Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0035/З |
Дугаар | 128/ШШ2023/0612 |
Огноо | 2023-08-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0612
2023 08 09 128/ШШ2023/0612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Наранцэцэг
Хариуцагч: Монгол улсын Ерөнхий прокурорын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр нарын хоорондын “2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86,400,000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан олгохыг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа “2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86,400,000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан олгохыг даалгуулах” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2/2721 тоот нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох боломжгүй гэсэн татгалзсан хариуг авч эс зөвшөөрсөн тул 2022 оны 12 дугаар сарын 23-ны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний нөхөр ажил үүргээ хийж явах хугацаандаа өвчний улмаас биш тодорхой бус шалтгаанаар гэнэт нас барсан. Иймд хуульд заасан 36 сарын мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Албан үүргээ гүйцэтгэх гэдэгт ажлын бус цагаар ажлын байр, ажил үүрэг хамаарах бусад байршилд гүйцэтгэх мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих явцыг хамааруулан үзэхээр зохицуулалт хийгдсэн байгаа.
Энэхүү хэм хэмжээ тогтоосон актыг буцаан хэрэглэх хууль зүйн хувьд нөхцөл байдал байхгүй боловч Монгол улсын Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэсний дагуу тэтгэмжийг олгох боломжтой гэж үзэж байна.
Мөн энэ харилцаанд хамааралгүй боловч Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмын 2.1.5-т ажилтан ажилдаа ирэх, буцах замыг осол, хурц хордлогод тооцохоор зохицуулсан зохицуулалт байсан.
Иймд Иргэний хуулийн 4.2-т заасанд нийцүүлэн энэ иргэнд тэтгэмж олгогдох боломжтой гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Тухайн үед үйлчилж байсан Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт прокурорын амь нас, эрүүл мэндийн заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг прокурорын байгууллага төсвөөс төлнө. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Прокурорын байгууллагын удирдлагууд хуулийн энэ шаардлагад нийцээгүй гэрээ байгуулснаас болоод даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй болсон.
Даатгалын байгууллагад хандахад манайх прокурорын байгууллагатай гэнэтийн ослын даатгалын гэрээ байсан. Амь насны болон эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулаагүй. Энэ нь гэнэтийн осол биш учир энэ гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, хуульд нийцүүлэн амь насны болон эрүүл мэндийн даатгалын гэрээгээ байгуулсан бол Прокурорын байгууллагад хүндрэлгүй, энэ хүмүүст ч хүндрэлгүй асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Прокурорын байгууллагын тухайн үеийн албан тушаалтнуудын хайхрамжгүй, хууль бус эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талийгаач тухайн өдөр ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байгаагүй, гэрээсээ шууд эмнэлэгт очсон гэдэг баримт нотлох баримтаар шинжлэн судлагдсан.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт нас барсан уу? гэдэг асуудал байгаа. Шинжлэн судалсан Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 21 дугаартай акт байгаа. Тус актын асуумж хэсэгт тодорхой хугацааны өмнө талийгаачийн биед зовуурь үүссэн байсан. Мөн гэрч нарын мэдүүлгээр гэрээр тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байгаа.
Гэрээс ажил руу явж байгаа маршрут 2019 оны Засгийн газрын тогтоолоор журамласан албан үүргээ гүйцэтгэх гэдгийг тодорхойлсон тодорхойлолтоор байгаа.
Гэхдээ талийгаач анхнаасаа эмнэлэгт үзүүлэхээр гарсан нь нотлогдож байгаа тул ажлын байр руу явж байсан гэж үзэх боломжгүй. Мэдээж тухайн хэм хэмжээ тогтоосон актыг буцаан хэрэглэх боломж байхгүй. Даатгалын тухайд 2017 онд байгуулсан даатгал байгаа. Даатгалын гэрээнд заасны дагуу талийгаачийн ар гэр 3.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр даатгалын компаниас гаргуулж авсан байдаг. Даатгалын үнэлгээний хувьд тухайн 2017 онд батлагдсан төсвийн хүрээнд даатгалын гэрээ хийгдээд явсан байдаг.
2002 оны Прокурорын тухай хуульд заасан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амь нас хохирсон гэх шаардлагад нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/274 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж байсан Б.Өлзийбат нь 2017оны 5 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт удаан дарагдлын хам шинж, олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинж оноштойгоор нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс “...миний хань 2017оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ ажил руугаа явах замдаа эмнэлэгт шинжилгээ өгөх гэж очоод нас барсан...” гэж, хариуцагчаас “...талийгаач Б.Өлзийбат нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ ажлын болон ажлын бус цагаар гүйцэтгэж байсан гэх үндэслэлгүй, өвчний улмаас гэрээс эмнэлэг дээр очиж шинжилгээ хийлгэж, эмчлэгдэж байгаад нас барсан...” гэж маргажээ.
Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр, Б.Өлзийбатын нас барсан түүхийг бусад осол,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр,
Талийгаач Б.Өлзийбатын биед тогтоогдсон шүүх эд эсийн шинжилгээний хариутай нэгдсэн эмнэлгийн өвчний түүхэнд бичигдсэн оноштой тохирч байна. Талийгаач Б.Өлзийбат нь удаан дарагдлын хам шинжийн хүндрэл олон эрхтний дутагдал, цус түгээмлээр бүлэгнэх хам шинжийн улмаас нас барсан гэж,
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн шинжээч эмчийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1-р удаа асууж авсан тайлбараар,
Үхлийн шалтгаанд орсон хам шинжүүд нь үндсэн өвчинд огт ордоггүй, харин эмнэл зүйн үүднээс тайлбарлахад маш ховор тохиолддог хам шинж юм. Талийгаач ямар нэг өвчнөөр нас бараагүй гэж үзнэ. Энэ бол өвчин биш гэжээ.
Нэхэмжлэгч талаас Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.3-д Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно гэж заасны дагуу хуульд заасан тэтгэмжийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулахаар нэхэмжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “...хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” эрхийг үндсэн эрх гэж заагаад үүнийг баталгаатай эдлүүлэхээр хуульчилсан байна.
Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар 35.9-д Прокурорын амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг прокурорын байгууллагын төсвөөс төлнө гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага алба хаагчдыг амь насны даатгалд даатгуулах үүргээ биелүүлсэн бол талийгаачийн 2 хүүхэд, эхнэр үндсэн хуульд заасан дээрх эрхээ баталгаатай эдлэхээр байсан гэж үзлээ.
Одоо мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсантай холбогдон гарах аливаа хохирлыг төр хариуцна, 60.8-д Энэ хуульд зааснаас бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна гэж зааснаас үзвэл талийгаачийн гэр бүл алба хаагчдадаа амь насны даатгал хийлгэх үүргээ биелүүлээгүй хариуцагч захиргааны байгууллагын буруугаас даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдсан талийгаачийн гэр бүлд төрөөс тэтгэмж гаргуулан шийдвэрлэхэд боломжгүй гэх зүйлгүй байна гэж үзлээ.
Нөгөөтэйгөөр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлд талийгаач Б.Өлзийбат 5 дугаар сарын 1, 2-нд ажилдаа ирсэн, харин 3-ны өдөр бүртгэлгүй байна.
Өвчний түүх: 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, төгсгөлийн онош-удаан дарагдлын хам шинж, цус түргэн бүлэгнэлийн хам шинж, олон эрхтний дутагдал,
Гэрч Б.Арсланбаатар: ... өглөө 7 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр хүргэж өгсөн, ...Шинжилгээ өгөөд шууд ажилдаа очно гэж байсан, Костюм, пиджактай, гадуур хүрэмтэй байсан,...Бид хоёр инээлдээд юм яриад явж байсан...гэсэн мэдүүлэг
Гэрч Л.Гантөмөр: ...яаралтай шинжилгээ авсан,...хүлээн авах дээр эмчилгээ хийж байхад тун удалгүй биеийн байдал нь муудаж шууд эрчимт эмчилгээний тасагт шилжсэн..., гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар талийгаач Б.Өлзийбат өмнөх өдрүүдэд өвчтэй байгаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан болох нь, мөн өглөө ажилдаа явах зорилготойгоор гэрээс гарсан хэдий ч өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж гэнэтийн үхэлд хүрсэн болох нь тогтоогдож байна.
Гэрч Б.Ганбаатар: ... талийгаачийн эхнэр Б.Наранцэцэг амьдралын нөхцөл байдлын талаар танилцуулж, нэлээд зээлтэй байсан, гэнэт өнгөрчихсөн, ...байгууллагаас тодорхойлолт аваад ирвэл даатгал олдож магадгүй гэсэн зүйл ярьсан. Тэгээд Б.Өлзийбат нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан нь үнэн болно гэсэн утга бүхий албан бичиг хийж өгсөн. ... ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж бичсэний хувьд нэгдүгээрт ар гэрийн хүмүүсээс гуйсан, хоёрдугаарт г ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэгт ямар ойлгох хамаарах эсэхийг тухайн үед судалж амжаагүй, байсан... гэсэн мэдүүлэг,
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Тэнгэр даатгал ХХК-д хүргүүлсэн 1/227 тоот албан бичигт Бямбадорж овогтой Өлзийбат нь...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт нас барсан нь үнэн гэсэн тодорхойлолт зэргээс үзвэл талийгаачийг ажилдаа явах замдаа гэнэтийн үхэлд хүрсэн гэж үзэж, түүний ар гэрт хуульд заасан тэтгэмжийг олгох нь зүйтэй байна.
Мөн талийгаач Б.Өлзийбат нь Төрийн албаны тухай хуулийн /2002/ 8 дугаар зүйлийн 8.1.1-т Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор гэж зааснаар төрийн тусгай албан хаагч байсан ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах гэсэн заалтын дагуу түүний ар гэрт тэтгэмж авах эрхтэй хариуцагч захиргааны байгууллагаас энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгож болно, 30.4.1-т гэр бүлийг нь дэмжих гэж зааснаар нас барсан алба хаагчийн ирээдүй нь баталгаагүй болсон хоёр хүүхэд, гэр бүлийн байдлыг нь харгалзан хуульд заасан тэтгэмжийг олгохыг даалгах зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 5, Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002/ 35 дугаар зүйлийн 35.3, 35.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй байгаа Улсын ерөнхий прокурорын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтын дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 86,400,000 төгрөгийг Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан талийгаач прокурор Б.Өлзийбатын ар гэрт олгохыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ