Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 463

 

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, Н.Н-д холбогдох 1728000680098 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Н-н Н.

Н.Н- нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор *** УБҮ дугаартай, Уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнэсийн чулуунуудыг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-ийг хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан голын хайрга чулуу 4.7 килограмм, ногоон хас 1.8 килограмм, улаан хүрэн хас чулуу 680 грамм, усан болон тархи мана 5.7 килограмм нэртэй чулуунуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож Уаз фургон маркийн *** УБҮ дугаартай 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч  Н.Н-ийн “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Н- гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ба прокуророос шүүгдэгч Н.Н- надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэлээ. Учир нь ногоон хас, хүрэн хас чулуу, усан болон тархи мана нэртэй чулуу нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд хамаарахгүй байна. Шүүх эдгээр чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие эдгээр чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх санаа, зорилго байгаагүй, чулуунуудын үнийг ч мэддэггүй байсан. Эдгээр чулуунуудыг хилийн худалдаа эхэлсэн цагаас хойш улсын хилээр нэвтрүүлж байсан тохиолдол бүртгэгдээгүй, тогтсон үнэ байхгүй, байгаль дээр энгийн оршдог чулуунууд юм. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хэн нэгний эрх, ашиг сонирхол зөрчигдөж хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр машиндаа чулуу авч явсан гэх хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг дурдъя” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нь эрдэнэсийн чулуунд багтдаг. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ чулууг Уаз фургон маркийн автомашинд нууж, хил давах гэж байгаад баригдсан. Мөрдөн байцаалтын шатанд тухайн автомашиныг хураан авч, улсын орлогод үлдээсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Н- нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор *** УБҮ дугаартай Уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнэсийн чулуунуудыг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Н.Н-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2  дахь заалтыг баримтлан, уг хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Н.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН