Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0011

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                         Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              И.А

Хохирогч                                                         Б.М

Хохирогчийн өмгөөлөгч                              М.М

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.А, хохирогч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт Г-н Б,

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж         аймаг      суманд Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн өмнөх зээлийн үлдэгдэл 15.200.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна гэж Ш Б гэх Голомт банкны данснаас 14.490.000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны дансаар шилжүүлсэн авсан, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.Мын Хаан банкны данснаас Г.Бийн Капитрон банкны дансанд 700.000 төгрөгийг шилжүүлж авсан, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна гэж Б.Мыг хуурч 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан, 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө гэж хуурч 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны         дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 16.990.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

   Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч М овогт Г-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар         аймаг         сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийн хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бээс 16 990 000 төгрөгийг гаргуулж аймгийн  сумын  баг        тоотод оршин суух, хохирогч Б.Мд олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

             Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.А давж заалдах гомдолдоо:

 

...Г.Бт хариуцлага ноогдуулахдаа шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ. Тэгвэл хүндрүүлэх үндэслэл, дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хуулийн 17.3-1-д заасан хамгийн дээд хэмжээ 3 жилийн хорих ял оногдуулж тултал өгсөн нь ойлгомжгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх зөрүүтэй байдал бий болгосон нь давж заалдах шатны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот магадлалын заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Ял шийтгэлийг хүндрүүлэх тохиолдолд хорих ялын дээд хэмжээг өгөхдөө биш урьд нь өгч байсан ялын хэмжээг ихэсгэх, өөр төрлийн ялыг хэргийн нөхцөл байдалд тохируулан нэмэгдүүлэх олон сонголт байгааг шүүх анхаарсангүй. /шүүхийн 270 тоот тогтоол, 16 тоот магадлалаас харагдана. Хх-41 2, 161-171 2/

Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хуульд нь ч тодорхой байдаг. Г.Б нь 1-16 насны 4 хүүхэдтэй хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүүхдээ асраад ажилгүй байгаа, Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан хүн ч хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүрэгтэй нь ойлгогдоно.

Цаана нь нялх хүүхдийн эрх хөндөгдөх, эх үрийг хагацуулахгүй байх бодлого байгаа. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулах заалт байхаас гадна дараа нь өршөөлд хамруулж болохоор байхад нэг талыг барьж хууль хэрэглээ дээр ташаа хандсан. /хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар хх-209-210I

Хэргийн материалаас үзэхэд хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан зүйл байдаг. Энэ нь хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийн нэг юм. Үүнд:

а. Хохирогч гэх Б.М нь хүнд залилуулах төөрөгдөлд орох гэнэн насны хүн биш, хуулийн мэдлэг мэргэжилтэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ялтангуудыг хүмүүжүүлдэг, Г.Бийг фейсбүүкээр хайж айлгах юм бичиж чи над дээр удахгүй ирнэ гэхчлэн хандаж буй нь хүнд залилуулах, хууртагдах биш гэдэг нь харагдана. /фейсбүүкт тавьсан материал, бичсэн мессеж хх- 5, 142 2/

б. Олон хүнд мөнгө хүүтэй зээлж орлогын эх үүсвэрээ болгодог нь хавтаст хэрэгт байгаа Б.Мын дансны хуулгаас мэдэгдэнэ./хх-24-31 1/

Жишээ татахад Т гэх ч зээлийн буцаалт болгон их хэмжээний мөнгийг Б.Мын данс руу хийсэн байдаг.

Г.Бт гэхэд 1 жилийн хугацаанд 37 сая төгрөг зээлүүлээд хүүд 23 сая төгрөг тооцож 60 сая төгрөг болгон хүү нь 60 гаруй хувиар өсгөж авсан нь банкны хуулгаар нотлогдоно. /хх- 51-68 1/

в. Төрийн тусгай ажилтан Б.М багшлах эрдэм шинжилгээний ажил хийх болохоос биш өөрийн болон бусдын мөнгийг өндөр хүүтэй зээлүүлж орлогын эх үүсвэрээ болгодог зүй бус үйлдэл гаргасан байдаг.

Хохирогч гэх нь Г.Бт дахин өндөр хүү авахын тулд сайн дураараа хүсэж зээлдүүлсэн нь бусдын мөнгийг хүүтэй өгөх сонирхолдоо хөтлөгдөн 6-8 удаагийн гүйлгээ хийж, урдах 15 сая төгрөгөө аваагүй байж дахин дахин мөнгө өгөөд байгаа үйлдлээр илэрнэ. Түүнийг шахаж шаардаж дарамтад оруулсан зүйл тогтоогддоггүй. /хх 13-18 1/

г. 2020 оны 03 дугаар сарын 13-нд 15 сая төгрөгийг зээлэхдээ Б.М ямар ч гэрээ бичиг баримтгүйгээр, хүүгүй, ямар ч ашиггүй ах дүүдээ өгч буй мэтээр Г.Бт өгнө гэх нь ойлгомжгүй юм. Г.Б зээлийн гэрээ хийсэн, хүүтэй байсан, гэрээний хувийг надад өгөөгүй, хэрэгтэн болгохын тулд гэрээгээ гаргаж өгөхгүй гэрээ огт хийгээгүй гэж гүтгээд байгаа гэдгээ хэлдэг.

Мөрдөн шалгах явцад эрүүгийн болон иргэний хэрэгт зээлийн гэрээ бичгээр хийж байсан эсэхийг шалгаагүй, нягтлаагүй нь түүнийг буруутгахад хүргэсэн. Б.М гэрээ хийсэн эсэхийг мэдэхийн тулд Г.Бийн шүүхэд нэхэмжлэл гаргаад түдгэлзүүлсэн хэргийг шийдсэний дараа эрүүгийн хэргийг шийдсэн бол байдал өөрөөр харагдах байсан.

Тухайлбал Б.М 60 сая болгож өсгөж авсан мөнгөндөө үнэхээр зээлийн гэрээгүйгээр мөнгө зээлдэг байсан бол хүү гэх 23 сая төгрөгийг Г.Бт буцаан олгогдох байдал харагдаж байна.

Иймд хүү гэж авсан 23 сая төгрөгөө буцаан өгөхгүйн тулд Б.М зээлийн гэрээнүүдээ гаргах ёстой гэж дүгнэн үзэж байгаа болно.

Жич: Г.Б иргэний хэрэгтээ тооцоо хийгээгүй банкны хуулгаа хараагүйгээс болж бага мөнгө нэхэмжилсэн байдаг. Одоо мэдээж нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлнэ гэдэг. Б.Мын хүнд итгээд хууртаад гэрээгүй, хүүгүй мөнгө өгдөг хүн биш нь энэ иргэний зээлийн харьцаанаас илрэх болно. /хх-105-106 1/

д. Б.М нь хохирогч биш гэх үндэслэл байдаг. Зээлсэн 15.0 сая төгрөг нь Мынх биш Ш-н Б гэдэг хүний данснаас 6 удаа шилжсэн байдаг. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хэн болох нь тодорхойгүй, Б.М бусдын мөнгийг зуучилсан болохоос хохирогч гэх нь эргэлзээтэй байдаг нь хэрэг холбогдлыг үгүйсгэх үндэслэл юм.

Хэрэг холбогдлыг үгүйсгэж буй үйл баримтын талаар. Үүнд:

Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэхээс илүүтэй 37 сая төгрөгийг 60 сая болгож өгсөн нотлох баримт байхад 15 сая төгрөгийг буцаан өгөхгүй гэх ойлгомжгүй бөгөөд өмнөх зээлийн харилцааны үргэлжлэл байсан гэх үндэслэлтэй.

Харин мөнгийг удаадаг болохоос биш өсгөж өгдөг, хугацааг алдаж удааж байгаа шалтгааныг дурдвал хувийн болон нийгмийн бодит нөхцөл байдал нөлөөлснийг авч үзэх ёстой. Тухайн цаг үед Г.Б жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн ажил орлогогүй болсон, Ковид гарч хөл хорионд орсон иргэдэд мөнгө хүртэл төрөөс өгөхөд хүрсэн түүнчлэн цар тахалтай холбогдуулж өршөөлийн хууль хүртэл гаргаж байгаа зайлшгүй зүйлүүдийг анхаарсангүй. /хх- 28-42, 45-49, 50-87, 88 1 дүгээр хавтас/

б.Залилах гэмт хэргийн шинжийн нэг бол мөнгө эд зүйлсийг өөрийн эзэмшилдээ буцааж өгөх бодолгүйгээр оруулах гэтэл Г. Б буцааж өгөхгүй гэх санаа байгаагүй хашаа байшинг ав гэсэн байдаг. Хохирогч нь үнэтэй байна гээд аваагүй Г.Б гэрчээс авахуулаад яллагчаар татагдах хүртэл мөнгийг авсан нь үнэн юм мөнгийг нь өгнө, эд зүйлсээ зараад ч өгнө гэх мэдүүлгээр бүр авна гэсэн санааг үгүйсгэж байгаа юм. Нөгөөтээгүүр энэ хэрэг иргэний шүүхээр хялбаршуулан ийм их хүндрэл учрах асуудалгүй хялбархан шийдэгдэх зүйл байсныг дурдах нь зүйтэй юм.

Залилах гэмт хэргийн шинжийн нэг болох шунахай сэдэлт, шууд санаа нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэнэ. Үүнд:

Залилах мэргэжилтэн юм бол тэдний иргэний харилцаа гэж үзээд байгаа 37 сая төгрөгийг эхнээсээ өгөх бус залилах боломж байсан. Хүний мөнгийг өсгөж өгдөг сайн үйл хийдэг өрөвч, өгөөмөр залилагч гэж байхгүй байх.

Тодруулбал: 2019 оны 03 дугаар сараас 2020 ооны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Г.Б 18 удаагийн үйлдлээр 37 сая төгрөгийг зээлэн авч 14 удаагийн үйлдлээр 23 сая төгрөгийн хүүгийн хамт 60 сая төгрөг болгон өгсөн. Г.М энэ талын тооцоон дээр огт маргадаггүй. /хохирогч, шүүгдэгч нарын банкны хуулга, тэдний дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө тушаасан баримт, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр гаргасан шүүгдэгчийн хүсэлт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд гаргасан захирамж зэргээс харагдана./хх-7, 121-123/

б. Г.Б 2020 оны 03 дугаар сарын 05-нд 200.000 төгрөг хх-38

2020 оны 03 дугаар сарын 09-нд 2.135.000 төгрөг /хх-38

2020 оны 03 дугаар сарын 12-нд 2.335.100 төгрөг /хх-63/ нийт 4.0 сая гаруй төгрөг өгч урьдах иргэний харилцаа гэх зээлийн үлдэгдлийг өгч дууссаны 1 өдрийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 13-нд 15 сая төгрөгийг зээлсэн нь цаг хугацааны хувьд ч өмнөх харилцааны үргэлжлэл гэж үзэх бөгөөд тооцооны хувьд ч залилсан гэх мөнгөний гуравны нэгийг урьдчилан өгчихөөд залилан хийдэг ашиг гаргадаггүй тооцоогүй, залилагч гэж баймааргүй юм. /хх-38 1/

Нөгөө талаар Г.Б 2020 оны 03 дугаар сарын 13-нд хэрэг үйлдэгдсэнээс хойш

2020 оны 04 дүгээр сарын 06-нд 250 мянган төгрөг /хх-39, 81, 31/

2020 оны 05 дугаар сарын 04-нд 30 мянган төгрөг /хх -84/

2020 оны 05 дугаар сарын 20-нд 250 мянган төгрөг /2 хавтас 124, 138, 139, 141/ нийт 780.000 төгрөг Б.Мд өгсөн байдаг нь гэмт санааг үгүйсгэж байна.

Залилах гэсэн юм бол энэ дээрх мөнгийг өгөөд байх шаардлага огт байхгүй байсан. Дээр дурдсан тов тодорхой үйл баримтууд нь гэмт санааг үгүйсгэх нотолгооны нэг.

г.Г.Б нялх хүүхэдтэйгээс гадна сургуулийн насны 3 хүүхэдтэй болохоор олдохгүй, алга болохгүй, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг нь тодорхой, гэр бүл нь ажил гэрийн хаягтай байдаг хамар дороос гарч чадахгүй хүн залилан хийх боломжгүй харин ч урьдах алдаан дээр сурч засрах болохоос өмнөх алдаа дутагдал дээр нь харлуулах гэж хандах нь зохисгүй хүнлэг бус юм.

Г.Б бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж хугацаандаа өгч чадахгүй алдаа гаргадаг болохоос хүний мөнгийг өсгөн өгч байгаад өөрөө хоосроход хүрсэн гэж үзэхээр байдаг. Ажилдаа орвол Г.Б дээрх мөнгийг хэдхэн сарын дотор төлчихнө гэдэг. /209-210/

Худал хэлж бодит байдлыг нуусан тухай гэвэл:

Хохирогчоос капитрон банкнаас зээл авах гэсэн юм өмнөх зээлээ төлөөд ав гэж 15 сая төгрөгийг авахдаа худлаа хэлсэн гэдэг. /хх-5/

Г.Б капитрон банкнаас зээл авах гэж явсан асуудал байдаг. Энэ нь худлаа биш. Гэвч банкнаас жирэмсэн хүнд цалингийн зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Дүүгээ батлан даагчаар оруулах гэсэн явдал нь үнэн. Нэгэнт зээл олгохгүй болохоор батлан даагчийн шаардлага байхгүй. 1сая 500 мянган төгрөг зээлээд дүүгийнхээ утсыг чөлөөлсөн нь үнэн.

Энд буруудаад байх зүйл юу ч байхгүй. Худал хэлсэн гэдгийг ямар утгаар яаж ойлгоод байгаа нь ойлгомжгүй байгаа. Үүнийг нь шалгаж тодруулаагүй байж баримтгүй хандсан хэргийн бүрдэл дутуу. Зөвхөн хохирогчийн ярьсан яриаг үнэн гэж үзээд байгаа нь буруу билээ.

Г.Бийг буруутгах гээд байгаа юмны нэг нь зээлийг эрүүгийн хэргийн хохиролд өгсөн гэдэг. Хүнд чинь бусдад хэлээд дэлгээд баймааргүй зүйлийг үгүйсгэх аргагүйг анхаарах нь зүйтэй.

Нэр төр гэдэг ч юм уу, дотно танил зээлдэгчээс санаа зовсон, ичиж эмээсэн явдал гаргаж өмнөх зээлээ төлнө гэж ташаа хэлсэн болохоос мөнгийг бүр мөсөн авна, огт өгөхгүй гэсэн хэрэг бишийг ялган үзэх хэрэгтэй байсан. 15 сая төгрөгийг нэн тэргүүний хэрэгцээт зүйлдээ зарцуулсан байдаг, хохирлыг төлж хор уршгийг арилгах нь муу үйл ердөө биш, залилагч шиг тансаглаж, зугаа цэнгэл хөөцөлдөж үрэн таран хийсэн бол өөр хэрэг. Зээлийг авахдаа бус өгөх сэтгэл санаатай эсэхийг нягтлан тогтоох ёстой.

Хохирогч хүртэл худал мэдүүлэг өгч болохгүй талаар хууль сануулаад байхад гэмт хэрэг шиг болгохын тулд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нөхрийн хамаатнуудаар дамжуулан танилцсан.

Г.Б гэх эмэгтэй ... гэхчлэн огт мэдэхгүй, танихгүй хүн шиг мэдүүлсэн байдаг. / хх-7/

Гэтэл тэр өдөр биш Г. Бтэй 2018 онд танилцаж дотно болоод мөнгө хүртэл зээлдэг нэг хэрэглэгчтэй болсон үйл баримтаар худал мэдүүлэг нь үгүйсгэгдэнэ.

Г.Мын дээр хэлсэн мэдүүлэг нь Г.Бийг ‘шалгаж үзэх ноцтой үг байсан. Холбогдогч бодлоо ташаа зөрүү хэлбэл гэмт хэрэг болдог, хохирогч хууль сануулаад байхад худал хэлдэг нь ердийн үзэгдэл байх нь шударга ёсонд нийцэхгүй.

Г.Бийн өсгөж олж өгсөн мөнгийг баярлаад авах болохоос чи худал хэлж хуурч олсон байх авахгүй гэх үг Б.Мын амнаас гарахгүй нь тов тодорхой. Үүнтэй утга үйлдэл адил болсон. /хх-7 1/

Харин аав нас барчихлаа гэж худал хэлсэн асуудал дээр шалгахыг үгүйсгэхгүй. Буруутай зүйл хэлсэн ч гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр авсан 300.000 төгрөгөөс 280.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 04-өөс 10-ны хооронд өгсөн баримтаас үзэхэд залилан мэхлэх санаа үгүй юм байна гэж үзэхэд хүргэж байгаа.

Б.М болохоор дээрх мөнгийг иргэний харилцааны журмаар өгсөн мөнгө гэдэг ч иргэний шүүхээр шийдүүлсэн баримт байдаггүй.

Өөрөө дур мэдээд өгөөгүй мөнгийг гэмт хэрэг гэж үзэж өгсөн мөнгийг иргэний харилцаа гэж нэг талыг барьж, ер нь хэргийг хэлбэр талаас хандсан.

Нэгэнт хэрэг маргаанаа иргэний шүүхээр шийдүүлээгүй болохоор Г.Б өгсөн 280.000 төгрөгөө эрүүгийн хэргийн хохиролд тооцуулах нь буруу биш. /хх-86 1, 124 2/

Г.Бийн өмгөөлөгчийн хувьд өмөөрөх гэсэндээ бус шалгавал зохих зүйлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн бүрдэл дутуу гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй гэж үзээд байгаа маань мундагтаа биш үйл баримт, банкны хуулгуудад тулгуурласны зэрэгцээ халуун тогоонд нь хэргийг шалгаж нотлох баримтыг цуглуулж нүүр тулан байцааж байсан мөрдөгчийн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан санал, цагдаагийн газраас Г.Мд өгсөн өргөдлийн хариу, өмнөх шүүх хуралд нь эрүүгийн хэрэг биш гэж оролцож байсан өмгөөлөгчийн байр суурьтай адил бөгөөд тулж биш цаасан дээр ажиллаж байгаа болохоор Г.Бийн шударга шүүхэд хүргэх төдийхөн, хохирогчтой ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй болно.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл, хохирогч эсэх нь эргэлзээтэй байгаа байдал хэргийн шинжийн нэг болох шунахай сэдэл шууд санаа нь тогтоогдохгүй байгаа зэрэг байдлуудыг харгалзан Г.Бийн хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож 270 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо:

... Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар       аймаг          сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн.

 Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон боловч эрүүгийн хариуцлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт буюу түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Үүний учир нь:

Шүүгдэгч Г.Б нь намайг цагдаагийн газар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргаснаас хойш огт хохирол төлбөрөөсөө төлөөгүй бөгөөд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй.

Харин надаас мөнгө авах ёстой хэмээн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг ба 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаан дээр надаас мөнгө авах ёстой би залилан мэхлэх гэмт хэрэг огт үйлдээгүй, хохирол төлбөр төлөхгүй гэж намайг худлаа хэлж түүнийг гүтгэсэн мэт гүжирдээд зогсож байсан.

Анхан шатны шүүх түүний хэргийг шийдвэрлэж гэм буруутайд тооцсон шийдвэр гарчихсан байхад огт хохирол төлбөрөө төлөхгүй байгаагаас үзвэл тэрээр гэм буруугийн хурал дээр мөнгө төлөхгүй би гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлж байсан байр суурин дээрээ бат итгэлтэй байгааг харуулж байна.

Хэргийн 162-165 дахь талд гэмт хэрэг, зөрчлийн талаарх лавлагаа авагдсан байдаг. Энэхүү лавлагаанд “...2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 00 хооронд Товч утга: Г.Б нь 1 015 860 төгрөгийн бараа аваад тооцоогоо хийлгүй алга болсон, Анхаарах зүйлс: ... зальтай ... “....2016 оны 09 дүгээр сарын 23-ны 18:42 хооронд: Товч утга: Г.Б нь 2015 оны 04- дүгээр сарын 07-ны өдөр 1.200.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 ооны 05 дугаар сарын 28-ны өдөр 600 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулан Р.Х-с зээлсэн боловч зээлсэн мөнгөө заасан хугацаанд өгөлгүй алга болсон ... ”, “      аймгийн      сумын     багийн     оршин суух хаягтай Г.А-с 2018 оны 04 дүгээр сарын 06-аас 2018 оны 05 дугаар сарын 09-ний хооронд зүс таних 2 эмэгтэй Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж 10 удаагийн нийт 9 275 000 төгрөг залилж авсан ...”, “... Б Н нар 12.500.000 төгрөг залилсан байна....” гэх мэдээллүүд туссан байдаг.

Үүнээс үзвэл шүүгдэгч Г.Б нь дандаа л мөнгө төгрөг хүнээс аваад өгдөггүй зантай, заримдаа худал хэлж залилах аргаар бусадтай бүлэглэн болон бусдыг хохироож сурсан болох нь тогтоогдсон.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн             дугаартай шийтгэх тогтоолоор мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож улмаар торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял хэргийн 128 дахь хуудсанд авагдсан “мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт”-оор нотлогддог.

Үүнээс үзвэл тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсан ба дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байгааг анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үзээгүй.

Дээр дурдсан гэмт хэрэгт хохирогчоор Ш.А гэх хүн оролцсон байдаг ба намайг залилан мэхэлж авсан мөнгөө өмнөх үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийнхээ хохирлыг төлсөн болох хэргийн 103 дахь хуудсанд авагдсан гэрч Ш.А-н мэдүүлэг 121-124 дэх хуудсанд авагдсан.

Г.Бийн өөрийнх нь мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Намайг залилахдаа өмнө үйлдсэн залилах гэмт хэргийн хохирлыг төлөх зорилготойгоор залилсан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго хэрэгжээгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн        дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Г.Б нь 2015 оны 04 дүгээр сард           аймгийн     сум           багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” хүнсний дэлгүүрийг худалдаж авна гэж Б.А-г хуурч мэхлэн 237.000 төгрөгийн тамхи, дэлгүүрийн үлдэгдэл бараа, 1 сая төгрөг, Хас банкнаас зээл авахаар 37 сая төгрөг байршуулчихсан нэмж 11 сая төгрөг байршуулчихвал төлөлт бага гаргах гээд байна гэж 10 сая төгрөг тус тус авч нийт 11 237 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байдаг.

Энэхүү хэрэгтээ өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар өршөөгдөж хэрэг нь хэрэгсэхгүй болсон.

2015 онд үйлдсэн дээрх хэрэгтээ Өршөөгдсөн атлаа дахин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана өршөөгдөж байгаа нь түүнийг Өршөөлийн хуулиас Өршөөлийн хуулийн хооронд гэмт хэрэг үйлдэж амьдардаг болох нь харагдаж байна.

Мөн нөгөөтээгүүр залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж бусдыг хохироож явдаг байдал нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгодог байж болзошгүй нөхцөл байдалд хамаарахаар байгаа юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлал, зорилт нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солиход чиглэгддэг.

Гэтэл Г.Б нь 2015, 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдаж 2 удаа өршөөгдөж байгаа нь Эрүүгийн хуулийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, 5.1 дүгээр зүйлийн 1 Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ

Хохирогч Б.М тайлбартаа:

... Г.Бт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Г.Б нь залилан мэхлэх гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаа бөгөөд надад учруулсан хохирол төлбөрөөсөө огт төлөлгүйгээр өдийг хүрсэн. Г.Б нь бага насны хүүхэдтэй гэж шүүгдэгч талаас ярьдаг хохирогч миний бие ч гэсэн бага насны 3 хүүхэдтэй /0-12 насны/ бөгөөд төрөөд 7 хонож байхдаа шүүх танхимыг хүндэтгэж шүүх хуралд ирж байсан. Түүнд алдсан мөнгөө цалингийн зээлээ дээд хэмжээгээр авч төлж барагдуулсан бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул ажил хөдөлмөр хийлгүй гэртээ сууж санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Харин Г.Б нь “Э” үйлдвэрт ажилладаг бөгөөд сард 500 000 төгрөг авдаг боловч энэ хугацаанд надад 5 төгрөг ч өгөөгүй. Иймд Г.Бт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөдсөн гэж үзэж байгаа

Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг миний буруутай үйлдлээс болсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гүжирдэж байгаад маш их гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг уншиж үзэхэд намайг сайн дураараа мөнгө удаа дараа өгсөн, мөнгө хүүлсэн, гэнэн насны хүн биш, хуулийн мэдлэг мэргэжилтэй гэж буруутгасан байна. Миний мэргэжил.боловсрол, дансны мэдээлэл зэргийг гуйвуулан тайлбарлаж гэмт хэрэгт хохирсон намайг буруутгаж байгаа нь шүүгдэгч Г.Бийн намайг залилсан үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй юм. Би түүнд итгэж хууртсан нь миний буруу мэтээр хандаж байгаад би маш их гомдолтой байна. Түүнд хэрхэн хууртсан талаар мөрдөн Г.Бийн ятгасан гуйсан мессеж нотлох баримтаар орсон байгаа. Шүүгдэгч Г.Б нь надад худлаа хэлж хуурахгүй бол мөнгө өгөхгүй байх гэж бодсон гэдэг агуулгатай мэдүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр ярьсан. Гэтэл түүний өмгөөлөгчөөс хуурч мэхлээгүй, залилаагүй гэх гомдол гаргаж байгаа нь Г.Бийн үнэнээ хэлсэн мэдүүлэгтэй зөрүүтэй харагдаж байна.

Би Г.Б рүү фейсбүүкээр “чи над дээр удахгүй ирнэ” гэж огт бичээгүй. Харин мөнгөө нэхэж бичсэн. Ингэж бичихдээ өөрөөс нь зөвшөөрөл авсан. Энэ нь бид 2-ын чаталсан чатанд байгаа Г.Б нь тэг тэг чи явдаг авдаг газраараа яв гэсэн утгатай бичсэн байгаа.

Гэтэл түүний өмгөөлөгч намайг фейсбүүкээр тэгж бичсэн мэтээр гүтгэж байна. Хэрэгт ийм зүйл бичсэн фейсбүүкийн захиа огт авагдаагүй байхад хохирсон хүнийг давж заалдах гомдолдоо гүтгэж бичиж байгаад маш их гомдолтой байна. Өмгөөлөгч хүн хүнийг ингэж гүтгэж болдог гэж бодохгүй байна.

Ер нь энэ хэрэгт намайг шалгаагүй Г.Бийг шалгаж байгаа байтал намайг буруутгаж, гэмт хэргийг хохирогч болж мөнгөө алдчихсан байгааг мэдсээр байж над руу дайрч давшилсан гомдол гаргаж, элдвээр гүтгэж байгаад маш их гомдож эмзэглэж байна. Хэдий хүнийг өмгөөлж байгаа ч над руу дайрч давшилсан гомдол гаргаж Г.Бийг гэмт хэрэг үйлдээгүй мэтээр хандаж байгаа нь буруу зүйл гэж үзэж байна.

Г.Б нь урьд өмнө надаас зээлж авч буцаан мөнгө төлж байсан нь түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх бус нотлох чанартай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл урьдын харилцааны явцад надад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байгаа нь түүнийг гэм буруугүй гэж дүгнэх үндэслэл биш юм.

Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо залилах гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа гэх агуулгаар бичсэн нь үндэслэл муутай байна. Шүүгдэгч надад худлаа хэлж авсан мөнгөөрөө өмнө үйлдсэн залилах гэмт хэргийнхээ хор уршгийг арилгахын тулд А гэдэг хүнд өгсөн байдаг. Тэгтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдснаар банкнаас зээл авах гэж байгаа, аав нас барсан, дүүгийн зээлийг төлнө гэх мэтчилэнгээр хүнээс худлаа хэлэх замаар итгэл төрүүлж мөнгө авч, буцааж өгөхгүй байх нь залилан мэхлэх гэмт хэрэг биш юм бол над шиг олон хүмүүс хохирч мөнгөө алдаад олж авч чадахгүй явах нь нийгмийн хэвийн үзэгдэл болж зальтай хүмүүс хууль бусаар баяжих юм байна гэж бодож байна.

Мөн нөгөө талаас Г.Б надад өмнөх залилангийн хэргийнхээ хохирлыг төлөх гэж байгаа талаараа үнэнээ хэлсэн бол би түүнд мөнгө өгч хохирохгүй байсан.

Г.Б нь эрүүгийн хэрэгт холбогдсон мөнгөнөөсөө нэг төгрөг ч төлөөгүй байхад өмгөөлөгч нь төлбөр мөнгөнөөс барагдуулсан мэтээр гомдол гаргасанд гомдолтой байна. Учир нь төлсөн гэх мөнгө нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 10 минутад авч үр хэрэглэчихээд өгье гэж 450 000 төгрөг авчихаад мөн тэр өдрийнхөө 19 цаг 45 минутад 250.000 төгрөг буцаан өгсөн байдаг. Мөн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 400.000 төгрөг авсан бөгөөд тухайн мөнгийг удахгүй өгнө гэчихээд өгөхгүй явж байгаад тэр мөнгөний үлдэгдлийг бага багаар тасалж өгсөн. Эдгээрийн нотлох баримтууд хэргийн материалд дансны хуулгаар батлагдана. Би нэхэмжлэлдээ эдгээр мөнгийг нэхэмжлээгүй бөгөөд би зөвхөн худлаа ярьж залилан мэхэлж авсан 16.99.000 төгрөгийг нэхэмжилсэн билээ.

Иймээс Г.Бийн намайг залилсан үйлдлийн талаар анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа. Харин эрүүгийн хариуцлагын талаар давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.М тайлбартаа: ...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Г.Бт мөнгө өгсөн боловч тэр өдрөөс хойш Г.Б надад нэг ч төгрөг өгөөгүй. ...Нөхөр нь ажилгүй, өөрөө жирэмсний амралттай, хүүхэд нь өвчтэй байгаа учраас нэг удаа ч гэсэн энэ хүнд тусалъя гэсэн. Аавынхаа мөнгөнөөс өглөө шүү, надад ийм их мөнгө байхгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ гэхэд мэдэж байгаа гэсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ...Энэ хүн хоёр удаа өршөөлд хамрагдчихлаа. Өршөөлийн хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн үү гэдэгт давж заалдах шатны шүүхийг дүгнэлт хийж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч И.А тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс Г.Бт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ бол хамгийн өндөр ял юм. Шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзсэн. Үндэслэлээ заагаагүй байж хамгийн өндөр ялыг оногдуулсан нь ойлгомжгүй байна. ...Тийм учраас хэргийн бодит нөхцөл байдлыг сайтар нягталж, хохирогчийн буруутай байдлыг шалгаж тогтоох асуудлыг тогтоогоогүй байдал зэргийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай оролцож байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бт ял оногдуулахдаа шүүгдэгч Г.Бийн хувийн байдлыг харгалзаж үзсэн. Хохирол төлбөрөө төлөөгүй байдал, мөн залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван жилийн хорих ял буюу хорих ялын дээд хэмжээг оногдуулж шийдвэрлэж, 2021 оны Өршөөлийн хуулийг хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналыг шүүхэд гаргаж байна гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Бт холбогдох хэргийг хохирогч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч И.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг гурван жилийн хугацаагаар     аймгийн          сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бээс 16.990.000 төгрөг гаргуулж    аймгийн      сумын  баг         тоотод оршин суух хохирогч Б.Мд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ

Анхан шатны  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.А : ... Г.Бийн өмгөөлөгчийн хувьд өмөөрөх гэсэндээ бус шалгавал зохих зүйлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн бүрдэл дутуу гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй гэж үзээд байгаа үйл баримт, банкны хуулгуудад тулгуурласны зэрэгцээ халуун тогоонд нь хэргийг шалгаж нотлох баримтыг цуглуулж нүүр тулан байцааж байсан мөрдөгчийн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан санал, цагдаагийн газраас Г.Мд өгсөн өргөдлийн хариу, өмнөх шүүх хуралд нь эрүүгийн хэрэг биш гэж оролцож байсан өмгөөлөгчийн байр суурьтай адил бөгөөд тулж биш цаасан дээр ажиллаж байгаа болохоор Г.Бийн шударга шүүхэд хүргэх төдийхөн, хохирогчтой ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй болно. Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл, хохирогч эсэх нь эргэлзээтэй байгаа байдал хэргийн шинжийн нэг болох шунахай сэдэл шууд санаа нь тогтоогдохгүй байгаа зэрэг байдлуудыг харгалзан Г.Бийн хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож 270 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэж,

хохирогч Б.М : ...Г.Б нь 2015, 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдаж 2 удаа өршөөгдөж байгаа нь Эрүүгийн хуулийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг гурван жилийн хугацаагаар   аймгийн     сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт ... энэ хуулийн хуулийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн улмаас хохирогчид 16.990.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирлоо нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан ... хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна ... гэсэн хуулийн зүйл заалтыг анхаарч үзэлгүйгээс Г.Бт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх зөрчилд хамаарч байна.

Хуулийн дээрх шаардлагыг хангасан тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамааруулах боломжтой юм.

Харин шүүгдэгч урьд нь гэмт хэрэгт холбогдож прокурорын шатанд 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нь хорих ялаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Г.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хорих ялын  дээд хэмжээ 3 жилийн хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх зөрүүтэй байдал бий болгосон нь давж заалдах шатны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот магадлалын заалтыг хэрэгжүүлээгүй гэж гаргасан гомдол нь хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Хохирогч Б.М өөрийн аав Ш.Б-с мөнгө гаргуулж Г.Бт өгсөн нь Б.М хохирогч биш, Г.Бт өгсөн мөнгө нь түүнийх биш гэж үзэх боломжгүй юм.

Хохирогчийн шүүгдэгчид өгсөн мөнгө нь эх үүсвэрийн хувьд хэнийх байхаас үл шалтгаалаад шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас тухайн хохирогчид учирсан хохирол болно.

Хууль тогтоогчоос баталж тогтоосон хуулийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хүн бүр дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Өршөөлийн хуульд заасан үндэслэл, болзол, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хүн, хуулийн этгээдийг Өршөөлийн хуульд хамруулах үндэслэл болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.А, хохирогч Б.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР