| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/04180/И |
| Дугаар | 101/ШШ2023/05450 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/05450
2023 12 06 101/ШШ2023/05450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлээр хдалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,642,663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь иргэн ******* *******той 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай "******* машины түрээсийн гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу улсын дугаартай Тoyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Уг тээврийн хэрэгслийн үнийг талууд 16,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд Э.******* нь урьдчилгаа 3,500,000 төгрөгийг төлөн үлдэгдэл 12,700,000 төгрөгийг 2020.01.07-2021.12.25-ны өдрийг хүртэлх хугацаанд жилийн 42 хувийн хүүтэйгээр буюу сард 790,900 төгрөг төлөх байдлаар төлж дуусган тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.
Гэрээг талууд "*******машины түрээсийн гэрээ" нэртэй байгуулсан боловч, улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг үнийг бүрэн төлөхөөс өмнө шилжүүлсэн, хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 12,700,000 төгрөгийн төлбөрийг гэрээний хавсралтаар жилийн 42 хувийн /сарын 3,5 хувь/ хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон тул талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа байна.
Хариуцагч нь тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлөхгүй байх, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй гэрээний үүргийн зөрчил гаргаад байна.
Шүүхээс өмнө хийсэн ажиллагааны явцад ******* ХХК нь гэрээний дагуу ямар нэгэн үүрэг шаардахгүй гэдгийг албан ёсоор шүүхэд мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан.
Хариуцагчийн төлсөн бүх төлбөрийн тооцоог хэрэгт хавсаргасан, 300,000 төгрөг төлсөн нь 2020.11.02-ны өдөр, 800,000 төгрөгийг 2021.04.12-ны өдөр төлсөн, төлсөн бүх төлбөрийн тооцоог хавсаргасан, хассан зүйл огт байхгүй.
Гэрээнд хүүг тодорхойлсон заалт байхгүй, сарын төлөлтийн 790,900 төгрөгт нь хүү тооцогдсон. Алдангийг гэрээний хугацаагаар тооцсон, хугацаа дууссанаас хойших хохирол төлбөрийг огт шаардаагүй болно. Ковидын үед авто машиныг буцаагаад өгчих гэхээр авчирч өгөөгүй бөгөөд хэрэв өгсөн бол манайх авто машинаа эргүүлэн аваав борлуулах боломжтой байсан.
Иймд хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан дугаартай ******* машины түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,931,162 төгрөг буюу 15,761,755 төгрөгийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу тооцсон 7,880,887 төгрөгийн алдангийн хамт буюу нийт 23,642,663 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Э.******* бид 2-ын хувьд гэр бүлийн харилцаатай юм. Бид 2020 онд Приус 30 маркийн автомашиныг ******* ХХК-тай гэрээ хийж ******* ******* ХХК-тай давхар гэрээ хийж авсан нь үнэн болно. Гэрээний дагуу 2020.01.07-ны өдөр машинаа авсан, 9,432,998 төгрөгийг төлсөн. *******машины санхүүгийн гэрээ гэсэн нэртэй байсан. 2021.04.12-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэх боловч 800,000 төгрөг, 500,000 төгрөг, эх орны хишиг 300,000 төгрөг гээд төлөлт хийсэн.
Төлөх боломжгүй болсон гол шалтгаан нь цар тахлын үед бүх зүйл хаагдсан учраас захирал н.Түвшинбаяртай эргэн төлөх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг 2 удаа гаргасан. Манайх уг нь ТҮЦ, баар ажиллуулдаг байсан боловч цар тахлаас болоод үйл ажиллагаагаа түр зогсоож, ямар ч орлого олох боломжгүйд хүрсэн юм.
Гэвч зээл төлөх хугацааг хойшлуулах саналыг хүлээж аваагүй, төлөх боломжгүй бол машинаа буцааж өг, эсхүл зээлээ төл гэсэн хариу өгсөн. Хуульд зээл төлөх хугацааг хойшлуулах боломжтой байна гэхэд манайх тэр хуульд чинь ороогүй гээд эргэн төлөх хугацааг хойшлуулж өгөөгүй юм.
Тэгээд эднийхийг машинаа ирж авах юм болов уу гэж хүлээж байтал 6 сарын дараа бидэнтэй эргэж холбогдоод, баахан хүү, алданги тооцсон талаар мэдэгдсэн. Ингээд бид эднийхийг шүүхэд өгөөрэй гэсэн, үүний дагуу одоог хүртэл шүүхээр явцгааж байна.
Манайх төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй, төлнө гэдгээ хэлсэн. Уг нь 2021 оны 05 сард зээл төлөх хугацаа хойшлуулах хүсэлт тавихад эднийх машинаа авсан бол зараад, мөнгө төлөгдсөн аль аль нь хохиролгүй болж болох байсан. Гэрээнд сард төлөх төлбөрийг 790,900 төгрөг гэж заасан, жилийн 42 хувийн хүүтэй гэх хавсралт дээр гарын үсэг зураагүй, тийм зүйл бидэнд өгөөгүй. Сарын 790,900 төгрөгийг ямар хугацаанд төлөхийг анзаараагүй, гол нь машинаа авахыг хүссэн. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, шаардлага гаргаж байгаагүй. Машиныг хүлээж авснаас хойш 5,932,991 төгрөг төлсөн, үүн дээр урьдчилгаа 3,500,000 төгрөг нэмэгдээд 9,432,991 төгрөг тус тус төлсөн.
Одоо бол үндсэн төлбөрийг зөвшөөрнө, алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасны дагуу хүү төлж таарч байх шиг байна.
Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчээс 2023.05.30-ны өдөр О.*******т олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2020.01.07-ны өдөр байгуулагдсан № тоот *******машины түрээсийн гэрээ-ний хуулбар, автомашин хүлээлцэх акт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоо, ******* ХХК-ийн 2013.04.19-ний өдрийн 23/19 тоот албан бичиг, ******* ХХК болон Э.******* нарын хооронд 2020.01.07-ны өдөр байгуулагдсан *******машин худалдах, худалдан авах гэрээ, баталгааны хуудас,техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01747 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01218 дугаартай магадлал, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/21977 дугаартай захирамж, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШТ2023/00294 дугаартай тогтоол /хх-ийн 3-10, 22, 24-40/,
3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Э.*******оос 2023.01.13-ны өдөр Э.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, эмнэлэгт үзүүлсэн талаарх баримт /хх-ийн 14, 19-21,79-84/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: ******* ХХК-ийн 2013.04.19-ний өдрийн 23/19 тоот албан бичиг, ******* ХХК болон Э.******* нарын хооронд 2020.01.07-ны өдөр байгуулагдсан *******машин худалдах, худалдан авах гэрээ, баталгааны хуудас,техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагч Э.*******ын хариу тайлбар, ******* тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй бүртгэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 48-54, 68-76/-ыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э,*******од холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,931,162 төгрөг, алданги 7,880,887 төгрөг, нийт 23,642,663 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл болох 10,830,613 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс дараах үндэслэлээр зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
3. ******* ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр № дугаартай *******машины түрээсийн гэрээ-гээр 16,200,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн, улаан өнгийн тээврийн хэрэгслийг түрээслүүлэх, түрээслэгч Э.******* нь тээврийн хэрэгслийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр 3,500,000 төгрөгийг төлж, үлдэх 12,700,000 төгрөгийг 25 сарын хугацааны дотор төлөхөөр тохиролцжээ.
3.а. Гэрээнд сард төлөх 790,900 төгрөгийг, сар бүрийн 25-ны өдөр түрээслүүлэгчид төлөх, түрээслүүлэгч нь тээврийн хэрэгслийг 2020.01.07-2021.12.25-ны өдөр хүртэлх 25 сарын хугацааны дотор түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх талаар тусгасан.
3.б. улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн, улаан өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* ******* ХХК болох нь ******* тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар тогтоогдож байх ба ******* ХХК нь 2020.01.07-ны өдөр Э.*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй, уг гэрээний дагуу шаардлага гаргахгүй болохыг 2023.04.19-ний 23/19 дугаар албан бичгээр тодорхойлсон байна. /хх-ийн 48-51, 69-76/
4. Нэхэмжлэгч нь гэрээг *******машины түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан, үүнтэй хариуцагч маргахгүй байгааг гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
4.а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
4.б. Талууд хэдийгээр гэрээг автомашины түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээгээр бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг тодорхойлсон байгаа зэргээс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т:Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр төлбөр, хүүгийн хамт 790,900 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэгт 5,932,991 төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөг, хүүгийн үлдэгдэл 4,931,162 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу гэрээний хугацаанд тооцсон алданги 7,880,887 төгрөг, нийт 23,642,663 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
6. Хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,830,613 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг, Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй гэж тайлбарласан.
7. ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг *******машины түрээсийн үйлчилгээ гэсэн нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болон банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хамаарна гэж үзэхээргүй байна.
Хариуцагч нь бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирснаас төлбөрийг төлөх боломжгүй, энэхүү үндэслэлээр төлбөр төлөх хугацаг хойшлуулах, гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Тодруулбал, өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.
8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ байгуулагдах үед тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 16,200,000 төгрөг, үүнээс хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 3,500,000 төгрөгийг төлсөн, мөн өдрөөс тээврийн хэрэгсэл түүний эзэмшил, ашиглалтад байгаа, гэрээний үүрэгт 2020.01.26-2021.12.15-ны өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөрт 1,869,386.66 төгрөг, хүүд 4,063,604.34 төгрөг, нийт 5,932,991 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх зохигч үүнтэй маргаагүй болно. /хх-ийн 10/
9. Талууд гэрээгээр автомашины үнийг 16,200,000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөр 3,500,000 төгрөг төлсөн, үлдэх 12,700,000 төгрөгийг төлөх хүү болон хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээг сард 790,900 төгрөг, төлбөр төлөх хугацааг 2020.0.07-ны өдрөөс 2021.12.25-ны өдөр хүртэл 25 сарын хугацаатай байх, гэрээний 6.2-т төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Харин 12,700,000 төгрөгийг, жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гэх хавсралтад гарын үсэг зурагдаагүй байх тул уг хавсралтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв. /хх-ийн 9/
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т сарын үндсэн төлбөр, хүү болох 790,900 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлөх, 3.1-т 2020.01.07-2021.12.25-ны өдөр хүртэлх 25 сарын хугацааны дотор гэснээс үзэхэд энэхүү хэмжээ, хугацаагаар тооцоход хариуцагч нь хугацааны эцэст /790,900х25=19,772,500/ 19,772,500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021.12.25-ны өдөр дуусгавар болоход хариуцагч Э.******* нь үндсэн төлбөр, хүүд 5,932,991 төгрөг төлсөн, үлдэх 13,839,509 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэсэн нь дээр дурдсан хуулийн заалтад нийцжээ.
12. Иймд хариуцагч Э.*******оос гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 13,839,509 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож алданги /13,839,509:2/ 6,919,754 төгрөг, нийт 20,759,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,883,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 261,746 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.*******оос 20,759,263 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,883,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 261,746 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ