Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 216/МА2019/00013

 

“Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дугаар шийдвэртэй, “Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй  “Ш-О” ХК-д холбогдох гэрээний үүрэгт   8,154,726,428.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Ю б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, М. нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ю б м ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ю б м ХХК нь Ш О ХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр нийлүүлэгч Ю б м ХХК нь 75137 загварын Белаз машин 3 ширхэг, Белаз 7555B загварын 2 ширхэг автосамосвалуудыг нийлүүлэх, захиалагч Ш О ХК нь гэрээний үнэд нийт 15 278 100 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нийлүүлэгч тал болох “Ю б м” ХХК нь гэрээний хавсралт 2-т зааснаар Б 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг 2016 оны 03 дугаар сарын 15-наас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд, белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний хооронд техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан нийт 5 ширхэг автосамосвалуудыг нийлүүлсэн. Захилагч Ш О ХК нь одоог хүртэл дээрх белаз машинуудаар компанийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Захиалагч нь уг мөнгөн хөрөнгийг дээрх гэрээний хавтралт 01-д зааснаар дээрх белаз машинуудыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж зааснаар төлж барагдуулахаар график байгуулсан. Тодруулбал,  белаз 7555В  2 ширхэг автосамосвалуудыг 1  ширхэгийг  нь  1 323 300 000 төгрөг, нийт 2 646 600 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16,5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй зээлээр, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүр төлбөл зохих нийт төлбөр 53 952 905.27 төгрөг,  бодогдсон хүү 7 913 092.77 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 46 039 812.50 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Харин белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг нэгжийн үнэ 4 210 500 000 төгрөг, нийт 12 631 500 000 төгрөгөөр, урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16.5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй, сар бүр төлбөл зохих нийт төлбөр 257 502 502.44 төгрөг, бодогдсон хүү 37 767 033.69 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 219 735 468.75 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Ийнхүү гэрээний хавсралт 1-д зааснаар сар бүр 5 ширхэг белазын төлбөрт нийт 311 455 407.71 төгрөгийг манай байгууллагад төлж байхаар гэрээ байгуулсан. Гэтэл Ш О ХК нь 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 4 861 192 375.92 төгрөгийн төлбөр төлж, дээрх хуваарийн дагуу төлбөрийг огт төлөөгүй.

Түүнчлэн Ю б м ХХК нь Ш О ХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1-д заасны дагуу нийт 339 694 798.90 төгрөгийн үндсэн сэлбэгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ноос 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийлүүлж, үйлчилгээ үзүүлсэн ба энэ гэрээний 5.1-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж зааснаар нийт алданги 6,783,836.93 төгрөг,  төлбөл зохих төлбөр нийт  67,838,369.34 төгрөг болно.

Гэвч захиалагч Ш О ХК нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөл зохих хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг манай компаниас удаа дараа Ш О ХК-д мэдэгдэж, утсаар болон 2018 оны 05 дугаар сарын 24-ний 1805-28 тоот, 2018 оны 06 дугаар сарын 05-ны 1806-09 тоот албан бичгээр 4,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөхийг мэдэгдсэн, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн үнийн дүнгээр төлбөрийн нийт үлдэгдэл алданги тооцоогүй дүнгээр 13 037 392 063.74 төгрөг болсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, түүнчлэн автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний 17.1-д “нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно, алданги гэрээний нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй” гэж тус тус заасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ю б м ХХК нь Ш-О ХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр нийлүүлэгч Ю б м ХХК нь 75137 загварын Белаз машин 3 ширхэг, Белаз 7555B загварын 2 ширхэг автосамосвалуудыг тус тус нийлүүлсэн. Захиалагч Ш О ХК нь нийт 15 278 100 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Нийтдээ 5 ширхэг автосамосвалыг нийлүүлж, өнөөдрийн байдлаар Ш О ХК ашиглаж байгаа. Захиалагч тал уг мөнгөн хөрөнгийг дээрх гэрээний хавсралт 1-д зааснаар белаз машинуудыг ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж төлбөрийн график байгуулсан. Белаз 7555В загварын 2 ширхэг белаз машины 1 ширхэгийг нь 1,323,300,000 төгрөг нийт 2,646,600,000 төгрөгийн урьдчилгаа үнийн дүнгийн 16,5 хувийг төлж жилийн 7,5 хувийн хүүтэй зээлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүр 53 952 905 027 төгрөг төлөхөөр график байгуулсан. Энэ үнийн дүнд нэг сард бодогдох хүү нь 7 913 092 төгрөг, үндсэн зээлийн төлбөр нь 46 039 000 төгрөгийг 4 жилийн хугацаанд графикийн дагуу төлөхөөр заасан. Мөн белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудын нэгийнх нь үнэ 4 210 500 000 төгрөг нийт 12 631 500 000 төгрөг, урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16,5 хувиар төлөөд жилийн 7,5 хувийн хүүтэйгээр нэг сард хүү нь 37 767 033.69 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 219 735 468.75 төгрөг, нийт сар бүр төлбөл зохих төлбөр нь 257 502 502.44 төгрөгийг сар бүр 4 жилийн хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч ШО ХК нь графикийн дагуу төлбөрөө төлөөгүй. Тухайлбал, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2 400 000 000 төгрөг төлсөнөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 4 861 192 375.92 төгрөгийн төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь бол автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний үүрэгт 5,607,938,032 төгрөг гаргуулах, мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага бол гэрээний хугацаанд төлөөгүй үнийн дүнгийн алданги нь 2,472,202,188.85 төгрөгийг гаргуулах,

 Тодруулбал гэрээний 17.1-д нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно. Алданги гэрээний нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг тодруулбал Ю б м ХХК нь Ш О ХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 74 622 206.27 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөний үндсэн төлбөр нь 67 838 369.34 төгрөг, алданги 6 783 836.93 төгрөг. Ю б м ХХК нь Ш О ХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот гэрээ байгуулан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд сэлбэгийг нийлүүлсэн. Гэрээний хугацаа 1 жил байсан. Энэ нэг жилийн хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд гэрээний 5.1-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтааж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алдангийг нэхэмжилсэн. Ийнхүү Ш О ХК нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй талаарх мэдэгдлүүдийг Ш О ХК-д утсаар мэдэгдэж байсан. Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1805/28 тоот албан бичиг болон 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1806/09 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн гурван шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  тус шүүхэд хянагдаж буй Ю б м ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш О ХК-д холбогдох тендерийн гэрээний үүрэгт 5 607 938 032. 88 төгрөг, алданги 2 472 202 188.85 төгрөг, холбогдох гэрээний дагуу нийт 74 622 206.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд дурдсан үндэслэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын СШ№26.ШОХК2015ШО16-06 дугаартай гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа ба Ш О ХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад төлбөрийг нэхэмжилж байгааг болон нэхэмжлэгч алдангийг хэрхэн тооцож нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Ш О ХК нь санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлж ирсэн бөгөөд цаашдаа ч биелүүлэх болно. Гэтэл гэрээний харилцаа дуусаагүй байхад алдангийг хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байдлаар энэ мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш ОХК-иас гэрээний үүрэгт 5,625,776,402.22 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю б м ХХК-д олгож, алданги 2 528 986 025.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 772 490 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28 286 832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю б м ХХК-д олгож,

Х У дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШТ2019/00270 дугаар тогтоолоор Белаз 75137 загварын 3 ширхэг, Белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 8 154 762 428 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У давж заалдах гомдолдоо: “Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш-О” ХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь гэрээний үндсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин 2 болон 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилсэн алдангийг хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:  

А.2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Ю б м” ХХК нь “ШО ХК-ний СШ№26.ШОХК2015ШО16-06 тоот Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний 17.1-т “Нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно, алданги гэрээний нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй” гэж заасны дагуу гэрээний алданги 2 472 202 188.85 төгрөгийг нэхэмжилсэн.

Б.3 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний 5,1-т “Худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөөгүй  төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног  тутамд алданги төлнө, Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй” гэж зааснаар нийт 24 000 000 төгрөгийн алданги болсноос 10 хувиас хэтрэхгүй гэсэн дээрх гэрээний заалтыг үндэслэн 6 783 836.93 төгрөгийн алдангийг төлбөл зохих төлбөр нийт 67 838 369.34 төгрөгийн 10 хувиар тооцож нэхэмжилсэн.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар дээрх 2 гэрээнд алдангийг хуулийн дагуу заасан. Улмаар “алдангийг нотлох баримт байхгүй байна” гэж шүүх үзсэн нь огт үндэслэлгүй хууль бус тайлбар бөгөөд ГЭРЭЭНИЙ “АЛДАНГИ” НЬ НОТЛОХ БАРИМТ ШААРДДАГГҮЙ ОНЦЛОГТОЙ. Тодруулбал, гэрээнд алдангийн хэмжээг Иргэний дээрхи хуульд зааснаар оруулсан л бол алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй.

3. Алдангийг хэрхэн тооцсон нь тодорхой бус гэж үзэж байгаа нь зөвхөн тооцоолол бодохыг шүүх хүсээгүй юм. Учир нь хариуцагч нь төлбөрийн хуваарийн дагуу сар бүр 7555В белазийн хувьд 53 952 905.27 төгрөг, 75137 белазийн хувьд 311 455 407.71 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төлөхөөр дээрхи төлбөрийн график гаргасан боловч хариуцагчийн төлбөр төлөлтийн тухайд сард дунджаар 30-50 саяар төлбөрийг 2019 оны 05 дугаар сар хүртэл төлж байсан ба 5-р сараас ямарч төлбөр төлөөгүй ба нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй 1,868,732,436.26 төгрөгийн хоцрогдолтой байна. Гэрээний алдангийг хоног тутамд 0,1 хувиар тооцохоор 1 хоногт 2 307 929.60 төгрөг, 1 сард 69 237 888.15 төгрөг, нийт 1072.2 хоногийн /2016.12.23-2019.04.05-ны өдрийг хүртэл/ хугацаанд 2 472 202 188.85 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон болно. Мөн бид хэдий бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа ч хамтран ажиллаж буй төрийн компаниа хүндэтгэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн оффис дээр болсон талуудын уулзалтын үеэр нийт өмнө нь үүссэн байсан 663 804 528.62 төгрөгийн алдангийг уучилж байсан. Энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан гэрээний дагуу тооцогдсон жинхэнэ алданги нь 2,635,655,608.85 төгрөг боловч дээрх уулзалтын үеэр 163,453,419.99 төгрөгийн алдангийг хасаж 2,472,202,188,85 төгрөгийн алданги болсон билээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн1. “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан  хариуцагч “Ш-О”  ХК- аас  5,625,776, 402.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги 2,528,986,025.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн түүнчлэн 2,472,202,188.85 төгрөгийн алданги, 6,783,836.93 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байхад 2,528,986,025.78 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон  нь тодорхой бус байна. Гэтэл энэхүү 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг үндэслэн шийдвэр гаргасан мөртлөө алдангийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр илт хууль бус хоорондоо зөрчилдсөн байна.

Иймд Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ю б м ХХК нь Ш-О ХК-д холбогдуулан автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний үүрэгт 5,607,938,032.88 төгрөг, алданги 2,472,202,188.85 төгрөг, белаз брендийн машин,механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний  үүрэгт 67,838,369.34 төгрөг, алдангид 6,783,836.93 төгрөг, нийт 8,154,762,428.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байна./1-р хх-1-3/

Хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал нь автосамосвал нийлүүлэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг төлсөн, энэхүү гэрээний үүрэг нь 5,557,938,032.88 төгрөг (5,607,938,032.88- 50,000,000 төг) болно гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал  шүүх хуралдаанд гаргажээ. /2-р хх-123/

Хариуцагч тал нь алдангийг хэрхэн тооцож нэхэмжилж буй нь  тодорхойгүй, Ш-О ХК нь санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа боловч гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлж ирсэн, цаашдаа ч биелүүлэх болно, харин алдангийг хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй  гэх тайлбар /1-р хх-125/  гаргаж маргасан байна. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш-О ХК-аас гэрээний үүрэгт 5,625,776,402.22 төгрөг(энэ нь дээр дурдсан хоёр гэрээний үүргийн дүн)- ийг гаргуулж нэхэмжлэгч Ю б м ХХК-д олгох, алданги 2,528,986,025.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  анхан шатны шүүх үндсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хоёр болон гурав дахь нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилсэн алдангийг хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хоёр гэрээнд алдангийг  хуулийн дагуу заасан,  шүүх алдангийг нотлох баримт байхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй, алдангид  2,472,202,188.85 төгрөг, 6,783,836.93 төгрөг  нэхэмжилсэн байхад 2,528,986,025.78 төгрөгийн алданги хэрэгсэхгүй болгосон нь тодорхой бус гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг хүлээн авч ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн материалаас үзэхэд: 1.Автосамосвал нийлүүлэх тендерийн № [СШ№26.ШОХК2015] ШО-16-06 тоот гэрээний үүргийн  хувьд :

Зохигч талууд автосамосвал нийлүүлэх  ШО-16-06 тоот  гэрээг 2016 оны 01 сард байгуулж, уг гэрээгээр  белаз 75137 загварын 3 ширхэг, белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг /нийт 15,278,100,000 төгрөг, энэ нь гэрээний үнэ гэх/   нийлүүлэхээр 4.5 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний үнийн хуваарь, ерөнхий болон тусгай нөхцөл, санхүүжилтийн хуваарь зэрэг нь  гэрээний хэсэг болохыг  гэрээний 4 дэх заалтад тусгасан, энэ нь автосамосвал нийлүүлэх тендерийн ШО-16-06 тоот гэрээ/1-р хх-22-23/,  түүний хавсралт №01 үнийн хуваарь/1-р хх-9-15/, хавсралт №02 бараа нийлүүлэлтийн хуваарь/1-р хх-16-21/, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл/1-р хх-24-35/ зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн,  хариуцагч нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид 5,557,938,032.88 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй болох нь ШО-16-06 тоот гэрээний хавсралтууд/1-р хх-9-17/, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт/1-р хх-44/, төлбөрийн даалгавар/2-р хх-19-41/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ШО-16-06 тоот гэрээний гүйцэтгэгдээгүй төлбөрийн график болон гэрээний дагуу төлсөн төлбөрийн график /2-р хх-84-85/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн дээрх гэрээний үүрэгт 5,557,938,032.88 төгрөгийг,

 2.Белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх 1705/01 тоот гэрээний үүргийн хувьд:

Талууд 2017 оны 05 дугаар сарын 17-ний өдөр “белаз брендийн машин механизмын сэлэг, үйлчилгээ нийлүүлэх“ 1705/01 тоот  гэрээ  байгуулж,  уг гэрээгээр  худалдагч нь худалдан авагчийн захиалгад үндэслэн белаз брендийн сэлбэг, материалыг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч, үнийг төлөх үүргийг тус тус хүлээх, мөн гэрээний үнэ, төлбөрийн нөхцөл, талуудын хүлээх хариуцлагын талаар тусгаж  нэг жилийн хугацаатай байгуулсан байна./1-р хх-36-39/

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт 67,838,369.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба  анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь дээрх гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгчид  67,838,369.34 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй, энэ нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн сэлбэг, засварын тооцоо нийлсэн акт /2-р хх-44-46, 76/-р тогтоогдож байна гэж дүгнэн дээрх гэрээний үүрэгт 67,838,369.34 төгрөгийг,

            Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гэрээний үүрэгт нийт 5,625,776,402.22 төгрөг (5,557,938,032.88 + 67,838,369.34)-ийг  хариуцагч Ш-О ХК-иас  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  нь  хууль зөрчөөгүй, энэ талаар талууд маргаагүй.

Мөн талуудын хооронд хоёр төрлийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн,  гэрээний үнэ,  төлбөрийн хуваарь, гэрээний хугацаа,  хэргийн зүйлчлэл, гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь 2016 онд байгуулсан ШО-16-06 тоот гэрээний үүрэгт 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нийт 4,911,192,375.92 төгрөгийн  төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь 2016 онд байгуулагдсан ШО-16-01 тоот/1-р хх- 22/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалын төлбөрт 2017.10.23-ны өдрөөс 2019.03.23-ны өдөр хүртэлх нийт 18 сарын 971,152,294.86 төгрөг(53,952,905.27 х 18 сар) -ийг,    белаз 75137 тоот 3 ширхэг автосамосвалын төлбөрт 2017 оны 09 сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх нийт 18 сарын төлбөр, үүн дээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 1,740,694.10 төгрөгийг нэмж, нийт 4,636,785,738.02 төгрөг(257,502,502.44 х18сар +1,740,694.10), нийт  5 ширхэг автосамосвалын төлбөр 5,607,938,032.88 төгрөг нэхэмжилсэн байх ба энэ нь дээрх гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж  үзэн  алдангид  2,472,202,188.85 төгрөгийг,

  Мөн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1705/01 тоот ...сэлбэг, үйлчилгээ нийлүүлэх  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,838,369.34 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь  уг гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж алдангид 6,783,836.93 төгрөгийг тус тус шаардсаныг  хариуцагч тал эс зөвшөөрч маргасан,  улмаар  хариуцагч нь ШО-16-01 тоот  гэрээгээр нийлүүлэхээр тохирсон 5 ширхэг белазыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн хугацаа тодорхойгүй тул алданги төлөх үндэслэлгүй хэмээн мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд заасан алдангийг шийдвэрлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: 1.Талуудын хооронд 2016 оны 01 сард автосамосвал нийлүүлэх  ШО-16-06 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ/1-р хх-22/ , 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот белаз машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ/1-р хх-36/ тус тус байгуулагдсан, гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал зэргийн  талаар талууд маргаагүй.

Дээр дурдсан ШО-16-06 тоот  гэрээ/1-р хх-22/-ний 4-т гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл нь тус гэрээний хэсэг болно гэж заасан байх ба  гэрээний тусгай нөхцөлийн 7. Алданги оногдуулах( ГЕН-17)-н 17.1-д [нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар тооцно], [ гэрээний нийт үнийн 25 %-иас хэтрэхгүй] гэж /1-р хх-35/,

Мөн  1705/01 тоот гэрээ/1-р хх-36/-ний 5.1.-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан зохих ёсоор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө. Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 %-иас хэтрэхгүй гэж тус тус алдангийн талаар тусгасан байна.

      Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж,

      Мөн хуулийн 198.2-т “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж,

      Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тус тус заасан.

        Ер нь худалдах, худалдан авах гэрээ болон зээлээр худалдах, худалдан авах гэрээнд аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болдог.

         Дээр дурдсан гэрээнүүдэд нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутам 0.1 %-иар, худалдан авагч нь барааны  үнийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувиар   хоног тутамд алданги тооцно гэж тус тус тусгасан байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-н  “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул талууд гэрээгээр “ анз” буюу “алданги” тохирсон гэж үзнэ.

        Харин зээлээр худалдах, худалдан авах ШО-16-06 тоот гэрээ/1-р хх-35/-ний 17.1-д гэрээний нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй” гэж заасан байх боловч энэ нь хэлбэр, агуулгын  хувьд алдаатай тусгагдсан гэж үзнэ.

         Учир нь нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 2,472,202,188.85 төгрөгийн алдангийн тооцооллоос /2-р хх-86/ үзвэл энэхүү алдангийн дүн нь ШО-16-06 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан  5,607,938,032.88 төгрөгийн  дүнгийн 50 %-иас хэтрээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”  гэсэн, мөн хуулийн 232.6-д заасан “алданги“ нь  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 %-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон байх зэрэг хуулийн шаардлагатай тус тус нийцсэн гэж үзэхээр байна.

       Харин 1705/01 тоот гэрээ/1-р хх-36/-ний 5.1-д... алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10%-иас хэтрэхгүй гэж тусгасан байх ба үүний дагуу уг  гэрээний үүрэгт шаардсан 67,838,369.34 төгрөгийн 10 хувиар алданги тооцож 6,783,836.93 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардлагыг зөрчөөгүйгээс гадна гэрээний талуудын чөлөөт байдлын талаар хуульчлан зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-н “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талууд хуулийн хүрээнд эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан  дээрх гэрээнүүдэд алдангийн талаар тусгагдсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, улмаар гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний хариуцлага болгон хэн алинаасаа “алданги” шаардах  эрхтэй байх тул нэхэмжлэгч нь хоёр гэрээний алданги гэж  нийт 2,478,986,025.78 төгрөг (2,472,202,188.85+ 6,783,836.93) шаардсан нь  дээр дурдсан хуулиудад нийцсэн гэж үзлээ.   

2.Хэргийн материалаас үзэхэд 1-р хавтаст хэргийн 158-248, 2-р хавтаст хэргийн 1-18, 55, 62-66 дугаар талуудад авагдсан хариуцагч тал  2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд  гаргаж өгсөн  “дансны тайлангууд, “эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийн тооцоог хянах тухай” Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолууд, Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан  “нүүрсний үнэ нэмэгдүүлэх тухай санал”, хүсэлтүүд, Монгол улсын Ерөнхий сайдаас “дэмжлэг хүссэн “ хүсэлт, санхүүгийн аудитын тайлан, “лизингийн хүүг тэглэх тухай”  нэхэмжлэгч талд хандаж байсан хүсэлт,  нүүрсний үнэ өртгийн харьцуулалт”  зэрэг бичгийн баримтуудыг юуг нотлох зорилгоор өгсөн талаар тодруулахад  хариуцагч Ш-О ХК-н үйл ажиллагааныхаа аргагүй байдлаа харуулах үүднээс гаргаж өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч тал гаргасаныг алдангийн хэмжээг багасгах санал гэж үзэхээр байна. 

Мөн хэрэгт авагдсан ШО-16-01 тоот гэрээний хавсралт №01-д  белаз 7555В загварын автосамосвалын нэгж үнэ  1,323,300,000 төгрөг, нийт үнэ 2,646,600,000 төгрөг(1,323,300,000 төг х 2 ш), белаз 75137 загварын автосамосвалын нэгж үнэ 4,210,500,000 төгрөг гэж тус тус тусгагдсан байна.

Энэхүү 7555В, 75137 загварын белазны үнэ болон  нэхэмжлэгчийн алдангид шаардсан  2,472,202,188.85  төгрөгийг  хооронд нь харьцуулж  дүгнэхэд   уг алдангийн дүн нь дээрх  7555В загварын автосамосвалын 2 ширхэгийн үнэтэй, 75137 загварын белазны нэгж үнийн 50 хувьтай тэнцэхээр байх тул  алдангийн хэмжээ харьцангуй их байна гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж хуульчлан зохицуулсаны дагуу дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ШО-16-01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,607,938,032.88 төгрөгт тооцож шаардсан алданги 2,472,202,188.85 төгрөгийг 40 хувиар буюу 988,880,875.54 төгрөгөөр багасгаж, 60 хувь буюу 1,483,321,313.31 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

            Иймд нэхэмжлэгчийн хоёр гэрээний  үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнд тооцож шаардсан алданги нийт 2,478,986,025.78 төгрөг болж байх ба үүнээс 1705/01 тоот гэрээ(1-р хх-36)-ний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцож шаардсан  алданги 6,783,836.93 төгрөг, ШО-16-06 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алдангийн 60 хувь болох  1,483,321,313.31 төгрөг, нийт 1,490,105,150.24 төгрөг (6,783,836.93 + 1.483.321.313.31)-ийг хариуцагч Ш-О ХК-иас гаргуулах, үлдсэн 988,880,875.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь   зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Тодруулбал, нэхэмжлэгч нь анх шүүхэд нийт 8,154,762,428.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 50,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн нийт шаардлага нь  8.104.762.428.00 төгрөг  болсон байх ба үүнээс хоёр гэрээний үүрэгт нийт 5,625,776,402.22 төгрөг (5,557,938,032.88 + 67,838,369.34)-ийг, алдангид шаардсан нийт 2,478,986,025.78 төгрөг (2,472,202,188.85 + 6,783,836.93)-өөс 1,490,105,150.24 төгрөг (1,483,321,313.31 + 6,783,836.93)-ийг тус тус хариуцагчаас гаргуулах, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн 8,104,762,428.00 төгрөгийн шаардлагаас 7,115,881,552.46 төгрөг(5,625,776,402.22 + 1,490,105,150.24)-ийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 988,880,875.54 төгрөг(8.104.762.428.00-7,115,881,552.46)-ийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Мөн нэхэмжлэгч нь анх шүүхэд 8,154,762,428.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба  улсын тэмдэгтийн хураамжид 40,931,762.14 төгрөг төлөх ёстой атал 40,772,490.00 төгрөг төлж (1-р хх-4, 2-р хх-67), 159,272.14 төгрөг дутуу төлсөн байх тул ИХШХШТХуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч талын гомдлын үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,643,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш-О ХК-иас гэрээний үүрэгт нийт 5,625,776,402.22 төгрөг, алданги 1,490,105,150.24 төгрөг, нийт 7,115,881,552.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю б м ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 988,880,875.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 58 дугаар зүйлийн 58.1 гэсэн заалтыг нэмж, ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 159.272.14 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулах, хариуцагч Ш-О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид “28,286,832 төгрөгийг” гэснийг “35,737,357.76 төгрөгийг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,643,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                           О.ОДНЯМАА

                         Х.БАЙГАЛМАА