Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0014

 

 

 

 

 

 

 

2022        01          26                                       2022/ДШМ/14

 

 

Л.Ч, Б.Б,

Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Л.Ч, Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      О.С,Х.О,

Д.Э, Р.Ц

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, Д.Э, О.С нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Л-н Ч,

 

Ч овгийн Б-н Б,

 

Б овгийн Д-н Э,

 

Л.Ч нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч  улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,          аймгийн          сум         баг       тоотод хадгалсан,

2012 оноос Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг   аймгийн       сумын     багийн        тоотод хадгалсан,

2012 оны 11 дүгээр сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг      аймгийн      сумын иргэн Б.А-с авч      аймгийн       сумын      багийн       тоотод хадгалсан,

2018 оны 07 дугаар сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхэгийг худалдан авч      аймгийн      сумын      тоотод хадгалж, экологид нийт 36.750.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр 28-89 СЭҮ улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт,

 

Д.Э нь 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр  аймгийн  сумын         нутаг дэвсгэрээс түүж, бэлтгэн Л.Чт зохих зөвшөөрөлгүйгээр худалдан экологид 11.400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ж овгийн Л-н Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ч овгийн Б-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б овгийн Д-н Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот гэсэн чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих  журамтайг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Чт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Эд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Бод оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч, Д.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар шүүгдэгч Л.Чээс нийт 80,900,000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 10,900,000 төгрөг, шүүгдэгч Д.Эгаас 33,200,000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгуулж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шүүгдэгч Л.Чээс төлсөн 4,000,000 төгрөг, Орхон аймгийн Төрийн банкны хүү, торгуулийн дансанд шүүгдэгч Б.Боос төлсөн 500,000 төгрөг, шүүгдэгч Д.Эгаас төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 79,85 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс, 6 ширхэг баавгайн арьс, 12 ширхэг баавгайн сарвууг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтын комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн        улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Л.Чийн өмчлөлийн улсын бүртгэлийн       дугаарт бүртгэгдсэн      аймаг      сум        тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцыг хохирол төлбөр төлүүлэхээр тус тус Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Чийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13-т зааснаар "Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг хэлнэ гэж тодорхойлсон ба үйлдэл, эс үйлдэхүйг нь уг хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11-т зааснаар байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан гэж заасныг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй буюу шүүгдэгч Л.Ч нь худалдан авсан, хадгалсан гэх үйлдлээр гэм буруутай гэж тооцсон атлаа байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч мэт үзэж, байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлын хэр хэмжээг тогтоохдоо бодит учруулсан хор хохирлын хэр хэмжээнд нийцээгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоож шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 2001 оноос өмнө буюу 20 жилийн өмнөх 4 баавгайн арьсыг шинжээч Засгийн газрын 2011 оны 23 тогтоолоор үнэлснийг үндэслэлтэй гэж үзэж 6.500.000 төгрөгөөр тооцон хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн, 2011 оноос өмнө бусдад /гэрч Б.А-н аавд/ хадгалж байсан 2 баавгайн арьс, 4 сарвууг мөн үнэлгээгээр үнэлж хохирлыг тооцон, гэмт хэрэг гарах үеийн цаг хугацаа өөр өөр, тухайн үед экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор 250.000 төгрөгөөр үнэлж байсан үед баавгайн арьсыг авч хадгалсан байсан зэргийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Хүрэнбаавгай нь анх Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан билээ. Эдгээр 6 баавгайн арьс Ховор амьтны жагсаалтад орохоос өмнө үхсэн баавгайн арьс гэдэг нь тогтоогдсон нотлох баримтыг шүүх анхаараагүй.

Гэмт хэрэгт тооцохоос өмнөх үхсэн баавгай арьсыг хадгалсан гэмт хэрэг гэж үзсэн үндэслэлээ шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарлаагүй.

Байгалийн ховор ургамлыг бэлтгэх гэм хэргийн шинжээс Л.Чийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт худалдан авч, тээвэрлэж, хадгалсан гэж гэм буруутайд тооцсон атлаа тогтоох хэсэгт худалдан авсан, хадгалсан гэж зөрүүтэй тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлийг бий болсон.

Байгалийн ховор ургамлыг бэлтгэх гэмт хэргийн хор хохирлын хэр хэмжээг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13-т зааснаар “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг хэлнэ гэж тодорхойлсон ба үйлдэл, эс үйлдэхүйг нь уг хуулийн 3-р зүйлийн 2 дахь хэсгийн 11-т зааснаар байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан гэж заасныг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй буюу шүүгдэгч Л.Ч нь худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэх үйлдлээр гэм буруутай гэж тооцсон атлаа байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч мэт үзэж, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоож шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг зөв тогтоож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн З дахь хэсгийн 4-д Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг засгийн газрын тусгай санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлыг экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар төлүүлэхийг илэрхийлсэн заалт юм.

Гэвч байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамал хамгаалах зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлүүдийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж, улмаар тухайн ургамлыг тээвэрлэсэн тээвэрлэгчээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Шүүгдэгч Б.Бын хувьд дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн ургамлын үндсийг Ч худалдан авахад байлцаж, тээвэрлэсэн нь түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэт үзэж, тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлж тооцон 10,900,000 төгрөгийг Б.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн З дугаар зүйлийн 2-ийн 13-д байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлөгч гэдгийг байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж байна гэж зааснаас үзэхэд нөхөн төлөгч нь шүүгдэгч Э болох нь тодорхой байхад Б.Быг нөхөн төлөгч болгон хохирлыг адилтган төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Байгалийн ургамлын тухай болон Амьтны тухай хууль дээр хохирлыг хэн төлөх талаар тодорхой заасан байтал уг хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг шүүх хэрэглээгүй орхигдуулсан байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.Боос 10.900.000 төгрөг гаргуулан Байгаль орчин хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

... шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 7 дугаар заалт буюу шүүгдэгч Д.Эгаас 33.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд уг хохиролтой холбоотой хийсэн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтийн талаар тодорхой үндэслэл тайлбарыг шүүх хуралд дэлгэрэнгүй гаргаж оролцоно гэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Д.Э нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэргэвэр, жиргэрүү ургамлын 228 кг үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр   аймгийн  сумын      нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, Л.Чт худалдсан бөгөөд 228 кг дэргэвэр, жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 11.400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх хэсэгт байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчинг бохирдуулсан доройтуулсан гэмтээсэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл эс үйлдэхүйг гэж тодорхойлсон.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13 дахь хэсэгт байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтныг хамааруулан тодорхойлсон байна.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Д.Э нь байгаль орчинд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлөх үүрэг бүхий этгээд бөгөөд байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор худалдан авсан тээвэрлэсэн хадгалсан үйлдлийг экологид шууд хохирол учруулсантай адилтгаж хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр Л.Ч, Б.Б нарт хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Ч тайлбартаа: 2012 оноос өмнө агнасан 6 арьс, 2012 оноос өмнө Ховор амьтны жагсаалтад ороогүй байдаг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: ... Хэлэх зүйл байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Байгаль орчны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, Д.Э, О.С нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас Л.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Анхан шатны шүүх Л.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, тээвэрлэсэн хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны гаралтай түүхий эдийн гаралтай түүхий эд зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийг 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүгдэгч нарын ялын биелэлтэд хяналт тавихыг зохих газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар шүүгдэг Л.Чээс 80.900.000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 10.900.000 төгрөг, шүүгдэгч Д.Эгаас 33.200.000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгуулж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд Л.Чээс төлсөн 4.000.000 төгрөг, Орхон аймгийн Төрийн банкны хүү торгуулийн дансанд шүүгдэгч Б.Боос төлсөн 500.000 төгрөг, шүүгдэгч Д.Эгаас төлсөн 1.000.000  төгрөгийг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 79,85 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс, 6 ширхэг баавгайн арьс, 12 ширхэг баавгайн сарвууг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжилсэн     улсын дугаартай Хьюндай портер маркийн авто машиныг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Л.Чийн өмчлөлийн улсын бүртгэлийн     дугаарт бүртгэгдсэн    аймаг        сум      тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцыг хохирол төлбөр төлүүлэхээр тус тус Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Чийн өмгөөлөгч Х.О ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг зөв тогтоож, ... анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э ... шүүгдэгч Б.Боос 10.900.000 төгрөг гаргуулан Байгаль орчин хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн, шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч О.С ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалт буюу шүүгдэгч Д.Эгаас 33.200.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна ... гэсэн давж заалдах гомдол болон дээд шатны прокурор ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн эсэргүүцлийг тус тус гаргажээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэж шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэж шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн талаар хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Гэхдээ шүүгдэгч Л.Чийн 6 ширхэг баавгайн арьс, 4 ширхэг баавгайн сарвууг бусдаас худалдаж авсан, хадгалсан үйлдлийн талаар болон байгалийн ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэнтэй холбогдох гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

 

Тухайлбал: Л.Ч нь 4 ширхэг баавгайн арьсыг 2001 онд, 2 ширхэг үхсэн баавгайн арьс, 4 ширхэг баавгайн сарвууг 2012 онд тус тус бусдаас худалдан авч, хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларч анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдох ба шүүгдэгчийн эдгээр үйлдлээс цаг хугацааны хувьд сүүлд буюу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад хүрэн баавгайг ховор амьтнаар тооцсон байх тул түүний хүрэн баавгайн 6 ширхэг арьс, 4 ширхэг баавгайн сарвууг бусдаас авч, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршгийг учруулсан гэж үзэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан ба хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газраас 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д хүрэн баавгайг оруулан тооцохоос 7-8 жилийн өмнө үхсэн баавгайн арьс, сарвуу байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Чийн 6 ширхэг баавгайн арьс, 4 ширхэг баавгайн сарвууг худалдан авч, хадгалсан үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Д.Э нь “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн байгаль экологид 11.400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан атал анхан шатны шүүх дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-г түүж бэлтгэж байгаль орчинд учруулсан хохирлыг шүүгдэгч нараар хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар тогтоосон тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Ийнхүү төлүүлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи - эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 228 кг дэрвэгэр, жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 11.400.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 57.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Эгаас гаргуулах нь зүйтэй боловч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас гэм хор учруулсан, бага насны 3 хүүхэдтэй, нөхөр нь өвчний улмаас эмчийн хараа хяналтад байдаг, гэрийн дотор ажил эрхэлсэн хүнгүй, хүүхдийн мөнгөн тэтгэмжээс өөр орлогогүй, Д.Э болон түүний нөхөр нь Ковид-19 өвчний улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, ямар нэгэн орлого олоогүй, одоо жирэмсний улмаас эмчийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нөхөн төлөх хохирлын хэмжээг 2 дахин багасгаж буюу 28.500.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь тухайн орон нутагт дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэх хууль бус үйлдэл хавтгайрсан, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж шүүгдэгч нь ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна.

 

Харин түүний өмгөөлөгч О.С-н ... Д.Э нь жирэмсэн бөгөөд Булган аймгийн төвд очиж төрөхөд      аймгийн      сумаас гадагш явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял нь саад болох тул Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш гарч болохоор өөрчилж өгнө үү ... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу ялын биелэлтэд хяналт тавьж буй байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаж эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг өөрчлүүлэх боломжтой бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтаас гадагш явж болохгүй хатуу ял гэж үзэж болохгүй юм.

 

Шүүгдэгч Б.Бын тухайд түүний Орхон аймгийн Төрийн банкны хүү, торгуулийн дансанд төлсөн 500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөгийг төлүүлэх зорилгоор тооцож Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Л.Чийн амьтны аймагт учруулсан шууд хохирол 8 ширхэг баавгайн сарвууг эрх бүхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон 2 баавгай буюу нас гүйцсэн эр баавгайг 6.500.000 төгрөг, нас гүйцсэн эм баавгай 7.500.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи - эдийн засагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.000.000 төгрөгөөр тооцож төлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, Д.Э, О.С нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3-т зааснаар Ж овогт Л-н Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ховор амьтны гаралтай түүхий ээдийг худалдан авсан, худалдсан үйлдлүүдээс баавгайн 6 арьс, 4 сарвууг худалдан авсан, хадгалсан, үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Л.Чээс 80.900.000” гэснийг “Л.Чээс 28.000.000” гэж, “Д.Эгаас 33.200.000” гэснийг “Д.Эгаас 28.500.000” гэж тус тус өөрчилж, “Б.Боос төлсөн 500.000 төгрөг” гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “төлүүлэх” гэсний дараа “Б.Боос Орхон аймгийн Төрийн банкны хүү торгуулийн дансанд төлсөн 500.000 төгрөгийг тус тус” гэж нэмж өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Л.Чийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдол, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдол шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР