Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

Б.Е нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Е нарт холбогдох эрүүгийн 1813002120093 дугаартай, 3 хавтаст хэргийг шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч Б.Сь нарын давж заалдах гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор Х.Өрен, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч Б.Сь, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Усумын 7 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, Усумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Е /РД:БК00000000/ нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, бэлтгэх хэрэглээний модыг тэмдэглэн зааж өгч, бусдад давуу байдал бий болгож, байгаль орчинд 6.897.484.00 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1976 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 7 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У сумын 10 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, У суманд байгаль орчны идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ийн Сь /РД:БК00000000/ нь нийтийн албан тушаалтан Б.Е-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас иргэн Е.Н,С.Е нарын тус бүрд нь 8 м3 хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгон, байгаль орчинд 6.897.484.00 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Б овогтой Б-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ж овогтой Б-ийн Сь-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

              -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сь-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Б.Сь нарт тус бүрд  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2/хоёр/ жилийн хугацаанд, Б.Сь-д оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.Е болон түүний өмгөөлөгчийн гомдолд: “1. Хэргийг бүхэлд нь хянуулахыг мөн нотлох баримтуудыг шүүгдэгчийн талд зөв талаас нь үнэлж намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.

2. Гэм буруугүй талаар хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан байгаа. Тухайлбал, С.Е, Е.Н нар нь хэдэн жилийн өмнөөс түлш болон хэрэглээний мод гуйж байсан бөгөөд тухайн 2017 онд манай У суманд “Даян” гэдэг ерөнхий нэрээр хэрэглээний мод олгох зөвшөөрөл ирсэн. Жилийн жилд Даянгийн ой бүхий газар “Шар Бөрик” гэдэг газарт түлээний мод бэлтгүүлж иргэдэд куб метрээр олгож байсан. Би улсын байцаагч албан тушаалтан бөгөөд надад иргэдээс хэрэглээ болон түлээний мод хүссэн өргөдөл хүсэлт их ирдэг. Мөн Засаг дарга ч бидэнд хууль журмаар мод олгох зөвшөөрөл өгөхийг даалгаж цохилт хийж өгдөг. Хууль журмын дагуу иргэдэд мод олгож байсан.

Харин С.Е, Е.Н нар хэрэглээний мод гуйж ирэхэд би тэдэнд “Бензиний зөвшөөрөл дууссан, очих боломжгүй байна” гэхэд тэр “бид хоёр Шар Бөрик гэдэг газарт очиж ирэх ажилтай байна. Мод авах газарт очиж ирэх 60 литр бензинийг бид гаргая” гэснээр би урьд өмнө түлээний модны зөвшөөрөл олгогдож байсан Даянгийн ой бүхий газар “Шар Бөрик” гэдэг газарт С.Е, Е.Н нарыг дагуулж, замд байцаагч Б.Сь-ыг аван очсон. Түүнд “Эдгээр хүмүүс ой доторх унасан моднуудаас амбаар, хашаа, байшин барих боломжийн мод гэснийг түүж авахыг гуйж байгаа. Түлш гэвэл бас модны жижиг хэсгүүдийг түүх болно.Тийм учраас унасан моднуудыг аваг” гэж учрыг нь хэлж өгч, хэрэглээний мод 8 м3 авах зөвшөөрлийг нь бичүүлж өгсөн. Ойд унасан мод элбэг байдаг. Түүж авч хэрэглээний модоор ашиглаж болох тул тэдгээр мод авахыг хүссэн залууст “Та нарт хэрэглээний журмаар унасан мод авах боломж олгоё. Ургаа модонд гар хүргэлгүй, газраас түүж аваарай” гэж хэлж унасан модтой хэсэг газарт дагуулж очиж газрыг нь зааж өгөөд энэ тухай хяналт тавихыг Б.Сь-д анхааруулж захиад явчихсан.

Тэгээд би Баянхонгор аймаг “Шаргалжууд" рашаан сувиллын газарт уул уурхайн чиглэлийн баруун бүсийн семинар, сургалтад явж 10 хэдэн хоногийн дараа ирэхэд С.Е, Е.Н нар нь нойтон мод огтолчихсон байсан тухай хэл ам болж байсан. Тэр үед Б.Сь-ыг байгаль орчны зөрчил гаргасан гэж Цагдаагаас Өлгийд аваачин шалгаж 10 хэд хонуулж байсан үед С.Е, Е.Н нар хяналт тавьдаг хүн байхгүй байна гэж далимдуулж хуурай түлш, унасан мод түүх ёстой зааж өгсөн газраас өөр газарт олон тооны нойтон моднуудыг тайрч байхдаа өөр байгаль хамгаалагч улсын байцаагч Т.М-д баригдсан байсан.

Би С.Е, Е.Н нарыг машины жолооч К.Е мөн хамт явсан У.Т нарын хамт ой дотор дагуулж аваачиж бүгдэд нь мэдэгдэхээр гар утсандаа бичлэг хийгээд мод бэлтгэх тухай анхааруулж хэлсэн байсан бичлэг шүүхэд СD-ээр бичигдэж хэрэгт хавсрагдсан байгаа. Энэ бичлэгт “Би гар утсаар, ой дотор С.Е, Е.Н нарт хандан бичлэг хийж байсан ба тэнд дээрх хүмүүсийн дэргэд жолооч К.Е, У.Т нар харагдаж байна. Би С.Е, Е.Н нарт хандаж газарт унасан мод түүж аваарай ургаа модонд битгий халдаарай, ургаа модыг сүхдээд, хөрөөдөж огтлохыг хориглож байна. Ургаа мод битгий унагаагаарай” гэж хэлж анхааруулж тэд ч ургаа мод огтлохгүй гэж хэлж байсан үгнүүд бүгд бичлэгт бичигдсэн байгаа. Энэ бол гол нотлох баримт бөгөөд үүнийг шүүх үнэлээгүй.

Мод огтлогчдын хэлсэн үгийг нотлох баримт болгож ялласан. Би тухайн үед хүнлэг талаас нь хандаж шинэ гэр бүл юм байна. Газарт унасан урт мод байвал аваарай гэж тэдэнд тусалж “хэрэглээний мод” гэж зөвшөөрөл өгсөн хэдий ч тэдэнд итгээгүйгээс давхар сануулж байгаа тухайгаа гар утасныхаа камерт бичиж авсан байсан. Огтлогчид нь “Бидэнд Б.Е нь огтлох модыг будаг түрхэж зааж өгсөн, бидэнд нойтон, ургаа модыг огтолж ав.” гэж хэлсэн мэтээр мэдүүлэг өгч гүтгэсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралд С.Е, Е.Н нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Бидэнд ургаа мод огтолж болохгүй” гэж хэлсэн гэж мэдүүлгээсээ буцаж байсан. Би хариуцсан ажилдаа хайнга хандаж бусдад ургаа мод огтлуулах, тийм хууль бус зөвшөөрөл өгөх, өөрөө будаг түрхэж заах хэмжээнд хүрсэн галзуу тэнэг хүн биш. Би хилс хэрэгт гүтгэгдэн ял шийтгэгдлээ гэж үзэж байна. Би мод огтол гэвэл Монгол Улсын иргэн, эрүүл саруул этгээдүүд ургаа нойтон модыг огтлох ёстой юм уу. Дээрх мод огтолсон, санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь ял завшаад бусдыг гүтгэж, гүжирдээд явж байгаа нь өөрөө хууль ноцтой зөрчигдөж байгааг харуулж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

                Шүүгдэгч Б.Сь-ы гомдолд: “2.1. Шүүгдэгч Б.Сь миний бие У сумын ЗДТГ-тай гэрээгээр ажилладаг, орлогоороо цалин хөлс авдаг, “идэвхтэн байгаль хамгаалагч”-ын чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, зөвхөн зуны улиралд У сумын “Ой харагай” гэх газрыг хариуцаж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг гэрээт ажилтан учраас Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг тухай хууль тогтоомжид зааснаар “Нийтийн албан тушаалтан” биш, төрийн албан хаагчийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй учраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан” хэмээн үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

2.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн “Ой харагай” гэх газраас түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайгаас хэрэглээний мод бэлтгэх эрхийг иргэн Е.Н, С.Е нарт олгож, бэлтгэх модыг нэг бүрчлэн тэмдэглэж зааж өгсөн эзэн нь Байгаль орчны улсын байцаагч Б.Е болох нь тогтоогдсон. Улсын байцаагч Б.Е нь идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сь надад үүрэг даалгавар өгч, өөрөө хэлж байгаад “хэрэглээний модны тусгай зөвшөөрөл”-ийг хүчээр бичүүлснийг гэрч Е.Н, С.Е, Е.М нар нотлоод байхад шүүгдэгч Б.Е-ы гэмт үйлдэлд Б.Сь намайг хамтран оролцсон “хамжигч” гэж дүгнэн гэм буруутайд тооцох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн Эрүүгийн хуулийн үндсэн зарчмуудад нийцэхгүй байна.

2.3 Иргэн Е.Н, С.Е нар нь тусгаарлагдсан талбайгаас өөр газраас мод бэлтгэсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, мөн улсын байцаагч Б.Еы зааж тэмдэглэсэн модноос бусад ургаа моднуудыг огтолсон, тусгай зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлж хэрэглээний мод бэлтгэсэн нь мэдүүлгийг газар дээр шалгасан мөрдөн шалгах ажиллагаа, бэлтгэсэн модыг хураасан акт, битүүмжилсэн тогтоолоор батлагдсан бөгөөд иргэн Е.Н, С.Е нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Е.Н, С.Е нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна.

2.4. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүгдэгч Б.Е, Б.Сь бид хоёрт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь иргэн Е.Н, С.Е нар нь “тусгаарласан талбай”-аас өөр газраас, тусгай зөвшөөрлөөс илүү хэмжээгээр, шүүгдэгч Б.Еы зааж өгөөгүй моднуудыг дур мэдэн огтолж, байгаль орчинд хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдсон байна. Иймд Е.Н, С.Е нар нь өөрсдийн гэмт үйлдлээр учруулсан хохирлыг өөрснөө төлж барагдуулах учир, шийтгэх тогтоолын хохирол тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулахыг хүсэж гомдол гаргаж байна.

Идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сь намайг тухайн үед хяналт тавиагүй гэжээ. Гэтэл Б.Сь намайг Цагдаагийн хэсгийн байцаагч х/ч А.Асылбек нь өөр нэгэн хэргийн учир У сум, Өлгий хотын төвд хэрэгт холбогдуулан 7 хоног шалгасан. Намайг буцаж очиход Е.Н, С.Е нар тухайн газраас мод бэлтгэж дууссан байсан. Иймд хяналт тавих боломжийг Цагдаагийн алба өөрөө надад олгоогүй байж, эрүүгийн хэрэгт гэм буруутай болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ асуудлыг өмнөх шалгасан Эрүүгийн хэрэгт харьцуулсан дүгнэлт хийж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоолгох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Сь надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн хохиролд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Иргэн Е.Н, С.Е нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирлыг холбогдох хэсгийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч Б.Сь нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Нийтийн албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн У сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.Е нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр У сумын Шар бөгтөр гэх ой бүхий газраас “түлээний мод бэлтгэхээр тусгаарласан гэх талбайгаас байгалийн жамаар унасан, хэрэглээний мод бэлтгэх” нэрийдлээр иргэн Е.Н, С.Е нарт мод бэлтгэх зөвшөөрлийг хууль бусаар олгож, бэлтгэх модыг тэмдэглэж тухайлан зааж өгсөн, улмаар өөрийнхөө дээрх хууль бус үйл ажиллагааг хууль ёсны болгож харагдуулахын тулд тус сумын мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сь-д иргэн Е.Н, С.Е нарын тус бүрд нь 8 м3 хэмжээтэй  хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохыг даалгаж байгаль орчинд 6.897.484.00 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан  үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн У сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 9 дүгээр тушаал[1], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, түүнд хавсаргасан гэрэл зургууд[2], бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, мод бэлтгэх эрхийн бичгүүд[3], гэрч Е.Н[4], С.Е[5], Б.Сь[6], Т.М[7], К.Е[8], У.Т[9], С.Е[10] нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд[11], У сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоол[12], яллагдагч Б.Е[13], Б.Сь[14] нарын мэдүүлгээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Е-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд байгаль орчны хяналтын  улсын байцаагчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд тэрээр мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль  тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, 2 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ хууль болон Ойн тухай хуулиар, эсхүл эрх бүхий албан тушаалтнаас  байгаль орчны хяналтын улсын байцаагчид ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох эрх олгоогүй, харин иргэн, хуулийн этгээд байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих чиг үүрэгтэй байхад У сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай шүүгдэгч Б.Е нь өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар олгосон улсын байцаагчийн эрх нөлөөг буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, нэр бүхий иргэдэд У сумын ой бүхий газраас мод бэлтгэх зөвшөөрөл олгон бэлтгэх модыг тухайлан зааж өгсөн, түүний энэхүү үйлдлийн улмаас байгаль орчинд 6.897.484.00 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй хохирол учирсан нь тус тус нотлогдсон тул анхан шатны шүүх Б.Е-ы гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж торгох ял шитгэхдээ холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

2. Нийтийн албан тушаалтан буюу мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй У сумын идэвхтэн байгаль хамгаалагч ажилтай Б.Сь нь шүүгдэгч Б.Е-ы эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаатай гэмт хэрэг үйлдэхэд түүний даалгаснаар Е.Н, С.Е нарын тус бүрд У сумын Шар бөгтөр гэх ойгоос түлээний мод бэлтгэхээр зөвшөөрөгдсөн газраас 8 м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох замаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, түүнд хавсаргасан гэрэл зургууд, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, мод бэлтгэх эрхийн бичгүүд, гэрч Е.Н, С.Е, Б.Е[15], Т.М, К.Е, С.Е[16], шинжээч М.Н[17] нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Б.Сь-д мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх олгосон Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2014 оны 14 дүгээр тушаал, хавсралтын хамт[18], Баян-Өлгий аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 27 дугаар тогтоол, гарал үүслийн гэрчилгээ болон эрхийн бичиг олгосон зарлагын баримтууд[19], мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ[20], яллагдагч Б.Е, Б.Сь нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Сь-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон боловч Б.Сь-ыг “нийтийн албан тушаалтан биш[21] гэх шүүхийн дүгнэлт алдаатай болжээ. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан. Хэдийгээр ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй идэвхтэн байгаль хамгаалагч болон түүнтэй адилтгах албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтанд хамааруулж тухайлан заагаагүй боловч 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор заасан.

Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр тушаалаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх олгосны үндсэн дээр У сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сь нь эдгээр нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд мод бэлтгэх эрхийн бичиг буюу зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээ, нийтийн чиг үүргийг хэрэгжүүлж, холбогдох журмын дагуу зохих цалин хөлс авч, тайлагнаж ажилладаг хүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сь-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны болон гэм буруугийн заримд бүрэн нийцсэн байна.

 

3. Шүүгдэгч Б.Е-ы эрх мэдлээ хэтрүүлж, хуулиар олгосон байгаль орчны улсын байцаагчийн эрх нөлөөг буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, нэр бүхий иргэдэд У сумын Шар бөгтрийн ойгоос бэлтгэх модыг тухайлан зааж өгч, мод бэлтгэх зөвшөөрөл олгосон гэмт үйлдэл, уг санаатай гэмт хэргийг үйлдэхэд өөрт олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг олгох бүрэн эрхийг ашиглаж дэмжлэг үзүүлж, нэр бүхий иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгосон шүүгдэгч Б.Сь-ы үйлдлүүдийн улмаас иргэн Е.Н нь 10,4 м3 хэмжээтэй, 3.820.165.00 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй /100 ширхэг болгож бэлтгэсэн/, иргэн С.Е нь 8,4 м3 хэмжээтэй, 3.077.319.00 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй /79 ширхэг болгож бэлтгэсэн/ нойтон шинэс мод тус тус бэлтгэж, байгаль орчинд нийт 6.897.484.00 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирол төлбөр, хор уршгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгч нараар тэнцүү хувааж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлсэн нь хуульд нийцжээ.

 

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдоогүй.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул түүний өмгөөлөгчтэйгөө хамтран “...унасан урт мод байвал аваарай гэж Е.Н, С.Е нарт тусалж, “хэрэглээний мод” гэж зөвшөөрөл өгсөн хэдий ч тэдэнд итгээгүйгээс давхар сануулж байгаа тухайгаа гар утасныхаа камерт бичиж авсан” гэж дурдаж, цагаатгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Е болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэргийн 1 дүгээр хавтаст авагдсан DVD-д бичигдсэн дуу-дүрс бичлэг, хэргийн 2 дугаар хавтасны 208-211 дүгээр хуудаст авагдсан уг хуурцагт бичигдсэн дуу-дүрс бичлэгийн орчуулга тэмдэглэлээр шүүгдэгч Б.Е-ы улсын байцаагчийн эрх нөлөөг буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, нэр бүхий иргэдэд У сумын ой бүхий газраас бэлтгэх модыг тухайлан зааж, хууль бусаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон гэм буруутай үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Сь-ы “өөрт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Е.Н, С.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирлын холбогдох хэсгийг төлүүлэх” тухай гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хянавал, шүүгдэгч Б.Е-ы эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, шүүгдэгч  Б.Сь-ы бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлүүд нь тэдгээрийн нийтийн  албан тушаалтны хувиар хуулиар олгогдсон хяналт шалгалт хийх эрх нөлөө, эрх бүхийн албан тушаалтнаас тусгайлан олгосон зөвшөөрөл олгох эрх хэмжээ, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, уг гэмт хэргийн улмаас Е.Н, С.Е нар нийт 6.897.484.00 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй мод бэлтгэсэн байх тул шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон байгаль орчинд  учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Е.Н, С.Е нар нь У сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг шүүгдэгч Б.Е-ы тус сумын Шар бөгтрийн ой бүхий газарт очиж, газар дээр нь бэлтгэх модыг тэмдэг тавьж зааж өгсөн үйлдэл, улмаар мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй идэвхтэн байгаль хамгаалагч Б.Сь-ы олгосон мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу, зохих татвар хураамжийг нь төлж мод бэлтгэсэн учраас тэдгээрийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэх, улмаар хохирол төлбөр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээд уг хохирлыг буюу нөхөн төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явах учраас шүүгдэгч Б.Сь-ы давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Е болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан, шүүгдэгч Б.Сь-ы давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

М.НЯМБАЯР

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 140 дэх тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 5-12 дугаар тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 13-14, 2 дугаар хавтасны 120-121 дэх тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 27-34, 94-95, 2 дугаар хавтасны 31-34, 3 дугаар хавтасны 39-43 дахь тал.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 90-93, 2 дугаар хавтасны 98-99, 100-101, 3 дугаар хавтасны 43-46 дахь тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 35-40 дэх тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 41-43, 98-99, 102-103 дэх тал.

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 96-97 дахь тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 100-101 дүгээр тал.

[10] Хэргийн 1 дүгээр хавтасны 112-113 дугаар тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 59-64, 2 дугаар хавтасны 124-128 дахь тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 157-158 дахь тал.

[13] Хэргийн 2 дугаар хавтасны 177-179 дэх тал.

[14] Хэргийн 2 дугаар хавтасны 199-201 дэх тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 46-49, 2 дугаар хавтасны 17-20 дахь тал.

[16] Хэргийн 2 дугаар хавтасны 23-24 дэх тал.

[17] Хэргийн 2 дугаар хавтасны 37-39 дэх тал.

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 19-20 дахь тал.

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 171-176 дахь тал.

[20] Хэргийн 2 дугаар хавтасны 52-58 дахь тал.

[21] Хэргийн 3 дугаар хавтасны 85 дугаар тал.