боловсрол, соёл шинжлэх, ухаан спортын сайд сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар мужааны орон тоог батлаагүй. Ийм учраас дээрээс энэ жишиг нормативаа барьж ажиллах шаардлагатай тул Н.Мө-ыг боломжийнхоо хэрээр галчийн албан тушаалд томилж болохоор байна. Энэ ажлыг хийх үү гэсэн саналыг удаа дараа тавьсаар өнөөдрийг хүргэсэн. Гэтэл Н.Мө- нь галчийн ажлыг хийхгүй гэсэн учраас түүний орон тоо хасагдсаны дагуу мужаан, жолоочийн албан тушаалаас нь Дөрвөлжин сумын сургуулийн захирлын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 31.1.2, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Түүний орон тоо хасагдсан, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг захирал Б.Амаржаргал нь 2018 оны 10 сарын 18-ны өдөр Н.Мө-од гардуулж, бичиг хэргийн ажилтан явуулсан бичгийн бүртгэлд бүртгэсэн байна. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан амралтын мөнгөний тухайд илүү олгосон мөнгийг суутган авсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Н.Мө-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Н.Мө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэх боломжгүй гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай үйлчлүүлэгч 2019 оны 02 сарын 18-ний өдөр ажлаасаа халагдсан. Сургуулийн захирал анх ажилд орсон цагаасаа эхлэн Н.Мө-ыг ажлаас нь хална солино гэж ярьдаг байсан. Мөн ажлаас халахдаа ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй байж байгаад чамайг ажлаас хална халагдахгүй бол галч хий гэж дарамт шахалт үзүүлдэг байсан.

Өмгөөлөгчийн зүгээс нь тайбарлахад нэгдүгээрт: Тухайн сургуулийн захирлын гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа гол үндэслэл нь 2018 оны 09 сард цалин шинэчлэн тогтоох тухай захирлын тушаал, 2019 оны 01 сарын 02-ны өдрийн цалин шинэчлэн батлах тухай захирлын тушаалуудыг батлагдахад Н.Мө- гэдэг хүний цалин батлагдаж байсан. Тийм учраас төсвийн тухай хуулийн 16.4.18 заасны дагуу төсвийн шууд захирагч гэдэг нь төсвийн үндсэн байгууллагын захирал, эрхлэгч нар байна гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан болон орон тооны зардал багтаамж, төсвийн байгууллагын орон тоо болон ажилчдын цагийн хөлсийг тогтоох гэсэн эрх зүйн актыг хэрэглэх ёстой. Гэтэл Н.Мө-ыг 2019 оны 02 сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн байдлаар орон тооны бүтэц болон цалин хөлс шинэчлэн батлаагүй шууд ажлаас халсан байгаа юм. Н.Мө-ыг ажлаас чөлөөлөн халахдаа тухайн орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн гэж ажлаас халсан. Ямар нэгэн байдлаар бүтцийн өөрчлөлт орсон гэдгээ батлах ёстой. Гэтэл бүтцийн өөрчлөлт ороогүй. Яагаад гэвэл 2018 он болон 2019 онуудад Н.Мө-ын цалинг нь батлаж байсан.

Хоёрдугаарт: Хариуцагч талын маргаж байгаа гол шалтгаан нь хоёр сайдын хамтарсан тушаал байгаа. Энэ тушаал нь орон тооны жишгийг батлах гэсэн тушаал байгаа. Энэ нь сургуулийнхаа онцлогт тохируулаад мужааныг ажиллуулах боломжтой гэсэн тушаал юм.

Гуравдугаарт: Хөдөлмөрийн тухайн хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь халж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл Н.Мө-од ажлаас халсан тухай мэдэгдсэн зүйл харагдахгүй байна. Мэдэгдсэн гэсэн сургуулийн баримт дээр Н.Мө-ын гарын үсэг бичигдээгүй учраас Н.Мө-од 30 хоногийн өмнө мэдэгдсэн гэсэн нь нотлогдохгүй байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Мө- нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2012 оны 09 сарын 20-ны өдрийн 25 дугаар тоот тушаалаар сургуулийн мужаан жолоочийн ажилд томилогдсон. Томиологдохдоо сангийн сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн 158 дугаар тушаалын 2 дугаар хавсаралтын 4 дүгээр хэсгээр батлагдсан сумын суурь боловсролын сургуулийн мужааны орон тоог хавсаран гүйцэтгэж болохоор баталж өгсний дагуу мужаан болон жолоочийн ажлыг хавсаран гүйцэтгэхээр томилсон. Н.Мө-ыг мужаан жолоочоор ажиллуулж байгаад 2018 оны 01 сарын 23-ны өдрийн сангийн сайд болон Боловсрол соёл шинжлэх ухааны сайд нарын хамтарсан орон тоо батлах тушаалаар мужааны орон тоог батлаагүй. Тийм учраас энэ тушаалыг барьж ажиллах шаардлагатай болсон учраас тухайн сургуулийн захирал Н.Мө-од галчийн ажилд томилж болохоор байна гэсэн санал тавьсан. Н.Мө- нь 2018 оны 02 сард энэхүү саналыг хүлээж аваагүй учраас 2018 оны 10 сарын 18-ны өдөр сургуулийн захирал Амаржаргал өөрийн биеэр мэдэгдэх хуудсыг гардуулж бичиг хэргийн ажилтан нь бүртгэж аваад 2019 оны 02 сарын 18-ны Б/06 гэсэн тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэсэн заалтуудыг үндэслээд Н.Мө-ыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу тухайн байгууллагын орон тооны бүтцээс мужааны орон тоо буюу мужаан гэсэн орон тоо огт батлагдаагүй хасагдсан гэсэн үндэслэлээр Н.Мө-ыг мужаан жолоочийн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулах юм байна лээ. Энэ талаар хариуцагчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Завхан аймгийн санхүүгийн хяналт аудитын байцаагчийн дүгнэлтээр тухайн сургуулийн 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Н.Мө-од сахилгын шийтгэлтэй байх үед нь 245.000 төгрөгийн урамшуулалыг илүү олгосон байна гэсэн акт тавьсан. Үүнийг Н.Мө-оос эргүүлэн төлүүлж сургуулийн төсвийг хохиролгүй болго гэсэн учраас 2018 оны 06 сарын амралтын мөнгөнөөс нь 245.000 төгрөгийг суутгаж авсан боловч 2018 оны 06 сард Н.Мө-ын дансанд амралтын мөнгө нь суутгагдаж орсноос хойш 3 сарын дараа буюу 2018 оны 09 сард үүнийгээ судлаад сургуулийн захирал болон шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ийм учраас амралтын мөнгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж үзэж байгаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын сургууль нь 130 гаруй хүүхэдтэй сургууль юм. 161-300 суралцагчтай сургууль нь 9-н жилийн сургуульд хамаардаг юм. 9-н жилийн сургууль гэдэг нь 12 жилийн сургалттай сургуулиас өөр байдаг. Завхан аймгийн 9-н жилийн сургалттай нийт сургуулийг жолоочгүй болгосон. 2018 онд цалин хөлсийг шинэчлэн тогтоохдоо орон тооны бүтцийг 40 гэж тогтоосон 40 ажилтантай байсан гэж сая өмгөөлөгч нь ярьсан. Үүнийг нийт орон тоогоор нь 40 гэж авч үзэх боломжгүй. Учир нь багш нарын орон тоог баталдаггүй. Энэ нь боловсролын сайд, сангийн сайд нарын баталсан бүтэц орон тооны тушаалаар харагдаж байгаа. Тухайн сургуулийн нийт багш ажилчид нар нийлээд 40 орон тоотой ажиллаж байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ 40 орон тоо нь багшийн орон тооноос хамаараад хувьсаж өөрчлөгдөх боломжтой. Харин боловсролын сайдын баталсан багшаас бусад үйлчилгээний ажилчдын орон тоог баримтлаад ажиллаж байгаа. Үүн дээр Н.Мө-ын ажиллаж байсан мужаан гэсэн орон тоо нь байхгүй болсон. Үүнтэй холбогдуулж ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаарлагыг дэмжихгүй байна бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ойн домог овогт Надмидын Мө-ыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2018 оны амралтын мөнгө 270,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1005600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мө-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 98884 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Н.Мө-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий Боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийн Хариуцагч байгууллагын Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн би тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 183 тоот шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрч, хариуцагч байгууллагыг төлөөлөн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл нь:

1. Нэхэмжлэгч Н.Мө- нь нэхэмжлэлийн шаардлагаа Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох гэж гаргасан.

Гэтэл Н.Мө- нь Сангийн сайдын 2012 оны 07-р сарын 16-ны өдрийн 156-р тушаалын 2-р хавсралтын 4-р хэсгээр батлагдсан 10-12 бүлэгтэй, 1-9-р ангитай Сумын суурь боловсролын сургуулийн бүтэц орон тоонд тусгагдсан мужааны орон тоог 0,5 хувиар өөр ажилтай хавсран гүйцэтгүүлж болохоор заасны дагуу Мужааны үндсэн орон тоон дээр мужаан, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Н.Мө-ын бүтцээр батлагдсан үндсэн орон тоо нь мужааны орон тоо байсан. Гэтэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй гаргасан. Өөрөөр хэлбэл, Н.Мө- нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаараа мужааны ажилд тогтоолгох гээд байгаа юмуу эсвэл Жолоочийн ажилд тогтоолгох гээд байгаа юмуу, эсвэл хоёуланд нь тогтоолгох гээд байгаа юмуу гэдгээ тодорхой дурдаагүй байсан. Мөн шүүх хуралдаан дээр ч энэ шаардлагаа тодруулаагүй. Мөн нэхэмжлэгч нь яагаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж буй талаар нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ дурдаагүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр Н.Мө-ыг Жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт орохоор заасан байгаа тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүнийг Жолоочийн албан тушаалд тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Н.Мө- нь Дөрвөлжин сумын Дунд сургуулийн Захирлын 2012.09.20-ны өдрийн 25 тоот тушаалаар тус сургуулийн Мужаан, Жолоочийн ажилд томилогдсон байдаг. Түүнийг ийнхүү томилохдоо Сангийн Сайдын 2012 оны 07-р сарын 16-ны өдрийн 156-р тушаалын 2-р Хавсралтын 4-р хэсгээр баталсан Сумын суурь боловсролын сургууль /1-9-р ангитай/-ийн 10-12 бүлэгтэй сургуульд хамрагдах хэсгийн 8-р заалт буюу Мужааны албан тушаалыг 0,5 орон тоотой буюу хавсран гүйцэтгүүлж болохоор орон тоо баталсаны дагуу түүнийг Мужааны үндсэн орон тоон дээр Жолоочийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон.

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018.01.23-ны өдрийн А/024/11 тоот Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар Мужааны орон тоог батлаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Мө-ын бүтцээр батлагдсан үндсэн орон тоо нь хасагдсан нь дээрхи 2012, 2018 онуудад Сайдын баталсан 2 бүтцээс харагдаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэх үндэслэл нь эргэлзээтэй байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Мөн Хариуцагч байгууллага нь Н.Мө-од түүний ажиллаж байгаа орон тоо нь хасагдсан талаархи Мэдэгдэх хуудас-ыг 2018.10.18-ны өдөр гардуулж, энэ талаар сургуулийн бичиг хэргийн ажилтан бүртгэж авсан талаархи баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх нь Мэдэгдэх хуудсыг Н.Мө-од танилцуулсан талаар Явуулсан бичгийн бүртгэл-д тэмдэглэгээг хийгээгүй байх тул мэдэгдэл өгсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр Н.Мө-од Мэдэгдэх хуудсыг хэзээ, хэн гэдэг айлд байхад нь гардуулсан талаараа үйл баримтаа тодорхой зааж мэдүүлэхэд нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг няцааж байгаа мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байдаг.

Мөн хариуцагч талаас Н.Мө-од гардуулан өгсөн Мэдэгдэх хуудас болон тус сургуулийн Явуулсан баримт бичгийн бүртгэл-ийн дэвтрийг хуулбарлан нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй гэх эх сурвалжгүй, нотлох баримтгүй, худал мэдүүлгийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул дээрхи үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 183 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Мө-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийтгэвэрийг гардан авч эс зөвшөөрөн хариуцагч байгууллагыг төлөөлөн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Мө- нь нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох гэж гаргасан. Гэтэл Н.Мө- нь сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156-аар тушаалын 2 хавсралын 4 дүгээр хэсгээр батлагдсан 10-аас 12 бүлэгтэй 1-ээс 9 дүгээр ангитай Сумын суурь боловсролын сургуулийн бүтэц орон тоонд тусгагдсан мужааны орон тоог 0.5 хувиар өөр ажилтай хавсран гүйцэтгүүлж болохоор заасны дагуу мужааны үндсэн орон тоон дээр мужаан жолоочийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Н.Мө-ын бүтцээр байгуулагдсан үндсэн орон тоо нь мужааны орон тоо байдаг гэтэл тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох гэж тодорхойгүй гаргасан. Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаагаа хууль зүйн үндэслэлээ дурдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахгүй Н.Мө-ыг жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрд орохоор заасан байгаа тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүй хэргийг шийдвэрлэж түүнийг жолоочийн албан тушаалд эргүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Мө- нь Дөрвөлжин сумын дунд сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 тоот тушаалаар сургуулийн мужаан, жолоочийн ажилд томилогдсон байдаг. Түүнийг ийнхүү томилохдоо сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалын 8 дугаар заалт буюу мужааны албан тушаал дээр томилсон. Гэтэл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24/11 тоот орон тооны шинэ норматив батлах тушаалаар мужааны орон тоог батлаагүй байдаг. Н.Мө-ын үндсэн ажлын орон тоо хасагдсан нь дээрх 2012 он, 2018 онуудад сайдын баталсан 2 бүтцээс харагдаж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэх үндэслэл нь эргэлзээтэй байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь Н.Мө-од түүний ажиллаж байгаа орон тоо нь хасагдсан талаар мэдэгдэх хуудсыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардуулж энэ талаар сургуулийн бичиг хэргийн ажилтан бүртгэж авсан талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх мэдэгдэх хуудсыг Н.Мө-од танилцуулсан талаар явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэгээ хийгээгүй байх тул мэдэгдэл өгсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч талаас шүүх хуралдаан дээр Н.Мө-ыг мэдэгдэх хуудсыг хэзээ хаана байхад нь гардуулсан талаараа үйл баримтаа тодорхой зааж мэдүүлэхэд нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг няцааж байгаа мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байдаг. Мөн хариуцагч талаас Н.Мө-од гардуулан өгсөн мэдэгдэх хуудас болон тус сургуулийн явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрийг хуулбарлан нотлох баримтын шаардлагыг хангуулан гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй гэх эх сурвалжгүй нотлох баримтгүй худал мэдүүлгийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байгаа тул дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Мө- нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2011 оноос хойш сургуульд ажилласан. Сургуулийн бүтэц нь орон тооны өөрчлөлт орж ажлаас халагдсан байдаг. Сургуулийн бүтэц нь 2018 оны 09 дүгээр сард шинэчлэн батлагдсан байгаа. Энэ шинэчлэн баталсан дээр мужаан болон жолоочийн орон тоо аль аль нь байдаг. Бүтэц орон тоо хасагдсан гэдэг нь худлаа юм. Н.Мө- нь намайг байхад 2 галчийг орон тооны цомтголоор ажлаас чөлөөлсөн. Гэтэл он гараад 2 галчийг шинээр ажилд авсан. Тийм учраас би галчийн ажилд орохгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Мэдэгдэх хуудсыг аваагүй хүнийг чи авсан гэж гүтгэж болохгүй. Яагаад гэвэл ажил олгогчийн өөрийнх нь үүрэг байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан байдаг. Анхан шатны шүүхээс жолооч гэдэг орон тоон дээр томилсон байгаа мужаан, жолооч гэдэг орон тоон дээр томилуулах хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтлоо.

Нэхэмжлэгч Н.Мө- хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тус сургуулийн мужаан, жолоочоор ажиллаж байсан Н.Мө-ыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Тэрээр тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаалыг хэрэгжүүлэн ажлын байрны ачааллыг нягтруулан, зардал хэмнэх зорилгоор орон тооны жишиг батлах тухай тушаалаар мужааны орон тоог батлаагүй, өмнө нь мужааны орон тоон дээр жолоочыг хавсаруулан ажил үүрэг гүйцэтгүүлж байсан юм. Одоо мужаан, жолоочийн орон тоо аль аль нь байхгүй учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Сангийн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаар тушаалын 2-р хавсралтын 4-р хэсгээр баталсан сумын суурь боловсролын сургууль/1-9/ ангитай ийн 10-12 бүлэгтэй сургуульд хамрагдах хэсгийн 8-р заалтаар тус сургуулийн мужааны албан тушаалыг 0,5 гэсэн орон тоотой баталсан байна.

Дээрх тушаалаас харахад тус сургуульд жолооч гэсэн орон тоо байхгүй байхаар тогтоосон байна.

Гэтэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаалаар Н.Мө-ыг тус сургуулийн мужаан, жолоочийн ажилд томилж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар тус сургуульд мужаан болон жолоочийн орон тоо батлагдаагүй байгаа учраас Н.Мө-ыг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Мө-ын урьд эрхэлж байсан мужаан болон жолоочийн ажлын байр аль аль нь сургуулийн бүтэцэд батлагдаагүй тул жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Түүнчлэн хэрэгт ажил олгогч нь орон тоо хасагдсан талаарх мэдэгдэл бичиж, түүний явуулсан бичгийн бүртгэлд бүртгэж, уг мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Мө-од гардуулж өгсөн талаарх үндэслэлтэй тайлбар хийж байхад зөвхөн Н.Мө-ын мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй гэсэн тайлбарт ач холбогдол өгсөн нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч 2018 оны амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлож чадаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгч Н.Мө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мө-ын Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн мужаан, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө 270.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

 Б.АРИУНБАЯР