Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 469

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 719 дүгээр магадлалтай, Т.Э-д холбогдох 1803000340164 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Э.

Т.Э- нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1350 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Э-н амь насыг хохироож, зорчигч Б.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Э-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.Э-д мэдэгдэж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Э-аас 18,004,950 төгрөг гаргуулж А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хүүхэд асарсан хугацааны бизнесийн орлого, хүүхдийн Солонгос улсад явж эмчлүүлэх зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Т.Э- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр хэмээн үзэж байгаа. Т.Э- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн /хагалгааны төлбөр болон эмнэлгийн бусад үйлчилгээнд зориулж 3,000,000 төгрөг төлсөн/ байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд 6,400,000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байгаа болно. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтуудыг харьцуулан шинжилж, хэргийн үйл баримтуудыг бодитойгоор үнэлэн шийдвэрээ гаргасан байтал давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зөвхөн “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...” гэж заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хуулийн шаардлагыг шүүгдэгч хангаагүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Мөн шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчид нийт 18,000,000 төгрөг төлөхөөс 6.400.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл  төлбөрийг төлөхөөр ажил хийж байгаа.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ослын улмаас хохирогч 15 настай Б.О-н биед хүнд гэмтэл учруулж хүнд хор уршиг учирсан. Түүний хүзүү, нуруу нугас нь гэмтсэн байдаг. Цаг алдахгүйгээр эмчилгээ хийлгэснээр эдгэрэх боломжтой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэмт буруутай этгээд нь гэм буруугийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байхыг Эрүүгийн хуульд заасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч Т.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Э-н амь насыг хохироож, зорчигч Б.О-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаарх хэргийн үйл баримт, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлж барагдуулаагүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...” мэтээр хуулийг буруу тайлбарлан дүгнэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, өөрчлөх хууль зүйн үндэслэгүй гэж үзнэ.   

Анхан шатны шүүх хохирогч Б.О-д учирсан хохирол, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгааг үүгээр тэмдэглэж байна.     

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы “магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 719 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН