Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2024/00128

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00128

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК-д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 31.481.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүлээн авч, **** оны ** дугаар сарын **-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 31.481.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Манай Б ХХК нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг болно. Хариуцагч П ХХК нь мөн адил улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба анх 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бидэнтэй холбогдон өөрсдөө оруулж ирж чадахгүй байгаа учраас Турк Улсад байгаа ачаа (хатаасан жимс)-г биднээр Улаанбаатар луу зуучлуулан тээвэрлүүлэх үнийн санал судлуулж авсан. Хариуцагч нь манайхаас хүргүүлсэн үнийн саналыг зөвшөөрч тээвэрлүүлэхээр болсон бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ачаа илгээгч  мэдээллийг и-мэйлээр өгсний дагуу бид өөрсдийн харилцдаг Турк болон бусад улс дахь тээврийн зуучуудтай холбогдон тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгүүлсэн. Ачаа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын А нэртэй гаалийн талбайд орж ирсэн. Ачаа тээвэрлэлтийн хөлс нь нийт 8.555 евро болсон ба бид тээврийг гүйцэтгэхэд шаардлагатай бүх төлбөрийг өөрийн данснаас урьдчилж төлсөн. Хариуцагч нь гаалийн бүрдүүлэлтийг өөрсдөө хийж, ачааг хүлээн авагч харилцагч төлбөрийг төлсний дараа манайд төлөх төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Ачаа хүлээн авагч нь төлбөрийг хариуцагч компанид төлсөн ба бидэн лүү шилжүүлэхгүйгээр өөрсдөө ашиглан, манай компанийг ихээр хохироож, санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Бид төлбөр төлөхийг утсаар болон имэйлээр удаа дараа хүссэн бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 3 дугаар сарын 20-ны хуваан төлнө хэмээн албан бичгээр мэдэгдсэн боловч мөн л төлөөгүй, биднийг хуурч худлаа ярьсаар байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 31.481.200 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас нэхэмжилж буй тээвэрлэлтийн хөлс болох 8.555 еврог Монгол банкнаас 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зарласан еврогийг ханш болох 3.678,86 төгрөгт хөрвүүлсэн болно гэжээ.

3. Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй П ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тээвэр зуучийн үйлчилгээний дагуу Турк улсаас ачаа тээвэрлэж ирсэн бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул тээврийн төлбөрт 8.555 евро буюу 31.481.200 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан тээвэр зуучийн үйлчилгээ авсан болохоо хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчээс бидэнд төлбөрийн нэхэмжлэх явуулсан тус цаг үед манай байгууллагад нягтлан бодогч байсан ажилтай Т.Ү нь тээврийн үйлчилгээний төлбөрт 8.000.000 төгрөгийг төлнө гэж БТЛ тээврийн хөлс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан байдаг. Бидний зүгээс тухайн үед тээврийн төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон боловч нийт үнийн дүн буюу 8.555 төгрөгөөс огт төлөлт хийгдээгүй болохыг мэдлээ. Нэхэмжлэгчийн шаардаж буй тээврийн төлбөр төлөх ажлыг хариуцаж байсан нягтлан Т.Ү нь манай байгууллагаас их хэмжээний мөнгийг харилцагч нарт төлнө гэж өөрийн дансаар гаргаж байсан нь 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр мэдэгдэж бид уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад зохих ёсоор гомдол гаргаад явж байгаа. Ийнхүү манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээ тодорхой бус байгаа тул нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэн төлбөл зохих төлбөрийг график гаргаж төлөх саналтай байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 315.356 төгрөг төлсөн баримт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-иас П ХХК-д гаргасан төлбөрийн нэхэмжлэл, П ХХК-ийн Б ХХК-д хүргүүлсэн албан бичиг, М банкнаас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч П ХХК-ийн хооронд харилцсан и-мэйл зурвас зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч ПХХК-ийн хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний дагуу хариуцагч нь Турк Улсаас Монгол Улс руу хатаасан жимсийг тээвэрлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ачааг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан П ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаар албан бичиг, мөн Б ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэх, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийсэн и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Э-н шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан болон тухайн гэрээний дагуу ачааг хүлээн авсан, тээвэрлэлтийн хөлс 8.555 евро болохыг тус тус хүлээн зөвшөөрөх боловч тухайн компанийн ажилтан буюу нягтлан бодогч уг мөнгийг төлнө хэмээн компанийн данснаас мөнгөн хөрөнгө зарлагдсан хэмээн тайлбар гаргасан.

Гэвч тухайн тайлбар нь нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хамааралгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3. Тээврийн хөлс 8.555 евро ба нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн М банкнаас зарласан валютын ханшаар тооцон нэхэмжлэл гаргажээ.

https://www.mongolbank.mn/ сайтаас авсан мэдээллээр тухайн өдөр нэг евро 3.679,86 төгрөг байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийт 31.481.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар еврогоор бус төгрөгөөр шаардах үндэслэлтэй ба мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасан бөгөөд 8.555 еврог нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 3.679,86 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

4. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэг 8.555 евро буюу 31.481.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 315.356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэг 8.555 евро буюу 31.481.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 315.356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА