| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/02960/И |
| Дугаар | 101/ШШ2023/05687 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/05687
2023 12 20 101/ШШ2023/05687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 5 тоот хаягт оршин суух, ******* ******* /РД: *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт байрлах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд /РД: *******/ холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 2018 оны 11 сард жирэмсний амралтаа авсан ба 2021 оны 03 сарын 18-ны өдөр ажилдаа буцан орж Санхүү, аж ахуйн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн.
Тус төвийн захирлын 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/120 тоот тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор ажилласан.
Би 2022 оны 12 сараас биотехнологийн үйлдвэрийн нягтлан бодогчоор ажиллах саналаа тавьж байсан ба ******* захирлын дарамт шахалтаас болж 2022 оны 12 сарын 19-ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдөж, үйлдвэрийн нягтлан бодогчийн орон тоонд шилжүүлэн ажиллах өргөдөл бичиж өгсөн.
Миний бие 2022 оны 12 сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлаа гүйцэтгэсэн. Ингээд 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл бөөрний өвчний улмаас гэрээрээ эмчилгээ хийлгэн эмнэлгийн магадлагаатай байсан.
Мөн миний охин 2023 оны 01 сарын 21-нээс 25-ны өдөр хүртэл Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд олгой авахуулах мэс засалд орсон бөгөөд би охиноо сахин эмнэлэгт хэвтсэн.
Эмнэлгийн магадлагаа болон эмнэлэгт сахиур хийж байгаагаа удирдлагууддаа мэдэгдэн магадлагааны хугацаа дуусах хүртэл ажил гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэж байсан.
Гэтэл 2023 оны 01 сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан байсан ба би уг тушаалыг 2023 оны 01 сарын 26-ны өдөр гардан авсан.
Миний хувьд 2023 оны 01 сарын 28-ны өдрөөс 5 хоног БНХАУ-ын Хөх хотод эмчилгээнд явсан.
Би 2023 оны 01 сарын 21-ний өдөр шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн өргөдөл бичсэн болохоос чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Миний байгууллагад гаргаж байсан 3 өргөдлийг хариуцагч тал хэрэгт нотлох баримтаар өгсөн байна лээ.
Би 2022 оны 12 сарын 19-ний өдөр гаргасан өргөдлөө буцаан авья гэтэл ******* захирал зөвшөөрөөгүй. Миний хувьд 2023 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй, зохицъё, ажилдаа буцаад орьё гэсэн өргөдөл бичиж өгсөн ба надад 2023 оны 03 сарын 17-ны өдөр хариу өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т зааснаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь нийт 130 ажилтантай учир хуульд заасанчлан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой байх ёстой.
2023 оны 02 сарын 17-ны өдөр байгууллагад өргөдөл гаргаад хариу ирэхгүй болохоор 2023 оны 03 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хүлээн аваагүй.
Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговрыг гаргуулж өгнө үү. 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 19,498,424 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,595,082 төгрөг болно.
2022 оны 12 сарын 16-ны өдрөөс биотехнологийн үйлдвэрийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа ба бид хоёрын тушаалыг хооронд нь сольчих л асуудал шүү дээ. миний ажлыг авах бодолтой энэ ажилд орсныг би мэдсэн гэв.
Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус төвийн захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тоот тушаал дараах үндэслэлүүдээр гарсан.
Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байх бөгөөд Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасны дагуу НЭМҮТ-өөс 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 528 тоот албан бичгээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн Сангийн яамны 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 03/6494 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 05/12519 тоот албан бичгийг тус тус үндэслэн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан *******г Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилон ажиллуулсан.
Ахлах нягтлан бодогчоор томилогдсон ******* нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д зааснаар Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийн эрх, үүргийг тодорхойлсон 4 дэх хэсгийн 4.1.10-т зааснаар Дээд шатны төсвийн эрх захирагчид гаргаж өгөх бүх төрлийн мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд нь үнэн зөв гарган өгч байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг бүрэн, бодит мэдээллээр хангах, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 19-ний өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар баталсан Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.2 дахь хэсэгт заасан байгууллагын санхүүгийн тайлан болон хэрэгжиж буй төслийн тайланд аудитын шалгалт, дүгнэлт хийлгэх чиг үүрэгтэй ажиллаж байсан.
Үндэсний аудитын газраас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 07/1916 тоот албан бичгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэл аудит ХХК санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхээр шалгарсан тул тус компанитай гэрээ байгуулж 2022 оны санхүүгийн тайлангийн завсрын аудитыг эхлүүлэн хамтарч ажиллах тухай албан бичиг ирүүлсэн.
Уг албан бичгийн дагуу бүртгэл аудит ХХК-иас 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 02/108 тоот Санхүүгийн тайланд аудит хийх ажлын захидал хүргүүлэх тухай албан бичгийг тус төвийн ерөнхий захирал *******ы нэр дээр ирүүлсэн.
Мөн бүртгэл аудит ХХК-иас 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 02/111 тоот албан бичгээр тус төвийн дарга, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нарт аудитад шаардлагатай санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг холбогдох анхан шатны болон аудитад шаардлагатай баримт, материалуудын хамт 2022 оны 12 сарын 15-ны өдрийн дотор багтаан жагсаалтаар аудитад хүлээлгэн өгөх, аудитад шаардлагатай баримтын жагсаалт зэргийг 3 хавсралтын хамт ирүүлсэн.
Тухайн албан бичгээр бүртгэлт аудит ХХК нь 2022 оны 10, 11 сарын анхан шатны болон аудитад шаардлагатай баримт материалуудыг 12 сарын 15-ны дотор, 12 сарын анхан шатны болон аудитад шаардлагатай баримт материалуудыг 2023 оны 01 сарын 10-ны өдрийн дотор тус тус аудитын байгууллагад хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн.
Аудитад шаардлагатай дээр дурдсан баримтуудыг албан бичигт заасан хугацаанд буюу 2022 оны 12 сарын 15-ны дотор жагсаалтаар бэлтгэн хүргүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан ахлах нягтлан бодогч ******* нь 2022 оны 12 сарын 19-ний өдөр ажлын ачааллын улмаас гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж үйлдвэрийн нягтлан бодогчоор ажиллах хүсэлт гаргасан.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн бүтэц, орон тоо баталсан тоот тушаалын дагуу тус төвийн бүтцийн нэгж болох үйлдвэрт нягтлан бодогчийн орон тоо огт байхгүй бөгөөд байхгүй орон тоон дээр хүн томилж ажиллуулах боломжгүй гэдгийг ахлах нягтлан бодогчийн хувьд ******* мэдэж байсан.
Аудитад шаардлагатай баримт материалыг албан бичигт заасан хугацаанд хүргүүлээгүйн улмаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга, Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч нарт Аудитад шаардлагатай баримт материалыг үнэн зөв, бүрэн ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг бүртгэл аудит ХХК 2023 оны 01 сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн.
бүртгэл аудит ХХК нь манай байгууллагыг Төсвийн тухай хууль болон гэрээний үүргээ зөрчиж байгааг сануулж ахлах нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг тавьж байсан.
Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогч ******* аудитын байгууллагад шаардлагатай баримт материалыг албан бичигт заасан хугацаанд нэгтгэн хүргүүлээгүй, түүний энэ үйлдлээс болоод бүртгэл аудит ХХК манай байгууллагыг аудит хийлгэхээс зайлсхийж байна гэж үзнэ гэдгээ анхааруулсан.
Аудитад шаардлагатай баримт материалыг албан бичигт заасан хугацаанд нь нэгтгэн хүргүүлээгүй, удаа дараа хугацаа хожимдуулж байсан ахлах нягтлан бодогч ******* 2023 оны 01 сарын 21-ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба биеийн байдал зовуурь ихтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод байгааг мэдэгдэж байна гэсэн өргөдлийг өөрийн гараар бичиж ирүүлсэн.
Д.******* өөрийнх нь тодорхой шалтгаан заан ажил олгогчид ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдлийг нь үндэслэн түүнийг тус төвийн захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.
*******г өөрийнх нь гаргасан өргөдлийн дагуу ажлаас чөлөөлсөн тул ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэг-ээ ******* биелүүлээгүй, холбогдох ажилтнуудаар гарын үсэг зуруулан тойрох хуудас хүлээлгэн өгөөгүй. *******д ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон.
Д.******* 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 2023 оны 01 сарын 25-ны өдрүүдэд амбулаториор эмчлүүлсэн гэх эмнэлгийн хуудас тус төвд 2023 оны 01 сарын 26-ны өдөр цахимаар ирсэн тул тооцооллыг хийгээд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст илгээсэн.
Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тооцоог хянаад 2023 оны 02 сарын 08-ны өдөр ирүүлсэн ба улмаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын сангаас 2023 оны 02 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн 294,381 төгрөг орж ирсэн.
Төрийн сангаас 2023 оны 02 сарын 17-ны өдөр орлогын хуваарилалт хийгдэж гүйлгээ 2023 оны 02 сарын 20-ны өдөр Д.******* Хас банкны тоот дансанд 758,825 төгрөг шилжин орсон.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тоот тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох тул Д.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
******* ажиллаж байх хугацаандаа 2022 оны 11 сарын 24-ний өдрийн сүүл цалинг хугацаанд нь бодож олгоогүй тул түүнд тус төвийн захирлын 2022 оны 12 сарын 05-ны өдрийн Б/164 тоот тушаалаар ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн ******* нь 2022 оны 12 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 42 минутанд захирлын туслах руу ярьж тус төвийн захиралд 2022 оны 12 сарын 19-ний өдөр гаргасан өргөдлөө захирлын өрөөнөөс авахуулах шаардлага тавьсан тул мөн захирлын 2022 оны 12 сарын 27-ны өдрийн Б/179 тоот тушаалаар албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, 2018 оны 12 сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн тоот *******г туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2018 оны 10 сарын 10-ны өдрийн тоот *******г ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Мөн захирлын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн тоот *******г ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/120 тоот *******г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тоот *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 8542 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, Д.******* хүсэлтүүд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Д.******* ажил олгогчид 2023 оны 01 сарын 21, 2023 оны 02 сарын 17-ны өдрүүдэд гаргасан өргөдөл, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 1333 тоот хариу,
Д.******* Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 03 сарын 16-ны өдөр гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн шийдвэрийн хуулбар,
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот хороо байгуулах тухай тогтоолын хуулбар,
*******г 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 21, 21-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл хугацаагаар ажлаас чөлөөлсөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн эмнэлгийн магадлагаа,
******* нь 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл өвчтөн асрамжилсан тухай Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн эмчийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн эмнэлгийн магадлагаа,
Монгол шуудангийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн баримт, Д.******* Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны 08 сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл, өргөдөлдөө хавсаргасан цалингийн карт, Д.******* цахим хаягт хүргүүлж байсан цалингийн мэдээллүүд,
Д.******* ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол, өмгөөлөгч *******гийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны 12 сарын 18-ны өдөр хүргүүлсэн хүсэлт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн хариу албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбарууд,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 01 сард хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, Д.******* хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, дансны хуулга,
2022 оны 02 сарын 20-ны өдрийн төлбөрийн хүсэлт, цалин олгох хүснэгт, Санхүү, аж ахуйн хэлтсийн 2023 оны 01 сарын цагийн бүртгэлийн тооцоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргаанд Д.******* 2022 оны 12 сарын 19, 2023 оны 01 сарын 21, 2023 оны 02 сарын 17-ны өдрүүдэд гаргасан өргөдлүүд,
*******д 2023 оны 01 сарын 21-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаа олгосон тухай өрхийн эмнэлгийн эмчийн эмнэлгийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар,
Д.******* өргөдөлд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2023 оны 03 сарын 15-ны өдөр болон 2023 оны 03 сарын 17-ны өдөр өгсөн хариу,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний ерөнхий захирлын 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/120 тоот *******г шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 528 тоот *******г ахлах нягтлан бодогчоор ажиллуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх тухай,
Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт,
Сангийн яамны 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 03/6494 тоот *******г ахлах нягтлан бодогчоор ажиллуулахад татгалзах зүйлгүй гэх хариу албан бичиг,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 547 тоот нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай хүсэлт, Д.******* хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 05/12549 тоот хариу,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдын цалинг шинэчлэн батлах тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2022 ны 01 сарын 03-ны өдрийн тоот тушаал, 2022 оны цалингийн шинэчилсэн жагсаалт,
Үндэсний аудитын газрын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 07/1916 тоот бүртгэл аудит ХХК-тай гэрээ байгуулан 2022 оны санхүүгийн тайлангийн завсрын аудит хийлгэх тухай албан бичиг,
бүртгэл аудит ХХК-ийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 02/108 тоот санхүүгийн тайланд аудит хийх ажлын захидал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлсэн тухай,
бүртгэл аудит ХХК-ийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хүргүүлсэн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 02/111тоот аудитад шаардлагатай баримт материал ирүүлэх тухай мэдэгдэл, ирүүлэх баримтуудын жагсаалтын хамт,
бүртгэл аудит ХХК-ийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлсэн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн тоот аудитад шаардлагатай баримт материал ирүүлэх тухай мэдэгдэл, ирүүлэх баримтуудын жагсаалтын хамт,
2022 оны 12 сарын 05-ны өдрийн Б/164 тоот *******д нийт ажилчин, албан хаагчдын 2022 оны 11 сарын 24-ний өдрийн сүүл цалинг хугацаанд нь бодож олгоогүй үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай,
2022 оны 12 сарын 27-ны өдрийн Б/179 тоот ******* 2022 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 42 минутанд захирлын туслахад хууль бус шаардлага тавьсан үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалуудын хуулбарууд, 2023 оны 11 сарын 23-ны өдөр ажилласан хугацааны цалин олгосон баримтууд зэргийг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн тоот тушаалаар Санхүү, аж ахуйн хэлтэст тооцооны нягтлан бодогчоор 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс туршилтын 2 сарын хугацаагаар, 2018 оны 10 сарын 10-ны өдрийн тоот тушаалаар мөн өдрөөс нь Санхүү, аж ахуйн хэлтэст тооцооны нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар тус тус ажиллажээ.
******* нь 2018 оны 11 сард жирэмсний амралтаа авч 2021 оны 03 сарын 18-ны өдөр ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу төвийн захирлын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн тоот тушаалын дагуу тэрээр санхүү, аж ахуйн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн ажлаа үргэлжлүүлэн эрхэлсэн,
Мөн төвийн захирлын 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/120 тоот тушаалаар *******г уг өдрөөс нь санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилсон нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаалуудын хуулбарууд болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 8-15,74-81, 151-152, 155-157 дугаар тал/
Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогч ******* нь 2022 оны 12 сарын 19-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиралд Миний бие ******* тус төвд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа бөгөөд ажлын ачааллын улмаас цаашид өөрийн хүсэлтээр үйлдвэрийн нягтлан бодогчоор шилжин ажиллах хүсэлтэй гэсэн өргөдлийг гаргажээ.
Тэрээр дээрх өргөдлийг тус төвийн захирал *******ы дарамт шахалтын улмаас бичсэн гэж тайлбарласан ба 2023 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн ажлаа эрхэлсэн хэмээн тайлбарлалаа.
/ХХ-ийн 132 дугаар тал/
Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогч ******* нь 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 21, 2023 оны 01 сарын 21-ний өдрөөс 26-ны өдөр хүртэл хугацаанд өрхийн эмнэлгийн эмчийн магадлагааны дагуу ажлаас чөлөөлөгдөн гэрээрээ эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарласан ба энэ нь эмнэлгийн магадлагаанд тусгагджээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн магадлагаанд ******* 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл өвчтөн асрамжилсан гэжээ.
/ХХ-ийн 21-22, 82-83, 134-137, 196-198 дугаар тал/
******* 2023 оны 01 сарын 21-ний өдөр байгууллагын захиргаанд:
Миний бие ******* 2022 оны 12 сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6-г үндэслэн ахлах нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлж үйлдвэрийн нягтлан бодогчийн орон тоонд шилжүүлэн ажиллуулахыг харилцан тохиролцсоны үндсэн дээр өргөдөл бичиж өгсөн билээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.4, 100.1-т заасны дагуу 2023.01.16-наас 21 хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан билээ. Эмчийн үзлэг, шинжилгээний хариунаас шалтгаалж энэхүү эмнэлгийн магадлагааны хугацаа сунгагдаж 2023.01.21-нээс 26 хүртэл болсон болно.
Миний охин 2023 оны 01 сарын 21-ний өдөр ЭХЭМШТ-д олгой авахуулах мэс засалд орсон бөгөөд миний бие охиноо сахин эмнэлэгт хэвтэж байна.
Мөн миний биеийн байдал зовуурь ихтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг миний бие хийж гүйцэтгэх боломжгүй болоод байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн өргөдөл гаргасан байна.
Хэргийн 20 дугаар тал дахь 2023.01.21-ний өдөр байгууллагад гаргасан өргөдлийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дахин бичиж нэхэмжлэлд хавсаргасан, мөн түүний байгууллагадаа гаргаж байсан өргөдлүүдийг хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн хэмээн ******* хуралдаанд тайлбарласан болно.
/ХХ-ийн 133 дугаар тал/
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2.1 дэх заалт, Д.******* хүсэлтийг үндэслэн:
Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогч *******г 2023 оны 01 сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөн, ажил хүлээлцэх, холбогдох тооцоог хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
/ХХ-ийн 16-17, 110-129 дүгээр тал/
Нэхэмжлэгч ******* түүнийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэх 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тоот тушаалыг 2023 оны 01 сарын 26-ны өдөр гардан авсан тухайгаа тайлбарлалаа.
Тэрээр уг тушаалыг гардан авсны дараагаар 2023 оны 01 сарын 28-ны өдрөөс 5 хоног БНХАУ-ын Хөх хотод эмчилгээнд явсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
******* 2023 оны 02 сарын 17-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиралд гаргасан өргөдөлдөө:
... 2022.12.19-ний өдөр ... ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, үйлдвэрийн нягтлан бодогчийн ажилд шилжүүлэн ажиллуулахыг харилцан тохиролцсоны үндсэн дээр өргөдөл бичиж өгсөн.
... Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны дагуу энэ талаарх мэдээллийг үндэслэн холбогдох баримтын хамт Монгол шуудангаар хүргүүлсэн. Миний бие таныг уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.10 заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.
... Иймд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэж холбогдох байгууллага, шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болохоо мэдэгдэж байна гэжээ.
/ХХ-ийн 139 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн тушаалыг 2023 оны 01 сарын 26-ны өдөр гардан авч 2023 оны 03 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасныг 2023 оны 04 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзжээ.
Мөн тэрээр тус шүүхэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан 2023 оны 03 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 8542 дугаар шүүгчийн захирамжаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан эсэх нь тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба энэ нь шүүхийн бүртгэлийн 2014 нэгдсэн системд бүртгэгджээ.
/ХХ-ийн 3-5, 28-29 дүгээр тал/
Д.******* 2023 оны 02 сарын 17-ны өдөр төвийн захиралд гаргасан өргөдөл нь хөдөлмөрлөх эрхтэйгээ холбоотой холбогдох байгууллага, шүүхэд хандахаа мэдэгдсэн ба тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж буй тохиолдолд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаагүй, 2023 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 1-2, 32 дугаар тал/
Ажилтан ******* байгууллагын удирдлагад 2022 оны 12 сарын 19-ний өдөр гаргасан өргөдлөө төвийн захирал *******ы дарамт шахалтаас болж бичсэн гэж тайлбарласан атлаа 2023 оны 01 сарын 21, 2023 оны 02 сарын 17-ны өдрүүдэд гаргасан өргөдлүүддээ 2022.12.19-ний өдрийн өргөдлийг харилцан тохиролцон бичсэн хэмээн зөрүүтэй тайлбарлаж байна.
Тэрээр 2023 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан өргөдлөө ажлаас чөлөөлөх талаар бичээгүй, шилжүүлэн ажиллуулах хүсэлт гаргасан гэж тайлбарласан ба уг өдрийн өргөдөлд ямар албан тушаалд шилжин ажиллах талаар тусгагдаагүй бөгөөд өөрийн тухайн үеийн хүсэл зоригт нийцүүлэн ажил олгогчид урьд гаргаж байсан өргөдлөө агуулгаас нь өөрөөр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.
Мөн ******* биеийн байдал зовуурь их, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байгууллагын хугацаатай тайлан, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг хийх боломжгүйгээ мэдэгджээ.
Дээрхи байдлууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 54.1.1-т ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн,
60 дугаар зүйлийн 60.1-т .Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 60.1.10-т ажилтан энэ хуульд заасан үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нөхцөл арилах хүртэл хугацаагаар гэж заасан заалтад хамаарахгүй.
Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.5-д Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно, 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Д.******* Хас банк дах тоот дансанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 758,825 төгрөг 2023 оны 02 сарын 20-ны өдөр, ээлжийн амралтын олговрын зөрүү 647,315 төгрөг тус тус шилжин орсон нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч байгууллагын 2023 оны 03 сарын 15, 17-ны өдрүүдийн хариу албан бичгүүдээр тогтоогдсон болно.
/ХХ-ийн 27,140, 143-144, 177, 200-202 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан,
127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай Д.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.2-т зааснаар ахлах нягтлан бодогч нь байгууллагын санхүүгийн тайлан болон хэрэгжиж байгаа төслийн тайланд аудитын шалгалт хийлгэх, дүгнэлт хийлгэх чиг үүргийг хэрэгжүүлэх, хянах, хариуцан гүйцэтгэх ба ******* нь уг үүргээ гүйцэтгээгүй.
Хариуцагч байгууллагын 2022 оны санхүүгийн тайланд аудит хийх бүртгэл аудит ХХК-д 2022 оны 10, 11 сарын анхан шатны болон аудит хийх шаардлагатай баримт материалуудыг 2022 оны 12 сарын 15-ны дотор, 12сарын анхан шатны болон аудитад шаардлагатай баримт материалуудыг 2023 оны 01 сарын 10-ны дотор аудитад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын ачааллын улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, түүний үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн хэмээн хариуцагч тал тайлбарласныг дурдлаа.
/ХХ-ийн 153-154, 165-176, 192-194 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай Д.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч ******* тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
|
|