Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 158/ШШ2023/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга нарын хоорондын ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга Л.ийн Б.*******г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин 6,345,000 /зургаан сая гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагч *******-******* сумын Засаг дарга /Л./, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гэрч С., нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн *******-******* сумын Засаг даргад холбогдуулан ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга Л.ийн Б.*******г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин6,345,000 /зургаан сая гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулах -аар маргасан байна.

 

2.   ******* аймгийн *******-******* сумын Засаг даргаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзжээ.

3.   Нэхэмжлэгч хариуцагчийн дээрх албан бичгээр өгсөн татгалзсан хариуг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/569 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэж хариу өгсөн.

4.   Нэхэмжлэгчээс дээрх Төрийн албаны зөвлөлийн хариуг авснаас хойш сумын Засаг даргатай биечлэн уулзсан боловч цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй гэх татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

5.   Нэхэмжлэлийн үндэслэл:

5.1.       Миний бие нь Төрийн албаны хуулийн дагуу тусгай шалгалтад орж тэнцэн, хамгийн өндөр оноо авсан байтал намайг тухайн ажлын байранд томилохгүй байгаа үйлдэл нь хууль бус,

5.2.       Миний бие нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байхад хариуцагч ёс зүйн зөрчилтэй гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь миний эрх, ашиг сонирхолыг зөрчин хохироож байна гэж тодорхойлсон.

6.   Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Би энэ талаар Түвшин даргаас мэдсэн. Түвшин дарга цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орж болно, нээлттэй шүү гэж хэлсэн. Бүртгэл нь 2, 3 хоногийн дараа эхлэх байсан. Тэгээд би сонгон шалгаруулалтад бүртгүүлээд баталгаажсан тул шалгалтанд орсон. 2022 оны 12 дугаар дугаар сарын 20-ны өдөр 2 хүн уг шалгалтанд орсон ба би өндөр оноо авсан. Тэгээд Төрийн албаны зөвлөлөөс бичиг ирдэг гэхээр нь хүлээсэн. ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 01 дүгээр сарын 15-ны өдөр тогтоол ирсэн. Үүний дагуу би цэцэрлэгийн эрхлэгчээр томилуулахаар Засаг даргад өргөдлөө өгсөн. Гэтэл томилохгүй байгаад байсан. Тэгээд би ******* аймгийн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс албан бичиг ирүүлсэн боловч томилоогүй. 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийн дагуу би дахин Засаг даргад өргөдөл өгсөн. Гэтэл Түвшин дарга надад албан бичиг өгсөн. Ингээд би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс хариу албан бичиг ирүүлсэн. Тийм боловч намайг цэцэрлэгийн эрхлэгчээр томилоогүй. Тиймээс намайг уг албан тушаалд ажиллуулж өгнө үү, надад цаашаа ажиллах эрч хүч байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгоно. Би нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна. Ажиллаагүй хугацааны цалин болох 5,076,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхээс шийдвэр гартал буюу өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулна гэв.

7.   Хариуцагч *******-******* сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл зөвшөөрөхгүй байгаа талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

8.   Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахад ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй юм. Санхүүгийн хуйвалдаан үүссэн байсан тул хамт ажиллаж байсан цэцэрлэгийн өмнөх эрхлэгч нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэр үед энэ хүн цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан. Би тухайн үед Б.*******гээс чи цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах уу? гэж асуухад би чадахгүй гэж хариулж байсан. Тиймээс би цэцэрлэгийн хамт олонтой уулзаад та нарт цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байртай холбоотой санал байна уу гэхэд 3 санал гаргаж байсан. Нэгдүгээрт дотроосоо цэцэрлэгийн эрхлэгч томилъё гэсэн. Гэтэл дотроосоо томилох хэрэггүй, гаднаас хүн томил гэсэн. Энэ хүнтэй хамт өрсөлдсөн Отгонцэцэг гэдэг хүнийг дэмжсэн. Гэтэл жирэмсний амралтаа аваад явсан. Дахиад л цэцэрлэгийн хамт олны саналыг авсан. Гэтэл гаднаас хүн авч ажиллуулъя гэсэн. Тэгээд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сул орон тоог зарласан ба 1 эмэгтэй ирсэн. Орос хэлний багш, боловсролын удирдлагын магистр зэргээр төгссөн хүн саналаа ирүүлсэн. Бид нар тэр хүнийг эрхлэгчийн албан тушаалд түр томилсон. Тэр үед нэхэмжлэгч ёс зүйгүй авирласан байсан. Хамт олноо хагаралдуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчээс хууль зүйн дагуу шаардлага тавихад биелүүлэхгүй, маш олон асуудал гаргасан байсан. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга нар хамт очиж цэцэрлэгийн хамт олонтой уулзсан. Энэ хүн өөрийн хүсэлтээр цэцэрлэгээс халагдсан. Тэгсэн мөртлөө тухайн байгууллагын дотоод ажил руу оролцож, нууцын зэрэглэлтэй асуудлыг ярьсан. Энэ хүн ёс зүйгүй асуудал гаргаж байсан тул Төрийн албаны тухай хуульд зааснаар бид нар ажлаас нь халах боломжтой байсан. Гэтэл залуу хүн тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Мөн энэ хүн сургуульд ажиллаж байхдаа ёс зүйн доголдол гаргаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ байдлуудыг нь мэдсээр байж цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох ямар ч боломжгүй. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс ажлын хэсэг манай суманд ирж ажиллахдаа энэ байдлыг нь тогтоосон байдаг. Мөн бид нар үүнийг үндэслэл болгож тайлбар гаргасан. Тэр нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Тусгай шалгалт авахдаа энэ хүнийг яагаад арга зүйчийн ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг нь тодруулаагүй. Орон нутагт бүх зүйл түмний нүдэнд ил байдаг. Энэ хүнд хамт олон нь дургүй байна. ******* аймгийн хэмжээнд 2022 оныг Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын жил болгон зарласан. Ийм байхад би энэ хүнийг цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд томилох эрхгүй. Төрийн алба хариуцлагатай, шударга байх ёстой. Намайг хувийн үзэл хандлагаараа энэ хүнийг эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байна гэж байна. Шударга байх, зөв байх гэдэг байдлыг ард түмэн үнэлээд би энэ албан тушаалыг хашиж байна. Энэ хүн тухайн үеийн цэцэрлэгийн арга зүйчийн хийх ёстой ажлыг нэг ч хийгээгүй. Шаардлага тавихаар эсэргүүцдэг. Тусгай шалгалтын дүнгийн дагуу эрхлэгчээр томилох санал ирүүлсэн. Би зөвшөөрөөгүй. Энэ хүн өмнө нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах уу гээд санал тавиад байхад орж ирээгүй. Тэгээд цэцэрлэгийн арга зүйчийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь сургуульд математикийн багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан тул эцэг, эхчүүд нь хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага өгсөн байсан. Хэрвээ үүнийг зөв зүйтэй алхам гэж Төрийн албаны зөвлөл үзвэл, энэ хүнийг хамт олон нь зөвшөөрвөл би эрхлэгчийн албан тушаалд томилно. Тэгээгүй байхад би уг албан тушаалд томилох боломжгүй гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилох тухай албан бичгийг 2022 оны 12 дугаар сард гарсан, үүнтэй холбоотой ажиллагааг 2023 оны 01 дүгээр сард болсон гэж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалт 12 дугаар сард болсон. Төрийн албаны зөвлөлөөс бичиг баримт нь дамжиж ирсээр байгаад суманд хэзээ ирсэн бэ? Бид нар Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг харж байж энэ асуудлын талаар ярина. Түүнээс өмнө зохион байгуулалттай бүрдүүлж хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч яагаад ингэж яриад байгаа юм бэ? Бид бүгд ёс зүйг сахиж ажилладаг. Ёс зүйгүйгээр төрийн алба хэрхэн явах вэ? Холбогдох баримтыг өмнө нь бүрдүүлсэн гэж байгаа бол та үүнийгээ баримтаар нотлох хэрэгтэй. Үүнийг онцолж хэлмээр байна. Б.******* та яагаад өөрийгөө гэнэт ингэж ярих болов. Таныг эвлэрэх асуудал ярих байх гэхэд харин өөр зүйл ярьж байна. Таныг ёс зүйгүй гэдгийг танай хамт олон болон сургуулийн хүүхдүүд хэлсэн байна. Та сайн сайхан байсан бол тэр хүүхдүүд танаар хичээлээ заалгах байсан. Та цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байх хугацаандаа ёс зүйгүй гэдгээ хэдэн удаагийн үйлдлээр харуулсан. Бид нар хүний муу үзэхгүй гэсэндээ энэ асуудлыг баримтжуулаагүй. Таныг залуу боловсон хүчин тул хохироогоод яах вэ гээд дэмжээд ирсэн. Таныг төрийн албанд орох эрхгүйгээр чөлөөлөх байсан. Тэгсэн бол та одоо юун цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орох боломжгүй байсан. Бид нар энэ талаар нотлох баримт бүрдүүлж ирээгүй. Яагаад гаргаж байсан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. дүгнэлтдээ: Би нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлд *******-******* сумын Засаг дарга нь Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон захиргааны акт гаргуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардсан. Хариуцагчийн хариу тайлбарт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/09 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/20 дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Засаг даргын гаргаад байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа эс үйлдэхүй гэдгийг өөрчлөн цэцэрлэгийн эрхлэгчээр томилохоос татгалзаад байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус үйлдлийн улмаас ажилгүй байсан цалинг гаргуулах гэж өөрчилсөн. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагад дурдсан цалинг тооцохдоо Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай тогтоолыг үндэслэж үндсэн цалингаа тодорхойлсон. Үүнийг үндэслэн гаргасан цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн шатлалаар тооцож гаргасан. Уг 107 дугаартай тушаалын дагуу тооцвол 1,129,198 төгрөг байна. Мөн тогтоолын дагуу хөдөө орон нутгийн 15 хувийн нэмэгдэл, ажилласан жилийн 11 хувийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл нэмэгдсэн. Үүнээс суутгалыг хасаж тооцвол 1 сарын цалин нь 1,269,000 төгрөг болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйл, 103 дугаар зүйлийн 103.1-т заасны дагуу хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан хор уршгийг тухайн албан тушаалтнаас гаргуулахаар шаардах эрхтэй. Буруутай этгээдээс 5,076,200 төгрөгийг шаардаж байна. Үүнийг нэхэмжлэл гаргах үеэр тооцсон. Өнөөдрийг хүртэл буюу 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 сарын цалин 1,269,000 төгрөгийг нэмээд 6,345,000 төгрөгийн цалинг эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд шаардаж байна. Хамгийн гол нь нэхэмжлэгч төрийн албаны шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгч тэнцсэн. Нийт 64 оноо авсан. Харин 2 дугаар байранд Отгонцэцэг гэдэг хүн буюу одоо цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн орсон байна. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай тогтоолыг ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс *******-******* сумын Засаг даргад хүргүүлсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай албан бичиг, 3 дугаар сарын 16-ны өдрийн 2/569 дугаартай албан бичгүүдийг тус тус Засаг даргад хүргүүлсэн. Ингэхдээ Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлнэ үү. Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилно уу. Хэрвээ томилохгүй бол хууль бус гэж үзээд таныг огцруулах үндэслэл болно гэж удаа дараа сануулж, 6 удааг албан бичиг ирүүлсэн байна. Засаг даргаас 2 удаагийн албан бичгээр уг албан тушаалд Б.*******г томилохоос татгалзсан. Татгалзсан шалтгаанаа Б.*******г ёс зүйн зөрчилтэй гэдэг асуудал ярьдаг. Эхний албан бичиг буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг суманд 01 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсанаар Засаг даргын Тамгын газрын дарга цохолт хийсэн байна. Ингэхдээ Б.*******гийн ёс зүйн асуудалд дүгнэлт хийгээд ир гэж цохолт хийсэн. Тамгын газрын даргаас тус өдрөө Отгонцэцэг, Пүрэвсүрэн нарт цохолт хийсэн ба ёс зүйн хорооны хурлыг хуралдуул гэсэн байна. Ёс зүйн хороо нь хавтаст хэргийн 32-34 дүгээр талд авагдсанаар хуралдсан талаараа тэмдэглэл үйлдсэн байна. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч байхгүй гэдэг шалтгаанаар Отгонцэцэг гэдэг хүн хурлыг удирдан явуулсан гэдэг. Ёс зүйн хорооны дарга хурлыг удирдан хуралдуулах байтал Отгонцэцэг гэдэг хүн сайн дураараа хуралдуулсан. Яагаад ёс зүйн хороог хуралдуулсан бэ? гэж шүүхээс тодорхой мэдүүлэг авдаг. Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийг хуралдуул гэсэн тул хуралдсан. Ёс зүйн хороо 17 цагт хуралдсан байдаг. Ингэхдээ ёс зүйн хорооноос Б.*******гийн зөрчил гаргасан үйлдлийг тодорхойлсон. Нэгдүгээрт ажлыг чанар үр дүнтэй гүйцэтгээгүй, шаардлага хүлээж авдаггүй. Эцэг эх, хамт олныг турхирах ажлыг удирддаг, нярвын ажлыг хийж цалин авсан. Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийгээгүй, аман зааварчилгаа авч байсан. Мэргэжлийн нэр хүндээ хамгаалаагүй гэдэг. Гэтэл ёс зүйн хороо хэний талаар хуралдаад байгаагаа тодорхойлоогүй. Ёс зүйн хороо нь ажилтан Б.******* үү эсхүл ажил горилогч Б.*******гийн талаар яриад байна уу гэдгээ тодорхойлоогүй. Ажлын байрны чанарт хүрээгүй гэдэг. Тухайн албан тушаалд томилогдоогүй хүн. Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас Б.******* цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдох гээд байна. Түүний ёс зүйтэй холбоотой асуудал байна уу гаргаад ир гэдэг үүднээс хуралдсан. Гэтэл ажилд орох гээд өргөдлөө өгсөн хүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чанарыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ хүн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилуулах гээд явж байгаа хүн. Зүгээр л ажил горилогч. Гэтэл түүнийг цэцэрлэгийн ёс зүйн хороогоор хэлэлцэж, ёс зүйн хороонд байдаггүй хүн Отгонцэцэг хурлыг удирдаж, түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүмүүсээс гарын үсэг цуглуулсан байдаг. Гэрч Алтанцэцэгийн мэдүүлгээр тухайн үед би чөлөөтэй байсан. Гарын үсэг зур гэдэг байдлаар хэлсэн. Тэгээд би гарын үсэг зурсан гэдэг. Бусдын өмнөөс санаачлаад бичсэн. Би ёс зүйн харилцаа хандлагад тэнцэхгүй бол ажиллуулах сонирхолгүй байна гэдэг өгүүлбэрийг хэлээгүй гэдэг. Ёс зүйн хороо хуралдаж байгаа үйл процесс нь анхнаасаа хууль бус байна. Холбогдох баримтыг нөхөн бүрдүүлсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 36 дугаар талд санал асуулга авагдсан байдаг. Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчээр томилон ажиллуулахыг зөвшөөрч байна уу? гэсэн асуулттай, тийм үгүй гэсэн хариулттай санал асуулга байна. 1 хуудсанд бичигддэг судалгаа гэж юу байх вэ дээ. Хэлэлцүүлгийн үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хуудсанд судалгааг нийлүүлээд канондсон гэж тайлбарласан. Гэвч энэ судалгааны асуулгууд байгаагүй. Шүүхээс үзлэг хийсэн. Үнэхээр хамт олноос нь судалгаа авсан бол яагаад ажил тарж байхад хурал хийсэн бэ? Ажил тарсан хойно судалгаа аваад байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Нийт хэдэн хүнээс судалгаа аваад хэд нь тийм, хэд нь үгүй гэж хариулсан. Эсвэл хамт олны саналаар 100 хувь хариулаад байна уу гэдэг талаар баримт байдаггүй. Энэ баримт нотлох баримтын шаардлага хангахгүй. Хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсанаар 2023 оны 01 дүгээр сарын12-ны өдөр буюу маргааш нь Тамгын газрын даргаас Засаг даргад зөвлөмж өгсөн байна. Зөвлөмж хүргүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 заасныг зөрчсөн гэж байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж байна. Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлөөс Тамгын газрын даргад 5 заалт бүхий бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийг сургуульд багшаар ажиллаж байхад сургуулийн сурагчдаас хүүхдийн тусламжийн 108 утсанд гомдол гаргасан. Иймээс төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хангахгүй байх тул томилохгүй байхыг зөвлөж байна гэсэн. Өөрийн хэр хэмжээг хэтрүүлж Засаг даргын эрх хэмжээнд шууд халдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тайлбарлахдаа ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй. Шүүхээс хийсэн үзлэгийн явцад Б.*******гээс ёс зүйн зөрчил гаргасан талаар ямар ч баримт гарч ирээгүй. Хэдийгээр хариуцагч ийм баримт байгаа гэх боловч нотлогдохгүй байна. Хариуцагчийн тайлбарт хэдийгээр ажил горилогчийн ёс зүйн асуудлыг урьдчилан дүгнэх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчилтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж, нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгчээр томилох нь зүйтэй байна. Хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/09, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/20 дугаартай татгалзалууд нь хууль зүйн үндэслэлгүй тул хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Засаг даргад даалгаж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин болох 6,345,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

11. Гэрч ******* овогт *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын дундаас *******-******* сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилд орсон. Б.******* нь ажиллаж байх хугацаандаа багш нар болон сурагчидтай ёс зүйн зөрчил гаргасныг мэдэхгүй. Хэвийн ажлаа хийгээд явж байсан. Ажлаас гарсан шалтгаан нь цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад орохоор боллоо. Тиймээс ажлаасаа чөлөөлөгдөх шаардлагатай юм байна гэж надад хэлж байсан. Би сургуулийн ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг эрхэлдэг бөгөөд Б.******* ажиллаж байх хугацаанд сургуулийн ёс зүйн зөвлөлд түүнтэй холбоотой гомдол, мэдээлэл ирж байгаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь *******-******* сумын Засаг даргад холбогдуулан ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга Л.ийн Б.*******г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин5.076.000 /таван сая далан зургаан мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймгийн *******-******* сумын Засаг дарга Л.ийн Б.*******г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах, Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин 6,345,000 /зургаан сая гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулах гэж өөрчилжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авч тэнцсэн байхад үндэслэлгүйгээр ажлын байранд томилохоос татгалзаж байгаа нь хууль бус гэж;

Хариуцагч талаас нэхэмжлэгч нь ёс зүйн хувьд төрийн албанд тэнцэхгүй, цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр ёс зүйн зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон тул томилох боломжгүй гэж тус тус маргажээ.

4. Нэхэмжлэгч нь *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай тогтоол /хх-ийн 6 дугаар тал/ -оор түүнийг *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч хариуцагчаас томилохоос татгалзсан шийдвэрээ 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/09, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгүүд /хх-ийн 38, 39 дүгээр тал/-ээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

5. Хариуцагчийн томилохоос татгалзсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн,...эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасны дагуу захирамжилсан үйл ажиллагаанд хамаарах захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр байна.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Маргаан бүхий хариуцагчийн томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч нь ёс зүйн хувьд төрийн албанд тэнцэхгүй гэдэг нь цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтоогдсон, өмнө нь ажиллаж байсан байгууллагаас ёс зүйн зөрчил гаргаж халагдсан гэжээ.

8. Нэхэмжлэгч нь *******-******* сумын цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай тушаал /хх-ийн 43 дугаар тал/ -аар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг өөрийн хүсэлтээр гэж тодорхойлсон байна. Ийнхүү цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тус сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад *******-******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

9. Хариуцагчаас дээрх шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасны улмаас гарсан шийдвэрүүд гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийг ёс зүйн хувьд алдаа гаргаж, дээрх тушаалууд гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

10. Хариуцагчийн Б.*******г томилохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн санал, Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн албан тоотыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

10.1. Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******-******* сумын Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлд санал хүргүүлэх тухай баримт бичиг /хх-ийн 32-34 дүгээр тал/ -ийн тухайд: Уг ёс зүйн зөвлөлийн хуралдааныг тус цэцэрлэгийн арга зүйч Д.Отгонцэцэг удирдан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагт явуулсан тухай тусгагджээ.

Хуралд: Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд /2 хүн/, Арга зүйч гэсэн 5 хүн оролцож, нэхэмжлэгч Б.*******г 1.Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлыг чанар үр дүнтэй гүйцэтгээгүй, шаардлага огт хүлээж авдаггүй, 2. Эцэг эх, хамт олныг удирдан турхирах ажлыг зохион байгуулдаг, 3. Нярвын ажлыг хавсран хийж цалин авсан ч байгууллагын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, тооллого хангалтгүй, 4. Удирдлагын шаардлагыг удаа дараалан гүйцэтгээгүй, албан болон аман сануулга зааварчилгаа авч байсан, 5. Мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зөрчил гаргасан гэх үндэслэлээр хэлэлцэж Ёс зүйгээр цэцэрлэгийн эрхлэгчийн удирдах албан тушаал болон багш, арга зүйчээр ажиллахад шаардлага хангахгүй гэж үзэж байна гэж шийдвэрлэсэн.

Энэхүү баримтаас харахад ёс зүйн зөвлөл хуралдаж буй цаг хугацаанд нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажилладаггүй байсан ба ёс зүйн зөвлөл ямар зорилгоор шийдвэр гаргаж буй нь тодорхойгүй, тухайн ёс зүйн зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга удирдаагүй, арга зүйч удирдан явуулсан зэрэг нь ойлгомжгүй байна. Мөн албан тушаалтны талаар ажиллаж байх хугацаанд нь бус ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш түүний талаар ёс зүйн зөвлөл хуралдаж шийдвэр гаргаснаар тухайн байгууллагад харьяалагдахгүй хүнд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь тодорхойгүйн дээр өөр албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэний талаар урьдчилсан дүгнэлт хийсэн нь зохимжгүй ба цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагад харьяалагдахгүй хөндлөнгийн этгээдийн талаар хэлэлцэж шийдвэрлэх эрх байхгүй юм.

10.2. *******-******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/6 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 37 дугаар тал/ -ийн тухайд: Уг албан бичигт Б.******* нь цэцэрлэгт арга зүйчийн үүрэгт ажил хийж байх хугацаандаа ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж, ... чөлөөлөгдсөн байх хугацаандаа хамт олныг хагаралдуулж, байгууллагын нууцыг задалсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх заалтыг, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.5.а заалтыг тус тус зөрчиж байсан...тул цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохгүй байхыг зөвлөж байна гээд уг албан бичгийг сумын Засаг даргад хүргүүлжээ.

Сумын Засаг даргын тамгын газар нь тухайн сумын Засаг даргын ажлын алба байхаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд хуульчилж, 67 дугаар зүйлийн 67.1.3-т тамгын газар нь сумын Засаг даргыг шаардлагатай мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Харин Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудалд зөвлөх чиг үүргийг хуулиар олгоогүй байна.

Мөн Засаг даргын тамгын газрын даргын дээрх албан бичигт дурдсан нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэх үйл баримт нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба уг албан бичигт дурдагдсан зөрчил дутагдлын талаарх баримт байхгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Та цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байх хугацаандаа ёс зүйгүй гэдгээ хэдэн удаагийн үйлдлээр харуулсан. Бид нар хүний муу үзэхгүй гэсэндээ энэ асуудлыг баримтжуулаагүй гэх тайлбараар тогтоогдож байна.

11. Шүүхээс дээрх ёс зүйн зөвлөлийн хуралдааны үндэслэл, хуралдах болсон шалтгааныг тодруулах зорилгоор тус цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон арга зүйч Д.Отгонцэцэг, бүлгийн багш Б.Үүрийнтуяа, туслах багш С.Алтанцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд ёс зүйн зөвлөлийн хуралдааныг нэхэмжлэгч Б.*******г цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдох шийдвэр ирсний дагуу түүнийг өмнө нь ажиллаж байхдаа ёс зүйн зөрчилтэй байсан талаар хэлэлцэхээр хуралдсан гэж мэдүүлснээс харахад тус цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагад өмнө нь ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн хүний талаар нөхөн хэлэлцэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

12. Мөн *******-******* сумын цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн зөвлөлийн баримт материалд үзлэг /хх-ийн 92-94 дүгээр тал/ хийхэд нэхэмжлэгч Б.******* нь дээрх байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаж, хурлаар хэлэлцэгдсэн баримт байхгүй байх ба нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан талаар бусад ажилчид болон хүүхдээс Ёс зүйн зөвлөлд хаяглан ирүүлсэн гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байна.

13. Хариуцагч нь хуульд нийцсэн нотлох баримтад үндэслээгүй цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлөөс ирүүлсэн баримт болон ЗДТГазрын даргын албан бичигт үндэслэж, хуульд заасан шаардлагыг хангасан, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилохоос татгалзсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй... гэсэн Монгол улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөний дээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн үйлдэл гэж дүгнэлээ.

14. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж, 59 дүгээр зүйлийн 59.1.23-т хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэж заасан. Хариуцагчийн боловсролын салбарт хэрэгжүүлэх бүрэн эрхийг Боловсролын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх ба хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулсны дүнд Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох, томилсны дүнд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулан, хэрэгжилтийг дүгнэсний эцэст чөлөөлөх эрхийг хуулийн хүрээнд эдлэхээс бус томилохоос татгалзах эрхийг хуулиар олгоогүй байна. Энэхүү хуулийн зохицуулалтаар хариуцагчийн тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд иргэнийг томилохгүй байх эрхтэй гэх тайлбар няцаагдаж байна.

15. Хариуцагчийн нэхэмжлэгч Б.*******г *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буй үйлдэл нь холбогдох хуулийг зөрчсөн байх тул татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцож, нэхэмжлэгчийг *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

16. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдээс шаардах эрхтэй гэж заасан хэдий ч ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь: нэхэмжлэгч нь *******-******* сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдоогүй, өмнө нь уг албан тушаалд ажиллаж байгаагүй тул албан тушаалын цалинг тооцох боломжгүйн дээр хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан ажлаас халагдаж, цалин хөлсөө авч чадахгүй болсон нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхдөө Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээнээс хэтрүүлж төлсөн байх ба илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:.

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн *******-******* сумын Засаг даргын Б.*******г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.*******г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хангаж, үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 6.345.000 /зургаан сая гурван зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236.666 /хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 166.466 /нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун жаран зургаан/ төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ