Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00337

 

  Юнайтед белаз машинери ХХК-ийн

 Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дүгээр шийдвэр, 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 216/МА2019/00013 дугаар магадлалтай, 

Юнайтед белаз машинери ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Шивээ-Овоо ХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 8,154,726,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2016.01.сарын 11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр нийлүүлэгч Юнайтед белаз машинери ХХК нь 75137 загварын Белаз машин 3 ширхэг, Белаз 7555B загварын 2 ширхэг автосамосвалуудыг нийлүүлэх, захиалагч Шивээ-Овоо ХК нь гэрээний үнэд нийт 15 278 100 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нийлүүлэгч тал болох Юнайтед белаз машинери ХХК нь гэрээний хавсралт 2-т зааснаар Белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг 2016.03.15-наас 2016.04.15-ны хооронд, белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг 2016.01.12-ноос 2016.02.01-ний хооронд техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан нийт 5 ширхэг автосамосвалуудыг нийлүүлсэн. Захилагч Шивээ-Овоо ХК нь одоог хүртэл дээрх белаз машинуудаар компанийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Захиалагч нь уг мөнгөн хөрөнгийг дээрх гэрээний хавсралт 01-д зааснаар дээрх белаз машинуудыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж зааснаар төлж барагдуулахаар график байгуулсан. Тодруулбал, белаз 7555В 2 ширхэг автосамосвалуудыг 1 ширхэгийг нь 1,323,300,000 төгрөг, нийт 2,646,600,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16,5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй зээлээр, 2016.12.23-ны өдрөөс эхлэн сар бүр төлбөл зохих нийт төлбөр 53,952,905.27 төгрөг, бодогдсон хүү 7,913,092.77 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 46,039,812.50 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Харин белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудыг нэгжийн үнэ 4,210,500,000 төгрөг, нийт 12,631,500,000 төгрөгөөр, урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16.5 хувиар төлж, жилийн 7.5 хувийн хүүтэй, сар бүр төлбөл зохих нийт төлбөр 257,502,502.44 төгрөг, бодогдсон хүү 37,767,033.69 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 219,735,468.75 төгрөг, нийт 48 сарын турш төлөхөөр хуваарьт заасан. Ийнхүү гэрээний хавсралт 1-д зааснаар сар бүр 5 ширхэг белазын төлбөрт нийт 311,455,407.71 төгрөгийг манай байгууллагад төлж байхаар гэрээ байгуулсан. Гэтэл Шивээ-Овоо ХК нь 2016.05.24-нөөс 2019.04.05-ны өдрийг хүртэл нийт 4,861,192,375.92 төгрөгийн төлбөр төлж, дээрх хуваарийн дагуу төлбөрийг огт төлөөгүй.

Түүнчлэн Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2017.05.17-ны өдөр 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1-д заасны дагуу нийт 339,694,798.90 төгрөгийн үндсэн сэлбэгийг 2017.05.22-ноос 2017.12.08-ны өдрийн хооронд нийлүүлж, үйлчилгээ үзүүлсэн ба энэ гэрээний 5.1-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж зааснаар нийт алданги 6,783,836.93 төгрөг, төлбөл зохих төлбөр нийт 67,838,369.34 төгрөг болно.

Гэвч захиалагч Шивээ-Овоо ХК нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөл зохих хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг манай компаниас удаа дараа Шивээ-Овоо ХК-д мэдэгдэж, утсаар болон 2018.05.24-ний 1805-28 тоот, 2018.06.05-ны 1806-09 тоот албан бичгээр 4,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөхийг мэдэгдсэн, түүнчлэн 2018.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн үнийн дүнгээр төлбөрийн нийт үлдэгдэл алданги тооцоогүй дүнгээр 13,037,392,063.74 төгрөг болсон боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, түүнчлэн автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний 17.1-д нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно, алданги гэрээний нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2016.01.11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр нийлүүлэгч Юнайтед белаз машинери ХХК нь 75137 загварын Белаз машин 3 ширхэг, Белаз 7555B загварын 2 ширхэг автосамосвалуудыг тус тус нийлүүлсэн. Захиалагч Шивээ-Овоо ХК нь нийт 15,278,100,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Нийтдээ 5 ширхэг автосамосвалыг нийлүүлж, өнөөдрийн байдлаар Шивээ-Овоо ХК ашиглаж байгаа. Захиалагч тал уг мөнгөн хөрөнгийг дээрх гэрээний хавсралт 1-д зааснаар белаз машинуудыг ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж төлбөрийн график байгуулсан. Белаз 7555В загварын 2 ширхэг белаз машины 1 ширхэгийг нь 1,323,300,000 төгрөг нийт 2,646,600,000 төгрөгийн урьдчилгаа үнийн дүнгийн 16,5 хувийг төлж жилийн 7,5 хувийн хүүтэй зээлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүр 53,952,905,027 төгрөг төлөхөөр график байгуулсан. Энэ үнийн дүнд нэг сард бодогдох хүү нь 7,913,092 төгрөг, үндсэн зээлийн төлбөр нь 46,039,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд графикийн дагуу төлөхөөр заасан. Мөн белаз 75137 загварын 3 ширхэг автосамосвалуудын нэгийнх нь үнэ 4,210,500,000 төгрөг нийт 12,631,500,000 төгрөг, урьдчилгаа төлбөр нийт үнийн дүнгийн 16,5 хувиар төлөөд жилийн 7,5 хувийн хүүтэйгээр нэг сард хүү нь 37,767,033.69 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 219,735,468.75 төгрөг, нийт сар бүр төлбөл зохих төлбөр нь 257,502,502.44 төгрөгийг сар бүр 4 жилийн хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Шивээ-Овоо ХК нь графикийн дагуу төлбөрөө төлөөгүй. Тухайлбал, 2016.05.24-ний өдөр 2,400,000,000 төгрөг төлснөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019.04.17-ны өдрийг хүртэл 4,861,192,375.92 төгрөгийн төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь бол автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээний үүрэгт 5,607,938,032 төгрөг гаргуулах, мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага бол гэрээний хугацаанд төлөөгүй үнийн дүнгийн алданги нь 2,472,202,188.85 төгрөгийг гаргуулах,

Тодруулбал гэрээний 17.1-д нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно. Алданги гэрээний нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг тодруулбал Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1705/01 тоот белаз брендийн машин механизмын сэлбэг үйлчилгээ бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 74,622,206.27 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөний үндсэн төлбөр нь 67,838,369.34 төгрөг, алданги 6,783,836.93 төгрөг. Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2017.05.17-ны өдөр 1705/01 тоот гэрээ байгуулан 2017.05.22-ны өдрөөс 2018.12.08-ны өдрийн хооронд сэлбэгийг нийлүүлсэн. Гэрээний хугацаа 1 жил байсан. Энэ нэг жилийн хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд гэрээний 5.1-д худалдан авагч нь сэлбэгийн үнийг энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд багтааж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцон хоног тутамд алданги төлнө. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алдангийг нэхэмжилсэн. Ийнхүү Шивээ-Овоо ХК нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй талаарх мэдэгдлүүдийг Шивээ-Овоо ХК-д утсаар мэдэгдэж байсан. Мөн 2018.05.24-ний өдрийн 1805/28 тоот албан бичиг болон 2018.06.05-ны өдрийн 1806/09 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мөн 2018.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2018.10.31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн гурван шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: тус шүүхэд хянагдаж буй Юнайтед белаз машинери ХХК-ийн нэхэмжлэлтэй Шивээ-Овоо ХК-д холбогдох тендерийн гэрээний үүрэгт 5,607,938,032. 88 төгрөг, алданги 2,472,202,188.85 төгрөг, холбогдох гэрээний дагуу нийт 74,622,206.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд дурдсан үндэслэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын СШ№26.ШОХК2015ШО16-06 дугаартай гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа ба Шивээ-Овоо ХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад төлбөрийг нэхэмжилж байгааг болон нэхэмжлэгч алдангийг хэрхэн тооцож нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Шивээ-Овоо ХК нь санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлж ирсэн бөгөөд цаашдаа ч биелүүлэх болно. Гэтэл гэрээний харилцаа дуусаагүй байхад алдангийг хэрхэн тооцож байгаа нь ойлгомжгүй байдлаар энэ мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Шивээ-Овоо ХК-иас гэрээний үүрэгт 5,625,776,402.22 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Юнайтед белаз машинери ХХК-д олгож, алданги 2 528 986 025.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,772,490 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шивээ-Овоо ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28,286,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Юнайтед белаз машинери ХХК-д олгож,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.30-ны өдрийн 183/ШТ2019/00270 дугаар тогтоолоор Белаз 75137 загварын 3 ширхэг, Белаз 7555В загварын 2 ширхэг автосамосвалуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 8,154,762,428 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 216/МА2019/00013 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шивээ-Овоо ХК-иас гэрээний үүрэгт нийт 5,625,776,402.22 төгрөг, алданги 1,490,105,150.24 төгрөг, нийт 7,115,881,552.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Юнайтед белаз машинери ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 988,880,875.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 58 дугаар зүйлийн 58.1 гэсэн заалтыг нэмж, ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 159.272.14 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулах, хариуцагч Шивээ-Овоо ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28,286,832 төгрөгийг гэснийг 35,737,357.76 төгрөгийг гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,643,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, харин хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.  Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгтээ ...Иймээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдэд алдангийн талаар тусгагдсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан ... нэхэмжлэгч нь 2 гэрээний алданги гэж нийт 2,478,986,025.78 төгрөг.. шаардсан нь дээр дурдсан хуулиудад нийцсэн гэж үзлээ гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар болон хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас өөрийн талын нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий Тооцоо нийлсэн акт гэх нэг талын нотлох баримтыг гарган өгч, шүүх хуралдаан дээр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаас огт өөр зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах алданги тооцсон цаг хугацааг өөр хоорондоо зөрүүтэй байдлаар тайлбарласан /нэхэмжлэгч төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн, гэрээ тус бүрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алдангийг хэрхэн тооцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг/-ыг давж заалдах шатны шүүх анхааралгүй, нотлох баримтыг эргэлзээгүй үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангийн тооцоолол үнэн зөв эсэхэд огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр таамагласан байдлаар хэргийг шийдвэрлэсэн.

Учир нь талуудын хооронд 2016.01.07-ны байгуулагдсан Ш0-16-06 тоот Автосамосвал нийлүүлэх тендерийн гэрээ-ний салшгүй хэсэг болох хавсралт №01 Үнийн хуваарь-ийн толгой хэсэгт Барааг ашиглалтанд хүлээлгэн өгч акт үйлдсэн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт гэрээний зүйлийг ашиглалтанд хүлээлгэн өгсөн акт огт авагдаагүй байхад /хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч 2 ширхэг автосамосвал хүлээлгэн өгсөн баримтыг гарган өгч, нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй/ зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн алдангийн хэмжээ бодитой, эргэлзээгүй эсэхэд огт дүгнэлт хийлгүйгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг хэрэглэн алдангийн хэмжээг багасгасан мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн шаардаад буй алданги, түүний тооцоолол нь бодитой, эргэлзээгүй эсэхийг хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх учиртай хэмээн хариуцагч талаас үзэж байгаа болно.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

2.1. Давж заалдах шатны шүүх өөрийн гаргасан магадлалд хариуцагч талаас гаргасан тайлбар, анхан шатны шүүх хуралдааны явцад үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн талаар огт үнэлэлт, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4 Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана, 166 дугаар зүйлийн 166.4 ,...шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч ИХШХШТХ-н 92 дугаар зүйлийн 92.2-т заасан энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч ... ийг татгалзан гаргах хүсэлтийг зохигч... тэдгээрийн төлөөлөгч ... гаргаж болно дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл ... шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй-г заасны дагуу шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх ИХШХТШХ-н 92 дугаар зүйлийн 92.6-д заасан ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана, 103 дугаар зүйлийн 103.2-т заасан Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн явдал нь шүүхийн буруу практик тогтоосон явдал бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дүгээр шийдвэр болон Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 216/МА2019/00013 дугаар магадлал тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Юнайтед белаз машинери ХХК, хариуцагч Шивээ-Овоо ХК-аас гэрээний үүрэгт 8,154,726,428 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, .... гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байгаа, хугацаа дуусаагүй байхад төлбөрийг нэхэмжилж байна, алдангийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй... гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад алдангийн зарим хэсгийг ханган шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. а). Юнайтед белаз машинери ХХК нь Шивээ-Овоо ХК-тай 2016.01.11-ний өдөр Автосамосвал нийлүүлэх тендерийн ШО-16-16 тоот гэрээ байгуулж, 75137 загварын 3 ширхэг автосамосвалыг 1 ширхгийн үнэ 4,210,500,000 төгрөг нийт 12,631,500,000 төгрөгөөр, мөн 7555В загварын 2 ширхэг автосамосвалыг 1 ширхгийн үнэ 1,323,300,000 төгрөг, нийт 2,646,600,000 төгрөг бүгд 15,278,100,000 төгрөгөөр худалдах, гэрээний хугацааг 4,5 жил гэж уг хугацаанд хариуцагч төлбөрийг графикийн дагуу төлөхөөр тохирсон байна.

б). Мөн талууд 2017.05.17-ны өдөр Белаз брендийн машин механизмын сэлбэг, үйлчилгээ нийлүүлэх 1705/01 тоот гэрээ байгуулжээ.

Дээрх хоёр гэрээний үүрэгт 8,154,726,428 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд 1705/01 тоот гэрээний үүрэгт 67,838,369 төгрөг, алдангид 6,783,836 төгрөг бүгд 74,622,205 төгрөг гаргуулахаар, харин ШО-16-16 тоот гэрээний үнээс 4,911,192,375 төгрөг төлөгдсөн байгаа боловч төлбөрийн график зөрчсөн гэсэн үндэслэлээр төлөгдөөгүй төлбөрт 5,607,938,032 төгрөг, алданги 2,472,202,188 гаргуулна гэж гэрээний үүргийг хэсэгчилсэн байдлаар нэхэмжилсэн байна.

2.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан боловч мөн зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно гэжээ.

Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж заажээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 4.1.2-т 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг захиалагч гэж нэрлэжээ. Захиалагч этгээд нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмаар явуулахыг мөн хуулийн 7 дугаар зүйлд зохицуулжээ.

Хариуцагч Шивээ-Овоо ХК-нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар захиалагч этгээд болох тул хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу аливаа бараа үйлчилгээг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулах эрхтэй ажээ.

Дээрх худалдан авах ажиллагааг явуулахдаа, хариуцагч тендер шалгаруулалтын ямар журмыг баримталсан, (төрийн өмчийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлсэн) талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх боловч уг гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний үүргийг зохигч хэн аль нь харилцан шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл гэрээний хүчин төгөлдөр байдал нь гэрээний үүрэг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага болох алданги, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг шаардах эрхийг тодорхойлохоос гадна маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэхэд чухал үүрэгтэй болно.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, хэргийн нөхцөл байдалтай уялдуулан эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

3. Дээр заасан бараа худалдан авах ШО-16-16 тоот гэрээний 12-д алдангийг нийлүүлээгүй барааны болон хийгдээгүй төлбөрийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар тооцох, алдангийн нийт дүн гэрээний нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч энэ ШО-16-16 тоот гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргахдаа төлбөрийн зарим хэсэг графикийн дагуу төлөгдсөн, мөн хугацаа болоогүй төлбөр байгаа гэж тайлбарлан хугацаандаа төлөөгүй төлбөрийг хэсэгчилсэн дүнгээр 5,607,938,032 төгрөг гэж тооцон нэхэмжлэхдээ ноогдох алдангид 2,472,202,188 төгрөг гэжээ.

Гэрээний хавсралт нэгд зааснаар барааг ашиглалтад хүлээлгэн өгч акт үйлдсэн өдрөөс хойш 6 сарын дараагаас эхлэн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхэлнэ гэж талууд тохиролцжээ. Автосамосвал тус бүрийг хүлээлцсэн цаг хугацааг заасан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс төлбөр төлж эхлэх хугацааг тодорхойлох улмаар алдангийг тооцох хугацааны талаар тодорхой бус болжээ.

Хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд хариуцагч талаас автосамосвалыг ашиглалтанд хүлээлцсэн актыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй орхисон нь үндэслэл муутай, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан ...нэхэмжлэгч өөрийн нягтлан бодогчийн гарын үсэгтэй Тооцоо нийлсэн акт гэх нэг талын нотлох баримтыг шүүх хуралдаан дээр гарган, анх нэхэмжлэлд дурдсанаас огт өөр зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах алданги тооцсон цаг хугацааг өөр хоорондоо зөрүүтэй байдлаар тайлбарласан /нэхэмжлэгч төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн, гэрээ тус бүрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алдангийг хэрхэн тооцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг/-ыг давж заалдах шатны шүүх анхааралгүй.... гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2019/00124 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 216/МА2019/00013 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 7,608,476 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай. 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦОЛМОН

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Г.АЛТАНЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ