Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/шш2020/00115

 

           

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Х-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, хариуцагч С.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Х-тай 2014 онд танилцаж, гэр бүл болон 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүүхэд байхгүй тул уг С.Х- хүүхдийг би өөрийн нэр дээр овоглож үрчилж авсан тул хүүхдийг нь би С.Х- төрсөн ааваар нь овоглуулахыг зөвшөөрч байна. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Би бөө болсон тул Х- хамт амьдрахыг зөвшөөрөхгүй гэсэн, би өөр хүнтэй болсон тул гэрлэлтийг минь салгаж өгнө үү. Х- Христэд итгэдэг тул би бөө болсон надтай амьдрах хүсэлгүй байгаа. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би С.Х- хүүхдийг үрчилж авахаас татгалзаж байна. Х- хүүхдийн тэтгэмж авахгүй тул хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. ... С.Х- өмнө нь амьдрал зохиож байсан. Хүүгийнх нь эцэг намайг дарамталдаг. Сардаа нэг ирдэг. Хааяа уулзахаараа Бид нар хамт амьдармаар байна, чи салаад өгөөч гэдэг. Би аав ээжтэйгээ энэ талаар ярьдаг. Салах шийдвэр гаргая гээд аав ээжтэйгээ зөвшилцдөг. Хүүхдийн үрчлэлтийг би зөвшөөрөхгүй явж байсан. Яах аргагүй гэрлэлтээ батлуулчихсан байсан учраас 6 сард хүүхдийг нь үрчилж авсан. С.Х- өөрөө төрсөн эцгээс нь гуйж үрчлүүлсэн гэжээ.

Хариуцагч С.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С овогт Х- нь Сүхбат овогт А- нэхэмжлэлтэй танилцаж авлаа. Салалтыг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь бөө болно гэж явсан, өөр эмэгтэйтэй болсон гэдгээ өөрөө хэлсэн тул итгэж байна. Би өөрөө гэрлэлтээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхэд үрчлэх татгалзлыг хүлээн авч тэтгэмж авахгүй нь үнэн болно. ... Үнэнийг хэлэхэд С.А-ын ээж, аав нь бидний амьдралд их оролцдог. Хэл амаар доромжилно. Хүүхдийг доромжилно. Ээж аавын гэрт ирж доромжилно. Бид хоёрыг салвал сайхан амьдарна гэдэг. С.А-ыг өөрийнхөө үгээр байлгахыг хүсдэг. С.А- тэр байдлаас болж гэр бүлээ хамгаалж чаддаггүй. Аав ээжийнхээ нөлөөнд автдаг. Гэрлэлт батлуулах бол тоглоом биш. Олон зүйлийг даван туулаад гэрлэлтээ батлуулсан нь тоглоом биш. Аав ээж нартайгаа нийлж намайг доромжилж байгаад дургүй хүрч байна. Дүү нь ч гэсэн эсэргүүцдэг. Дэлгүүрээс хүссэн юмаа аваад хаяж байгаа юм шиг хаяж байна. Би гомдож байна. Намайг ядуу гэдэг. Айхтар хүүхэн гэдэг. Би хэлэх гэсэн юмаа ярьчихдаг. Гаднаа маск зүүж олон янзын дүрд хувирах дургүй. Салаад өгвөл сайн сайхныг хүснэ гэж ярьдаг. Ганцхан өөрийгөө бодоод хичнээн доромжлуулсан ч гэсэн энэ дөрвөн хүнийг хүндлээд өөрийнхөө хүсэл зоригийг хойш тавиад энэ зүйлийг хийхийг хүссэн. Шашин шүтлэгийн хувьд нэг өглөө би бөө болсон гэж ярьсан. Манай шашинд үүнийг сүнсний завхайрал гэж үздэг. Эхнэр нөхөр өөр хүнтэй явахаас илүү завхайрал гэж үздэг. Би христэд итгэдэг гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч С.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхэд үрчилсэн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч С.А-, хариуцагч С.Х- нар нь 2014 онд танилцаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж, хүү А- 2019 оны 06 сарын 17-ны өдөр хариуцагч С.А- С.Х- нар үрчилж авсан болох нь хүүхдийн ФА13253151 тоот регистртэй 6101 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/177 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь шашин шүтлэгийн хувьд таарч тохирохгүй болсон, нэхэмжлэгч С.А- нь Бөөгийн шашин, хариуцагч С.Х- нь Христийн шашин шүтдэг болсон, энэ үндэслэлээр цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр С.А-, С.Х- нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Тухайн үед С.А-, С.Х- нар нь гэр бүл болж амьдарч байгаа учир С.Х-гийн хүү болох эцэг Д.А-аар овоглож байсан хүү А- үрчилж авч С.А-аар овоглож үрчлэлт хийгдсэн боловч одоо гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж байгаа, хариуцагч С.А- нь хүүг өөрийнх нь эцгээр овоглуулахыг хүсч үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг нэхэмжлэгч С.Х- хүлээн зөвшөөрсөн, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Х-гаас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч овогт С-ын А, Б овогт С.Х-нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А.А-г Ч овогт С.А, Б овогт С.Х- нарт үрчлүүлсэн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү А.А-г хууль ёсны асран хамгаалагч /эх/ С.Х-д шилжүүлсүгэй.

 

4. Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Х-гаас улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ