Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 464

 

Э.Д-, Г.Г-, М.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал, нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалтай, Э.Д-, Г.Г-, М.А- нарт холбогдох 1731001600084 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Ч овогт Э-н Д,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 16-ны Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 3 сар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан И м овогт Г-н Г,

3. Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *** тоотод оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Т овогт М-н А.

Э.Д-, Г.Г-, М.А- нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** тоотод оршин суух иргэн Н.Э-н гэрт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн одон медалиудыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Д-, Г.Г-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Д-, Г.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жил хорих ял шийтгэж, оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-, хохирогч Н.Э нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан бичсэн дүгнэлтдээ “...Гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран яллагдагч М.А-н холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Иймд Эрүүгийн 1731001600084 дугаартай хэргээс М.А-д холбогдох хэргийг тусгаарлан эрүүгийн 1705001560060 дугаартай хэрэгт нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.А-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа. Шүүгдэгч М.А нь өмнө нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн ба энэ нь хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нэгтгэн шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд прокурорын гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д-, Г.Г-, М.А- нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 13 тоотод оршин суух иргэн Н.Э-н гэрт хууль бусаар нэвтэрч 35 ширхэг одон медаль хулгайлж Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл ялтан М.А- нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 66, 67 дугаар байрны орчимд бусадтай бүлэглэн Б.Э-д хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гар утас, 50,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт шалгагдаж, прокуророос шүүхэд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1463 дугаар шүүгчийн захирамжаар гэмт хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Захирамжын заалтыг хангах зорилгоор прокурор дээр дурьдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхойлж заасан бөгөөд М.А нарт холбогдох 1731001600084 дугаартай хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын 04 тоот дүгнэлтэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан тодорхой үндэслэл дурдагдаагүй байхаас гадна уг дүгнэлтэд заасан агуулгаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, прокурорын дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэл болон 1.3-т заасан “шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч М.А-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын санал үндэслэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Э.Д-, Г.Г-, М.А- нарт холбогдох 1731001600084, М.А- нарт холбогдох  1705001560060 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН