Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 113

 

Б.Е, Б.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Б.С-ы өмгөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 дүгээр магадлалтай, Б.С, Б.Е нарт холбогдох 1813002120093 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, тус аймгийн Улаанхус суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Е нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, бэлтгэх хэрэглээний модыг тэмдэглэн зааж өгч байгаль орчинд 6,897,484 төгрөгийн бодит хохирол учруулан бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тус аймгийн Улаанхус суманд байгаль орчны идэвхтэн байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.С нь нийтийн албан тушаалтан Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт тус бүрт нь 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичих бичиж олгон байгаль орчинд 6,897,484 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Еыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Сыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Еыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,500,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Е, Б.С нарт тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ед оногдуулсан 6,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 20,692,452 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 10,346,226 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтоож,

Шүүгдэгч Б.Е нь хохирлын өөрт ногдох хэсгээс 500,000 төгрөг, шүүгдэгч Б.С нь хохирлын өөрт ногдох хэсгээс 100,000 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.Еаас 9,845,226 төгрөг, шүүгдэгч Б.Саас 10,245,226 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох иргэн Б.Н-ийн бэлтгэсэн 10,4035 м.куб хэмжээтэй, 3,820,165 төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг шинэс мод, иргэн С.Еийн бэлтгэсэн 8,3805 м.куб хэмжээтэй, 3,077,319 төгрөгийн үнэлгээ бүхий 79 ширхэг шинэс модыг тус тус хурааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн улсын орлогод оруулж,

Иргэн Е.Н-ийн бэлтгэсэн 10,4035 м.куб хэмжээтэй 100 ширхэг шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 5/25 тоот тогтоол, иргэн С.Еийн бэлтгэсэн 8,3805 м3 хэмжээтэй 79 шинэс модыг хураан авч битүүмжилсэн прокурорын 5/18 тоот тогтоолыг тус тус энэхүү шийтгэх тогтоолын 7 дахь заалт биелэх  хүртэл хугацаанд хэвээр үлдээж,

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж...” шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Е болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан, шүүгдэгч Б.Сы давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С гаргасан гомдолдоо: “...Миний бие Улаанхус сумын Засаг даргын тамгын газартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр ажилладаг орон тооны бус идэвхтэн байгаль хамгаалагч учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу төрийн болон нийтийн албан тушаалтан биш учраас өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан субьектэд хамаарахгүй тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Ой харагай” гэх газраас түлээний мод бэлтгэх зориулалтаар тусгаарласан талбайгаас байгаль орчны улсын байцаагч Б.Е өөрөө огтлох модыг тэмдэглэн зааж өгөөд тэдгээрт ургаа модыг хэрэглээний зориулалтаар олгосон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Би Е.Н, С.Е нарт газрын байдал, огтлох модыг Б.Е зааж үзүүлэхэд байгаагүй болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр мөн тогтоогдсон бөгөөд уг хэрэгт миний бие ямар нэгэн байдлаар оролцоо байхгүй. Гэтэл гэмт хэрэг үйлдээгүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд алдаанд тооцогдоно.

Би модыг огтолж байгаль орчинд бодит хохирол учруулсан иргэдэд огтлох талаар зөвшөөрлийг олгоогүй, шүүгдэгч Б.Ед дэмжлэг туслалцаа үзүүлээгүй, түүнтэй энэ талаар урьдчилан тохиролцоогүй байхад хамжигч гэж үзэж буй нь үндэслэлгүй. Тухайн үед надад чиглэл өгдөг дарга албан тушаалтан байсан тул намайг дарамталж, хэрэглээний мод гэж хүчээр эрхийн бичиг бичүүлсэн болохыг гэрчүүд нотолсон. Миний бие эрс татгалзаж, Б.Етай муудалцаж байхад намайг хэргийн хамтран оролцогч гэж үзэж буй нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй явдал юм.

Е.Н, С.Е нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Б.Е нь дээд боловсролтой, уг албан тушаалыг олон жил хашиж байсан, эцэг нь сумын Засаг даргаар 8 жил ажилласан, төрсөн дүү нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг. Харин би бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, жирийн нэгэн иргэн. Е.Н, С.Е нар нь өөртөө олгогдсон эрхийн бичгийг халхавчилж, илүү мод бэлтгэсэн, огтолсон үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, ял халдаах ёстой. Тухайн хэрэг учрал болсон гэх газарт хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг 2016 онд эрх бүхий газраас олгож байсан гэрээний хувийг мөрдөгчид гаргаж өгсөн боловч хэрэгт авагдаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсэг буюу надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Е болон түүний өмгөөлөгч С.Алтай нар нь “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2011 оноос хойш тасралтгүй 9 жил ажиллаж байна. Би хууль, журамд заасны дагуу Е.Н, С.Е нарт цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх газрыг зааж өгсөн ба миний хяналтад ажилладаг байгаль хамгаалагч Б.С нь мөн хуульд заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Эдгээр хүмүүс нь дүү нарын хамт мод бэлтгэх зөвшөөрлийн баримт бичиг заасан зориулалт, бэлтгэх аргыг зөрчиж ургаа мод бэлтгэн хууль зөрчиж, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. Е.Н, С.Е нар мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг ургаа модыг зааж өгсөн талаар худал мэдүүлэн гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар шүүгдэгч бид АТГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон н.Туяа, н.Нямбаяр нар уг хэргийн материалтай уншиж танилцсан эсэх нь эргэлзээтэй байна.

АТГ-ын комиссар зөвхөн нэг талын буюу яллах талын нотлох баримт бүрдүүлж, Е.Н, С.Е нарыг гэрчээр оролцуулж, тэдний мэдүүлгийг нотлох баримт болгон ашигласан. Мөрдөгч, прокурор, шүүгч нар хууль, журмыг судлалгүйгээр газар нутгийн нэр, байршлыг мэдэхгүй, буруу ойлгож, гэрчийн мэдүүлгийг нотлох баримт болгон ял шийтгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

Би цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний мод бэлтгэх шийдвэрийн дагуу хэрэглээний мод бэлтгэх газрыг зааж өгч Е.Н, С.Е нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхдээ байгалийн жамаар унасан, хатсан модыг бэлтгэх талаар зөвлөсөн бөгөөд тухайн үед дуу, дүрсний бичлэг хийсэн. Тухайн үед Е.Н, С.Е болон надтай хамааралгүй хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс мэдүүлэхдээ миний зааж өгсөн гэж буй моднууд байгалийн жамаар унасан, хатсан модыг зааж өгснийг нотолсон билээ.  

...иргэн Е.Н, С.Е нар нь сумын Засаг даргад байшин барихаар мод бэлтгэх зөвшөөрөл өгөх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг надад шийдвэрлэх талаар цохолт хийсэн. Е.Н, С.Е нар над руу удаа дараа залгадаг байсан. Сумын онцлогоос хамаарч мод бэлтгэх ажил жил болгоны 7-10 сарын хооронд бэлтгэдэг. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэн холбогдох хууль, журамд заасны дагуу цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх газрыг зааж өгсөн. Байгаль хамгаалагч Б.С нь бүрэн дунд боловсролтой, дээд сургууль төгсөөгүй болохоор хууль журмыг нарийн мэдэхгүй тул би эдгээр иргэдэд мод бэлтгэх газрыг зааж өгөөд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өг гэж хэлсэн. Хэрэглээний мод бэлтгэх ажил хууль журмын хүрээнд явагдсан болохоос биш хуулиас гадуур ямар нэгэн шийдвэр гараагүй.

...Надад шүүх ял өгөхдөө Шар бөгтөр гэх газраас түлээний мод бэлтгэх дээд хязгаар тогтоосон байхад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон мэт ойлгож, газар нутаг, нэршлийг бүрэн ойлгоогүй, хольж хутган нэг бүрчлэн нарийвчлан шалгалгүй зөвхөн яллах талын баримтын хүрээнд ойлгож, хэргийг шийдвэрлэсэн нь илт хууль бус юм. “Шар бөөгтөр”, “Шар бөрөг” гэсэн өөр газрын нэрийг ч салгаагүй. Шар бөгтгөр гэх газарт шинэс мод ургадаггүй. Би болон Е.Н, С.Е нар Шар бөгтгөрт очоогүй. Эдгээр газрууд нь хоорондоо модоор холбогдоогүй, хил залгаа оршдоггүй. Даянгийн ой бүхий газарт орших ой харгай, шар бөөрөгтийг “Шар бөгтгөр” гэж буруугаар ойлгож ял өгсөн.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нь ажлын өдөр мөн эсэх, сумын Засаг даргын тамгын газрын даргад мэдэгдсэн эсэх, унаа шатахуун гаргаж өгөх талаар миний бие даргаас асуусан, зөвшөөрөл авсан, ажлын талаар танилцуулсан эсэх шат дараалсан үйлдлийг тодруулсан зүйл огт байхгүй.

...Цэвэрлэгээний огтлолтын утга учрыг ойлгохгүйгээр хууль бусаар ургаа модыг бэлтгэсэн иргэдэд ял завшуулж, хууль, журам, тогтоол, тушаал шийдвэрийн дагуу ажлаа хийсэн Б.С болон надад яллах талын нотлох баримтуудыг үндэслэн ял шийтгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Цэвэрлэгээний модны ойлголтын талаар ойн тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-53 тушаалаар баталсан “Арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай журам”-д тодорхой заасан. Ойн тухай хууль болон журамд Цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний мод бэлтгэж болох ба ургаа мод бэлтгэж болно гэсэн ойлголт байхгүй...

Гэрчүүдийн мэдүүлгэнд ноцтой зөрүү гарсныг арилгаагүй, гэрч Т.Е, У.Тилеген нар нь “Б.Е нь унасан, хуурай мод зааж өгсөн” гэсэн ба хууль бусаар нойтон мод бэлтгэсэн энэ хэрэгт шууд хамааралтай Е.Н, С.Е нь “Б.Е нь нойтон мод зааж өгсөн” гэж худлаа мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, уялдаа холбоогүй, гүтгэлгийн шинжийг агуулж байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой.

Иймд хэргийн материалд байгаа дээрх ноцтой алдааг үнэлээгүй, гэм буруугүй хүнийг худал мэдүүлэг, нотлох баримтгүй гүтгэсэн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, миний гэм буруугүй болохыг тогтоож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн жинхэнэ гэмт буруутай этгээдийг тогтоох шийдвэрийг гаргана уу” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

Шүүгдэгч Б.С-ы өмгөөлөгч А.Кадирбек шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн “нийтийн албан тушаалтан” биш байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ “нийтийн албан тушаалтан” биш боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “хамжигчаар” оролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн Б.Сыг “нийтийн албан тушаалтан” мөн байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. “Нийтийн албан тушаалтан” гэх Эрүүгийн хуульд тодорхойлсон субьектын нэр томъёо, тайлбар, ухагдахууныг тайлбарлахдаа Авилгын эсрэг конвенцыг иш татаж хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Авилгын эсрэг конвенцид “нийтийн албан тушаалтан” гэдэг нэр томъёоны тодорхой тайлбарууд явдаг боловч авилгын эсрэг гэрээ, конвецид нэгдэн орсон улс орнууд ямар тохиолдолд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр тодорхой заасан. Өөрөөр хэлбэл дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдсан байх ёстой. Дотоодын хууль тогтоомж буюу урт нэртэй хуульд “нийтийн албан тушаалтан” гэх ухагдахууныг маш тодорхой хуульчилсан. Ашиг сонирхлын тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрийн захиргааны гүйцэтгэх болон удирдах албан тушаалтан нь нийтийн албан тушаалтанд хамаарах юм гэдэг зохицуулалтууд байгаа. Б.Сыг албан тушаалын хувьд аваад үзэхээр энэ хүнь идэвхтэн байгаль хамгаалагч, төрийн захиргааны туслах чанарын албан тушаалтан юм. Энэ хүний хуулиар хэрэгжүүлэх эрх нь тодорхой хязгаартай. Анхан шатны шүүхийн Б.С нийтийн албан тушаалтан биш, дотоодын хууль тогтоомжоор хамаарахгүй байна гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Авилгын эсрэг конвенцыг аливаа авилгын эсрэг гэмт хэрэг дээр хэрэглэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн нийтлэг алдаа гараад байна. Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гараагүй ч гэсэн, энэ Авилгын эсрэг конвенцын 3 дугаар зүйлд тус конвенцын хэмжээ хязгаарыг тодорхой заасан буюу энэхүү конвенцийн дагуу авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн байцаах, яллах, түүнчлэн энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон эд хөрөнгийг битүүмжлэх, албадан хураах, хураах болон буцаан өгөхөд энэхүү конвенцийг хэрэглэнэ гэж заасан. Албан тушаалын хэрэг дээр Авилгын эсрэг конвенц буюу авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авилгын хэргийг мөрдөн шалгахтай холбоотой конвенцыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэгдэн орсон конвенц нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасан боловч авилгын гэмт хэрэг, ялангуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “хахууль өгөх, авах” хэрэг дээр хэрэглээд явж байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэрэгт авилгын гэх гэмт хэргээс ялгаатай зохицуулалт байгаа. Үүнийг онцгойлон анхаарч өгнө үү. Хэрэгт авагдсан гурван гэрчийн мэдүүлгээр тухайн газраас түлээний мод бэлтгэх газрын байдал, огтлох мод зэргийг шүүгдэгч Б.Е зааж өгсөн гэдэг. Шүүгдэгч Б.Е 9-11 мод завчсан хэсэгт хар өнгийн тодруулагчаар дугаарлаж, тэмдэглэж өгсөн, тэгж байтал Б.С ирсэн. Тэгээд би эд нарт тус бүр 8 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг өгч ойд оруулаарай, түүнээс илүү эрхийн бичиггүй шүү гэсэн мэдүүлэг байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлох ёстой. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд ойн байцаагч Б.Е нь хэрэглээний мод бэлтгэх, тэдний өргөдлийг засаг дарга зөвшөөрсөн мэтээр ойлгуулж, өөрийн хувийн унаанд 60 литр бензин хийлгүүлж хэрэг гарсан газар дээр очсон үйл баримт тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд Б.Еы зөвшөөрлөөр миний үйлчлүүлэгч падааныг бичиж өгсөн юм байна лээ. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийг үйлдэхэд ямар нэгэн байдлаар оролцсон, хэрэгжүүлж буй чиг үүрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тухайн албан тушаалтны хувьд тодорхой хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлээгүйгээс болоод өөрт болон бусдад давуу байдал олгосон байдлаар тухайн гэмт хэрэг үйлдэгддэг. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд ажлын байрны тодорхойлолт, эрх, үүрэг нь ч байхгүй. Түүнчлэн цалин хөлс ч байхгүй. Тухайн үедээ ойгоос мод авсан иргэдээс орж ирсэн орлогоос урамшуулал аваад явдаг жирийн байгаль хамгаалагч хүнийг “нийтийн албан тушаалтан” байна, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Е-ы өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 6.897.484 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 59-64 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдоно гэж дүгнэсэн. Гэмт хэрэг гарсан гээд байгаа газар нутаг нь хоорондоо 120 км зайтай бөгөөд нэг өөр газар дээр хэргийн газрын үзлэг хийсэн, энэ хүмүүсийн очоогүй газар дээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэж байгаа нь алдаатай болсон. Гэмт хэргийг хэзээ, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нь тогтоох ёстой. Хохирлын хэмжээг тогтоохдоо хэдэн ширхэг нойтон мод огтолсон бэ, хэдэн ширхэг нь хуурай байсан бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Хохирлын хэмжээ яаж гарсан гэдэг нь тодорхойгүй байна. Б.Е-ы хувьд ажлынхаа чиг үүргийн дагуу хяналт тавьж очсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалын гэмт хэрэг, эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль өгөх, авах зэрэг авилгын эсрэг гэмт хэргийн тухай заалтуудыг оруулж тайлбарлаж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна гэж үзэх нөхцөл байдал болж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх аль нотлох баримтыг үнэлж, аль нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заасангүй. Гэрчүүд удаа дараа худал мэдүүлэг өгсөн, гэрч Ерембек мэдүүлэхдээ “... мод бэлтгэж байхад Б.С нэг удаа ирж огтолсон модыг үзээд явсан гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Нагешбен “...Б.С ерөөсөө ирээгүй” гэж мэдүүлдэг. Гурван гэрчийн мэдүүлгээр уг гэмт хэргийг үйлдсэн үү, үгүй юу гэдгийг дүгнээд байгаа боловч шалгах, нотлох ажиллагаа маш дутуу хийгдсэн. Энэ нь Б.Еы эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний үйлчлүүлэгч Б.Сд нөлөөлж мод бэлтгэх зөвшөөрлийг олгосон нь хууль зөрчөөгүй гэдгийг эдгээр нотлох баримт нотолно гээд Баян-Өлгий аймгаас холбогдох баримтуудыг авч ирсэн байна. Баян-Өлгий аймгийн мод бэлтгэх эрхийн бичиг, тасалбар гээд засаг даргын тамгын газрын тодорхойлолт, үүнийг үндэслээд Б.С өөрөө зөвшөөрөл олгодог юм. Байгаль орчны тухай хууль болон Б.С-ы эрх, үүрэг, ажил үүргийн чиг үүрэг нь Байгаль орчны яамны А/133 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоогдсон. Үүний дагуу Б.С нь эрхийн бичиг олгодог гэдгийг нотлохоор эдгээр баримтуудыг авч ирсэн байна” гэв.

Хяналтын прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Е-ы хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн субьект мөн. Б.Е нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх үедээ тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тогтоолоор ойгоос цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэх модны дээд хязгаарыг баталсан бөгөөд уг тогтоолыг зөрчиж хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг Б.С-аар олгуулж, өөрөө мод бэлтгэх газарт очиж модыг тэмдэглэж, уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Сы хувьд идэвхтэн байгаль хамгаалагчаар томилогдсон бөгөөд Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тухайн хэрэглээний болон түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог эрх үүрэг хүлээсэн этгээд юм. Б.Е-ы зөвшөөрлийн дагуу тус бүр хэрэглээний 3 модны эрхийн бичгийг хоёр иргэнд олгож, албан тушаалын байдлаа урвуулах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байна. Хоёр шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Е нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох газраас иргэн Е.Н, С.Е нарт хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгуулж, модыг тэмдэглэн зааж өгч байгаль орчинд 6,897,484 төгрөгийн бодит хохирол учруулан бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.С нь нийтийн албан тушаалтан Б.Е албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлж, зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас иргэн Е.Н, С.Е нарт тус бүрт нь 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж олгон, бэлтгүүлж байгаль орчинд 6,897,484 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Е, Б.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Е-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.С-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдлуудын хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж байгаа хэсэг нь хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгуулах агуулгатай байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүйгэж тодорхой заасан тул гомдлуудын дээрх хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, нийтийн албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.Е нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус сумын “Шар бөгтөр” гэх ой бүхий газраас “түлээний мод бэлтгэхээр тусгаарласан гэх талбайгаас байгалийн жамаар унасан, хэрэглээний мод бэлтгэх” нэрийдлээр иргэн Е.Н, С.Е нарт мод бэлтгэх зөвшөөрлийг хууль бусаар олгож, бэлтгэх модыг тэмдэглэж тухайлан зааж, өөрийнхөө дээрх хууль бус үйл ажиллагааг хууль ёсны болгон харагдуулахын тулд мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхтэй идэвхтэн байгаль хамгаалагч Б.С-д иргэн Е.Н, С.Е нарт тус бүрд нь 8м3 хэмжээтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохыг даалгаж,

улмаар шүүгдэгч Б.С нь шүүгдэгч Б.Е-ы дээрх гэмт хэрэг санаатай үйлдэхэд түүний хууль бус даалгаврын дагуу “Шар бөгтөр” гэх ойгоос түлээний мод бэлтгэхээр зөвшөөрөгдсөн газраас 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох замаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон үйл баримтыг шүүх эргэлзээгүйгээр, хуульд заасан журмыг баримтлан хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдсоноос гадна өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг шүүх ноцтой зөрчиж хэргийн үйл баримтыг тогтоосон нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн талаар баримт, нотолгоотой үндэслэл гараагүй гэж дүгнэв.

Харин шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан талаар дараах гомдлуудад хариу өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгчийн зүгээс Б.С-ыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасан төрийн болон нийтийн албан тушаалтан биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд тооцохгүй учир Эрүүгийн хуулийн уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэхгүй гэжээ.

“Нийтийн албанд  нийтийн  болон  хувийн  ашиг   сонирхлыг   зохицуулах,   ашиг сонирхлын   зөрчлөөс   урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан   байна.   Нийтийн   албан   тушаалтанд   төрийн   улс   төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан  тушаалтан,  төрийн  үйлчилгээний  албаны  удирдах  албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсхүл улсын  болон  орон  нутгийн  төсвөөс  санхүүжилт  авч  төрийн  тодорхой  чиг  үүргийг  түр  буюу  байнга  гүйцэтгэж  байгаа  төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хамаарна.

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан А-110 дугаартай тушаалаар баталсан Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай журамд зааснаар Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нараас томилсон идэвхтэн байгаль хамгаалагч нь гэрээнд заасан байгаль хамгаалах үүрэг гүйцэтгэх хугацаанд нийтийн албан тушаалтанд тооцогдож явах ёстой болно.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон түр болоод хуулиар тогтоосон цаг хугацаанд албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ерөнхийлөн заасантай агуулга ижил юм.

“Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тухайн нутаг дэвсгэрийн ойн анги, байгаль хамгаалагчийн мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох эрх хэмжээг нэрлэн заасан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн даргын тушаалаар хэрэглээний, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх олгосны үндсэн дээр Улаанхус сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.С нь энэхүү хуулиар тодорхойлсон хязгаар дотор эрх, үүргээ хэрэгжүүлж, цалин хөлс авч, тайлагнадаг тул түүнийг нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Үүнээс гадна зөвхөн түлээний мод бэлтгэх зориулалт бүхий газраас нэр бүхий иргэдэд 8м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичих олгох замаар шүүгдэгч Б.Е-ы албан тушаалаа урвуулах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж буй Б.С-ы идэвхтэй оролцоог дүгнэж, түүнийг энэ гэмт хэргийн хамжигч гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр Б.С+ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотолсон агуулгатай байна.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Б.Е, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр тэдний гэмт үйлдэлд өгсөн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон бодит оролцоог харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тус бүрийнх нь гэм бурууд тохирсон гэж үзнэ.

Хяналтын шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, Б.Е, Б.С нар нь гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэм буруу, ялын талаар анхан ба давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай нарын “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 38 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Алтай нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                     ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                          Б.БАТЦЭРЭН         

               Ч.ХОСБАЯР

                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ