Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00181

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагчЖ.Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б, түүний итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 онд төрсөн, 50 настай. Би 1989 онд Ерөнхий боловсролын Миний бие 1968 онд төрсөн, 55 настай. Би 8 дугаар анги төгсөөд 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд илгээлтийн саальчнаар томилогдон Х.Угийн эзэмшиж байсан 15 тугалтай үнээг гардан авч, 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн баримт архиваас шүүлгэхэд гарахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хүсэлтийн шаардлагаа багасгаж 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ж.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 285 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаартай зөвлөмжийн хуудас, Т.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0174 дүгээр шийдвэр, Г.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 онд илгээлтийн эзэн болж байхад авхуулсан зураг. Зүүн гар талаас 2 дахь нь миний зураг гэх тайлбартай гэрэл зураг,  зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагч, түүний төлөөлөгчийн хүсэлтээр Т.Т, Г.С, И.Ч, Б.Б, Б.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бын ХААТР-1 маягт, Увс аймгийн Улаангом сумын 1, 2, 5 дугаар сургуулиас Ж.Бын суралцаж байсан эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Бын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2. Ж.Б нь шүүхэд хандаж 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан дээр хүсэлтээ багасгаж, 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэсэн тул дээрх хүсэлтийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тодорхойлолтоор “Ж.Б нь 1985 онд Р.Бямбаа багштай 8б ангийг төгссөн нь үнэн болно” гэж тодорхойлсон байх ба хавсралтаар Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийн хуваарь, гэрчилгээ олголт гэх 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтын 2 дугаарт Ж Б, дүн 3, гэрчилгээний №523984, 9 дүгээр ангид хуваарилагдсан гэж тэмдэглэжээ. Мөн шүүхийн санаачилгаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ж.Бын ХААТР-1 маягтад түүнийг 1987 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэж бүртгэжээ.

Иймд хүсэлт гаргагч Ж.Б нь 9 дүгээр ангид хуваарилагдаж, 1987 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн эсэх нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоох иргэний хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй гэж заасны дагуу шүүхээс өөрийн санаачилгаар хүсэлт гаргагч Ж.Бын бүрэн дунд боловсрол эзэмшсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийхэд, Увс аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр цогцолбор сургуулийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай тодорхойлолтоор Ж.Бт холбогдох баримтыг ирүүлжээ.

Дээрх баримтаар Ж.Б нь тус сургуульд 1985-1986 оны хичээлийн жилд 9ж ангид суралцаж төгссөн, 1986-1987 оны хичээлийн жилд 10ж ангид суралцаж байсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн дээрх баримт нь Ж.Бын ХААТР-1 маягтад бүртгэгдсэн “...1987 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн” гэх мэдээллийг мөн давхар нотолж байна.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Быг 1985-1987 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд суралцаж байсан гэж үзэх үндэслэлтэй ба хүсэлт гаргагч Ж.Б нь 1985-1987 оны хооронд Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд суралцаж байсан гэдэгээ мэдсээр байж 1985-1987 оны хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж шүүхэд зориуд худал тайлбар гаргажээ. Хэдийгээр хүсэлт гаргагч Ж.Б нь шүүх хуралдаан дээр хүсэлтээ багасгаж 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

3.2. Мөн гэрч Т.Т, Г.С нар нь хүсэлт гаргагч Ж.Быг 1985-1992 он хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн боловч гэрч нарын “...1985 оноос саальчнаар ажиллаж эхэлсэн” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна.

3.3. Хүсэлт гаргагч Ж.Б өөрийн ажиллаж байсан байдлыг нотлох зорилгоор “1985 онд илгээлтийн эзэн болж байхад авхуулсан зураг. Зүүн гар талаас 2 дахь нь миний зураг” гэх тайлбартай гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар эх хувиар гаргаж өгсөн. Хүсэлт гаргагчийн зүгээс дээрх зургийг 1985 онд буюу одоогоос 39 жилийн өмнө наадмын үеэр Увс аймгийн Давст суманд авхуулсан зураг гэж тайлбарлаж, тухайн зурагт орсон И.Ч, Б.Б, Б.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх И.Ч, Б.Б, Б.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан.

Гэрч И.Ч “...Ж.Б 1985 онд илгээлтийн эзэн болж нэгдэлд саальчнаар ажилд орсон. ...гэрэл зураг нь 1985 оны 7 дугаар сард Улсын баяр наадмаар манай багийн саальчин эмэгтэйчүүдээрээ авхуулсан зураг, ...нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл ажилласан. ...зүүн гар талаас 2-т Ж.Б...”,

Гэрч Б.Б “...Ж.Б нь “...1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болон Алдар нэгдлийн гишүүн болж байсан. ...энэ зургийг 1985 онд нэгдлийн гишүүн болоод зун 7 дугаар сард улсын баяраар даруулсан зураг байна. ...зүүн гар талаас 2-т Ж.Б...”

Гэрч Б.П “...1985 онд Ж.Б Алдар нэгдлийн Сэвхүүлийн фермд саальчнаар ажиллаж байсан. ...тухайн гэрэл зурагт зүүн гар талаасаа “Б.Б, Ж.Б...” гэх мэдүүлэг тус тус өгчээ.

Гэрч нарын мэдүүлэгт үндэслэн тухайн гэрэл зургийг хүсэлт гаргагч Ж.Б 1985 оны 7 дугаар сард Увс аймгийн Давст суманд баяр наадмын үеэр авхуулсан гэж дүгнэх үндэслэлтэй боловч тухайн тухайн гэрэл зураг нь хүсэлт гаргагч Ж.Быг 1987-1989 оны хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан эсэхийг нотлоход нотолгооны хүрэлцээгүй  байна. Тодруулбал, гэрэл зурагт дүрслэгдсэн үйл явдал нь хүсэлт гаргагч Ж.Б тухайн цаг хугацаанд саальчнаар ажиллаж байсан эсэхийг нотлоход ач холбогдолгүй, харин Ж.Б болон гэрч И.Ч, Б.Б, Б.П нар хамтдаа наадмын үер морь унаж явсан болохыг дүрслэн харуулж байх тул тухайн гэрэл зурагт үндэслэн Ж.Быг 1985 оноос эсхүл 1987 оноос Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн гэрч нар нь хүсэлт гаргагч Ж.Быг 1985 оны 7 дугаар сараас тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн гэж мэдүүлсэн боловч хүсэлт гаргагч Ж.Б нь 1985-1987 оны хооронд Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд суралцаж байсан болох нь тогтоогдсон тул гэрч нарын дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул гэрч нарын эргэлзээтэй мэдүүлэгт хүсэлт гаргагч Ж.Быг 1987-1989 оны хооронд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 285 дугаар тодоройлолтоор Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн 1985-1989 оны тушаал, Торхилог бригадын 1985-1989 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд Ж.Бт холбогдох баримт гараагүй болно гэжээ. Тодруулбал, тус архивт Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл, торхилог бригадын 1985-1989 оны цалингийн болон тушаалын баримт хадгалагдаж байгаа бөгөөд тухайн баримтыг шүүн үзэхэд Ж.Бын ажиллаж байсан байдлыг нотлох баримт гараагүй байна.

Мөн Ж.Бын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэж, тус баримтад түүнийг ажилгүй, Давст суманд оршин суудаг гэж тэмдэглэжээ. Иймд дээрх баримтад үндэслэн Ж.Быг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ажилгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Б нь 1985 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 1986-1987 оны хооронд Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж байсан, улмаар 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Увс аймгийн Давст суманд оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан болох нь тогтоогдсон, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй, аймгийн Архиваас түүнд холбогдох баримт гараагүй тул Ж.Быг 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Бын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.Б-ын 1987 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА