Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.М

Хохирогчийн өмгөөлөгч М.М

    Шүүгдэгч Г.Б

    Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2025004000366 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Б-г иргэн Б.М-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Орхон аймаг Баян-Өндөр суманд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн өмнөх зээлийн үлдэгдэл 15.200.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна гэж хуурч улмаар Б.Мөнхзулаас Шүхэрт Бат-Эрдэнэ гэх Голомт банкны 4005127745 дугаарын данснаас 14.490.000 төгрөгийг Г.Батбилэгийн Капитрон банкны 3054005460 дугаарын дансаар шилжүүлсэн, мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзул нь өөрийн 5090377973 дугаартай Хаан банкны данснаас Г.Батбилэгийн Капитрон банкны 3054005460 дугаарын дансанд 700.000 төгрөгийг шилжүүлж нийт 15.190.000 төгрөгийг авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна гэж Б.Мөнхзулыг хуурч 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5091359568 дугаарын дансаар авсан, мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө гэж хуурч 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5091359568 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 16.990.000 сая төгрөгийг залилан авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-н мэдүүлсэн, “... Мөнхзулаас 2019 оны 3 дугаар сараас эхлэн зээл авсан. Нийт 56,448,000 төгрөгийн зээл авч 63,800,000 төгрөгийн зээл төлсөн байна. Өдрийн хүүгээр авч байсан. Гэрт нь очиж гэрээ байгуулдаг, надад гэрээний хувь өгдөггүй. 2019 оны 3 дугаар сард авсан мөнгөний тооцоог буруу хийсэн, би бүх мөнгийг төлсөн. 2020 оны 3 дугаар сарын 13-нд Капитрон банкнаас зээл авна гэж мөнгө авсан. Тэр мөнгөө Алиманцэцэгт өгсөн. 2020 оны 4 сарын 10-нд аавын дүү өнгөрсөн тул би Эрдэнэтээс явахдаа 300,000 төгрөг авсан. Үүнээс хойш 500,000 төгрөг данс руу нь хийсэн. Би Мөнхзулаас авсан мөнгөө давуулан төлсөн учраас зүйл ангийг зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.М-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Батбилэгтэй 2018 оны сүүлээр танилцсан, орж гардаг болсон. 2020 оны 3 дугаар сарын 13-нд Капитрон банкнаас зээл авах гэсэн юм, 7 хоног л болно гээд ирсэн. Би аавд хэлж данснаас нь мөнгө шилжүүлсэн. 4 дүгээр сарын 10-нд би вагонд явж байна, аав нас барсан мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 300,000 төгрөг шилжүүлсэн. 4 сарын 11-нд “дүүгийн Капитрон банкны зээлдэгчээр орох гэсэн юм утасны зээл төлнө гээд 1,500,000 төгрөг авсан. Энэ 16,990,000 төгрөгөөс 1 ч төгрөг төлөөгүй. 4 дүгээр сард үүнээс гадна мөнгө авсан, түүнийгээ төлсөн. Хохирлоо төлнө гэсэн сэтгэл байхгүй. Төлнө л гэдэг. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Батбилэгт 2020 оны 03 сарын 13-ны өдөр миний аав Шүхэрт овогтой Бат-Эрдэнийн данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 14.490.000 төгрөгийг мөн өөрийн хаан банкны 5090377973 дугаарын данснаас 700.000 төгрөгийг шилжүүлж нийт тус өдөр 15.190.000 төгрөгийг Г.Батбилэгийн Капитрон банкны 3054005460 дугаарын данс руу шилжүүлсэн, дараа нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр Батбилэг над руу утсаар залгаад аав нас барчихлаа мөнгө байвал зээлж тус болооч гэхээр нь өөрийн хаан банкны данснаас Г.Батбилэгийн хаан банк нь 5091359568 дугаарын дансанд 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2020 оны 04 сарын 11-ний өдөр зээл хөөцөлдөх гэхээр батлан даагч хэрэгтэй болоод байна дүүгээ батлан даагч болгох гэсэн чинь манай дүү Мобикомоос гар утас зээлээр авчихсан зээлтэй юм байна надад 1.500.000 төгрөг зээлчих би дүүгийнхээ зээлийг төлж өөрийн зээлийг бүтээчхээд чамаас зээлсэн бүх мөнгөө буцаагаад төлье гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны данснаас Батбилэгийн хаан банкны данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд нийт 16.990.000 төгрөгийг надаас зээлж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/

 

-Гэрч Ш.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Өмнө нь 2020 оны 01 дүгээр сард Г.Батбилэг нь надаас 26.500.000 төгрөгийг Эрдэнэчимэгээр дамжуулж зохиомол байдлыг бий болгож хамтарч залилж байсан. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Батбилэг өөрийн 5091359568 дугаарын данснаас миний 5094467605 дугаарын данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 14.500.000 төгрөгийг шилжүүлж хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/

 

-Шүүгдэгч Г.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Б.Мөнхзул миний нөхөр Нарансүхийн найзынх нь бэр нь бөгөөд 2019 оны 03 дугаар сарын эхлэн би хүүтэйгээр мөнгө зээлж эхэлсэн. Өдрийн хүү нь 1% болохоор төлөхөд хэцүү байсан боловч би аргалаад төлөөд байдаг байсан. Сүүлд 2020 оны 03 дугаар сард 15,200,000 төгрөг нэмж авсан, 1.500.000 болон 300.000 төгрөгөөс би 450.000 төгрөгийг төлсөн бөгөөд хүүхдээ төрүүлээд надад мөнгө олдохгүй байсан болохоор надад зээлээ төлөх боломж олдоогүй. Би Эрдэнэ багт байрлах 24-03 тоотод байх хашаа байшингаа 22 саяд зарах гэж байгаа зарангуутаа би Б.Мөнхзулын 17,000,000 төгрөгийг буцаан өгч барагдуулна... зээл авахад намайг нэг дэвтэр цаас 2 дээр гарын үсэг зуруулдаг байдаг байсан....Дээрх 1.500.000 болон 15.200.000 төгрөгийг би мөнгө өгөх өртэй байсан Алиманцэцэг гэх хүний 5094467605 дугаарын данс руу шилжүүлж өрөө барагдуулж зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-124-р хуудас/

 

-Б Шүхэртийн Голомт банкны данснаас гүйлгээ хийсэн баримтууд  /хх-ийн 13-18-р хуудас/

 

-Г.Б-н 3054005460 дугаартай Капитрон банкны дансанд орлого орсон тухай дансны хуулга /хх- ийн 49-р хуудас/

 

-Г.Б-н Хаан банкны 5091359568 дугаартай данснаас Алиманцэцэгийн 5094467605 дугаартай данс руу гүйлгээ хийсэн дансны хуулга /хх-ийн 79-84-р хуудас/

 

-Г.Б-н Хаан банкны 5091359568 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 88-р хуудас/, 

 

-Шүүгдэгч Г.Б-н аав С.Г нь одоо байгаа төлөвтэй гэх албан бичиг /хх-ийн 159-р хуудас/ зэргийг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Бг нь Б.Мөнхзулаас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн, өмнөх зээлийн үлдэгдэл 15,200,000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна, 7 хоноод эргүүлж өгнө” гэж хэлээд 14,490,000 төгрөгийг Мөнхзулын аав Ш.Бат-Эрдэнийн  Голомт банкны 4005127745 дугаарын данснаас Капитрон банкны 3054005460 дугаарын дансаар шилжүүлж авсан, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзулаас 700,000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлж авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна” гэж Б.Мөнхзулаас 300,000 төгрөгийг Хаан банкны 5091359568 дугаарын дансаар авсан, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө” гэж хэлээд Б.Мөнхзулаас 1,500,000 төгрөгийг Хаан банкны 5091359568 дугаартай дансаар авч нийт 16,990,000 сая төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан ба Г.Батбилэг нь Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгөөгүй, өмнөх зээл хаасан үйл баримт болоогүй, харин Б.Мөнхзулаас авсан мөнгөнөөс Ш.Алиманцэцэгт 14,500,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн байдал тогтоогдож байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь урьд нь мөнгө зээлж байсан харилцаатай иргэн Б.Мөнхзулаас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийт 15,190,000 төгрөг, 4 дүгээр сарын 10-нд 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 11-нд 1,500,000 төгрөгийг тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, “Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн, өмнөх зээлийн үлдэгдлийг төлөх хэрэгтэй байна, “Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна” ,“Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө” гэх мэтээр зохиомол байдал зориудаар бий болгон худал хэлж, хуурч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад төлөх зээлийн төлбөртөө шилжүүлсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Голомт болон Хаан банкны дансны хуулгууд зэргээр хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөнхзулаас 2019 оны 3 дугаар сараас эхлэн зээл авсан. Нийт 56,448,0 төгрөгийн зээл авч 63,800,000 төгрөгийн зээл төлсөн байна. Өдрийн хүүгээр авч байсан. Гэрт нь очиж гэрээ байгуулдаг, надад гэрээний хувь өгдөггүй... Би Мөнхзулаас авсан мөнгөө давуулан төлсөн учраас зүйл ангийг зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг өгсөн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Батбилэг нь Б.Мөнхзулаас зээлж авсан 16,990,000 төгрөгөөс буцаан төлөлт хийгээгүй болохын зэрэгцээ худал хэлж хуурч мөнгө аваад эргүүлэн төлөөгүй болох нь хохирогч Б.Мөнхзулын хаан банкны дансны хуулга /хх-н 19-43-р хуудас/, уг хуулганд хийсэн үзлэгийн тэмдэглэл/ хх-н 43-р хуудас/ зэргээр нотлогдож байна. Үүнд: шүүгдэгч, хохирогч нар урьд өмнө мөнгө өгч авдаг харилцаатай байсан болох нь нотлогдох бөгөөд Г.Батбилэг 2019 оны 10 дугаар сарын 1, 2, 15-ны өдрүүдэд нийт 14,800,000 төгрөг дансаар аваад 2019 оны 10 дугаар сарын 10, 11-ны өдөр, 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд төлбөр хийж нийт 14,710,000 төгрөг эргүүлэн төлсөн, мөн 2020 оны 3 дугаар сарын 5, 16-ны өдөр, 4 дүгээр сарын 6-ны өдөр нийт 1,050,000 төгрөг, мөн 4 сарын 10-нд 300,000 төгрөг, 11-нд 1,500,000 төгрөг шилжүүлж аваад 4 сарын 06-нд 250,000 төгрөг, 5 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг эргүүлэн төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Эндээс дүгнэвэл, Г.Б нь Мөнхзулын аав Ш.Бат-Эрдэнийн Голомт банкны 4005127745 дугаарын данснаас Капитрон банкны 3054005460 дугаарын дансаар шилжүүлж авсан 14,490,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзулаас Капитрон банк руу шилжүүлсэн 700,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  Б.Мөнхзулаас шилжүүлсэн 300,000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр Мөнхзулаас шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 16,990,000 төгрөгөөс буцаан төлөлт хийгээгүй гэж дүгнэх үндэслэлтэй ба “56,448,000 төгрөгийн зээл авч 63,800,000 төгрөгийн зээл төлсөн байна” гэх түүний тайлбар нь яллах дүгнэлтэд хамаарахгүй байна.

 

Шүүгдэгч Г.Б-н “Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн, өмнөх зээлийн үлдэгдлийг төлөх хэрэгтэй байна, “Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна” ,“Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө” гэх мэтээр зохиомол байдал зориудаар бий болгон худал хэлж, хуурч өөрийн эзэмшилд мөнгөн шилжүүлэн аваад эргүүлэн төлөөгүй эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангид заасан өмчлөх эрхийн эсрэг “залилах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж зориуд хүсэж үйлдсэн санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна.

 

Г.Б нь зээлсэн мөнгөө ямар эх үүсвэрээс хэзээ төлөх нь тодорхой бус байхад худал хэлж хуурч өөрийн эзэмшилд бусдын хөрөнгийг шилжүүлэн авснаар Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, субъектив санаа зорилгын хувьд шууд санаатай үйлдэл хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б-йн үйлдлийн улмаас хохирогчид 16,990,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын хоорондын данс хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Батбилэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.Бнь иргэн Б.Мөнхзулыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14.490.000 төгрөгийг Г.Батбилэгийн Капитрон банкны 3054005460 дугаарын дансаар шилжүүлж авсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 3054005460 дугаарын дансанд 700.000 төгрөгийг шилжүүлж авсан, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5091359568 дугаарын дансаар авсан, мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5091359568 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 16.990.000 сая төгрөгийг залилан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Г.Батбилэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд, өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг зөвшөөрч байна. Харин хэргийн 9-р дүгээр хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэгт байгаа 8,600,000 төгрөг хасагдах болов уу гэж бодож байна. Шүүгдэгчийн асрамжид 3 хүртэлх насны хүүхэд байгаа тул тогтоолын биелэлтийг хойшлуулж өгнө үү гэсэн саналтай гэжээ. 

 

Хохирогчийн дансны хуулгаас үзэхэд 2019 оны 9 дүгээр сард 8,600,000 төгрөг Г.Батбилэгээс шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул дээрх үйл баримттай холбогдолгүй  байна. 

 

    Шүүгдэгч Г.Б-гт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан заавал хорих ял оногдуулах шаардлагагүй, харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

    Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.М-лд учруулсан 16,990,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулахаар заалаа.

 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 1 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суугаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-с 16,990,000 /арван зургаан сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч  Б.М-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.


 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ