Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0617

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан: Булган аймгийн Баяг-Агт сумын Засаг дарга Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗДТГ-ын дарга Г.Т

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Булган аймгийн Баяг-Агт сумын Засаг дарга Л.Э

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э

Хэргийн индекс: 158/2023/0014/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-ээс Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Агт сумын Засаг даргын Б.Б-г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Б-г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 6,345,000 төгрөг гаргуулах”-аар маргасан байна.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Агт сумын Засаг даргын Б.Б-г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Б.Б-г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хангаж, үлдэх “ажилгүй байсан хугацааны цалин 6,345,000 /зургаан сая, гурван зуун дөчин таван мянган төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийн “Баян-Агт сумын Засаг дарга Б.Б-г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Б-г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.2. Б.Б нь Баян-Агт сумын хүүхдийн Жавхаа цэцэрлэгийн арга зүйчээр ажиллах хугацаандаа санхүү, ёс зүй, харилцаа, хандлагын доголдлыг удаа дараа гаргаж байсныг цэцэрлэгийн багш ажилчид илэрхийлэн эрхлэгчээр томилуулахгүй байх талаар Засаг даргад бичгээр өргөдөл хүсэлтийг гаргасан. Б.Б-г цэцэрлэгийн эрхлэгчээр томилох, эс томилох талаар цэцэрлэгийн албан хаагчдаас санал авахад томилуулахгүй байх саналыг ирүүлсэн.

3.3. Б.Б нь ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн дагуу математикийн багшаар ажилд ороод 1 сар гаруй хугацаа болоод байхад мэргэжил, арга зүй, ур чадвар, хүүхдийн эрхийг зөрчсөн гэх дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд гомдол ирүүлсэн нь тухайн хүнийг ямар ёс зүй, харилцаа, мэргэжил ур чадвартай гэдгийг харуулж байна.

3.4. Б.Б нь цэцэрлэгийн арга зүйчийн ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа байгууллагын хүний нөөцийн программд нэвтэрч хүний нөөцийн мэдээллийг тараасан үйлдэл нь Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

3.5. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх цэцэрлэгийн бүх албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг аваагүй, зөвхөн сонгож мэдүүлэг авсан нь цэцэрлэгийн албан хаагчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсгийн “Баян-Агт сумын Засаг дарга Б.Б-г тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Б-г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” гэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Б.Б-г нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, Төрийн албаны Салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Баян-Агт сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Бадарчийн Б-г томилуулахаар дэвшүүлсэн байна.

2.2. Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 165 тоот “...Б.Б-г томилсон шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү” гэх албан бичгийг Баян-Агт сумын Засаг дарга Л.Э-т хүргүүлжээ.

2.3. Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/09 дүгээр албан бичгээр “тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Бадарчийн Б-г томилуулахаар нэр дэвшүүлснийг хавсралт дахь үндэслэлээр томилохоос татгалзаж байна” гэсэн хариуг татгалзсан шийдвэрийн үндэслэл болгон маргаж буй “Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн санал, Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 3/6 дугаар албан тоотын  хамт Аймгийн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.

2.4. Энэ талаар анхан шатны шүүхээс “...цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагад харьяалагдахгүй хөндлөнгийн этгээдийн талаар хэлэлцэж шийдвэрлэх эрхгүй, ...Засаг даргын тамгын газрын даргын албан бичигт дурдсан зөрчил дутагдлын талаарх баримт байхгүй нь ...тогтоогдож байна. Хариуцагч нь хуульд нийцсэн нотлох баримтад үндэслээгүй цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлөөс ирүүлсэн баримт болон Засаг даргын Тамгын газрын даргын албан бичигт үндэслэж, хуульд заасан шаардлагыг хангасан, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөний дээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил эгш боломжоор хангагдах” төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн үйлдэл” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж, 59 дүгээр зүйлийн 59.1.23-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж, мөн Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, эдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулсны дүнд Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох, томилсны дүнд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулан, хэрэгжилтийг дүгнэсний эцэст чөлөөлөх эрхийг хуулийн хүрээнд эдлэхээс бус томилохоос татгалзах эрхийг хуулиар олгоогүй байх тул “...Жавхаа цэцэрлэгийн арга зүйчээр ажиллах хугацаандаа санхүү, ёс зүй, харилцаа хандлагын доголдлыг удаа дараа гаргаж байсныг цэцэрлэгийн багш ажилчид  илэрхийлэн эрхлэгчээр томилуулахгүй байх талаар өргөдөл, хүсэлт гаргасан...” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Б.Б нь цэцэрлэгийн арга зүйчийн ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа байгууллагын хүний нөөцийн программд нэвтэрч хүний нөөцийн мэдээллийг тараасан үйлдэл нь Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

2.8. Учир нь давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх үед маргаагүй асуудлыг хэлэлцэхгүй.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч “ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй талууд маргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх  шаардлагагүй гэж үзлээ.

2.10. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн “Баян-Агт сумын Засаг даргын Б.Б-г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Б-г тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2.11. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан. Хэдийгээр тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэж заасан боловч Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус маргааныг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу тус хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс  өмнө  шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд хянасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

           ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН