Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Б-д холбогдох эрүүгийн 2121002280307 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн ....... тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Дорнод аймгийн Баян-Уул сумын ......... багт оршин суух, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ............... тоотод түр амьдарч байгаа, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/34 дугаартай магадлалаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн, ......... овогт Б /РД: ................../.

          Шүүгдэгч Б нь 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 25-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын ......дугаар баг, ........... тоотод иргэн Т-ын гэрт хамт амьдарч байхдаа “гар утсаа өгч байгаач, мөнгө шилжүүлчихье” гэж хэлэн түүний гар утсыг авч, мобайл банкийг ашиглан хохирогчийн Хаан банкны 5407007500 тоот дансанд нэвтэрч, уг данснаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 5,462,000 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлсан,

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 тооны төлгөн хонь зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Дорнод аймгийн Баяндун сумын ........ дугаар багт оршин суух Б-ээс 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Фейсбүүк цахим хаяг ашиглан 7 тооны тугалтай үнээ худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төв аймгийн Зуунмод сумын иргэн Ц-аас 2,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд иргэн Г-т олон тооны мал зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 11,151,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г-т 2 тооны бяруу зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 230,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 04 дүгээр сараас хойш хэдэн мал цуглуулахаар хичээсэн. Мал авах зар тавьсан. Б өөрийнхөө дугаараас над руу залгаад “үхэр зарна” гэхээр нь уулзаж ярилцахаар гэрт нь очиход нялх хүүхэдтэйгээ хамт байсан. Хоёр бяруу зарна гэхээр нь 700,000 төгрөг шилжүүлсэн. Намайг гэртээ харьсны дараа Б дахин залгаж “хадам ээжийн бие өвдсөн, нөхөр бид хоёр хадам ээжийн эмчилгээнд туслахаар болсон, яаралтай мөнгөний хэрэг гарлаа оронд нь их хэмжээний хонь өгнө” гээд 2,500,000 төгрөг авсан. Надаас Б 4 хоногийн хугацаанд нийт 11,151,000 төгрөг авсан. Б-гийн яриа байнга өөрчлөгдөж, олон худал зүйлийг зохиож ярьсан. Хүний амьдралд юу ч тохиож болно, хэн ч өвдөж зовж болно гэсэн үүднээс би итгэсэн. Нялх хүүхдээ тэвэрсэн эх хүн бусдыг хуурч, мэхэлнэ гэж бодоогүй. Одоогийн байдлаар Б нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Би цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгөх гэж нэг хэсэг болсон. Бтай уулзаж “чи намайг залилчихсан байна” гэхэд “харин тийм ээ би покер тоглочихсон” гэсэн. Б-г нялх хүүхэдтэй болохоор байцаалт өгсний дараа цагдаагийн байрнаас Талын шилтгээн хотхон руу хүртэл хүргэж өгдөг байсан.  Б-д “чи залуу хүн, цаашид ингэж болохгүй, буруу замаар орж болохгүй” гэхээр “би таны хохирлыг төлж барагдуулна” гэдэг байсан. Нөхөр нь “Б-гаас 2 сард салчихсан, өмнөх хохирлуудыг төлж барагдуулсан, одоо энэ хүн надад хамаагүй” гэсэн. Ээж нь “том ахынх нь байшинг зараад хохирлыг төлнө” гэж байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон. Сүүлд Б руу 4,000,000 төгрөг шилжүүлэхийн тулд хүнээс хүүтэй мөнгө зээлж авсан. Одоог хүртэл хүү төлж байгаа. Гэхдээ би Б-гаас хүү нэхэмжлээгүй. Би төрийн албан хаагч. Надад 11,000,000 төгрөг маш их мөнгө. Магадгүй энэ хүнд тийм ч их мөнгө биш байх. Гэтэл энэ мөнгөнөөс болоод манай гэрт үл ойлголцол, хэрүүл маргаан, санхүүгийн хүндрэл гэх мэт маш их асуудал гарч байна. Хүнд итгэж байгаа мөнгөө шавхаж өгчихөөд хохирч үлдсэндээ гомдолтой байна. ...гэхдээ Бгаас 11,151,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв.

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз Бадамаагийн төрсөн дүү Б нь манай гэрт ирж амьдрахаар болсон. Түүний хувьд цахимаар иргэдийг залилж хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм. Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Уул сумаас Хэрлэн суманд ирсэн. Би байрныхаа үлдэгдэл мөнгийг өгөх шалтгаанаар малаа зарж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний ... гэсэн данс руу манай найз Энхбат нь өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас нийтдээ 5,950,000 төгрөг шилжүүлж, миний дансанд 6,046,000 төгрөг үлдсэн. Тухайн үед Бд эгч нь байрныхаа үлдэгдэл мөнгийг цуглуулаад Баян-Уул сумаас ирсэн гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хэд хэдэн удаа Б надаас “гар утсаа өгч байгаач, мөнгө шилжүүлчихье” гэж хэлсэн. Би зөвшөөрч мобайл банкны дугаараа хэлээд гар утсаа түүнд хэд хэдэн удаа өгсөн. Тухайн үед би Бг миний данснаас уг мөнгийг авчихлаа гэж мэдээгүй. Тэрээр тухайн өдрөөс эхлэн гар утсаараа оролдоод тоглоом тоглоод л байсан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 26-ны орой 17 цагийн орчимд манай нагац дүү Нандин-Эрдэнэ нь Баян-Уул сумаас манай гэрт ирсэн. Улмаар тухайн шөнө Б нь “манай нөхөр ирлээ” гээд манайхаас гараад явчихсан. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би дүү Нандин-Эрдэнийн хамтаар гэртээ байж байхдаа түүнд хандаж “эгчдээ миний мобайл банкийг ашиглан нэгж аваад өгөөч” гэхэд тэрээр миний утсыг авч мобайл банк руу маань нэвтрээд нэгж авах гэсэн боловч үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд мобайл банкныхаа үлдэгдлийг шалгахад 13,903 төгрөг үлдсэн байсан. ...миний хувьд хөзөр ч тоглож чадахгүй хүн байгаа юм. Хэрэв Бтай хамт уг мөнгөө үрсэн бол юу гэж гомдол гаргах вэ дээ. ...Б нь надад учруулсан 5,462,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 16-19, 22-23, 25/

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын төвд байж байхад 14 цагийн үед Б гэдэг хүн над руу 88270922 дугаараас залгаж надад хэлэхдээ “эгч нь эмнэлэгт хэвтэж байна, бие өвдөөд байнаа, яаралтай мөнгө хэрэгтэй байна, яаралтай эгч рүүгээ мөнгө шилжүүлээч” гэж хэлсэн. Тэр үед нь би “та юу өгөх юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд “10 тооны эм төлөг өгнө” гэж хэлэхэд нь би “за за” гэж хэлээд 1,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Б гэх хүн над руу утсаар залгаж хэлэхдээ нөхөртэйгээ ярилцсан дахиад 10 төлөгний мөнгө надад хэрэгтэй байнаа гэж хэлсэн. Тэр үед нь би яасан юм бэ гэж хэлэхэд Улаанбаатар хот руу эмчилгээнд 14 хоног явах гээд байнаа гэж хэлсэн. Тэгээд би “за за” гээд 1,000,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн, би нөхрийнхөө утасны дугаарыг өгчих гэсэн чинь над руу ... гэсэн дугаарууд өгсөн. Энэ дугаарууд руу залгаж үзэхэд ашиглалтанд байхгүй байна гэсэн. Дараа нь Б гэх хүний утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш уг хүнтэй холбоо барьж чадаагүй. ...Би гомдолтой байна, уг хүнээс мөнгөө буцааж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 90-91/

 

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк үзэж байсан чинь “Seemii Seemii гэсэн хаягаас “тугалтай үхэр зарна” гэсэн зар тавьсан байсан. Тэр хаяг дээр утасны дугаар байгаагүй. Фейсбүүк чатаар холбогдоод асуухад 7 тугалтай үхэр байгаа зарна гэж байсан. Тэгээд би утсаа хэлээрэй гэж хэлсэн чинь ... гэсэн дугаар өгсөн. Энэ дугаар руу нь залгахад эмэгтэй хүн авсан. Тэр эмэгтэй “2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай хадам ах мэс засалд орох гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна яаралтай 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг хэрэгтэй байна. Бид нар танайд үхрээ хүргэж өгч болно, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эндээс гаргаад хүргэж өгнө. Та зардлынхаа тал мөнгийг нь төлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “та нар өвчин зовлонтой байгаа бол би 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийг чинь өгье, чи үхрээ авчирч өгөөд үлдсэн мөнгийг нь аваарай” гэж хэлсэн. Би тэр хүнтэй тохиролцоод 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Оросоо Б гэсэн нэртэй ... тоот төрийн банкны данс өгсөн. Энэ данс руу нь өөрийн Хаан банкны ... тоот данснаас интернет банкаар мөнгө шилжүүлэх гэсэн боловч болохгүй байсан. Тэгэхээр нь энэ данс руу чинь шилжүүлэг хийх гэсэн болохгүй байна гэж хэлсэн. Тэр эмэгтэй Энхболдын Энхзаяа эмч хүний данс байгаа ... тоот данс руу хийчих гэж чат ирсэн. Би хүний данс руу мөнгө хийхгүй баримттай нь дээр та өөрийнхөө дансыг явуул гэж хэлтэл ахин Оросоо Б нэртэй ... тоот данс явуулсан. Би энэ данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгийг нь шилжүүлчихээд хүлээгээд байж байхад үхрийг маань авчирч өгөөгүй. Харин дахин дахин мөнгө хэрэгтэй байна мөнгө явуулаач гэхээр нь би мөнгө шилжүүлээгүй. Тэгсэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б гэх хүн ... дугаарын утсаар миний өөрийн ... дугаарын утас руу мессежээр бид нар Багануур дүүрэгт ирсэн байна, түлш дууссан 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг шилжүүлчих бид нар мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн дахин Энхболд Энхзаяа ... тоот данс руу мөнгөө шилжүүлчих энэ данс бол шатахуун түгээгүүрийн газрын хүний данс байгаа юм гэж хэлсэн. Би энэ данс руу мөнгийг нь шилжүүлээгүй. Б гэх хүн байнга мөнгө хурдан хийгээрэй гэж нэхээд чат бичээд байсан болохоор нь би хуурч байж магадгүй гээд нөхөртөө хэлсэн. ...Би өөрт учирсан хохирол болох 2.700.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 122, 124-125/

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анх 2021 оны 03 дугаар сарын дундуур “Дорнодын нэгдсэн зар” фейсбүүк групп дээр “Төлөг, борлон, бяруу худалдаж авна” гэж зар тавиад өөрийнхөө утасны дугаарыг тавьж үлдээсэн байсан. Тэгэхэд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны үдийн дараа 88270922 гэсэн дугаараас залгаж ярихдаа “та мал авна гэсэн зар тавьсан уу? Манай нөхөр бид хоёр хадам ээжийн эмчилгээнд зориулж мал зарах гэж байгаа юм, та манай гэрт хүрээд ирээч, би нялх хүүхэдтэй учир гарч орж чадахгүй байна” гээд хаягаа өгөхөөр нь Хэрлэн сумын 11 дүгээр баг “.......” хотхоны ........ тоотод очиход нялх хүүхэдтэй эмэгтэй байсан. Надад өөрийгөө танилцуулахдаа Гэгээлэн гэж танилцуулсан ба нөхрөө Дагзал гэдэг манайх Дашбалбар, Сэргэлэн сумын нутгаар нутагладаг. Одоогоор утас нь холбогдохгүй, өндөр газарт гарч ярьдаг гэж байсан. Тэгээд надад 2 бяруу, 2 тугалтай үнээ яаралтай зарах хэрэгтэй байна гэхээр нь 1 бярууг 350,000 төгрөгөөр, 1 тугалтай үнээг 950,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод тухайн гэрт нь байх үедээ өөрийн Хаан банкны ... тоот данснаас Т.Гэгээлэн гэх хүний нэр дээрх ... тоот данс руу 16:17 минутанд 700,000 төгрөгийг интернет банк ашиглаж 2 бяруу гэсэн утгатай шилжүүлсэн. Тухайн өдрийн орой 19 цагийн орчим дахин 2 тугалтай үнээ худалдаж авахаар 1.900.000 төгрөгийг дээрх данс руу 2 тугалтай үнээ гэсэн утгатай шилжүүлэхэд тухайн эмэгтэй надад ярихдаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөл хорио тавихаар манай нөхөр Д.Дагзал баруун цементэн гүүрэн дээр таны авсан малыг ачиж ирнэ түүнээс цааш та өөрөө машинаа олоод аваад яваарай, танд хамгийн сайн тарга хүчтэй малаа авчирч өгнө гэж ярихаар нь би хурга, ишигтэй хонь, ямаа авна шүү гэж ярьж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн эмэгтэй утсаар залгаж ярихдаа би нөхөртэйгээ ярилцлаа. Манайх 65 хургатай хонь, 15 ишигтэй ямаа нэмж зарахаар боллоо гэж ярихаар нь би хургатай хонийг 95000, ишигтэй ямааг 85000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 18 цагийн орчимд Гэгээлэн гэх данс руу урьдчилгаа гэсэн утгатай 2.000.000 төгрөг шилжүүлээд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 20 цагийн орчим 2.500.000 төгрөгийг хонь үргэлжлэл гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчим 2.151.000 төгрөгийг хонь, ямаа үлдэгдэл гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгэхэд үдийн дараа тухайн эмэгтэй над руу залгаж ярихдаа бид нар 2 тугалтай үнээ нэмж зарах хэрэгтэй байна. Үнийг өмнөх үнээр буюу 950.000 төгрөгөөр зарна, та мөнгө яаралтай шилжүүлчих, өвчин зовлонтой байна гэхээр нь тухайн өдрийн 12 цагийн орчимд 1.900.000 төгрөгийг 2 тугалтай үнээ гэх утгаар дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд би хаширлаад тухайн эмэгтэйг судлахад нөхөр гэх Д.Дагзал гэх хүн 70 гаруй настай хүн байсан ба тухайн хүний бага хүү Д.Дамдиндаваагийн эхнэр Б гэх эмэгтэй болохыг мэдээд тухайн оршин сууж байсан “Талын шилтгээн” хотхоны .......... тоот байшин хэний нэр дээр байсан эсэхийг тодруулахад нөхөр Д.Дамдиндаваагийн нэр дээр байсныг олж мэдсэн. Би тухайн үед Б өөр хүний нэр хэлж залилсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандахад Б гэх хүн бусдыг залилаад тухайн хэрэг дээрээ шалгагдаж байгаа болохыг мэдээд хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Б гэх эмэгтэй өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй миний хохирлыг төлж барагдуулах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Хэрвээ миний хохирлыг төлөөд барагдуулчих юм бол би тухайн зурагт, хөргөгчийг нь буцаагаад өгнө. Миний хохирлыг төлж барагдуулахгүй ингээд яваад байх юм бол би зах зээлийн үнээр зараад ч болов хэдэн төгрөг гаргуулж авмаар байна...” гэжээ. /хх-ийн 172-74, 175-177/

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Ажнай хурдан морь сонирхогчдын групп” дотор үл таних хүн “Бяруу зарна” гэсэн пост бичсэн байхаар нь би 2 бяруу авах санаатай постных нь доод талд бярууны үнэ хэд вэ гээд бичихэд миний “Ganzorig Zorigoo гэсэн фейсбүүк хаягны хувь чатаар Bolortuul Bolor гэсэн хаягнаас над руу лайк дараад удаагүй “бяруу хэдээр авах вэ” гэхэд нь би “чамд зарах хэдэн бяруу байгаа юм бэ” гэж асуухад “7 тооны бяруу байна, 1 бярууг нь 400.000 төгрөгөөр зарна” гэхэд нь би “тэгвэл би 2 бяруу авъя” гэхэд надад зөвшөөрч маргааш нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр авахаар тохиролцсон юм. Ингээд тухайн орой буюу 2021 оны 05 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим над руу “Bolortuul Bolor гэх хаягнаас дахин чат бичээд ... энэ дугаараар холбогдоорой гэхэд нь би тухайн дугаар руу залгахад нэг танихгүй эмэгтэй хүн утасны цаанаас Хэрлэн сум 8 дугаар баг төмөр замын баруун талын байрны хамгийн урд талын орцны 1 давхар 2 тоотод хүрч ирээд уулзаадах гэхэд нь би өөрийн төрсөн дүү Даваагийн хамтаар тухайн байрны гадна очиход үл таних 30 орчим насны 160 см өндөртэй туранхай бор хүүхэн ганцаараа зогсож байгаад надтай уулзаад “би өглөө таны авах бярууг харуулах гээд хөдөө явна, та надад бензиний мөнгө өгчих” гэхэд нь би тухайн үедээ “надад одоо бэлэн мөнгө байхгүй байна би гэртээ харьж байгаад мөнгө шилжүүлье” гэж хэлээд салсан юм. Ингээд би гэртээ харихад “Bolortuul Bolor гэх хаягнаас над руу Хаан банкны ... гэсэн дансыг явуулаад Гэгээлэн гэх данс руу мөнгө хийчих гэхэд нь надад мобайл банк байхгүй учир өөрийн төрсөн дүү Даваагийн эхнэр Ганцэцэгийн Хаан банкны ... дугаарын данснаас 100,000 төгрөг анх шилжүүлээд удалгүй “Bolortuul Bolor гэх хаягнаас ээжийн бие муудаад эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь удалгүй Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх дотны найз хүүхэн С.Энхээ рүү би фейсбүүкээр видеокалл хийж залгаад би хүнээс бяруу худалдаж авч байгаа юм, мөнгө дутаад байна чи ... дугаартай Хаан банкны данс руу 30.000 төгрөг шилжүүлчих гээд Энхээгийн ... дугаартай Хаан банкны данснаас шилжүүлсэн. Ингээд мөн удалгүй дахин Bolortuul Bolor гэх хаягаар нөгөө хүүхэн чинь ээжийн бие муудаад эмнэлэг дээр байна та дахин 100.000 төгрөг явуулаач гэхэд нь би дүү Даваад дахин хэлээд “нөгөө хүүхний чинь ээжийнх нь бие муудаад бараг хэцүүдэж байгаа юм байна” гээд Даваагийн эхнэрийн дансаар дахин 100,000 төгрөг шилжүүлүүлсэн. Тэгээд тухайн шөнөдөө би унтаж амраад тэр шөнө над руу баахан залгаад чат бичээд дахин 124.500 төгрөг нэхсэн байхад нь би тоогоогүй унтаад өгсөн. Харин маргааш өглөөнөөс нь ... дугаар нь холбогдох боломжгүй байсан ба өөрийгөө Гэгээлэн, нөхрийгөө Батмөнх гэж танилцуулсан нэрээр нь бяруу байгаа гэх Төмөр замаар зүүн тийш байх Өлзийт нуурын хойд талд байдаг цэнхэр вагончиктой айл байгаа гэхээр нь дүүгийн хамтаар Гэгээлэн, Батмөнхийнх мөн үү гэж хайхад огт тийм айл байхгүй гэхэд нь буцаад Төмөр замын байранд нь очиход нөгөө хүүхэн гэртээ ганцаараа байна гэж гарч ирээд болсон асуудлыг хэлээд мөнгөө нэхэхэд “та намайг доромжлоод байгаа юм уу, би хүнд худлаа хэлэх хүн биш, болохгүй бол би өнөөдөр орой бяруугаа зараад мөнгийг чинь өгчихнө” гэхэд нь тайвшраад гэр рүүгээ хариад фейсбүүкээр холбогдоход надад 2 бяруугаа ченжид өгчихсөн лангуун дээр мах зарагдвал танд мөнгийг чинь өгнө гэх зэргээр хуурсаар байгаад өдийг хүрлээ...” гэжээ. /хх-ийн 225-226/

Гэрч Д.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баян-Уул сумын 2 дугаар багаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хэрлэн сумын 8 дугаар баг 56-03 тоотод оршин суух нагац эгч Тын гэрт нь ирсэн юм. Намайг гэрт нь ороход манай нагац эгч Т нь өөрийн найзын дүү гэх Б гэдэг эгчийн хамтаар байж байсан. Энэ үед тэр Б гэх эмэгтэй утсаараа оролдоод утаснаасаа ерөөсөө салахгүй байсан. Тухайн өдрийн орой нь Б нь “манай нөхөр ирлээ” гээд гараад явчихсан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Т эгч надад гар утсаа мобайл банкны кодтойгоо өгөөд “эгчдээ нэгж аваад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би түүний гар утсыг авч мобайл банк руу нь нэвтрээд 10000 төгрөгийн нэгж авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд байсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь шалгатал 13.903 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Эгчээс юу болсон талаар асуухад тэрээр “Б миний мобайл банкны кодыг мэддэг, тэрээр миний мөнгийг авсан байна” гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бгийн байсан “Талын шилтгээн” хотхонд оршин суух айл руу эгч Тын хамт ороход Б ганцаараа байж байсан. Т эгч “чи яаж байгаа юм бэ? Миний мөнгийг яасан” гэхэд тэрээр юу ч тоохгүй утсаа оролдоод инээгээд байсан. Эгч дахин “одоо мөнгийг маань яах гэж байна” гэхэд тэрээр “би мөнгийг чинь хүнд зээлсэн, өсгөөд өгье гэж бодсон юм” гэхэд эгч маань “би чамаас миний мөнгийг өсгөөд өг гэж гуйгаагүй” гэсэн. Улмаар Б-г эгч бид 2 дагуулан гарч байхад тэрээр урд явж байгаад гэнэт зугтаагаад алга болчихсон...” гэжээ. /хх-ийн 27-29/

Гэрч Д.Дамдиндаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Оросоо овогтой Б гэх эмэгтэйг сайн танина. 2019 онд анх танилцаад хөдөө цуг мал дээр амьдардаг байсан. Б бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Бтай 2 жил гаруй хамт амьдарсан. 2021 оны 02 дугаар сард бид хоёр салаад тусдаа амьдардаг болсон. 02 дугаар сараас эхлээд Бтай холбоо тасраад нэг хэсэг уулзаагүй. 2021 оны 05 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Дашбалбар сумын 1 дүгээр баг “Сэвсүүл жараахай” гэх газарт өөрийн гэртээ байж байхад Баяндун сумын харьяат Б гэх эмэгтэй манай гэрт ирээд миний хамтран амьдрагч байсан Б эндээс ирээд 2.000.000 төгрөгөнд хонь аваад яваарай гэж хэлж байсан. Би Б-тай холбоо тасраад удаж байна, бид хоёр салчихсан болохоор надад ямар ч хамаагүй. Б нь олон хүний мөнгө залилаад цагдаагийн газарт шалгагдаж байгаа сураг дуулдсан. Б миний нэрийг бариад залилан хийсэн байж магадгүй. Би тухайн асуудалд ямар ч холбоогүй...” гэжээ. /хх-ийн 97/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”... Т эгч манай гэрийнхэн рүү байн байн залгаад байхаар нь манай төрсөн эгч Бадамцэцэг тухайн мөнгийг төлж барагдуулан, хохиролгүй болгосон байсан. ...Би “Bolortuul Bolor гэх фейсбүүк цахим хаяг нээчихсэн ашигладаггүй байсан юм. Тэгээд тухайн өдөр Г гэх хүнтэй фейсбүүкээр холбогдоод утасны дугаараар нь яриад Дорнод аймаг Хэрлэн сум 8 дугаар баг Төмөр замд уулзаад “би танд 1 бяруу өгье” гэж хэлээд 230,000 төгрөг авсан. ...Би цахим покер тоглоом тоглох гэж Г гэх хүнээс мөнгө авсан. Тухайн мөнгөөр цахим покер тоглоом тоглосон. Миний нэр дээр малын “А” данс байхгүй. Өөрийн нөхөр Дамдиндаваатай ярилцаад өгөх санаатай байсан юм. Тухайн үед нөхөртэйгөө нийлэх гэж байсан боловч одоо холбоогүй байгаа. Би Г гэх хүнээс 230,000 төгрөгийг өөрийн охин Гэгээлэнгийн ... тоот дансаар авсан. Энэ бол миний буруу. Хохирлыг нь төлж барагдуулаагүй байгаа. Тухайн үед бага ах руугаа дансны дугаарыг нь явуулаад хийчихсэн гэж бодож байсан боловч төлөөгүй байсан. ...Би Б гэх хүнээс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр утсаар холбогдоод 20 хонь өгье гэж хэлээд 2,000,000 төгрөг авсан. Тухайн үедээ 05 дугаар сарын 19-ний өдөр 400,000 мянгаар 1 удаа, 600,000 мянгаар 1 удаа авсан. Маргааш нь буюу 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны ... тоот дансаар авсан. Би Б гэх хүнээс 2,000,000 төгрөг аваад цахим покер тоглоом тоглоод бүгдийг нь алдчихсан. Би тухайн үед нөхөр Дамдиндаваатай холбогдоод 20 хонийг нь өгнө гэж бодоод шийдчихсэн байсан юм. Тэгээд Б манай нөхөр Дамдиндаваатай очиж уулзахад манай нөхрийн гэр бүлийн хүмүүс болох аав, ээж нь байсан учраас надад хамаагүй асуудал, хонь өгөхгүй гэж хэлээд явуулсан байсан. Би өмнө нь хүнээс авсан мөнгөнийхөө өрийг дарах зорилгоор хүнээс мөнгө авсан. Тэгээд тухайн мөнгөө өсгөх санаатай цахим покер тоглосон боловч өсгөж чадахгүй бүгдийг нь алдчихсан. Би Б гэх хүнийг танина. Манай Баян-Уул сумын хүн байгаа юм.  Бага байхаасаа таньдаг. Би хохирлыг нь төлж барагдуулаагүй байгаа. Би Б гэх хүнээс 2,000,000 төгрөг авахаасаа өмнө Дамдиндаваад энэ талаар хэлж мэдэгдээгүй байсан. Би Дамдиндавааг 20 хонь өгчих байх гэж найдсан юм. ...Би Ц гэх хүнд мал зарна гэж 2,700,000 төгрөг авсан. Гэхдээ хичнээн тооны ямар мал өгнө гэж хэлснээ санахгүй байна. Би Ц гэх хүнээс 2,700,000 төгрөгийг ... тоот Төрийн банкны дансаар авсан. Би одоо фэйсбүүк хаяггүй байгаа. “Seemii Seemii нэртэй фэйсбүүк хаяг миний хуучин ашиглаж байсан хаяг байгаа юм. Тухайн ... тоот данс миний эзэмшлийн Төрийн банкны харилцах данс. Би одоо энэ дансыг ашиглахгүй байгаа. Гэхдээ миний нэр дээр хэвээрээ байгаа. Би одоо ХААН банкны ... гэсэн данс ашиглаж байгаа. ...тоот дансыг 2021 оны 05 дугаар сарын эхээр ашиглаад түүнээс хойш дахин ашиглаагүй. Би Ц гэх хүний хохирлыг нь төлж барагдуулаагүй байгаа. Би Ц гэх хүнээс авсан 2,700,000 төгрөгөөр цахим покер тоглоом тоглоод алдчихсан. Зорилго нь гэвэл хүмүүсийн өрийг дарах зорилгоор мөнгө авсан. Авсан мөнгөө өсгөх гэж цахим покер тоглоод алдчихсан. ...2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Г гэх хүнтэй утсаар холбогдоод “Талын шилтгээн” хотхоны 6-37 тоотод уулзаад хонь, үхэр өгнө гэж хэлээд 04 сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд 11,151,000 төгрөг авсан. Тэгээд тухайн мөнгөөрөө цахим покер тоглоом тоглоод алдчихсан. Хичнээн тооны мал өгнө гэж хэлснээ санахгүй байна. Ямар ч байсан хонь, үхэр өгнө гэж хэлээд мөнгө авсан. Би Г гэх хүнийг огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би өөрийн охин Гэгээлэнгийн ... тоот дансаар авсан. Би Г гэх хүнээс авсан 11,151,000 төгрөгөөр цахим покер тоглоом тоглосон. Өөртөө ашигласан юм байхгүй. Хохирлыг нь төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43, /

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх-ийн 7, 87, 168, 209/

Тын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-10/

Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 46/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 235/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-67/

Б.Ганболдын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 105/

Б-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 106, 194-195/

Б.Бат-Эрдэнийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 107-109/

Т.Гэгээлэнгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 193, 196/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 210-212/

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 213-221/

С.Энхээгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 240/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн хохирогч Тын өргөдөл, Бгийн жирэмсний хяналтын баримт /нийт 4 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

          Шүүгдэгч .......... овогт Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ........ тоотод байрлах хохирогч Тын гэрт амьдарч байхдаа 2021 оны 07 дугаар сарын 21-нээс 25-ны хооронд түүний мобайл банкийг ашиглан Т-ын ХААН банкны 5407007500 тоот данснаас 7 удаагийн гүйлгээгээр нийт 5,462,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн цахим хаяг ашиглан “мал зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд олон тооны мал зарна гэж хуурч хохирогч Г-оос 11,151,000 төгрөгийг,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7 тооны тугалтай үнээ худалдана гэж хуурч, хохирогч Ц-аас 2,700,000 төгрөгийг,

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20 тооны төлгөн хонь зарна гэж хуурч, хохирогч Б-ээс 2,000,000 төгрөгийг,

  2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 тооны бяруу зарна гэж хуурч хохирогч Г-оос 230,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хохирогч нарт хонь мал зарна гэж хуурч мөнгийг авсан нь үнэн, энэ бүх мөнгөөр покер тоглоод алдчихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Т, Б, Ц, Г, Д.Г, гэрч Д.Нандин-Эрдэнэ, Д.Дамдиндаваа нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, Т, Б.Бат-Эрдэнэ, Т.Гэгээлэн, Б нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б-гийн цахим хаяг ашиглан “мал зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 16,081,000 төгрөгийн хохирол учруулсан 4 удаагийн төгссөн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн зорилтод ...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б-гийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байх боловч түүний өмнө үйлдсэн эрүүгийн 2121000000127 дугаартай хэргийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгч Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөлд хамруулсан учраас шүүгдэгч Б-гийн үйлдсэн эрүүгийн 2121002280307 дугаартай хэрэгт Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг хэрэглэх боломжгүй байна.  

Шүүгдэгч Б-гийн бага насны хүүхэдтэй, жирэмсэн, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, мөн түүнчлэн шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шинээр гэмт хэрэг үйлдсэн, залилах болон хулгайлах гэмт хэргийн улмаас таван хохирогчид нийт 21,543,000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Түүнээс гадна шүүгдэгч Б нь тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДШМ/34 дугаар магадлалаар өөрчилж, 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалаар өршөөлд хамруулж оногдуулсан 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо. Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 2 жил 10 сар 11 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б-д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т-д 5,462,000 төгрөгийн, Б-т 2,000,000 төгрөгийн, Ц-ад 2,700,000 төгрөгийн, Г-т 11,151,000 төгрөгийг, Г-т 230,000 төгрөгийн буюу нийт 21,543,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б нь Т-д учруулсан 5,462,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж, шүүх хуралдаан дээр хохирогч Г нь шүүгдэгч Б-гаас 11,151,000 төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт, талуудын санал хүсэлтийг шинжлэн судлаад шүүгдэгч Б-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 4,930,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б-т 2,000,000 төгрөгийг, хохирогч Ц-ад 2,700,000 төгрөгийг, хохирогч Г-т 230,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Г, Т нарт төлөх төлбөргүй, хохирогч Г нь 11,151,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тогтоолд дурдаж байна.   

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалаар өршөөлд хамруулж оногдуулсан 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 2 жил 10 сар 11 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Бд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Бд мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,930,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б-т 2,000,000 төгрөгийг, хохирогч Ц-ад 2,700,000 төгрөгийг, хохирогч Г-т 230,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, хохирогч Г нь 11,151,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, хохирогч Г, Т нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА