Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/04    

 

Х.С-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой,

шүүгдэгч Х.С-т холбогдох эрүүгийн 2013000000211 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Х.С, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Ж.Энхжаргал /цахим сүлжээгээр/, иргэний нэхэмжлэгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1982 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9 хүнтэй, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Х-ын С /БК00000000/ нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн У сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Улаан эрэг” гэх газарт амь хохирогч М.Ж биеийн ар нуруу хэсэгт нь Тоз-8-01 загварын буугаар буудаж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар яллах дүгнэлтээр Х.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч М овогт Х.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-т 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-т оногдуулсан 9 (ес) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сийн энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г-д сэтгэл санааны хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Б-д гэмт хэргийн хор уршигт 10.302.150 төгрөг, нийт 20.302.150 /хорин сая гурван зуун хоёр мянга нэг зуун тавь/-н төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлын агуулга:

1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

2. Сэжигтэн Х.С-ийн 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ...сэжигтнээр мэдүүлэг авахдаа 2020 оны 9 сарын 05-ны өдрийн 10 цаг 22 минутад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан эрхийг танилцуулсан байна. Мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т монгол хэл бичиг мэдэхгүй, мөн хуулийн 31.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.”өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө сонгон авах, 1.3.”өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөх эрхээр хангаагүй бөгөөд уг эрхээр хангаагүй болох нь Х.С-ийн өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргаагүй гэдгээр нотлогдоно.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/384 дугаартайХэргийг прокурорт буцаах тухайшүүгчийн захирамжаар хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, зүйлчлэлийг зөвтгүүлэхээр Х.С-т холбогдох хэргийг прокурорт буцааж шүүгдэгч Х.С-ийн гэм буруугийн талаар урьдчилан дүгнэлт өгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг зөрчиж шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

5. Гэтэл шүүгдэгч Х.С-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ амь хохирогч М.Ж нь урьд хулгайлах гэмт хэргийн үйлдэлд ял шийтгүүлсэн уг хэрэгт шүүгдэгч Х.С гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл өгч, гэрчээр мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.С-ийн амь насанд нь аюул учруулахаар зэвсэг хэрэглэн /хутга/ халдаж довтолсон үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

6. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 6 сарын 17-ны өдрийн 16 дугаартай Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухайпрокурорын тогтоолоор шүүгдэгч Х.С-ийн өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэн яллагдагчаар татаж шүүх рүү шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хуульд заасныг зөрчиж авсан шүүгдэгч Х.С-ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсонд гомдолтой байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй зөвхөн өөрийнхөө эсрэг өгсөн сэжигтний мэдүүлгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

8. Амь хохирогч М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан. Улмаар дахин хулгайлах гэмт хэрэгт холбогдон Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 3 сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайпрокурорын тогтоолоор амь хохирогч М.Ж-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ЦХШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаад тус шүүхийн 2020/ЕШЗ/208 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар тус 2020/ЦХШЗ/57 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, амь хохирогч М.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт нь даалгажээ.

9. Амь хохирогч М.Ж-нь мөрдөгч К.Ернарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хохирогч С.Ж-ийн 1 тооны адуу хулгайлсангэх хэрэгт шүүгдэгч Х.Сийг дахин өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн гэж ойлгон,Х.Ст хандан чи эхний хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөөд намайг барьж өгсөн, одоо энэ хэрэг дээр бас чи мэдүүлэг өгч байгаа юм уу, би чам руу удахгүй хутга шаах болно, үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдгийг чи мэдэх үү, Улаанхус сумын 9 дүгээр багт би байна, эсхүл чи байх болно”... гэх зэргээр айлгаж сүрдүүлж, дарамталж,Х.Сийг заамдаж авсан үйл явдал болсон гэдэг нь гэрч К.Ернарын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлэг /1хх-ийн 156-158 хуудас/, гэрч Х.А-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлэг /1 хх-ийн 159 хуудас/ гэрч Т.Н-ын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...  мэдүүлэг /1 хх-ийн 160-162 хуудас/, гэрч И.Д-ы 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ..мэдүүлэг /1 хх-ийн 163-164 хуудас/, гэрч Ы.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... /2хх-ийн 25-26 хуудас/ зэрэг мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсан байна.

10. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч М.Жнь шүүгдэгч Х.Сийг дарамталсан, амь нас эрүүл мэндэд нь бодитой заналхийлсэн нь тогтоогдсон.

11.Харин шүүгдэгч Х.С-ийн хувьд амь хохирогч М.Ж-ын дарамтад орчихсон байсан бөгөөд гэрч хохирогчийг хамгаалах үүргээ хууль сахиулагч нар биелүүлээгүй байна. ... харин ч эсрэгээрээ амь хохирогч М.Ж-ын шалгаж байсан цагдаагийн албан хаагч нар шүүгдэгч Х.Сийн гэрт очиж, шүүгдэгч Х.С-ийг дарамтад оруулах бодит нөхцөл байдлыг бий болгосон байна.

12. Гэрч Ш.Б  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...мэдүүлэг /1 хх-ийн 135-136 хуудас/, гэрч М.А йн 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлэг /1 хх-ийн 139-140 хуудас/, гэрч Д.Т  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мэдүүлэг /1 хх-ийн 141-142 хуудас/, гэрч Х.Н  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлэг /1хх-ийн 143- 144 хуудас/, гэрч Х.М  2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлэг /1хх-ийн 145-147 хуудас/, гэрч Т.Е  2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мэдүүлэг /1хх-ийн 147-148 хуудас/ зэрэг мэдүүлгүүд хавтаст хэрэгт тус тус авагдсан бөгөөд шүүгдэгч Х.С-ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдтэй эх сурвалж нь таардаг.

13. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн орой 19-23 цагийн хооронд амь хохирогч М.Ж нь шүүгдэгч Х.С-ийн эсрэг 4 цагийн туршид үргэлжилсэн үйлдлээр 2 удаа халдан довтолсон үйл баримт тогтоогдсон бөгөөд эхний довтолгооны үеэр М.Ж нь хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн, шүүгдэгч Х.С-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг нийгэмд аюултай бодит халдлагыг хийж, түүний өмсөж явсан дээлийн мөр хэсгийг хутгаар зүсэж гэмтээсэн, тухайн үед Х.С нь амь хохирогчийн унаж явсан морийг дээлээрээ үргээж, өөртөө ойртуулаагүй явсаар гэртээ ойртож ирсэн байдаг. Амь хохирогч М.Ж  нь 2 дахь удаагаа шүүгдэгч Х.С-ийг өөрийн хадлангийн талбайд байхад түүн рүү халдан довтолсон нь үргэлжилсэн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоо эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэд...“Талийгаач М.Жт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байна. Амь хохирогч М.Ж  нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр ар нуруунаас цээжний хөндий рүү доороос дээш чиглэж нэвтэрсэн хүнд гэмтлийн улмаас цээжний хөндийд эрс цус алдаж, цус алдалтын шокт орж нас баржээ”... гэх дүгнэлт авагдаж, амь хохирогч М.Ж т яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан байна. Цагдаагийн албан хаагч Т.Е  нь цагдаагийн албан хаагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан гарсан эрсдэлийг зөвхөн шүүгдэгч Х.Ст гэм бурууг тохож, хүн алах гэмт хэргээр зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим зөрчигдөж байна. Гэтэл анхан шатны шүүх нь цагдаагийн машин үерт суусан байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж нөлөөлсөн мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

15. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь амь хохирогч М.Ж  нь 2 удаа довтолсон, амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй байдлаар довтолсон гэж зөв дүгнэсэн атлаа гэмт халдлага буюу довтолгоо төгссөний дараа амь хохирогч М.Ж-ыг морьтойгоо гол гараад давхиж байхад нь араас нь чиглүүлж буудсан гэж хэргийн бодит нотлох баримтад тулгуурлаагүй, хавтаст хэрэгт байхгүй хийсвэр дүгнэлт хийсэн байна.

17. Энэ нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 9 сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" прокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 5/36 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухайпрокурорын тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 6 сарын 17-ны өдрийн 16 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухайпрокурорын тогтоол зэрэг нийт 3 удаагийн прокурорын тогтоолд М.Ж-ын морьтойгоо гол гараад давхиж байхад нь араас нь чиглүүлж буудсан үйл баримт хавтаст хэрэг авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасныг зөрчсөнд гомдолтой байна.

18. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь ...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүйд гомдолтой байна.

19. ... Шүүгдэгч Х.С-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд эдгээрээс үзэхэд тухайн хэрэг учрал гарах үед амь хохирогчийг хаана байсан эсэхийг харах боломжтой эсэхийг шалгаж үзэхэд харанхуй ямар нэгэн дүрс үзэгдэх боломжгүй байсан, гадаа үзэгдэх орчин харанхуй болсон байх бөгөөд амь хохирогч М.Ж  нь харанхуйд харагдах боломжгүй байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгааг анхан шатны шүүх анхаарсангүй.

20. Шүүгдэгч Х.С-ийн өөрийн амь бие эрүүл мэндээ хамгаалсан үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

21. Шүүгдэгч Х.С-ийн хувьд амь хохирогч М.Ж-ыг буудаж алах санаа зорилго байгаагүй, харин ч эсрэгээрээ амь хохирогчийн илт буруутай, хууль бус үйлдэл байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарсангүй, шийтгэх тогтоолтой дурдаад өнгөрсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь яллагдагч Х.С ийн субьектив шинжийг зөв дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй, хэтэрхий яллах талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

22. Яллагдагч шүүгдэгч X. С  удаа дараа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн ..мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалистикийн шинжээчийн...“Шүүгдэгч Х.С-ийн өмсөж явсан хар өнгийн дээлийн зүүн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн, уг гэмтэл нь хурц иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл болно”...гэх дүгнэлт авагдсан. Өөрөөр хэлбэл Тухайн хэрэг учрал болох цаг хугацааны хувьд 19 цагаас эхэлж 23 цагийн үед болсон байдаг бөгөөд амь хохирогч Ж  нь 4 цагийн турш 2 удаа халдан довтолсон, амь хохирогч М.Ж  нь шүүгдэгч Х.С-ийн эсрэг хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг нийгэмд аюултай бодит халдлагыг хийж, шүүгдэгч Х.С-ийн өмсөж явсан дээлийн мөр хэсгийг хутгаар зүсэж гэмтээсэн зэрэг нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

23. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилжээ.

24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл хүнийг алах гэмт хэргийг Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тайлбарт Хүнийг санаатай алахгэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгдэнэ гэжээ.

25. Гэтэл шүүгдэгч X.С амь хохирогч Ж-г алах шууд буюу шууд бус санаа зорилго байгаагүй, хавтаст хэрэгт тогтоогдоогүй эс үйлдэхүйд дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

26. УДШ-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 625 тогтоолд ”...Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй”...гэсэн байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэнд гомдолтой байна.

27. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

28. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.

29. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ст ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлчлүүлэгч Х.С-ийн хувьд гэмт хэргийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байдаг. Үүнд: Яллагдагч Х.С-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл .../1хх-ийн 51-55 хуудас/, гэрч Ш.Б  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мэдүүлгээр /1 хх-ийн 135-136 хуудас/, гэрч М.А  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлгээр /1хх-ийн 139-140 хуудас/, гэрч Д.Т  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлгээр /1хх-ийн 141-142 хуудас/, гэрч Х.Н  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн ажиллагааны үед өгсөн ...мэдүүлгээр /1хх-ийн 143-144 хуудас/, гэрч Х.М  2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлгээр, /1хх-ийн 145-147 хуудас/, гэрч Т.Е  2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлгээр /1хх-ийн 147-148 хуудас/, гэрч К.Е  2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... мэдүүлгээр /1хх-ийн 156-158 хуудас/, гэрч Х.А  2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...мэдүүлгээр /1хх-ийн 159 хуудас/, гэрч Т.Н  2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлгээр, /1хх-ийн 160-162 хуудас/, гэрч И.Д   2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мэдүүлгээр, /1хх-ийн 163-164 хуудас/, гэрч Ы.Б  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мэдүүлгээр /2хх-ийн 25-26 хуудас/, яллагдагч X.С  2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болон  9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...мэдүүлгүүдээр /2хх-ийн 82-87 хуудас/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ЕШЗ/208 дугаар захирамжаар хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан яллагдагч М.Жт авсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг/2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж цагдан хоригдож байсан/ өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мөрдөгч болон хяналт тавьж буй хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэсэн байдлаар /1хх-ийн 99-101 хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн а/ч К.Ж , д/а Б.Н т, а/а Б.Б  нарын илтгэх хуудасны хуулбар, 98-10 БӨА дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн малын тухай гэрэл зургийн хуулбар, хохирогч С.Б  мэдүүлгийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтууд  /1хх-ийн 102-116 хуудас/, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 29/3377 дугаар албан бичигт "...байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас дуудлагад явж байсан Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн албаны тээврийн хэрэгсэл голын усанд сууж, асах боломжгүй болсон учирХ.С, Х.М  нарын цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагад даруй хугацаанд очоогүй байнагэснээр /2 хх-ийн 112-113 хуудас/, ШШҮХ-ийн шинжээч К.Хайратын 2020 оны 9 дугээр сарын 17-ны өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлтэд: "...7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 8. Талийгаач М.Жт яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврагдах боломжтой байсан байна" гэснээр /1хх-ийн 175-178 хуудас/, ШШҮХ-ийн шинжээч К Х  2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...2. иргэн Х.С-иин цусанд этилийн спирт илрээгүйгэснээр /1хх-ийн 244-245 хуудас/, ШШҮХ-ийн шинжээч Х.Б  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар шинжээчийн дүгнэлтэд: "...1. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн, даавуун материалтай, урт ханцуйтай, дугуй захтай, хавар намрын, хар өнгийн дээлийн зүүн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй гэмтэлтэй,... 2.Уг дээлийн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, ...үүссэн байна. 3. Уг дээлийн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18,3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн нь шинээр үүссэн ...байна" гэсэн /2хх-ийн 5-6 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн  шинж үйлчлүүлэгч Х.С-ийн хувьд үгүйсгэгдэж байна.

2. Хууль зүйн дүгнэлт: Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүн бүр эрх чөлөөтэй халдашгүй дархан байх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэйгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй байхаар хуульчилсан.

3. Орчин үеийн эрүүгийн эрх зүйд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг илүү өргөн хүрээнд авч үзэж, халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоо, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг.

5.Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

6. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоо эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.

7. Харин өөрийн буруутай буюу хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч довтлогч этгээдийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэж халдлага ирүүлэх суурь нөхцөл шалтгааныг бий болгож, улмаар довтолгоо ирүүлэхэд хариу үйлдэл хийснийг хуурамч хамгаалалт гэх бөгөөд аргагүй хамгаалалтад үл тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

8. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч Х.С нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орой 21 цагийн үед, түүнчлэн 23 цагийн үед дахин бодит аюултай халдлагад өртсөн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан Ш.Б , М.А , Д.Т , Х.Н , Ы.Б , Х.М  нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээч X Б  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч К.Хайратын 9 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлт,  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны. 9 дүгээр сарын 24-ний өдрийн 29/3377 дугаар албан бичиг, үйлчлүүлэгч Х.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

9.Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/191 дугаар шийтгэх тогтоол болон эрүүгийн 2013000000211 дугаар хавтаст хэргээс хуулбарлаж авсан нотлох баримтуудаас үзэхэд Х.С нь хулгайн гэмт хэргийн талаар         цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн, түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн, шүүхээс эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож тухайн хэргийн яллагдагч М.Жыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байжээ.

10. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллага, прокурор цаашлаад шүүх холбогдох хуульд заасны дагуу гэрчийг нууцлаагүй, гэрчийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж талийгаач М.Ж  нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ЕШЗ/208 дугаар захирамжаар суллагдсаны дараа өш хонзонгийн сэдэлтээр согтуугаар, зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл /хутга/ ашиглаж хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлчлүүлэгч Х.С-ийг алахыг завдаж халдлага үүнээс болж Х.С-ийн тухайн үед өмсөж байсан хар өнгийн дээлийн ханцуйны  урд хэсэгт эгц доошоо 18,3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн, дараа нь М.Ж  дахиад халдлага үйлдэхээр завдаж “...чамайг ална...” гэж хэргийн газарт байгаа ургаа модыг тойрох байдлаар аюултайгаар довтолсон, үйлчлүүлэгч X С-с энэхүү хууль бус гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй байдлаар буудлага үйлдсэн гэж дүгнэхээр байна.

11.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Мөрдөгч Е.Нурболоос 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 10 цаг 20 минутад үйлчлүүлэгч Х.С-ийг аймгийн Цагдаагийн газрын 214 тоот өрөөнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, энэхүү баривчилсан тухай шийдвэр /мөрдөгчийн тогтоол болон тэмдэглэл/-ийг үйлчлүүлэгч Х.Ст 10 цаг 36 минутад танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн гэж үзэхээр байна.

12. Гэтэл мөрдөгчөөс Х.Ст түүнийг баривчилсан тухай шийдвэр танилцуулж эрх үүргийг нь тайлбарлаж өгөхөөс нь өмнө 10 цаг 22 минутад сэжигтнээр мэдүүлгийг нь авсан байна. Ингэж мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс өмгөөлөгч Т.Бахытыг оролцуулсан бөгөөд үүнээс хойших мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч Т.Бахытыг огт оролцуулаагүй байна. Өмгөөлөгч Т.Бахыт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа "Өмгөөлөгч Т.Бахыт би Х.С анх 2020 оны 9 дүгээр сард мэдүүлэг авахад томилогдсон өмгөөлөгчөөр оролцож мэдүүлэг авахад байлцсан юм. Би түүнтэй албан ёсоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул шүүх хуралдаанд оролцохгүй болно " гэжээ.

13. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “..хууль зүйн туслалцаа авах, ...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдана гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (b)-д өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцах;”, мөн зүйлийн (d)-д “...өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх:” гэж тус тус заасан байна.

14. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д томилогдсон өмгөөлөгч” гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг;, мөн хэсгийн 1.35-д "мөрдөгчийн шийдвэргэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн гаргах тогтоолыг, хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Сэжигтэн. ...-ийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа ...мөрдөгч тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй, мөн зүйлийн 6 дахь хэсэгт Сэжигтэн тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” 7 дахь хэсэгт Сэжигтэн, ...-ийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно" мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараах сэжигтэн яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй: ... 1.3.монгол хэл, бичиг мэдэхгүй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "..энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна, мөн хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч баривчлагдсан сэжигтэнд баривчлах тухай шүүхийн шийдвэр танилцуулахаас өмнө шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бол баривчилсан даруй түүнд дараах зүйлийг танилцуулна: ...1.2. хууль зүйн туслалцаа авах эрхтэй болох, мөн хуулийн 31.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Тэмдэглэлд баривчлах ажиллагааны үйл явцаас гадна дараах зүйлийг тусгана: ...2.3. баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг, минут:”. мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Баривчлагдаж байгаа сэжигтэнд эрхийг нь танилцуулсан цаг минутыг тэмдэглэж, гарын үсэг зуруулна" мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн дараах эрхтэй.... 1.3 өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, өмгөөлөгч, гэр бүлийн гишүүнтэй холбогдох боломжоор хангагдах, .. . 1.5 өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж тус тус заасан байна.

15. Монгол Улсын олон улсын гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргах эрхтэй байна. Хэрэв мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд сэжигтэнд зүйн туслалцаа авах эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөхөөс гадна өмгөөлөгч сонгож авах боломжоор хангаж өгөх үүрэгтэй байна. Гагцхүү сэжигтэн өмгөөлөгч сонгож аваагүй тохиолдолд тухайн ажиллагаанд прокурор, шүүхийн шийдвэрээр томилогдсон өмгөөлөгч оролцуулахаар журамласан байна.

16. Гэтэл энэ тохиолдолд мөрдөгчөөс Х.С-ийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай шийдвэр гаргасан атлаа түүнд хуульд заасан эрхийг нь танилцуулж тайлбарлаж өгөөгүй, түүнчлэн өмгөөлөгч сонгож авах боломжоор хангаагүй, мөн түүнчлэн мөрдөгчийн ямар нэгэн шийдвэргүйгээр өмгөөлөгч Т.Бахытыг мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцуулсан, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах нөхцөл боломжоор хангаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн     хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маш ноцтой зөрчил болсон байна

17. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй байна.

18. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үйлчлүүлэгч Х.Сийн хувьд дээрх байдлаар гэмт  хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

 

Иргэний нэхэмжлэгч М.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: 

1. ШүүгдэгчХ.С нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шөнийн цагт тус аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Улаан эрэг гэх газарт миний төрсөн дүү болох амь хохирогч М.Жын биеийн ар нуруу хэсэгт нь ТОЗ-8 загварын буугаар буудаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь Х.Сийн өөрийн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад хөдөлшгүй нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон болно.

2. Шүүгдэгч Х.Сийн төрөл саднууд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч бид нарт учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан тул хохирлын талаар бидний зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

3. Шүүгдэгч Х.С нь гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөрт ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4. Шүүгдэгч Х.Ст холбогдох хэрэг 1 жил 3 сар гаруй шалгагдсан хугацаанд үнэн зөвөөр хуулийн хүрээнд хөдөлшгүй нотлох баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Сийг гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр нь үлдээж өгнө үү.

5. Нэхэмжлэгч М.Б т би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5-д Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11 -т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарназаасны дагуу дээрх гомдол тайлбар гаргаж байна.

 

            Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт:

1.Х.Сийн гэмт хэрэг үйлдэж амь хохирогч М.Жын амь насанд хүрч, санаатай хүнийг алсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээд холбогдох хэргийг шийдвэрлэсэн.

2. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын утга агуулах нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж байсан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хурал дээр мэтгэлцээн явагдсан. Тиймээс өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол, санал үндэслэлгүй гэж няцаасан үндэслэл шийтгэх тогтоол тусгагдсан.

3.Х.Сийн өөрийн буугаар амь хохирогч М.Ж-ын урд талаас нь биш ар талаас нь зүүн далны доод хэсэгт буудаж алсан болох нь тогтоогдож байгаа. Өмгөөлөгч нарын маргаж байгаа “тухайн цаг хугацаанд шүүгдэгч Х.С рүү халдсан довтолгоо явагдсан. Х.Сийн зүгээс аргагүй хамгаалалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл довтолгоо явагдаж байх хугацаанд хохирогчийг чиглүүлж өөрийнхөө буугаар буудсан” гомдлыг гаргаад байна. Энэ үндэслэлгүй. Яагаад гэвэл өмнө хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тухайн гэмт хэрэг гарсан газарт шүүгдэгч, хохирогчоос өөр хүн байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт бол шууд бус нотлох баримт болж харагдаж байгаа.

4. Эхний удаа амь хохирогч М.Ж нь 21 цагийн үед довтолгоо хийгээд халдаад тодорхой үйлдлийг хийгээд явсан. Тухайн цаг хугацаанд зогсоогдсон, дууссан. Хоёр дахь удаа үйлдэл шөнийн 23 цаг үед өөрийн майханд байхад амь хохирогч М.Ж морьтой шүүгдэгч Х.С рүү халдсан халдлага, довтолгоо хийгээгүй байхад буугаар буудсан. Энийг бол яллагдагч Х.С өөрөө мэдүүлгүүд дээр хэлсэн. Өмгөөлөгч нар шүүгдэгчид ашигтай хэсгээр нь баримтуудыг судлуулж байгаа. Анхны сэжигтнээр өгсөн мэдүүлэгт тодорхой байгаа. Хоёр дахь халдлагад Х.С рүү халдсан довтолсон зүйл тогтоогдохгүй байна.

5. Яллагдагч М.Ж-ын  2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд буудсан шалтгаан маань тэр мөчөөс 2 цагийн өмнө орчимд М.Ж над руу хутгатай дайрсан, дахиад хутгатай явж байна гэж бодоод түүнийг айлгах зорилгоор буудсан.М.Ж морь руу гүйж очоод унахын хооронд сумласан байх гэхдээ хэрхэн яаж сумласнаа мэдэхгүй байна. Тэр цаг хугацаанд М.Ж-ын Х.С рүү халдсан халдлага, довтолгоо нь тогтоогдохгүй байна. Х.С-ийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй.

6. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүнийг алах гэмт хэрэгтэй ойролцоо бусад гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дүгнэсэн. Хүний амь насыг болгоомжгүйгээр алсан гэмт хэргийн шинжгүй байгаа эсэхийг анхан шатны шүүх дүгнэж үзсэн байгаа. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчсөн, өмгөөлөгч сонгож аваагүй байхад өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг авсан гэдгийг удаа дараа шат шатандаа гаргаж байгаа. Энэ үйлдэлд мөрдөгчийн зүгээс хууль зөрчөөд сэжигтний эрхийг зөрчиж, сэжигтний эрхийг доордуулсан үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад явагдаагүй.

7. Анхан шатны шүүх хохирогчийн буруутай үйлдлийг дүгнээд шүүгдэгч Х.С-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх үндэслэлээр дүгнэсэн. Хохирогчийн буруутай үйлдэл байсан хэдий ч тэр хүний амьд явах эрх рүү халдаад шүүгдэгчХ.С хохироосон. Хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. 

8. А.Серикжан өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлуулахад доороос нь дээшээ чиглүүлж буудаж байгаа талаар хэлсэн. Амь хохирогч М.Ж морьтой явж байсан учраас газарт байсан хүнээс тодорхой хэмжээгээр өндөрт байгаа. Буудсан сум нь доороос нь дээшээ онож орох нь үнэмшилтэй. Морьтой байсан хүн, газарт зогсож байсан талаар ялгаатай болохыг дүгнэж үзээрэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Өмгөөлөгч нарын гомдлыг няцаахад шүүгчийн прокурорт буцаасан 2020 оны  захирамжийн заалт биелэгдээгүй гэж үзэж байна. Тухайн хурааж авсан эд зүйлийг шүүхэд ирүүлээгүй гэсэн шүүгчийн захирамжид дурдаж байсан. Энэ захирамжаар хэрэг прокурорт буцааж, тухайн эд зүйл байгаа эсэхийг тодруулж, эд мөрийн баримтаар хураах, тооцох ажиллагаа явагдсан. Захирамжийн заалт билэгдсэний үндсэн дээр анхан шатны шүүх холбогдох хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа давж заалдах гомдлын утга агуулгыг шүүхийн хэлэлцүүлэх явцад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү, эсвэл цагаатгаж өгнө үү гэсэн утга бүхий гомдол, тайлбарыг гаргаж байгаа. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн прокурорын байр суурийг тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч Х.С-т ял оногдуулахад, эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдийг авч үзээд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, байдалд тохирсон ял оногдуулсан гэдгийг дурдах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны яцад болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх шүүгдэгч Х.С болон түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

4. Шүүгдэгч Х.С нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө, 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг, Улаан эрэг гэх газарт амь хохирогчийн биеийн ар нуруунд нь Тоз-8-01 загварын галт зэвсгээр буудаж М.Ж-ыг алсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн:

  • 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 6-20 дахь тал),
  • 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 26-32 дахь тал),
  • Яллагдагч Х.Сийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “...уг моднуудын дунд утсаар ярьж байсан ба амь хохирогч М.Ж нь морьтой ирж, над руу дайраад довтлоод байсан гэх газар гэж зааж өгснөөр хоорондох зайг хэмжиж үзэхэд 5 м, 50 см байх ба уг газраас анхны буудлагыг үйлдсэн гэв. Мөн амь хохирогч М.Ж нь дахин довтлоод моднуудыг тойрч зугтаахад дайрсан гэж зааж өгөх ба уг газар нь олон тооны моднуудтай байв. ...М.Ж нь миний зогсож байсан газраас урагшаа зогсож байсан гэснээр яллагдагчийн 2 дахь буудлага үйлдсэн газраас амь хохирогч М.Ж-ын зогсож байсан гэх газрын хоорондох зайг хэмжихэд 4м, 80 см байх ба яллагдагч Х.С нь амь хохирогчийн хаашаа байрласан эсэхийг харах боломжтой эсэхийг шалгаж үзэхэд харанхуй, ямар нэгэн дүрс үзэгдэх боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 52, 54-55 дахь тал),
  • шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Талийгаач М.Ж-ын биед галт зэвсгийн ар нуруунаас буудагдсан цээжний хөндийд нэвтэрсэн гэмтэл, цээжний зүүн талын хэнхэрцгийн эдийн болон зүүн уушгины хаван, цээжний хөндийд, зүүн уушгины ар талд цусан бүлээнтэй, дотор эрс цус алдалт, цус алдалтын шок, зүүн далны доод хэсэгт дугуй хэлбэрийн, цээжний хөндийд /доороос дээш чиглэсэн/ цээжний хөндийд нэвтэрсэн шарх, ... зэрэг гэмтэл тогтоогдлоо. Талийгаач М.Ж-ын биед үүссэн ... цээжний хөндийд нэвтэрсэн хүнд хавсарсан гэмтэл, цээжний зүүн талын хэнхэрцгийн эдийн болон зүүн уушгины хаван, цээжний хөндийд, зүүн уушгины ар талд цусан бүлээнтэй, дотор эрс цус алдалт, цус алдалтын шок, зүүн далны доод хэсэгт дугуй хэлбэрийн, доороос дээш чиглэсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь галт зэвсгийн буудалтын нэг удаагийн үйлчлэлээр хохирогч амьд байх үед үүссэн болно.” гэх 36 дугаар дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт (1 дэх хавтаст хэргийн 177-178 дахь тал),
  • шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн арчдаснаас дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байна, шинжилгээнд ирүүлсэн 881367 гол төмрийн дугаартай, 367 замгийн дугаартай Тоз-8 маркийн зэвсгээр буудлага үйлдсэн байна.” гэх 4930 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 200 дахь тал),
  • шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3754 дугаартай галт зэвсэгт шинжилгээ хийсэн тухай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 219 дахь тал),
  • Х.С  2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр өгсөн “... Ж  нь миний байсан газарт морьтойгоо хүрээд ирсэн. Тэр үе 23 цаг өнгөрч байсан, дөнгөж сар гарч байсан. Гадаа нэлээн харанхуй байсан. Ж  морьтойгоо хүрч ирээд мориноосоо буугаад над руу дөхөөд ирэхээр нь би сууж байсан газраасаа босож, гартаа барьсан буугаар агаарт, тэнгэр лүү нэг удаа буудсан. Тухайн үед бууны хошууг дээшлүүлж байгаад хий буудсанаа санаж байна. Тэгтэл Ж  нь шууд морио унаад гол дагаж давхих үед нь би түүнийг чиглүүлж байгаад дахин нэг удаа буудсан. Тэр үед Ж  нь морьтойгоо голын усаар гараад явах шиг болсон”. ... би өөрийгөө хамгаалах гээд агаарт нэг удаа хий буудсан. ... Дараа нь тэр морио унаад улиас мод тойроод над руу буцаж ирэх шиг болохоор нь түүнийг айлгахаар дахин нэг буудсан. Хоёр дахь удаа буудахдаа Ж-г чиглүүлж, дөхүүлж байгаад буудсан байсан. Яг онилж байгаад буудаагүй.” гэх мэдүүлэг, (2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал болон арын нүүр),
  • Х.С  2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “... тэнд байсан модыг тойрч довтлоод дайраад байсан ба Ж  нь морь луугаа гүйж очин унаж ирэх хооронд би буугаа сумласан байсан ба түүнээс маш ихээр айж Ж  намайг алах юм байна, үхэх юм байна гэж бодоод модыг тойрч довтлоод ирж байсан Ж  руу буугаа чиглүүлээд буудчихсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал болон арын нүүр) зэрэг нотлох баримтуудаар бүрэн  тогтоогдсон, хэргийн үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хангалттай шалгаж, тодруулж, тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг хангасан байна.

 

5. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтаар тогтоогдсон “Х.С  нь хохирогчийг мориноосоо бууж ирж байх үед айлгах зорилгоор эхлээд тэнгэр лүү нэг удаа хий буудсан, дараа нь амь хохирогч М.Ж  буцаад мориндоо мордоод цааш нь явах үед 2 дахь удаа чиглүүлж байгаад буудсан, үүний дараа тэрээр морьтойгоо гол гарч явсан” хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх “М.Ж-г морьтойгоо гол дагаад давхиж байхад нь араас нь чиглүүлж буудсан” (4 дэх хавтаст хэргийн 183 дахь тал) гэж бодит байдлаас зөрүүтэй тогтоосон талаарх шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдол, тайлбар үндэслэлтэй боловч энэ нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба яллах дүгнэлтэд “Х.С  нь ... амь хохирогч М.Ж-ын биеийн ар нуруун хэсэгт нь Тоз-8 загварын буугаар буудаж алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн” талаар тусгажээ.

 

6. Прокуророос шүүгдэгч Х.С-ийн дээрх үйлдлийн талаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ; анхан шатны шүүх түүний уг үйлдэл холбогдлыг яллах дүгнэлтэд зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэн, гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тогтоох, мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон гэм буруугийн зарчмуудад бүрэн нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

7.Х.С нь сэжигтнээр болон яллагдагчаар, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ амь хохирогч М.Ж-ыг айлгах зорилгоор, түүний хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж, энэ талаар шүүгдэгч Х.С болон түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд “Х.С  нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр орой 21 цагийн үед, түүнчлэн 23 цагийн үед дахин бодит аюултай халдлагад өртсөн”, “талийгаач М.Ж нь өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар, өс хонзонгийн сэдэлтээр, согтуугаар, хутга ашиглаж хэд хэдэн удаагийн үйлдлээр Х.С-ийг алахыг завдсан” гэсэн үндэслэлүүдийг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахыг хүсжээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд мөн энэ агуулга тусгагдсан байна.

 

8. Хохирогчийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн талаар Х.С-ийн мэдүүлгээс өөр хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн, даавуун материалтай, урт ханцуйтай, дугуй захтай, хавар намрын хар өнгийн дээлийн зүүн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй гэмтэлтэй, ... уг дээлийн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр ... үүссэн. Дээлийн ханцуйны урд хэсэгт эгц доошоо 18.3 см-ийн хэмжээтэй зүсэгдсэн гэмтэл нь шинээр үүссэн...” гэх 45 дугаар дүгнэлтээр (2 дахь хавтаст хэргийн 6 дахь тал) тогтоогдсон баримтат мэдээлэл нь хэрэг учрал болохоос өмнө буюу хэрэг гарсан өдрийн 21 цагийн үед өрнөсөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлжээ. Иймээс шүүгдэгч Х.С-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө, 23 цагийн үед үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт шууд хамааралгүй дээрх нөхцөл байдлыг дангаар нь үнэлж, түүнийг Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Шүүгдэгч Х.С нь хохирогчийг мориноосоо бууж ирж байх үед айлгах зорилгоор, эхлээд тэнгэр лүү нэг удаа хий буудсан, дараа нь амь хохирогч М.Ж буцаад мориндоо мордоод цааш нь явах үед 2 дахь удаа чиглүүлж байгаад буудсан, үүний дараа тэрээр гол гарч яваад өгсөн гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ нь шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “... доороос дээш чиглэсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь галт зэвсгийн буудалтын нэг удаагийн үйлчлэлээр хохирогч амьд байх үед үүссэн” гэх 36 дугаар дүгнэлттэй тохирч байна. Х.С нь амь хохирогч М.Ж-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг хохироох буюу хор уршгийг хүсээгүй боловч урьд нь дээшээ хий буудсан галт зэвсгийг дахин сумлаж, хохирогчийг буцаад мориндоо мордсон гэдгийг мэдсэн атлаа түүн рүү чиглүүлж 2 дахь удаа буудсан үйлдлийг зориуд хийсэн, түүний энэ үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь тогтоогдсон учир шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргээр зүйлчилсэн нь хуульд нийцсэн байна.

 

10.Х.Сийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

11. Анхан шатны шүүх Х.С-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдлаас гадна амь хохирогчийн буруутай үйл ажиллагааг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд есөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах гомдолд дурдсан, хэрэг гарахаас өмнө болон хэрэг гарах үед үйлдсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үнэлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

12. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгах тухай давж заалдах гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч Х.С-ийн үйлдлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих  байдал хангалттай тогтоогдсон, хэрэгт цугларсан бүхий л баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар харьцуулж үнэлэхэд, түүнийг “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй тогтоогдсон байна. Түүнчлэн Х.С-ийн үйлдэлд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгчид Ж.Энхжаргал, А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК