Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Д.Энхтуул, түүний өмгөөлөгч Я.Батханд,

/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөд Удган овогт БУт холбогдох 2016 2503 2094 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үед Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгч ажилтай байсан, ам бүл 4, охин, хүргэн, зээ хүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Гацааны ар 1 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дөрвөд Удган овогт Б.У  /РД:......................................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4-38б тоотод иргэн Д.Энхтуулаас хүү Л.Сүхтулгад холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд нь өмгөөлөгчөөр оролцоно, өмгөөллийн хөлс гэж 300.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчид өгнө гэж 1.000.000 төгрөг дансаар, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч нарт өгнө гэж 1.030.000 төгрөг бэлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийг хоолонд оруулна гэж 200.000 төгрөг дансаар, нийт 2.530.000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Батцэцэг болон хохирогч Энхтуул, түүний бэр Энхболор нар манай найз Байгалынд ирсэн. Ирэх болсон шалтгаан нь “Энхтуулын хүү Сүхтулга Баянгол дүүргийн шүүхээс ял авчихлаа” гэж ирсэн. 08 дугаар сарын 29-нд би найз Байгалынд байж байтал Энхтуул, Энхболор нар орж ирсэн. Тэр өдөр Байгалын охины төрсөн өдөр болж байсан учир хохирогч Энхтуул нь бэртэйгээ гараад 1 шил архи, набор зэрэг авчирч өгсөн. Тухайн өдөр би дүүргийн намын хорооны хуралтай байсан учир гараад явсан. Гэхдээ би тухайн өдөр “хоолонд оръё” гэж хэлээгүй. Харин Энхтуул нь өөрөө намайг хоолонд оруулъя гэж хэлж байсан. Тэгээд би гэртээ харьж хувцсаа сольчихоод Соёлын төв дээр буугаад хуралдаа суусан. Хурал маань 16 цагийн үед тараагүй боловч 18 цагийн үед намайг Тэгшдүүрэн, Ганбат нар аваад тэдэнтэй уулзаж 2 шил архи уусан. Тэгээд 8 дугаар сарын 31-нд ажлын өдөр байсан. Уулзахад тэд шийтгэх тогтоолоо аваагүй байсан учир бид Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү очоод шүүгчийн туслах Болорчимэгээс уг тогтоолыг каннондаж авсан. Тэгээд 09 дүгээр сарын 2-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ныг хүртэл би Сүхтулгын хэрэгт орсон. Давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 07-нд болсон. Би тэр хугацаанд 461 дүгээр ангид очиж хүүхэдтэй нь уулзаж өмгөөлөгчийн үүргээ биелүүлж байсан. Тэгэхээр өмгөөлөгчийн хөлс болох 2.540.000 төгрөг дээр бол анх Мэргэжлийн хороонд “3.5 сая төгрөг” гэж гомдол үүсгэсэн учир эрүү үүсэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. 10 дугаар сарын 21-нд би Давж заалдах шатны шүүхийн магадлалыг авчихаад 10 сарын 24-нд Энхтуул нартай уулзсан. Мэргэжлийн хороонд гомдол гаргасан гэдгийг тэд тухайн үед надад хэлээгүй. Харин мэргэжлийн хорооноос надад гомдол ирсэн гэдгийг хэлсний дагуу би 10 сарын 25-нд уулзсан. Тэгэхэд Энхтуул “бид өөр өмгөөлөгч авсан. Та надад ямар ч байсан 1 сая төгрөгөө өг” гэж хэлсэн. Тэд Батханд өмгөөлөгчийг надад хэлэлгүйгээр авсан байсан. Би бол өмгөөлөгчийн хувьд Хяналтын шат хүртэл явна гэж амаар Энхтуулд хэлж байсан. Гэтэл Хяналтын шатны шүүхэд Батханд өмгөөлөгч гомдол гаргасан байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхтуул мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 30-нд би Уранчимэг өмгөөлөгчид 300.000 төгрөг өгсөн. Тэгээд 09 дүгээр сарын 06-нд тэр надтай ярихдаа “би ангийн найз Дашдондог шүүгчтэйгээ ярилаа, 1 сая төгрөг шүүгчийн дансанд хийе” гэж хэлээд надаас 1 сая төгрөг авсан. 09 дүгээр сарын 15-ны өглөө над руу залгаад “хохирлын мөнгөө бэлэн авчираад өг” гэхээр нь би охиноо хань татаад ажил дээр нь хамт очсон. Тэгээд 1.030.000 төгрөгийг бэлдээд 2 дугтуйнд хуваан хийж баримт үйлдүүлсэн. Тэгээд би нэмж 40.000 төгрөгийг “бензин хийчих” гээд өгсөн. Тэгэхэд Уранчимэг өмгөөлөгч бичсэн бичгийнхээ канондсон хувийг надад өгсөн. Тэрнээс хойш надтай ярихгүй, төвөгшөөгөөд байхаар нь сэжиг төрж байсан. Тэгээд 9 дүгээр сарын 23-ны өдөр над руу гэнэт утсаар яриад “би нөгөө шүүгчийг хоолонд оруулах гэж байна. Чи мөнгө шилжүүлчих ” гэхээр нь би 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш бас л надтай утсаар ярихгүй сэжигтэй байсан боловч би хүүгээ аврахын тулд түүнд итгэж байсан. Тэгээд 10 дугаар сарын 6-ны өдөр Давж заалдах шатны шүүх хуралд бид бүгд очиход Уранчимэг өмгөөлөгч “прокурор бид хоёр л ордог юм” гэж хэлээд биднийг оруулаагүй. Тэгээд Уранчимэг өмгөөлөгч шүүх хурлаас гарч ирээд “анхан шатны шүүх хурлаас хэвээр баталлаа. Би Сүхтулгатай очиж уулзана” гэж хэлээд гараад явсан. Би нийт 2.530.000 төгрөг Уранчимэг өмгөөлөгчид өгсөн. 1.030.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бусдыг нь дансаар өгсөн. 3.5 сая төгрөг өгсөн гэж гомдол гаргасан гэдэг дээр хэлэхэд би Хуульчдын холбоонд өргөдөл гаргахдаа өөр өмгөөлөгч авч хохирсны зардлаа нэмсэн юм” гэв.

Хохирогч Д.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хүүгээ ял авсаных нь дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн эгч Энхцэцэгийн хүүгийн байрыг засаж өгсөн юм. Энхцэцэгийн хүү Очгэрэл, Батцэцэгийн охин Лхамсүрэн нар нь гэр бүлийн хүмүүс юм. Байрыг нь засаж өгч байх үед Батцэцэг, түүний нөхөр Тэгшдүүрэн нар хамт байсан. Тэр үед би “манай хүү дээрмийн хэрэг үйлдээд 5 жил 1 сарын хорих ял авчихсан, дараа дараагийн шүүх хуралд чадалтай сайн өмгөөлөгчтэй ормоор байна. Сайн өмгөөлөгч байна уу гэж асуутал Батцэцэг манай нэг найз 20-иод жил өмгөөлөгч хийчихсэн, сайн өмгөөлөгч байна уулзуулъя гэж хэлээд салсан юмаа. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед Батцэцэг, Тэгшдүүрэн, бэр Энхболор 3-тай хамт 32-ын тойргийн ойролцоо гэр нь байдаг гэх Ганбат гэдэг айлд хамт ирсэн чинь Уранчимэг гэдэг өмгөөлөгч гэрт нь байж байсан учраас хүүгийнхээ хэргийн талаар ярилцахад эхэндээ жаахан дурамжхан “Амартогос чинь сайн өмгөөлөгч ш дээ та нар Амартогосоороо өмгөөлүүлэхгүй яасан юм бэ? гэхээр нь саяны шүүх хурлаар бага мөнгө өгчихсөн учраас сайн өмгөөлж чадахгүй, 5 жилийн хорих ял өгүүлчихлээ, дараагийн шатанд нь сайн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгсэн чинь Ганбатын эхнэр Байгалмаа “Өнөөдөр нээрээ Урнаагийн төрсөн өдөр ш дээ” гээд гар барьцгаагаад баяр хүргээд байсан. Тэгэснээ ганц юм авч уух уу? гээд ярилцаад байхаар нь би “ямар архи уудаг юм бэ? Би тэр архийг нь аваад өгье” гэж хэлсэн чинь “Хар экс уудаг” гэхээр нь тэр хавийн дэлгүүрээр “Хар экс архийг нь хайсан чинь олдохгүй болохоор нь 0.75 граммын “Хар чингис” нэртэй нэг шил архи, нэг набор, нэг кола ундаатай аваад орсон чинь тэрийгээ уусныхаа дараа Уранчимэг өмгөөлөгч “Одоо Хан-Уул дүүрэг дээр хуралтай” гэхээр нь бөөнөөрөө гарцгаагаад Ганбатын машинд Байгалаа, бас нэг саажилттай хүүхэд, Уранчимэг нар суугаад Тэгшдүүрэнгийн машинд Батцэцэг бэр Энхболор бид 4 суугаад явж байхдаа Уранчимэг одоо шүүх хуралтай юм чинь хувцсаа солиодохъё гээд төмөр замд байдаг гэрийнхээ гадаа ирээд бид нарыг манай гэрээр ороод гараач гэхээр нь бөөнөөрөө гэрт нь орсон. Гэр нь нэг өрөө байр л байсан. Гэрт нь хүн байгаагүй. Би “бүгдээрээ хоолонд орох уу” гэж асуутал Уранчимэг “Чамд мөнгө байгаа юм уу? дор хаяж 200-300 мянган төгрөгний тооцоо гарна ш дээ” гэж хэлэхээр нь би надад 200.000 төгрөг байна гэж хэлсэн чинь “би хурал руугаа явчихаад хоолонд орж байгаа газар чинь яваад очъё” гэж хэлэхээр нь тэндээс гараад Уранчимэгийг Хан-Уул дүүргийн шүүх дээр буулгаад бид нар “World Wine” /Ворлд вайне/ нэртэй ресторанд орцгоогоод байж байхад Уранчимэг хүрээд ирсэн. Рестораны тооцоо 200.000 төгрөг орчим болсон. Тооцоог миний өөрийн эзэмшлийн “ХААН” банкны картаар хийсэн. Тэр үед манай нөхөр Амар ресторанд бас ирсэн юмаа. Тэндээсээ бөөнөөрөө гараад Ганбатын гэрт Байгалаа, түүний саажилттай охин, Батцэцэг, Тэгшдүүрэн, манай нөхөр Амар бид нар 22 цагийн үед ирцгээсэн. Тэгээд Уранчимэг өмгөөлөгчөөс одоо хэдэн төгрөгөөр өмгөөлөх вэ гэж асуутал 200.000-250.000 төгрөгөөр өмгөөлнө гэж хэлсэн. Тухайн үед автобус зогсчихсон байсан учраас тэд нар одоо оройтчихсон юм чинь хоночихоод яв гэж хэлэхээр нь хоносон юмаа. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 30-ны өглөө босоод Батцэцэг, Тэгшдүүрэн 2 банкны хүү төлөх гэсэн юмаа 250.000 төгрөг зээлчихээч гэхээр нь би өөрийнхөө данснаас Тэгшдүүрэнгийн данс руу мобайлаар мөнгөө шилжүүлсэн. Тэгтэл Уранчимэг “миний мөнгийг бас шилжүүлчих” гэхээр нь хэдийг хийх вэ гэсэн чинь “300.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь Ганбатын “ХААН” банкны 5016292658  дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэр өдөр 2 дахь өдөр буюу эргэлт оруулдаг өдөр байсан учраас хүүгээ эргэхээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүх рүү явсан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийтгэх тогтоол нь гарчихсан байна гээд Уранчимэгт хэлтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээ хүүг нь харах хүн байхгүй гээд явж өгөөгүй. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай хүүхэд рүү хамт явж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Уранчимэг над руу залгаад “Ажил дээр хүрээд ир” гэхээр нь бэр Энхболорыг дагуулаад ажил дээр нь очтол “нөгөө шүүгчтэйгээ уулзчихлаа. Гэр бүлийн байдлыг харгалзан үзээд 1.000.000 төгрөг өгчих гэж байна. Орой тийшээ шүүгч дансаа өгнө гэж байна лээ” гэж хэлсэн боловч тухайн үед надад 1.000.000 төгрөг арай хүрэхгүй 100-аад мянган төгрөг дутаад байсан учраас дансаа өгчихвөл мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлээд гараад явж байхад Уранчимэг өмгөөлөгч над руу залгаад “нөгөө мөнгөө миний данс руу хийчих” гэж хэлэхээр нь эгчээсээ үлдэгдэл мөнгөө аваад Уранчимэгийн “ХААН” банкны 5022651214 тоот дугаарын данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Үүний дараахан Уранчимэг өмгөөлөгч над руу залгаад “Чамд хохирлын мөнгө бэлэн байгаа юу? гэж асуухаар нь бэлэн байгаа гэж хэлж байсан. Тэгтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Уранчимэг өмгөөлөгч над руу залгаад “хохирлын мөнгөө бэлэн аваад ажил дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь /нэг хохирогч нь 230.000 төгрөг, нэг хохирогч 800.000 төгрөг нэхэмжилсэн байсан/ хохирлын мөнгө болох 1.030.000 төгрөг бэлнээр өгсөн. Миний өгсөн 1.030.000 төгрөгийг 230.000, 800.000 төгрөгөөр нь 2 конвертанд хийлгүүлээд манай бэр Энхболороор хохирлын мөнгийг төллөө гэж бичүүлж авсан, нэг хувь дээр нь байлцсан шүүхийн туслах Болорчимэг гэж бичүүлж авч байсан. Тэгээд эх хувийг нь өөрөө аваад канондсан хувийг нь бид 2-т өгөхөөр нь цүнхэндээ хийчихсэн. Энэ явдал болсоноос хойш Уранчимэг уулзах нь цөөрөөд нэг 7 хоног нь сургалтанд сууж байна гээд ерөөсөө утсаа авахгүй байсан, утсаа авахаараа “миний хөгшин санаа зоволтгүй бүх юм бүтэж байна, болж байгаа” гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Уранчимэг над руу залгаад “Боломжоороо мөнгө шилжүүлчих, нөгөө шүүгчтэйгээ хоолонд орох гэж байна” гэж хэлэхээр нь би 2-хон хүн хоолонд ороход болно биз гэж бодоод Уранчимэгийн “ХААН” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Давж заалдах хурал болохоор болоод нөхөр Амар, бэр Энхболор, манай эгчийн хүү Ариун-Эрдэнэ бид 4 явж очоод өмгөөлөгчөөс “Шүүх хуралд бид нар орж болдог юм уу” гэж асуутал “болдоггүй юмаа прокурор бид хоёр л ордог юмаа” гэж хэлээд яваад орчихсон. Шүүх хурал 10-аад минут болоод л гарч ирээд дахиад 2-3 минут болоод “Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээчихлээ, би танай хүүхэдтэй чинь очиж уулзана” гэж хэлээд л яваад өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр би Батцэцэг болон түүний охин Лхамсүрэн нар луу залгаад “танай тэр таньдаг сайн гээд байсан өмгөөлөгчтэй сар гаран л зууралдлаа, тэгтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ” гээд уйлсан чинь “Маргааш Уранчимэгийн ажил дээр хамт очъё, ажил дээр нь хүрээд ир” гэж хэлэхээр нь яваад очсон. Би 200-хан мянган төгрөг нэхэж байсан өмгөөлөгч хохирлыг нь төлчих юм бол 3.5 жилийн хорих ял өгүүлнэ гэж байсан гэж хэлтэл “танай хүүхэдтэй чинь уулзаад бид 2 ярилцаж байгаад 3.5 жилийн хорих ял гэж давж заалдаагүй, анхан шатанд буцаая гэж давж заалдсан чинь хүлээж авсангүй” гэж хэлсэн. Мөн хохирлын мөнгөө төлчихсөн дээр нь шүүгчдээ 1.000.000 төгрөгөө өгчихсөн юм чинь одоо энэ хүнтэйгээ л зууралдахаас өөр арга байхгүй. Чи лам бөөгөөрөө сайн яваарай  гэж хэлэхээр нь би “Надад сүсэг бишрэл байхгүй, надад таньдаг ч бөө, лам байхгүй” гэж хэлсэн чинь Батцэцэг надаас зээлсэн мөнгөнөөсөө 90.000 төгрөг дутуу өгчихсөн байсан тэгэхээр нь би Батцэцэгт “Тэр мөнгөөрөө ном уншуулчихаарай” гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явж байтал манай бэр охин Энхболор “Урнаа өмгөөлөгч худлаа яриад байна. Хохирол төлсөн тохиолдолд жил нь хасагдах ёстой хохирлыг нь төлөөгүй юм биш үү, ээжээ надад 2 хохирогчийн дугаар байгаа залгаад үзэх үү” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Манай бэр “Шүүгчийн туслах байна. Сүхтулгын ар гэрээс хохирол төлсөн үү” гэж асуутал 2 хохирогч нь ямар ч хохирол төлөөгүй гэж хэлсэн. Тэр даруйд нь би Уранчимэг рүү залгаад “хохирол төлөөгүйгээс ийм шийдвэр гарсан юм байна ш дээ” гэж хэлсэн чинь “хохирол төлчихсөн шүүхийн бичгэн дээр чинь төлсөн гэж гарч ирнэ, тэр бичиг нь 7-14 хоногийн дараа гарна” гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэрнээс хойш хүмүүсээс зөвлөгөө авсан чинь Хуульчдын холбоонд нь гомдол гаргаад өгчих гэж хэлсэний дагуу гаргаж хандсан. Тэрний дараа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Уранчимэг “Ганбатын гэрт хүрээд ир “ гэж хэлэхээр нь манай нөхөр Амар, бэр Энхболор бид 3 очиход тэдний гэрт Байгалаа, Батцэцэг, Тэгшдүүрэн нар байж байсан. Батцэцэг, Байгалаа 2 манай бэр охин руу “Чи л бичлэг хийсэн байгаа, ийм жаахан юм байж ямар айхтар юм” гээд дайраад байсан. Би Уранчимэгт “Шүүх хурал болсоноос хойш 20-иод хонож байхад чи манай хүүхэдтэй ерөөсөө очиж уулзаагүй байна” гэж хэлсэн чинь “Шийтгэх тогтоол нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарсан байна лээ” гэж хэлсэн. Тэгээд дансаа өгчих мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд үлдсэн. Тэгээд дансаа өгчих мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд үлдсэн. Батцэцэг “Маргааш Хас банкнаас мөнгө аваад өгчих гэж байна. Хэрвээ мөнгийг чинь өгчих юм бол чи гомдлоо буцаагаад авчих юм байгаа биз дээ” гэхээр нь “маргааш харж байгаад л болъё гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш ерөөсөө уулзаагүй” гэх мэдүүлэг /69-72 дугаар тал/,

Гэрч У.Энхболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай хадам ээж Энхтуул, Энхцэцэг эгчийн худ болох Тэгшдүүрэн, Батцэцэг нарын хамт Тэгшдүүрэнгийн гэрт засвар хийгээд хоносон юмаа. Маргааш өглөө нь хадам ээж Энхтуул миний утас руу залгаад “Сайн өмгөөлөгч олчихлоо хоёулаа хамт очоод уулзъя” гээд Саппорогийн автобусны буудал дээр Тэгшдүүрэн, Батцэцэг, Энхцэцэг, Энхтуул нартай уулзсан. Тэр үед Уранчимэг өмгөөлөгчийн утас нь холбогдохгүй байсан чинь Батцэцэг “Уранчимэг Байгалаагийн гэрт байгаа байх тийшээ явъя” гээд Тэгшдүүрэнгийн машинаар бид нар 32-ын тойргийн ойролцоо байдаг айлд очсон. Тэдний гэрт Уранчимэг гэдэг өмгөөлөгч байсан. Уранчимэг өмгөөлөгчийн нүүр нь шалбарчихсан байсан. Тэрнийгээ 5 дахь өдөр хүнд дээрэмдүүлээд нүүрээ маажуулаад өнгөрсөн нь их юм гэчихсэн сууж байсан. Тэгсэнээ Уранчимэг өмгөөлөгч өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлсэн. Тэгэхэд нь “Манай ээж Энхтуул манай хүү Баянгол дүүргийн  анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хорих ял авчихлаа. Одоо бид нар яах вэ? Таны төрсөн өдрөөр ийм байдалтай ирж байгаад уучлаарай” гэж уучлалт гуйсан. Тэгтэл Уранчимэг өмгөөлөгч “Одоо нэгэнт 5 жил 1 сар авчихсан юм бол суухгүй гээд яахав дээ. Харин ч багийг өгсөн байна. Ажлын байранд ирж уулзахгүй яасан юм бэ? гээд уурлаад байсан. Тэгэхээр нь ээж бид 2 төрсөн өдөр нь юм чинь гээд сэтгэлээрээ дэлгүүр ороод набор, ундаа, 0.75 граммын Экс нэртэй нэг шил архи авч өгсөн. Тэрийгээ ууж дуусгаад дахиад нэг шил 0.75 граммын нэг шил Экс нэртэй архи авч өгсөн. Архиа ууж байхдаа Уранчимэг өмгөөлөгч “миний найз одоо гутраад яахав дээ, нэгэнт л ийм юм болчихсон юм чинь гэхдээ найз нь аргалнаа, найз хүн хүн амины хэргээс хүн гаргаж байсан, 20 жил улсад ажилласан юм чинь бас нэг юм байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд Уранчимэг өмгөөлөгч “Өнөөдөр миний төрсөн өдөр юм чинь бөөнөөрөө гарч хоолонд оръё” гэж хэлээд Тэгшдүүрэнгийн машинд ээж, Уранчимэг өмгөөлөгч Батцэцэг бид нар суугаад харин Байгалаагийн машинд Ганбат, түүний саажилттай охин суугаад явцгаасан. Замдаа явж байхдаа Уранчимэг ээжээс “Миний найзад мөнгө байгаа биз дээ, дор хаяж 200.000-300.000 төгрөг орно ш дээ” гэхэд нь ээж “Байгаа, байгаа болно. Санаа зоволтгүй” гэж хэлсэн. Уранчимэг өмгөөлөгч “Замаараа гэрээрээ орж хувцсаа солиод аавынхаа сонгуулийг өгчихөөд та нар дээр очъё. Та нар нэг газар ороод юм идээд уугаад сууж бай. Өнөөдөр надад Энхтуул үйлчилнэ” гэж хэлсэн. Тэгээд бид нар Уранчимэг өмгөөлөгчийн гэр болох вокзалын хойд талын туслах замаар ороод 49 билүү 50 дугаар байрны 3 билүү 2 билүү орцны 1 давхарт өөдөөс харсан хаалганд очоод Уранчимэг түлхүүрдээд орсон. Ганбатын гэрийнхэн хойноос ирээд бид нар бөөнөөрөө гэрт нь орцгоосон юмаа. Уранчимэгийн хувцасыг солиулаад бөөнөөрөө гараад Хан-Уул дүүргийн соёлын төв ордны дэргэд Уранчимэг өмгөөлөгчийг буулгаад бид нар өөрсдөө нарны гүүрний дэргэдэх “World Wine” /Ворлд вайне/ нэртэй ресторанд очоод хоол захиалаад идээд сууж байхад цаг гарангийн дараа Уранчимэг өмгөөлөгчийг Тэгшдүүрэнгийн машинаар Ганбат 2 авч ирэхээр явсаны дараа би гэр лүүгээ явах гэтэл ээж “Аавыгаа аваад ир, ээжтэй нь ханьтай байж байг” гэхээр нь би аавыг 25 дугаар эмийн сангийн тэр хавьд байдаг Тэгшдүүрэнгийн гэрийн гаднаас авчирсан. Бид хоёрыг очиход Уранчимэг, Ганбат, Тэгшдүүрэн нар ирчихсэн архи захиалаад уугаад сууж байсан. Тэгээд би гэр лүүгээ явахаар болоод тэд нар Ганбатынх руу явахаар болоод бөөнөөрөө гарцгаасан. Маргааш нь би автобусанд суугаад Ганбатын гэр лүү очиход Ганбат, Байгалаа, түүний охин, манай хадам ээж, аав, Уранчимэг нар байж байсан. Ээж бид 2 тэр өдөр Сүхтулгыг эргэхээр очих гэтэл Уранчимэг наад хүүхдээ юм үзүүлээ. Энэ 7 хоногт очоод хэрэггүй. Өнөөдөр бөөнөөрөө эндээ өнжчихье” гэж хэлэхэд нь би уурлаад “эсвэл би ганцаараа явлаа, юу яриад байгаа юм бэ? гээд гэрээс гарах гэтэл ээж, аав 2 надтай хамт гарцгаасан. Аавыг автобусанд суулгаад ээж бид 2 Сүхтулгыг эргэхээр 461 дүгээр анги руу явсан. Замдаа явж байхдаа ээж “Өмгөөллийн хөлс гэж надаас 300.000 төгрөгийг Ганбатын данс руу мобайлдаж авсан. Батцэцэг, Тэгшдүүрэн нар түр зээлээч гэж өөрсдийнхөө данс руу 200.000 төгрөг мобайлдаж авсан гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ээж бид хоёр Уранчимэгийн ажлын байран дээр буюу Саппорогийн “Солонго-49”-ийн 303 тоот өрөөнд очиж уулзахад Уранчимэг “Би нөгөө шүүгч найзтайгаа ярьсан. Чиний ар гэрийн байдлыг чинь харж үзээд 1.000.000 төгрөг гэж тохирлоо” гэж хэлэхээр нь “Бид 2 шүүгчийн данс руу хийх юм уу?” гэхэд “шүүгч хамаагүй дансаа өгдөггүй юмаа. Би өөрийн биеэр аваачиж өгнө. Миний данс руу хийчих” гээд өөрийнхөө “ХААН” банкны дансыг өгсөн. Тэгээд бид 2 гараад явсан. Орой нь ээж “1.000.000 төгрөгийг Уранчимэгийн данс руу шилжүүлчихлээ” гэж ярьсан. 2016  оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Уранчимэг залгаж байна” гэж ээж над руу ярьсан. Уранчимэг ээж рүү “Хохирлын мөнгөө аваад ажлын байран дээр хүрээд ир гэж байна” гэж хэлснийх нь дагуу бид 2 ажлын байран дээр очоод бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Тэгэхэд надаар хохирлын мөнгө төлсөн тэмдэглэл гэж 2 хуудас бичүүлээд эх хувийг нь өөрөө аваад канондсон хуулбарыг бид 2-т өгсөн. Тэгэхэд нь ээж сэтгэлээрээ ачтайгаа явж байсан болохоор нь “бензин хийгээрэй” гээд 40.000 төгрөг өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр ээж над руу залгаад “Уранчимэг өмгөөлөгч нөгөө шүүгчээ хоолонд оруулах гэсэн юмаа. Шүүх хурал чинь дөхөөд байна. Мөнгөний боломж байна уу? мөнгө шилжүүлээч ээ” гэхээр нь ээж нь боломжоороо 200.000 төгрөг данс руу нь шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Шүүх хурлын өмнөхөн уулзалтын бичиг авахаар Баянгол дүүргийн шүүгчийн туслах Болорчимэгтэй уулзахад “Та нар хохирлоо төлсөн юм уу? ямар үндэслэлээр давж заалдах гээд байгаа юм бэ? “ гэж асуухаар нь хохирлоо төлсөн болохоор жилийг нь ядаж багасгахаар давж заалдсан юмаа” гэж хэлсэн. Тэндээс гарч ирээд ээж рүү залгаад Болорчимэг туслах хохирлоо төлсөн юм уу гээд асуугаад байна наад өмгөөлөгч чинь хохирлыг нь төлсөн юм уу гэж асуухад ээж “төлсөн байлгүй дээ ямар ч байсан мөнгийг нь өгсөн юм чинь хүнээс асуугаад яахав, сэтгэлд нь сэв хийчихнэ” гэж хэлэхээр нь би өөрөө Уранчимэг өмгөөлөгч рүү залгаад “Шүүх хурал болох гэж байна. Бидний зүгээс юу хийх вэ? Болорчимэг туслах хохирлоо төлсөн юм уу? гээд асуугаад байна” гэтэл Уранчимэг “Би ажлаа хийгээд л явж байна, хохирлыг чинь төлчихсөн ш дээ. Битгий байн байн яриад бай гээд өөдөөс уурласан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал дээр уулзсан. Бид нарыг орж болохгүй, наанаа сууж бай гээд шүүх хуралд оролцуулаагүй. Тэгээд шүүх хуралд орчихоод гарч ирэхдээ Уранчимэг “Анхан шатны шийдвэрийг хэвээр нь үлдээчихлээ. Хатанцэцэг прокурор бид хоёр бараагаад л үлдлээ. Одоо яахав дээ дээд шүүх дээр л давна даа. Өдөр яръя гэж хэлчихээд явчихсан. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлынх нь байран дээр очиж уулзахдаа би бичлэг хийсэн. Тэгэхэд нь би “Яагаад анхан шатныхыг хэвээр үлдээчихвээ, хохирлоо төлчихсөн юм чинь 551 хэрэглэж болоогүй юм уу” гэж асуухад “Анхнаасаа Сүхтулга бид 2 нэмэлт мөрдөн байцаалтанд буцаана гэж орсон, үгүй байсан бол 3.6 жил болчих байсан” гэж хэлсэн. Би ч өчигдөр гараад Дашдондов шүүгч рүү яриад “Чиний нөгөө бүтээх юм чинь ийм болчихлоо, Одоо дээд шүүх  дээр янзалж өгөөрэй гэж хэлсэн. Би сая өрөөнөөс нь ирчихлээ” гэж хэлсэн. Тэрний дараа мэргэжлийн хариуцлагын хороонд өргөдөл гаргасны дараахан Байгалаагийн гэрт ээж бид 2 очиход Уранчимэг, Тэгшдүүрэн, Байгалаа, Батцэцэг нар байсан. Уранчимэг “Юун өргөдөл, гомдол болоод явчихваа. Бичлэг гээд байх юм, юун бичлэг байсан юм бэ” гэж асуухад нь би “Шүүх хурлын дараа тань дээр очихдоо бүх яриагаа утсаараа биччихсэн юмаа” гэж хэлэхэд “Яасан явцуу санаатай хүүхэд бэ? Яахаараа чи тэгэж бичлэг хийж явдаг юм бэ? гээд бүгд уурласан …” гэх мэдүүлэг /хх-75-78х/,                       

Дансны хуулга /хх-6, 171х/,

Эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /хх-67/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-124-125х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-126х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 140х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.У нь Хууль зүйн туслалцааны төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын ахлах улсын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4-38б тоотод иргэн Д.Энхтуулаас хүү Л.Сүхтулгад холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд нь өмгөөлөгчөөр оролцоно, өмгөөллийн хөлс гэж 300.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчид өгнө гэж 1.000.000 төгрөг дансаар, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч нарт өгнө гэж 1.030.000 төгрөг бэлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийг хоолонд оруулна гэж 200.000 төгрөг дансаар, нийт 2.530.000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Энхтуулын өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 30-нд би Уранчимэг өмгөөлөгчид 300.000 төгрөг өгсөн. Тэгээд 09 дүгээр сарын 06-нд тэр надтай ярихдаа “би ангийн найз Дашдондог шүүгчтэйгээ ярилаа, 1 сая төгрөг шүүгчийн дансанд хийе” гэж хэлээд надаас 1 сая төгрөг авсан. 09 дүгээр сарын 15-ны өглөө над руу залгаад “хохирлын мөнгөө бэлэн авчираад өг” гэхээр нь би охиноо хань татаад ажил дээр нь хамт очсон. Тэгээд 1.030.000 төгрөгийг бэлдээд 2 дугтуйнд хуваан хийж баримт үйлдүүлсэн. Тэгээд би нэмж 40.000 төгрөгийг “бензин хийчих” гээд өгсөн. Тэгэхэд Уранчимэг өмгөөлөгч бичсэн бичгийнхээ канондсон хувийг надад өгсөн. Тэрнээс хойш надтай ярихгүй, төвөгшөөгөөд байхаар нь сэжиг төрж байсан. Тэгээд 9 дүгээр сарын 23-ны өдөр над руу гэнэт утсаар яриад “би нөгөө шүүгчийг хоолонд оруулах гэж байна. Чи мөнгө шилжүүлчих” гэхээр нь би 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш бас л надтай утсаар ярихгүй сэжигтэй байсан боловч би хүүгээ аврахын тулд түүнд итгэж байсан. Тэгээд 10 дугаар сарын 6-ны өдөр Давж заалдах шатны шүүх хуралд бид бүгд очиход Уранчимэг өмгөөлөгч “прокурор бид хоёр л ордог юм” гэж хэлээд биднийг оруулаагүй. Тэгээд Уранчимэг өмгөөлөгч шүүх хурлаас гарч ирээд “анхан шатны шүүх хурлаас хэвээр баталлаа. Би Сүхтулгатай очиж уулзана” гэж хэлээд гараад явсан. Би нийт 2.530.000 төгрөг Уранчимэг өмгөөлөгчид өгсөн. 1.030.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бусдыг нь дансаар өгсөн. 3.5 сая төгрөг өгсөн гэж гомдол гаргасан гэдэг дээр хэлэхэд би Хуульчдын холбоонд өргөдөл гаргахдаа өөр өмгөөлөгч авч хохирсны зардлаа нэмсэн юм” гэх мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: мэдүүлэг /69-72 дугаар тал/,

 

 Гэрч У.Энхболорын өгсөн: “…Замдаа явж байхдаа ээж “Өмгөөллийн хөлс гэж надаас 300.000 төгрөгийг Ганбатын данс руу мобайлдаж авсан. Батцэцэг, Тэгшдүүрэн нар түр зээлээч гэж өөрсдийнхөө данс руу 200.000 төгрөг мобайлдаж авсан гэж хэлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ээж бид хоёр Уранчимэгийн ажлын байран дээр буюу Саппорогийн “Солонго-49”-ийн 303 тоот өрөөнд очиж уулзахад Уранчимэг “Би нөгөө шүүгч найзтайгаа ярьсан. Чиний ар гэрийн байдлыг чинь харж үзээд 1.000.000 төгрөг гэж тохирлоо” гэж хэлэхээр нь “Бид 2 шүүгчийн данс руу хийх юм уу?” гэхэд “шүүгч хамаагүй дансаа өгдөггүй юмаа. Би өөрийн биеэр аваачиж өгнө. Миний данс руу хийчих” гээд өөрийнхөө “ХААН” банкны дансыг өгсөн. Тэгээд бид 2 гараад явсан. Орой нь ээж “1.000.000 төгрөгийг Уранчимэгийн данс руу шилжүүлчихлээ” гэж ярьсан. 2016  оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Уранчимэг залгаж байна” гэж ээж над руу ярьсан. Уранчимэг ээж рүү “Хохирлын мөнгөө аваад ажлын байран дээр хүрээд ир гэж байна” гэж хэлснийх нь дагуу бид 2 ажлын байран дээр очоод бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Тэгэхэд надаар хохирлын мөнгө төлсөн тэмдэглэл гэж 2 хуудас бичүүлээд эх хувийг нь өөрөө аваад канондсон хуулбарыг бид 2-т өгсөн. Тэгэхэд нь ээж сэтгэлээрээ ачтайгаа явж байсан болохоор нь “бензин хийгээрэй” гээд 40.000 төгрөг өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр ээж над руу залгаад “Уранчимэг өмгөөлөгч нөгөө шүүгчээ хоолонд оруулах гэсэн юмаа. Шүүх хурал чинь дөхөөд байна. Мөнгөний боломж байна уу? мөнгө шилжүүлээч ээ” гэхээр нь ээж нь боломжоороо 200.000 төгрөг данс руу нь шилжүүлчихлээ” гэж хэлсэн …” гэх мэдүүлэг /хх-75-78х/, Дансны хуулга /хх-6, 171х/, Эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /хх-67/ болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-124-125х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-126х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 140х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хохирол төлөгдөөгүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Уийн ярианы бичлэг бүхий 1 ширхэг СиДи болон хохирогч Д.Энхтуулаас хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн шүүгдэгч Б.Уийн ярианы бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г тус тус хэрэгт хавсаргаж, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Уээс хохирлын 2.530.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Энхтуулд олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөрвөд Удган овогт Б.Уийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ут авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уээс хохирлын 2.530.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 1-2-59 тоотод оршин суух хохирогч Д.Энхтуулд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Уийн ярианы бичлэг бүхий 1 ширхэг СиДи болон хохирогч Д.Энхтуулаас хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн шүүгдэгч Б.Уийн ярианы бичлэг бүхий 1 ширхэг СиДиг тус тус хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй. 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ут цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН