Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

2019        05         16                                    69

 

 

Я-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Г-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00275 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 3.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-, хариуцагч Г-, хариуцагчийн өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Я- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие иргэн Г-гийн хүсэлтээр 2016 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хийж 3 800 000 төгрөгийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлсэн боловч уг мөнгийг хугацаанд нь төлөөгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо төлнө, төлнө гэсээр өдий хүрлээ. Иймд Г-гаас зээлийн төлбөр болох 3.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би зээлийн гэрээнд дурдсан алдангаа тооцоогүй болно гэжээ.

Хариуцагч Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Я- эгчээс 2016 оны 10 сарын сүүлээр 1.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Тухайн үед Жи тайм компанид хамтарч ажиллаж байсан болохоор дэмжиж өгөх үүднээс бага бэр н.Баярцэнгэл охиныхоо нэрээр бүртгүүлэн гишүүнчлэл хийхэд мөнгөө гүйцэтгэхийн тулд өөрөөс нь 1.500.000 төгрөгийг зээлсэн. Харин 2.300.000 төгрөгийг би Я-аас зээлээгүй, Я-ы өөрийнх нь урьж ирүүлсэн Б , н.Т нар тухайн үед Жи тайм ХХК-ийн данс руу мөнгөө хийж элсэн атлаа Солонгос руу нүдний хагалгаанд орох болчихлоо гээд мөнгөө надаас нэхсэн. Я- эгчид учир явдлыг хэлэхэд Я- Б, н.Т нарын Жи тайм ХХК-нд тушаасан 2.300.000 төгрөгийг надаар дамжуулж өгүүлсэн. Би Б, н.Т нарын Жи тайм ХХК-нд тушаасан 2.300.000 төгрөгийг Я-аас авч Б, н.Т нарт дамжуулж өгсөн болохоос 2.300.000 төгрөгийг зээлж аваагүй. Харин 2016 оны 10 сард зээлж авсан 1.500.000 төгрөгийг төлсөн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/275 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я-ы хариуцагч Г-д холбогдуулан гаргасан 2.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдолтой байна. Мөн тэмдэгтийн хураамжийн 1.500.000 төгрөгөнд оногдох хэсгийг хариуцагч талаас гаргуулж олгохоор шийдвэрлээгүй нь буруу. Хариуцагч Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч Г- Я-аас 2.300.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэхдээ Б дамжуулан өгсөн гэдэг боловч Б нь Я- гэдэг хүнээс авсан гэдгээ мэдэхгүй, Жи тайм-д элсэхдээ төлсөн мөнгөө буцаан авсан гэж мэдүүлдэг. Гэрчүүд Г-г Я-аас мөнгө аваад Батсугарт өгсөн гэдгийг нотолдог. Нэхэмжлэгч Я- нь 2.300.000 төгрөгийг Б.Гэрэлмаад өгсөн гэдгээ 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3.800.000 төгрөг зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ гэсэн баримтаар нотолно гэдэг. Хэдийгээр 2016 оны 10 дугаар сарын 22-нд 3.800.000 төгрөг өгөөгүй ч гэсэн 2017 оны 01 дүгээр сард 2.300.000 төгрөг өгөлцөж авалцсан нь гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Я- хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...1.500.000 төгрөг зээлж авсан, 2.300.000 төгрөг зээлж аваагүй гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Я-ыг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 3.800.000 төгрөгийг хариуцагч Г-д шилжүүлсэн өгсөн болохоо нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Я-аас хариуцагч Г- 2016 оны 10 дугаар сард 1.500.000 төгрөг зээлж авсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2.300.000 төгрөг бэлнээр авч Житайм сүлжээнд бүртгэгдсэн Батсугарын нэр дээр өөрийн нэрийг бүртгүүлж улмаар уг мөнгийг Батсугарт буцааж өгсөн болох нь тогтоогдсон байна.

Талууд зээлийн гэрээг амаар болон бичгээр хийх, хүүтэй эсхүл хүүгүй, хугацаатай, хугацаагүй байгуулах эрхтэй байхаар хуульд заасан хэдий ч гэрээний нөхцлийг өөрчлөх, амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэх, хугацаагүй гэрээг хугацаатай болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд тооцох хариуцлагыг нэмэх зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах тул нэхэмжлэгч Я- хариуцагч Г-д  өгсөн мөнгийг нэгтгэж 3.800.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагч Г- нэхэмжлэгч Я-аас 2.300.000 төгрөгийг зээлж аваагүй харин Батсугарт дамжуулж өгсөн гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан Бын нэр дээр өөрөө бүртгүүлж, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон 1.500.000 төгрөгийг буцааж төлсөн байх тул хариуцагчийг зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж аваагүй гэж үзэх боломжгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г- нэхэмжлэлийн шаардлагаас 1500.000 төгрөгийг буцааж төлсөн байхад шүүх уг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүхийн шатанд хариуцагч эрүүгийн хэргийн журмаар хохирлоо авсан тохиолдолд нэхэмжлэгчийн мөнгийг буцааж өгөх боломжтой гэх тайлбар гаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-ийн гаргасан “Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан тухай өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Г-гаас зээл 2.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00275 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я-ы хариуцагч Г-д холбогдуулан гаргасан 2.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д.зааснаар Г-гаас зээл -2.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрийн 2 дахь заалтанд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г-гаас 51.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я-д олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ