Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2019/00018

 

В.Ар-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Намхайдорж

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Алтангэрэл

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Д.Эрдэнэтуяа

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: П.Ариунаа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч В.Ар- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор 11 дэх жилдээ ажиллаж байгаа энэ хугацаанд төсвийн шууд захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа А, В үнэлгээтэй дүгнүүлж байсан. Албан хаагчийн хувьд албан үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн болно. В.Ар- миний бие 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аймагт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны хугацаанд тушаах үед надтай санал солилцолгүйгээр ЗДТГ нь орон тооны нягтлан бодогчгүй болж байгаа Орон тоо хасагдсан гэх заалтаар тушаал гаргана гэж утсаар хэлсэн бөгөөд тэрнээс хойш нэг хэсэгтээ чимээгүй байж байгаад ЗДТГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой 02 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надад ЗДТГ-ын Архив албан бичиг хөтлөгч Б.Туул хүлээлгэн өгсөн.

Монгол улсын Засгын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны 88 дугаар тогтоолын 2.1-д заасан ЗДТГ-ын санхүүгийн алба нь.......2 нягтлан бодогчтой байна гэснийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь зөрчсөн байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлэхээр танай шүүхэд хандаж байна. 2019 оны ЗДТГ-ын нягтлан бодогчийн орон тоо хасагдаж байгаа гэж ЗДТГ-ын дарга нарын сургалтын үеэр ярьсан гэж ЗДТГ-ын дарга В.******* хэлсэн, үүнийг утсаар тодруулан Аймгийн төрийн сангийн хэлтсээс асуухад тодорхой шийд гаргаагүй байна гэж хэлсэн. Ийнхүү орон тооны нягтлан бодогчгүй ажиллана гэж ярьж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөөд эргээд Б.ийг нягтлан бодогчоор авна гэдэг нь үндэслэлгүй юм. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан уу гэж асуухад гаргаагүй байгаа гэж хэлсэн, эрх зүйн актыг хугацаа хэтрүүлж гаргаад нөхөх огноо дугаар өгөх боломжгүй, 2 нягтлан бодогчтой байна гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж үндсэн ажилтангаа цомхотгол нэрийдлээр гаргаад, шинээр хүн томилж байгаа нь илт хууль зөрчсөн тул тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 02-ны Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хандан гаргасан В.Ар-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Үүнд: Үүссэн асуудал

1. Удирдах дээд байгуулага, албан тушаалтнаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн боловч эрх зүйн акт нь цаг хугацааны хувьд хожимдож, утга агуулагын хувьд эсрэгээр гарсан,

2. Төсөв мөнгөний хүндрэлээс дотооддоо зохицуулалт хийж, ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр томилгоо хийснийг В.Ар- хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: В.Ар- нь нэхэмжлэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тавьжээ.

1. Аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийг баталсан бөгөөд уг тогтоолыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхдээ Сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны нягтлан бодогч нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлэх. 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000 доош хүн амтай сумын эмнэлэг болон боловсролын байгууллагад 2 нягтланг шилжүүлэн ажиллуулж, харин сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг хэвээр үлдээн 3 орон тоотойгоор ажилуулахаар, үүнтэй холбогдуулан сумын санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлана. Иймээс сумын санхүүгийн албаны ажлын ачаалал, уялдаа холбоог дахин нягталж орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүй байхаар ажлын ачааллыг нягтруулан жигд хувиарлан зохион байгуулж ажиллах шаардлагатай талаар Сумын засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн байдаг бөгөөд сумын Засаг дарга сумдаа ирж 2 нягтлан бодогчид энэ талаар мэдээлэл өгсөн байдаг. Мөн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэсээс сумдын санхүүгийн албаны дарга нарт цахим хуудсаар дээрх чиглэлийг өгсөн байдаг. Энэ чиглэл, удирдамжийг 2019 оны 01 дүгээр сарын 17-18 өдрүүдэд болсон сумдын засаг даргын тамгын газрын дарга нарын сургалтын үеэр аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.*******а өгсөн. Энэ үед Засгийн газрын тогтоол нь гарсан эсэхийг тодруулахад одоогоор гараагүй, энэ чиглэлийг бариад 2 нягтлан бодогчийн цалинг эмнэлэг, сургуулиас гаргаж ажиллана шүү гэдгийг анхааруулж байсан. Энэ тухай миний бие нягтлан бодогч В.Ар-, Ш.******* нарт мөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тухайн үед утсаар мэдэгдэж байсан. Ийнхүү нягтлан бодогч нартай зөвшилцөн 2019 оны 01 дүгээр сараас сумын ЗДТГ-ын 2 нягтлан бодогчийг сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулсан ч тушаал албажиж гараагүй байсан. Ийнхүү тушаал шийдвэрээ 2019 оны 01 сард багтаан гаргах талаар төлөвлөж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын санхүүгийн албаны дарга Ж.*******тай ******* дугаарын утсаар, мөн ерөнхий санхүүч Б.*******тэй ******* дугаарын утсаар, Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн Н.*******этэй ******* дугаарын утсаар тус тус холбогдож 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000 доош хүн амтай сумын эмнэлэг, болон боловсролын байгууллагад 2 нягтланг шилжүүлэн ажиллуулж, харин сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг хэвээр үлдээн, 3 орон тоотойгоор ажиллуулахаар, үүнтэй холбогдуулан гарах Засгийн газрын тогтоол гарсан эсэхийг тодруулахад: Хараахан гараагүй байна, гарна, тиймээс тушаалын огноо, дугаараа аваад албажуулахад бэлэн байж бай гэдэг үүрэг өгсөн.

...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл В.Ар-ийн хувьд уг тушаалаар эрх ашиг хохироогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Харин төрийн албан хаагч нь удирдлагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж байгаа нь төрийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч В.Ар- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2009 онд анх Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газарт нягтан бодогчоор ажилд орж, 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 01 сарын 20-ны үеэр манай дарга В.******* надад Засаг даргын Тамгын газарт орон тооны нягтлан бодогчгүй болсон учраас чамайг Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч болгоно гэж утсаар ярьж байсан. Түүнээс хойш хэсэгтээ чимээгүй байж байснаа 2019 оны 03 сарын 18-нд ажлаас чөлөөлөх тушаалыг надад бичиг хэргийн ажилтан маань хүлээлгэж өгсөн. Би Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэж шүүхэд хандаж байна. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Ар-ийн хууль ёсны өмгөөлөгчөөр оролцож байна. Хуулийн шаардлагаараа хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдсөн гэдэг асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-д заасан ажилтанг буруу халсан тохиолдолд ажилтан шийдвэрийг хүлээж авсан өдрөөс эхлэн шүүхэд гамдол гаргана гэдэг эрхийнхээ дагуу гомдол гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авсан. Үүнийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ эрхийнхээ дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаалын хуулийн үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ хуулийн энэ зүйл заалтыг баримтлахдаа ажил олгогч маань хуучин бүтэцээ шүүхэд гаргаж өгөх ётой. Мөн шинэчилсэн бүтэцээ ч гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын хуучин болон шинэчилсэн бүтэц хавтаст хэрэгт авагдаагүй байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд юу гэж заасан байдаг бэ гэхээр өөрт тодорхойлон заасан бүрэн эрх байдаг. Энэ эрх дээр юу гэж заасан байдаг бэ гэхээр аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн тухайн орон тооны хязгаарт багтаан ажилтануудыг томилж чөлөөлөх эрхтэй байдаг. Энэ бол тусгайлан зааж өгсөн бүрэн эрхт асуудал юм. Зөвшилцөл гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр 2019 оны дээд шүүхийн тогтоол дээр зөвшилцөл гэдгийг тайлбарласан байдаг. Ямар нэгэн байдлаар хоёр байгууллага хоорондоо албан бичиг солилцон ажилтанаа чөлөөлөх буюу томилохдоо орон тооны хязгаарт багтааж томилж чөлөөлөхдөө зөвшилцөнө гэдэг албан бичгийг хоёр байгууллага хоорондоо солилцоно эсвэл хурал хийж хурлын тэмдэглэл хөтөлнө. Ийм зүйл байхгүй байна. Хэрэгт Засаг даргын зөвшилцлийн хурлын тэмдэглэл гаргаж өгсөн боловч энэ нь энэ үйл явдал биш 2 сарын дараа болсон үйл явдал байна. Нэгэнт эрх зүйн үйл явдал болсны дараа гарсан асуудал учраас энэ хурлын тэмдэглэлийг үнэлэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажил олгогчид эрх үүрэг оногдуулж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 болон 40.1.2 заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа ажилтныг 1 сарын өмнө мэдэгдэл өгнө гэсэн заалт байдаг. Энэ нь мөн Дээд шүүхийн 2016 оны тогтоол дээр мэдэгдлийг гарын үсэг зуруулж бичгээр мэдэгдэнэ мөн уг мэдэгдлийг авсан гэдгийг баталгаажуулна гэж тайлбар байдаг. Гэтэл хариуцагч талаас ажлаас халагдах мэдэгдэл өгөөгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухайн хуулийн 36.3-т энэ хуульд заасан 40.1.1 зааснаар орон тоо хасагдсан гэдэг боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болгож орон тоо хассан үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтаныг ажилд нь эгүүлэн томилно гэсэн заалт байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад 2019 оны 04 сарын 08-ны өдөр нярав хийж байсан хүнийг нягтлан бодогчоор томилсон байна. Нэгэнт орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлчихөөд 3 сарын дотор дахин энэ орон тоог бий болгон нягтлан бодогчийг томилсон асуудал байна. Тийм учраас гаргасан тушаал нь цаг хугацааны хувьд алдаатай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хэдийгээр Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө В.Ар-ийг ажилд шилжүүлэх тушаал гаргасан гэх боловч энэ нь Эрүүл мэндийн төвийн буюу өөр салбарын тушаал шийдвэрийг гаргах эрхгүй хүн юм гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас нь тодруулаад тайлбарлая.

 

Нэгдүгээрт: В.Ар- уг тушаалыг илт хууль бус гарсан учраас миний эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэж шүүхэд хандсан. Уг тушаал гаргах хууль зүйн үндэслэл нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж тухайн хурлаар Завхан аймгийн 2019 оны төсвийг хэлэлцсэн. 2019 оны төсвийг хэлэлцэхдээ дээрээс ирсэн чиглэл удирдамжийн дагуу санхүүгийн алба 5 орон тоотой байсныг 3 орон тоотой буюу санхүүгийн албны дарга, төрийн сангийн мэргэжилтэн, татварын байцаагчийг үлдээж бусад хоёр орон тоо буюу хоёр нягтланг төсвийн бусад байгууллага руу шилжүүлэн ажиллуулах юм шүү гэдэг чиглэлийн дагуу аймгийн төсвөө зохиож баталсан. Үүний дагуу аймгийн дарга сумдын дарга нар болон Иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга сумандаа очоод хоёр нягтлан бодогчоо өрөөндөө дуудаад энэ талаар танилцуулсан. Мөн аймгийн Төрийн сангийн хэлтэс Сангийн яамнаас ирсэн энэхүү чиглэлийг сумдын байгууллагын төсөвтэй нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр цахимаар хүргүүлсэн байдаг. ... мөн энэ талаар нягтлан бодогч В.Ар-ээс гадна ******* гэдэг нягтлан бодогч хоёрын асуудал яригддаг. Хоёр нягтлан бодогчоо дуудаж энэ талаар танилцуулсан. Үүний дараа 2019 оны 01 сарын 17, 18-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газар дээр сумдын Засаг дарга нарын сургалт болсон. Энэ үеэр Төрийн сангийн мэргэжилтэн энэхүү чиглэлийг өгч танилцуулсан. В.******* энэ талаар мэдэнгүүтээ хоёр нягтлан бодогчдоо утсаар мэдэгдсэн. Хоёр нягтлан бодогчоос гадна сумынхаа Эрүүл мэндийн төвийн дарга болон ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт энэ талаар мэдэгдсэн. 2019 онд Засаг даргын Тамгын газарт хоёр нягтлан бодогчийн төсөв хасагдаад сумын Эрүүл мэндийн төв, сургуулийн төсөвт суусан. Нэгэт нягтлан бодогч 2019 оны 01 сарын 01-нээс Засаг даргын тамгын газартаа ажиллаж байсан гэтэл аймгийн тамгын газарт болсон сумдын Засаг дарга нарын сургалт дээр ямар үүрэг чиглэл өгсөн бэ гэхээр одоо яаралтай хоёр нягтлан бодогчоо холбогдох байгууллагууд руу шилжүүлээрэй, Тамгын газарт энэ хоёр нягтлан бодогчийн цалин байхгүй шүү Эрүүл мэндийн төв, сумын сургуульд нягтлан бодогчийн цалин байгаа шүү гэж чиглэл өгсөн. Үүний дагуу Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга В.Ар-ийг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэхгүй бол тухайн ажилтаны цалин төсөвтөө байхгүй учраас эрх ашиг нь хохирох нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзээд 2 нягтлан бодогчтойгоо ярилцаж, мөн сумын Эрүүл мэндийн төвийн дарга, сургуулийн захиралтайгаа ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хоёр нягтлан бодогчоо тэр өдрөө Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв болон сумын сургууль руу шилжүүлэн томилсон. Шилжүүлэхдээ тушаалыг 2019 оны 03 сарын 18-ны өдөр гаргасан нь үнэн. Яагаад тэгж гаргах болсон юм бэ? гэхээр дээрээс өгч байгаа чиглэл нь Засгийн газрын 327-р тогтоол буюу санхүүгийн албыг байгуулсан тогтоол өөрчлөлт орох юм. Энэ тогтоолыг үндэслээд та нар шилжүүлэх юм шүү. Энэ тогтоол одоогоор хараахан гараагүй байгаа. Огноо дугаараа аваад хоёр нягтлан бодогчоо шилжүүлээрэй, төсөв мөнгө нь тухайн байгууллагад байгаа шүү гэсэн чиглэлийн дагуу энэ ажлыг явуулсан. Ажилд томилох тухай тушаал 2019 оны 03 сарын 18-ны өдөр гарсан. Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэлийн шалгалт ирэх болсон. Гэтэл ажилд томилох ямар ч тушаалгүйгээр 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийг ажиллуулаад цалин олгож байсан болохоор энэ тушаалыг 2019 оны 03 сарын 02-н гэж авсан огноо дугаараараа гаргаж, 2019 оны 03 сарын 18-ны өдөр В.Ар-т өгсөн нь үнэн. Уг тушаал гарсны дараа тогтоолд өөрчлөлт орсныг мэдсэн. Тухайн тогтоолоо хүлээж аваад үзтэл орон тооны хувьд өөрчлөлт ороогүй бусад зүйл дээр өөрчлөлт орсон байсан. Тогтоолын талаар чиглэл өгөхдөө 2020 оноос хэрэгжүүлнэ. Яагаад гэвэл хоёр нягтлан бодогчоо шилжүүлэх төсөв суусан учраас Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчийн орон тоо цалингийн цэс байхгүй шинэ тогтоолын бүтцээр 2020 оноос ажиллаж эхлэх юм шүү гэсэн чиглэл өгсөн. В.Ар- нягтлан бодогч үүнээс өмнө Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажлыг давхар эрхэлж байсан. В.Ар- өөрөө би хоёр ажлыг давхар удаан хийж чадахгүй юм байна.

Тийм учраас нярав ийг Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд тавиад надад өгч байгаа хувиасаа цалингийн сан үүсгээд ажиллуулчихаач гэсэг саналыг тус сумын Тамгын газарт тавьж байсан учраас энэ саналын дагуу сумын Засаг даргын тамгын газрын зөвлөлийн хурал хуралдаж, энэ саналыг нь ажил хэрэг болгох үүднээс дотооддоо зохицуулалт хийж, ийг Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд томилсон байдаг. Гэтэл ийг уг ажилд томилсны дараагаар В.Ар- гомдож эхэлсэн.

Үнэндээ бол Ар-тэй зөвшилцөж байж, мөн дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ар-ийг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэн ажиллуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бөх Ганболд овогт Вангаагийн Ар-ийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1.997.968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Ар-т олгосугай.

 

3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч В.Ар-т олгох нөхөх олговор 1,997,968 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

 

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 46917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

В.Ар-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа миний бие бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд:

1. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан, татгалзлаа дэмжих үндэслэл болж буй В.Ар-ийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажилд томилсон тушаал, В.Ар-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дөрвөлжин сумын Засаг даргын Эрүүл мэндийн төвийн 2019 онд ажиллах орон тоог тогтоох тухай захирамж, мөн Эрүүл мэндийн төвийн 2019 оны төсөв, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлгүй шийдвэр гаргасан нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулах, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй.

2. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч таталзлаа хэд хэдэн үндэслэлээр тайлбарласан боловч энэ талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн тусгаагүй.

3. Мөн маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгч В.Ар-ийн хууль, олон улсын гэрээнд заасан ямар эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй.

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчид үндэслэлгүй хөрөнгөжих бодит нөхцлийг үүсгэсэн зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дөрвөлжин сумын засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал нь нөхөж гаргасан байгаа. Иргэний тухай хуулийн 37.1.1 буюу харилцан тохиролцсон гэдэг үндэслэлээр тайлбар өгч байгаа дээр бол хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйлгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан нөхцөл шаардлагын хувьд тухайн байгууллага хуучин бүтэц болон шинэчилсэн бүтцээр батлан энэ хүний нягтлан бодогч гэдэг орон тоог хасагдсан байдлаар гаргаж ирэх ёстой. Гэтэл цөөрсөн юм уу хассан юм уу гэдэг нь нотлогдохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлж байгаа тохиолдолд 40.5-д заасан шаардлагыг биелүүлж 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэл өгөх ёстой гэтэл хариуцагч байгууллагаас энэ мэдэгдлийг өгөөгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т зааснаар нягтлан бодогч В.Ар-ийг чөлөөлөөд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буцаагаад Оюунбилэг гэдэг хүнийг тамгын газрын нягтлан бодогчоор ажилд авсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болгож орон тоо хасагдсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол тухайн ажилтныг эгүүлэн тогтооно гэсэн заалт байгаа. Засгийн газрын тогтоол нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ноос хойш 2019 оны 02 саын 19-нд хоцорч гарсан тогтоол байдаг. Энэ тогтоол дээр өмнөх байсан бүтцийг хэвээр нь баталсан байгаа. Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тушаалаар нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилсон байдаг. Гэтэл Дөрвөлжин сумын засаг даргын тамгын газрын даргын бүрэн эрхэд энэ асуудал хамаагүй 2 өөр байгууллага тус тусдаа төсөвтэй байгууллага байдаг. Дөрвөлжин сумын засаг даргын тамгын газрын дарга нь Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийг шууд томилох эрх зүйн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх маргаан бүхий актын улмаас В.Ар-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үү гэдэг дээр дүгнэлт хийх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй гэж заасан байдаг. Дөрвөлжин сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй байгаа. Уг тушаалд В.Ар-ийг Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллуулах болсон талаар тушаалд заасан байдаг. Мөн аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн албанаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу гэж заасан байдаг. Уг үүрэг чиглэл нь 2019 оны төсөв боловсруулагдсан төсөвтөө тохируулаад сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албанд байгаа 3 ширхэг орон тооны 2-ыг сургууль, эмнэлэгт шилжүүлсэн юм шүү энэ нь санхүүгийн албаны 2 нягтлан бодогчоо уг байгууллагуудад шилжүүлэн ажиллуулаарай гэсэн чиглэл удирдамж байсан. Энэ чиглэл удирдамжийн дагуу Эрүүл мэндийн төвд шилжүүлэн ажиллуулах 2019 оны 01 дүгээр сарын 02-ний тушаал дээр тодорхой заасан байгаа. Энэ хүний хувьд үндсэн өөрийнх нь мэргэжлийн дагуу нягтлан бодогчийн ажил албан тушаалд томилогдож ажил, эрх зүйн байдлын хувьд дордоогүй байгаа. Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тушаал, мөн Сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тушаал, сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны ажиллах орон тоог тогтоосон Засаг даргын тушаал зэргээр В.Ар-ийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 40.1.1-д заасан үндэслэл нь тухайн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон хууль зүйн фактад тохирч байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тухайн үед Сангийн яам, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс өгсөн үүрэг чиглэл дээр сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогч нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлнэ. 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000-аас доош хүн амтай сумын эмнэлэг болон боловсролын байгууллагад 2 нягтлан бодогчийг шилжүүлэн ажиллаж сумын засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг 3 орон тоотойгоор ажиллуулах чиглэл удирдамж ирсэн байдаг. Үүнтэй холбоотой 2019 оны төсөв батлахдаа сумын санхүүгийн албаны 2 нягтлан бодогчийн цалингийн санг Эрүүл мэнд, Боловсролын байгууллагад шилжүүлэн тусгасан байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 15, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан заалтуудыг хэрэгжүүлж 2 нягтлан бодогчийг сумын эрүүл мэндийн төв, сургуульд шилжүүлсэн байдаг. Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн *******а, аймгийн ерөнхий нягтлан ******* гэсэн гэрчүүд нь Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны тогтоолд батлагдсаныг www.legalinfo.mn вэб сайтаас олж мэдсэн байдаг. 2020 онд 2 нягтлан бодогч нарыг буцааж засаг даргын тамгын газарт шилжүүлж ажилд авахаар болсон байдаг. 2019 онд 2 нягтлан бодогчийг засаг даргын тамгын газарт ажиллуулах төсөв байхгүй хэрэв ажиллуулах юм бол Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгох төсөвгүй болох нөхцөл байдал үүссэн. Тийм учраас төсөв санхүү нь байгаа 2 байгууллагад шилжүүлэн ажиллуулах чиглэл удирдамж өгсөнөө энэ 2 гэрч тайлбартаа мэдүүлдэг.

Дөрвөлжин сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга Ариунаа орлогч Лхагвасүрэн нарын гэрчийн тайлбараар энэ нөхцөл байдал нь тогтоогддог. Сумын эрүүл мэндийн төвийн 2019 оны төсвийн 1-ээс 5 дугаар сар хүртэл цалингийн хүснэгтийг авахад тус эрүүл мэндийн төвд нягтлан бодогч В.Ар- гээд цалин нь төсөвлөгдөөд явж байсан.

Маргаан бүхий тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1, 40.1.1 дэх заалтуудыг үндэслэж гарсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч бол орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж дүгнэлт хийдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д Аж ахуйн нэгж татан буугдсан бол, орон тоо хасагдсан бол, орон тоог цөөрүүлсэн бол гэсэн 3 үндэслэл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ийг шууд орон тоо хассан гэж дүгнэсэн нь буруу юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсон нэхэмжлэгч ярихдаа надтай зөвшилцөлгүйгээр намайг эрүүл мэндийн төвд шилжүүлж ажлаас чөлөөлсөн гэсэн зүйл дурддаг. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дээрх нөхцөл байдлууд нотлогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх баримт нэг бүрийг үнэлж дүгнэлт хийх ёстой юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Ариунаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагаас Эрүүл мэндийн төвд томилогдоод тамгын газраас нэг хэсэгтээ төсөв байхгүй гээд ажлаа хийлгүүлэх шаардлагатай байсан учраас П.Ар-тэй тохиролцож ажлаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хавсран гүйцэтгүүлж байсан. Өөр ярих зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч В.Ар- хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч 2019 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу өөр ажилд шилжүүлсэн учраас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй, тэрээр цалин хөлсөөр хохироогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

Дээрх тушаалынхаа үндэслэл болгож, Орон нутгийн 2019 оны төсвийн төслийг боловсруулах хэлэлцэн батлах, хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл, удирдамж, Сумын засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч В.Ар-т нутгийн захиргааны байгууллагын нягтлан бодогчийн үүргийг түр хавсран гүйцэтгүүлэх хугацааг сунгах тухай Дөрвөлжин сумын засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/3 тоот тушаал, В.Ариунчмэгийг эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд томилосон тухай тушаал зэрэг баримтуудыг гарган өгч гэрчээр Д.*******а, Б.*******, П.Ариунаа, Р.Лхагвсаүрэн, В.Ар-ийг нарыг асуулгажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хэрэгт хариуцагчаас гаргасан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн маргааны үйл баримтыг нэг бүрчлэн, нарийвчлан тогтоогоогүй гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгч В.Ар-ийг түүнтэй тохиролцсоноор өөр ажилд шилжүүлсэн, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй, тэрээр цалин хөлсөөр хохироогүй гэсэн хариуцагчийн тайлбар болон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч В.Ар-ийн ажилгүй байсан хугацааг 56 хоног, олговор 1.997.968 төгрөг гэж тооцсон байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацаа болон олгворыг тооцохдоо хэрэгт авагдсан ямар баримтанд үндэслэж, тооцсон нь ойлгомжгүйгээс гадна энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР