Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

О.Балжмаад холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа,  З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           С.Батдэлгэр

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Балжмаад холбогдох 2121002280307 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бодонгууд овогт Оросоогийн Балжмаа, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 64-894 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дорнод аймаг, Хэрлэн сум, 11 дүгээр баг, Талын шилтгээн хотхоны 6-37 тоотод түр амьдарч байгаа, гавьяа шагналгүй, урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/34 дугаартай магадлалаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч О.Балжмаа нь 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, 56-03 тоотод иргэн Ж.Түмэнжаргалын гэрт хамт амьдарч байхдаа “гар утсаа өгч байгаач, мөнгө шилжүүлчихье” гэж хэлэн түүний гар утсыг авч, мобайл банкийг ашиглан хохирогчийн Хаан банкны 540 700 7500 тоот дансанд нэвтэрч, уг данснаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 5 462 000 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлсан,

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 тооны төлгөн хонь зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багт оршин суух Ч.Батцэцэгээс 2 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Фейсбүүк цахим хаяг ашиглан 7 тооны тугалтай үнээ худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төв аймгийн Зуунмод сумын иргэн П.Цэрэнбалжидаас 2 700 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд иргэн Ц.Ганзоригт олон тооны мал зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 11 151 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Ганзоригт 2 тооны бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 230,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Балжмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бодонгууд овогт Оросоогийн Балжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оросоогийн Балжмаад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Балжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалаар Өршөөлийн хуульд хамруулж оногдуулсан 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмааг 2 жил 10 сар 11 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, О.Балжмаад хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Балжмаад мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4 930 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Батцэцэгт 2 000 000 төгрөгийг, хохирогч П.Цэрэнбалжидад 2 700 000 төгрөгийг, хохирогч Д.Ганзоригт 230 000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Ц.Ганзориг нь 11 151 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О.Балжмаа нь цагдан хоригдоогүй, хохирогч Ц.Ганзориг, Ж.Түмэнжаргал нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ89022205 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  ... шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ганзориг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “О.Балжмаагийн нөхөр Д.Дамдиндаваа нь 11 151 000 төгрөгийг чинь би төлж өгье, та манай эхнэрт гомдолгүй гэж хэлээч, таны мөнгийг төлөгдөөгүй гэвэл манай эхнэр шоронд явах болоод байна гэж надаас гуйгаад байхаар нь би эмэгтэй хүн, нялх хүүхдүүдийг нь бодоод нэхэмжлэлээ татан авч байна гэснийг маань бүр нэхэмжлэлээсээ татгалзсан болгож, юу ч авахгүй болгон шийдвэрлэж намайг улам хохироож байна. Одоо хүртэл миний хохирол төлөгдөөгүй байна. Намайг Дамдиндаваа эхнэртэйгээ нийлж давхар зальдаж улам хохироож байна. Ярьсан хэлсэндээ огт байхгүй, аль нь ч надтай холбогдохгүй байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Балжмаагийн өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан тайлбартаа: Хохирогч Ц.Ганзориг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаан дээр хохирогч  11 151 000 төгрөгийн хохирлоосоо татгалзсан. Хууль зүйн үр дагаврыг  шүүгч болон улсын яллагч би маш сайн тайлбарлаж өгөхөд хохирогч хүлээж аваагүй. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Балжмаа нь 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, 56-03 тоотод иргэн Ж.Түмэнжаргалын гэрт хамт амьдарч байхдаа “гар утсаа өгч байгаач, мөнгө шилжүүлчихье” гэж хэлэн түүний гар утсыг авч, мобайл банкийг ашиглан хохирогчийн Хаан банкны 540 700 7500 тоот дансанд нэвтэрч, уг данснаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 5 462 000 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлах гэмт хэргийг,

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 тооны төлгөн хонь зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багт оршин суух Ч.Батцэцэгээс 2 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Фейсбүүк цахим хаяг ашиглан 7 тооны тугалтай үнээ худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төв аймгийн Зуунмод сумын иргэн П.Цэрэнбалжидаас 2 700 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг,

2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд иргэн Ц.Ганзоригт олон тооны мал зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 11 151 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг,

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Ганзоригт 2 тооны бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 230,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Түмэнжаргалын “... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хэд хэдэн удаа Балжмаа надаас “гар утсаа өгч байгаач, мөнгө шилжүүлье” гэж хэлсэн. ...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би дүү Нандин-Эрдэнийн хамтаар гэртээ байж байхдаа түүнд хандаж “эгчдээ миний мобайл банкыг ашиглан нэгж аваад өгөөч” гэхэд тэр миний утсыг авч мобайл банк руу нэвтрээд нэгж авах гэсэн боловч “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд мобайл банкны үлдэгдлээ шалгахад 13 903 төгрөг үлдсэн байсан. ... О.Балжмаа нь надад учруулсан 5 462 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... “ /хх 16-19, 22-23, 25/  гэсэн,

Хохирогч Ч.Батцэцэгийн “...Би  2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... “10 тооны эм төлөг өгнө” гэж хэлэхэд ... “1 000 000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн. ... маргааш нь Балжмаа гэх хүн над руу утсаар залгаад “нөхөртэйгөө ярилцсан, дахиад 10 төлөгний мөнгө хэрэгтэй байна.” гэж хэлэхэд нь тэр үед яасан юм бэ гэж хэлэхэд “Улаанбаатар хот руу эмчилгээнд 14 хоног явах гэж байна. “гэж хэлэхээр нь “1 000 000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн. ... Би гомдолтой байна. Уг хүнээс мөнгөө буцааж авмаар байна.” /хх-90-91/ гэсэн,

Хохирогч П.Цэрэнбалжидын “... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк үзэж байсан чинь “Seemii Seemii” гэсэн хаягаас “тугалтай үхэр зарна” гэсэн зар тавьсан байсан. ...Тэр эмэгтэй “2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай хадам ах мэс засалд орох гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна, яаралтай 2 700 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. ...Тэгэхээр нь би тэр хүнд “ та нар өвчин зовлонтой байгаа бол би 2 700 000 төгрөгийг чинь өгье. Үлдсэн мөнгөө үхрээ авчирч өгөөд аваарай.” гэж хэлсэн. ... Би өөрт учирсан хохирол болох 2 700 000 төгрөгөө буцааж авмаар байна.” /хх 122, 124-125/ гэсэн, 

Хохирогч Ц.Ганзоригийн “... Би анх 2021 оны 03 дугаар сарын дундуур “Дорнодын нэгдсэн зар” фейсбүүк групп дээр “Төлөг, борлон, бяруу худалдаж авна” гэж зар тавиад өөрийнхөө утасны дугаарыг тавьж үлдээсэн байсан. Тэгэхэд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үдийн дараа 8827 0922 дугаараас залгаж...”надад 2 бяруу, 2 тугалтай үнээ яаралтай зарах хэрэгтэй байна.” гэхээр нь 1 бярууг 350 000 төгрөгөөр, тугалтай үнээг 950 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч ... 700 000 төгрөгийг ... 2 бяруу гэсэн утгатай шилжүүлсэн. ...Тухайн өдрийн орой 19 цагийн орчим дахин 2 тугалтай үнээ худалдаж авахаар 1 900 000 төгрөгийг... 2 тугалтай үнээ гэсэн утгатай шилжүүлсэн. ...Хургатай хонийг 95 000, ишигтэй ямааг 85 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 18 цагийн орчим Гэгээлэн гэх данс руу “урьдчилгаа” гэсэн утгатай 2 000 000 төгрөгийг, ... 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 20 цагийн орчим 2 500 000 төгрөгийг “хонь үргэлжлэл” ... 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчим 2 151 000 төгрөгийг “хонь, ямаа үлдэгдэл” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгэхэд үдийн дараа тухайн эмэгтэй над руу залгаж, “... 2 тугалтай үнээ нэмж зарах хэрэгтэй байна. Үнийг өмнөх үнээр буюу 950 000 төгрөгөөр зарна, та мөнгөө шилжүүлчих, өвчин зовлонтой байна.” Гэхээр нь тухайн өдөр 12 цагийн орчим 1 900 000 төгрөгийг “2 тугалтай үнээ” гэх утгатай дээрх данс руу шилжүүлсэн. ...” /хх 172-177/ гэсэн,

Хохирогч Д.Ганзоригийн “... 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Ажнай хурдан морь сонирхогчид”-ын групп дотор үл таних хүн “бяруу зарна” гэж пост бичсэн байхаар нь ... “7 тооны бяруу байна. 1 бярууг 400 000 төгрөгөөр зарна” гэхэд нь би “ тэгвэл 2 бяруу авья” гэхэд надад зөвшөөрч маргааш нь 05 дугаар сарын 29-ний өдөр авахаар тохиролцсон юм. ... Даваагийн эхнэр Ганцэцэгийн ХААН банкны ... данснаас 100 000 төгрөг, ... удалгүй ... ээжийн бие муудаад эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байдаг Энхээ рүү яриад ... 30 000  төгрөгийг шилжүүлчих гээд Энхээгийн ХААН банкны данснаас шилжүүлсэн. ... мөн удалгүй ... нөгөө хүүхэн чинь “ээжийн бие муудаад эмнэлэг дээр байна, та дахин 100 000 төгрөг явуулаач гэхэд нь ... би Даваагийн эхнэрийн данснаас дахин 100 000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 225-226/ гэсэн,

мөн гэрч Д.Нандин-Эрдэнэ, Д.Дамдиндаваа нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Балжмаагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарыг оролцуулж, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч О.Балжмааг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч О.Балжмаагийн үйлдлүүдийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч О.Балжмаагийн бага насны хүүхэдтэй, жирэмсэн, эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 2 жил 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй юм. 

Хохирогч Ц.Ганзориг давж заалдах гомдолдоо: “...Одоо хүртэл миний хохирол төлөгдөөгүй байна. ... Ярьсан хэлсэндээ огт байхгүй. Аль нь ч надтай огт холбогдохгүй байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч О.Балжмаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  4 930 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Чимэдмаагийн Батцэцэгт 2 000 000 төгрөгийг, хохирогч Пүрэвсүрэнгийн Цэрэнбалжидад 2 700 000 төгрөгийг, хохирогч Дашравдангийн Ганзоригт 230 000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Цэвэлсүрэнгийн Ганзориг нь 11 151 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.Ганзориг нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “Би итгэж байна. Надад хохирлыг минь тохиролцсон ёсоор өгнө гэдэгт итгэж байна. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” /хх-ийн 2 дахь хавтсын 39 дэх хуудас /  гэж тайлбарласан, шүүх хуралдаанд оролцсон прокурор, шүүгч /даргалагч/ нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагаврыг тодорхой тайлбарлаж өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр  нотлогдохын зэрэгцээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч санал, прокурор дүгнэлт гаргахдаа энэ тухай тайлбар гаргасан болно.

 Иймд хохирогч Ц.Ганзоригийн “шүүх нэхэмжлэлээ татан авч байна гэснийг нэхэмжлэлээсээ татгалзсан болгож, юу ч авахгүй болгон шийдвэрлэж намайг улам хохироож байна” гэх гомдлыг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох үндэслэлгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тус шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                    ШҮҮГЧИД                                             Д.БАЙГАЛМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ